Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 654

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын  07-ны өдрийн  182/ШШ2017/00071 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хамтарч гуанз нээж ажиллуулахаар ХХХХ-тай тохирч банкнаас тэтгэврийн зээл авсан юм. Тухайн үед ХХХХ татан буугдсан 2 ширхэг гараашны төлбөрийг Баянгол дүүргийн Засаг даргаас авахаар тохирчихсон, мөнгөө аваад танд буцаагаад өгнө гэж хэлж байсан. Би ХХХХ-ийн найз ХХХХ-тай хамт банк руу яваад 2 834 688 төгрөг зээлээд бэлнээр нь 2 600 000 төгрөгийг ХХХХ-аар дамжуулж ХХХХ-д өгсөн. ХХХХнь надад буцааж эхлээд 1 000 000 төгрөг, дараа нь 240 000 төгрөг өгсөн. Ингээд 1 360 000 төгрөгийг надад төлөх ёстой үлдсэн байсан. Үүнээс ХХХХ, ХХХХ2 надад өмгөөлөгч олж өгнө гээд 700 000 төгрөг авсан. Гэтэл өмгөөлөгч ХХХХ-т 300 000 төгрөгийг дутуу өгсөн байсан.

Иймд үлдэх 880 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ХХХХ, ХХХХнар нь 1989-1997 оныг хүртэл хамт ажилладаг байсан учраас бие биенээ мэддэг болсон. 2016 оны 3 дугаар сарын эхээр ХХХХ нь хүнд байдалтай байсан учраас ХХХХнь гэртээ 3 сарын хугацаанд амьдруулсан байдаг. Мөнгө төгрөг зээлсэн тухайд бол байраа хүүхдүүдээсээ авах асуудлаар өмгөөлөгч авах болсон байдаг. Харин ХХХХ нь өмгөөлөгч ХХХХ-ийг танихгүй бөгөөд найз ХХХХ гэдэг хүн л олж өгсөн. ХХХХнь өмгөөлөгчийг танихгүй учраас дундаас нь мөнгө авсан зүйл байхгүй. Мөн хавтаст хэрэгт тооцоо нийлсэн баримт байдаг бөгөөд талууд зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг баримтыг 2 хувь үйлдсэн байдаг бөгөөд өмгөөлөгчтэй холбоотой 700 000 төгрөгт ХХХХхамааралгүй бөгөөд бүгдээрээ нийлж баяр тэмдэглэсэн караокены 80 000 төгрөг, нотариатын зардал ундаа авсан мөнгө 70 000 төгрөг, ХХХХд өгсөн 30 000 төгрөг, Дорноговь аймаг руу явсан зардал зэргийг талууд зөвшөөрч байх шиг байна.

