Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01250

 

  Т.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00035 дугаар магадлалтай,

Т.А-ын нэхэмжлэлтэй,

гэм хорын хохирол 104.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Т.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Барса гэгч нь надтай бүлэглэн малын хулгайн хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад худал гүтгэснээс болж би Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолын дагуу 6 сарын баривчлах шийтгэл хүлээсэн. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт баривчлах ялаа эдэлж байх үед 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ялтан Жанболатыг оргон зайлахад нь туслан дэмжсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд үндэслэлгүйгээр шалгасан.  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор цагаатгагдсан. Энэ хугацаанд үндэслэлгүйгээр 4 сар цагдан хоригдож, 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод байцаагдаж, сэтгэл санаа, бие эрүүл мэндээрээ хохирсноос гадна өндөр настай эцэг, эх, найз нөхдөд сэтгэлийн саналгаа болсон. Хилс хэрэгт үндэслэлгүйгээр шалгагдсанаас болж гэр бүл зохиож чадаагүй. Ямар нэгэн ажилд орох гэхээр нь намайг хэрэгт холбогдсон хэмээн үзэж ажилд авахаас татгалздаг. Улаанбаатар хотод очиж шалгуулахад маш их зардал гарсан. Үүнээс болж эцэг маань байгаа малаа зарж, банкнаас малчны зээл хүртэл авч явуулж байсан. Иймд 120 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон учраас хоног тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэм хорыг тооцож 28.800.000 төгрөг, гурван өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөнд 5.500.000 төгрөг, 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод очиж шалгуулахад хоноглох газар, идэж уух хоол хүнс, унаа тээврийн зардал, хувцас хунар зэрэгт 10.000.000 төгрөг, нэр хүнд сэтгэл санааны хохиролд 60.000.000 төгрөг нийт 104.300.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Төрийг төлөөлж хяналтын прокурор М.Фарида шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 60 сая төгрөг нэхэмжилсэн боловч ямар нэгэн эмчилгээ хийлгүүлсэн талаар нотлох баримт гаргаж өгч чадаагүй,  нотлогдохгүй байна. Энхбаатар өмгөөлөгчид 1,5 сая төгрөг өгсөн гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй.  250.000 төгрөг шилжүүлсэн гэж ярьж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Цагдан хоригдсон 120 хоногийн хохиролд 28.800.000 төгрөг нэхэмжилсэн байна. Тухайн үед нэхэмжлэгч Т.А-ыг ямар нэгэн хууль бус үйлдлээр хорьж шалгасан асуудал байхгүй. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан зарим нэгэн нотлох баримтуудаар тухайн хэргийг Т.А- үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон учраас үнэхээр шалгах ёстой байсан. Тэгэхээр Т.А-ыг сэжигтнээр цагдан хорьж шалгасан нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын ямар нэгэн хууль бус ажиллагаа байхгүй учир цагдан хоригдсон хоногийн хохирол 28.800.000 төгрөгийг төрөөс гаргуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шийдвэрээр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас Тасбике овогт Тилегений Анызын, нэр төр хүнд, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, өмгөөллийн хөлст 1.250.000 төгрөг, унаа тээврийн зардалд 400.000 төгрөг нийт 11.650.000 /арван нэгэн сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 92.650.000 /ерэн хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00035 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн хоёр дахь заалтын дугаарыг 2. гэж, мөн заалтын 41.1.7 гэснийг 41.1.9 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шүүхийн шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн2012/МА2018/00035 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Т.А- нь 2002 оны Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.2-т заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны эцэст Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаар тогтоолоор цагаатгагдсан. Т.А- нь нийт 1 жил 8 сар 11 хоногийн хугацаанд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 сар /120 хоног/ цагдан хоригдсон. Аныз нь нэр хүндээ төрийн байгууллагын албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж, өөрөөр хэлбэл хилс хэрэгт 2 жил үндэслэлгүй шалгагдсанаас болж алдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Т.А- нь тухайн эрүүгийн хүнд төрөлд хамаарах гэмт хэрэгт холбогдон шалгагдахаасаа өмнө найз охинтой байсан бөгөөд гэр бүл зохиох төлөвлөгөөтэй байсан байна. Гэвч энэхүү гэмт хэрэгт холбогдон шалгагдаж нэр төр нь сэвтсэнээс болж гэрлэж чадаагүй байна. Т.А-ын 120 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хоног тутмыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 28.800.000 төгрөг болж байна. Гэвч шүүхээс үүнийг үндэслэлгүйгээр багасгаж тооцсон явдал нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хүнийг мэдээж эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу цагдан хорьдог билээ. Гэвч шүүх Т.А-ыг хууль бусаар цагдан хоригдоогүй учраас 28.000.000 төгрөгийг хангах боломжгүй гэж дүгнэсэн. Ингэснээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан өөрийнхөө хүсэл зорилгын хүрээнд мөнгөөр тооцож тогтоон шаардлага гаргаж байхад шүүх үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг багасгаж байгаа явдалд гомдолтой байна. Хэрэв тэгж багасгасан бол үүний үндэслэлийг шийдвэртээ тайлбарласан байх ёстой. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 28.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг ханган шийдвэрлэж өгнө үү. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд Т.А-ын зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдэх юм гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Т.А- нь 104.300.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн  газрын нөөц сангаас гаргуулахаар  нэхэмжлэхдээ шаардлагаа 120 хоног цагдан хоригдсон тул хоног тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 28.800.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 5.500.000 төгрөг, гэмт хэрэгт шалгуулах хугацаанд гарсан зардал 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Баян-Өлгий аймаг дах Цагдаагийн газраас Т.А-д Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн улмаар хэргийг Улаанбаатар хотод шилжүүлэн шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн, Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  54 дүгээр шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ /хэргийн 3-11 дүгээр  тал/.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан,  эрх бүхий байгууллага  нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэн хуульд заасан зохих ажиллагаа явуулсан боловч тэрээр гэм буруутай болох нь тогтоогдоогүй, энэ нөхцөлд дээрх ажиллагааны үр дагаврыг төр хариуцан арилгах үүрэгтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн /2002/ 388 дугаар зүйлийн 388.1., Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн /2017/ 45.1. дүгээр  зүйлийн 1-д зааснаар иргэн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах эрхтэй .

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.   

Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, түүнчлэн цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй үйл баримтад хамаарах тул дээрх ажиллагаанаас учирсан гэм хорыг нэхэмжлэгчийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг. Харин нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй бөгөөд  гэм хорыг хангах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Иймд Т.А-ын нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг  хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т заасан  ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-т прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог.

Хуулийн дээрх зохицуулалтаар  прокурор тухайн төрлийн хэрэгт гуравдагч этгээдээр, мөн төрийг төлөөлж, эсхүл аль алинаар нь оролцох боломжтой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж Баян-Өлгий аймгийн хяналтын прокурор М.Фарида оролцсоныг буруутгах боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4. дүгээр зүйлийн 1.-т эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргахаар зохицуулсан.

 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгажээ.

Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй, энэ тохиолдолд нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол, мөн цагдан хоригдсон хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилсэн хэсгийг хангах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэлд дурдсан өмгөөлөгчид төлсөн хөлс, шалгуулах хугацаанд гаргасан зардал эд хөрөнгийн шинжтэй тул энэхүү хохирлыг нотлогдсон хэмжээгээр хангах нь хууль зөрчихгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 11.650.000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны харилцааг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4–т нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00035 дугаар магадлалын 1, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 11.650.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэлээс 92.650.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн 3, 4, 5 дах заалтыг 2, 3. 4 гэж дугаарлан шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