Харин 200 000 төгрөгийн тухайд бол ХХХХ нь хүнд зарж өгнө гээд 10 ширхэг билет авсан байдаг. Цааш нь хүнд дамжуулж өгсөн байж болох ч ХХХХ нь өөрөө нэг ширхэг билет авч үлдээд тоглолт үзсэн. ХХХХ20 ширхэг билетийг зараагүй хирнээ 200 000 төгрөгийг н.Хүрэлбаатар гуайд өгсөн. Үүнийг ХХХХт өгөх мөнгөнөөс суутгасан. Тэгэхээр 880 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. ХХХХнь өөрөө 1 000 000 төгрөг авсныгаа 6 дугаар сарын 01-ний өдөр буцааж өгсөн. Харин гуанзны тухайд бол хоорондоо ярилцаж байсан байж болох ч зээлийг амьдрах байрны асуудлаар л анх авсан байдаг. Тэгээд хүний байранд 3 сарын хугацаанд амьдарчхаад настай хүн байж одоо ийм ёс зүйгүй байж болохгүй. ХХХХнь эрхэлсэн ажилгүй бөгөөд 3 өрөө байрныхаа 2 өрөөг бусдад түрээсэлж орлого олдог байсан. Тэгээд тухайн үед хөлөө хугалсан байсан тухай баримт хэрэгт байдаг. Ийм учраас тооцоо нийлсэн баримтыг анхаарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх:  Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.3.2-т зааснаар хариуцагч ХХХХ-аас 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 680 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ХХХХ-аас 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  Хэрэгт авагдсан дээрх баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХнар 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс хамтарч гуанз нээж ажиллуулахын тулд зээл авахаар харилцан тохирч, ХХХХ нь ХХХХ-ийн найз ХХХХ-тай хамт Хаан банкруу явж, тэтгэврийн зээл 2 834 688 төгрөг зээлээд бэлнээр 2 600 000 төгрөгийг ХХХХ-д зээлдүүлсэн. Нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХнар нь харилцан тохиролцон зээл өгсөн, авснаа хэргийн явцад харилцан хүлээн зөвшөөрч, байхад анхан шатны шүүхээс зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХнарын хоёр тал харилцан тохиролцон ам хэлцэл хийж, зээлийн гэрээ байгуулсан учраас зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэгчээс нэхэмжилж байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 422 дүгээр зүйлийн 422. 1, 422.3.2-т зааснаар шийдсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХнарын дунд анхнаасаа хадгалалтын гэрээ байгуулагдаагүй, хадгалуулах санаа зорилго байгаагүй, мөнгөө түр зээлдүүлж, дараа нь авах санаа зорилготой байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхээс талуудын гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХ-д хадгалуулсан мөнгөнөөсөө өөрөө 680 000 төгрөгийг зарцуулсан нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэсэн нь үндэслэл муутай байна. Анхан шатны шүүхээс надаас гаргуулахаар шийдсэн 680 000 төгрөгийг би авч хэрэглээгүй. Нэхэмжлэгч ХХХХ-ийн зээлдүүлсэн 2 600 000 төгрөгөөс ХХХХ-д зээлдүүлсэн 1 000 000 төгрөгөө буцаан авсан. Үлдсэн 1 360 000 төгрөгийн тухайд: хариуцагч ХХХХ-аас 100 000 төгрөг авсан гэдгийг өмгөөлөгч ХХХХ-тай ХХХХ би өөрөө уулзаж мэдсэн 100 000 төгрөг өмгөөлөгч ХХХХ-аас ХХХХын авсан 300 000 төгрөг, караокед орсон 80 000 төгрөг. өөрөө авсан 240 000 төгрөгийг зэргийг тус, тус хасч, үлдсэн 880 000 төгрөгийг хариуцагч ХХХХ-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 880 000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 2 600 000 төгрөгийг зээлж аваагүй, 1 000 000 төгрөгийг  аваад буцаагаад өгсөн ХХХХ нь хадгалуулсан мөнгөө өөрөө аваад зарцуулаад дуусгасан гэж маргажээ.

Нэхэмжлэгч ХХХХ нь тэтгэврийн зээл авч  2 600 000 төгрөгийг ХХХХ-д өгч, нэхэмжлэгч өөрийн мөнгөнөөс тодорхой  хэсгийг  өөрийн хэрэгцээнд буцаан авсан, хариуцагч 1 000 000 төгрөгийг хэрэглэж нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар  маргаагүй. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хадгалагч хариуцагч нь хадгалуулагч буюу нэхэмжлэгчээс шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг хадгалах үүрэг үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас зохигчдын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсэж, хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-аас  шилжүүлэн өгсөн мөнгөө шаардах эрхтэй болно.

 

Хариуцагчид  шилжүүлэн өгсөн мөнгөнөөс өмгөөлөгч ХХХХ н.ХХХХ нарт 400 000 төгрөг төлсөн /300 000 +100 000/, 1 240 000 төгрөгийг /240 000 +1 000 000/, баяр тэмдэглэхэд 80 000 төгрөг зарцуулсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй. Хариуцагч нь хадгалуулсан мөнгөнөөс үлдэх хэсгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, нэхэмжлэгч өөрийн хэрэгцээндээ авсан, өмгөөлөгчийн хөлс болон билетийн үнэнд өгсөн гэж тайлбарладаг уг нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар  зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.   

 

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.2-т хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд хагалуулсан мөнгийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн тайлбараар зөвшөөрсөн 1 720 000 төгрөгөөс бусад 880 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, эсхүл түүний зөвшөөрөлтэйгээр захиран зарцуулсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар хадгалалтад шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан байхад шүүх хадгалагчийн хадгалах үүрэг, бусдад эд хөрөнгө зөвшөөрөлгүй шилжүүлэхгүй байх үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422 дугаар зүйлийн 422.3.2-т заалтыг үндэслэн шаардах эрхийг тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул зөвтгөж, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 880 000 төгрөгөөр хангах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “200.0000” гэж техникийн алдаа гаргасан байгааг дурдах шаардлагатай байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын  07-ны өдрийн  182/ШШ2017/00071 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтыг “Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ-с 880 000 /найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж ХХХХ-т олгосугай” гэж, 2 дахь заалтын  “…6 650 төгрөгийг…” гэснийг “…25 670 төгрөгийг…” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

               

     ШҮҮГЧИД                          Г.ДАВААДОРЖ

                                                            

Б.НАРМАНДАХ