Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 103

 

2020/ШЦТ/103

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Б.Б

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Б.Б, Б овогт Ж.Б нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Цэг гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт Б.Б. РД:АН,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Цэг гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ж.Б. РД:АН.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Цэг гэх газарт байх иргэн Ц.Б-н гэрийн гадна хохирогч Ц.Ц-г зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Цэг гэх газарт байх иргэн Ц.Т-н гэрийн гадна хохирогч Ц.Ц-г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

*Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Ц.Ц-н өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Ж.Б намайг газар унагаад миний зүүн талын нүд болон хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Миний зүүн нүд хөхөрч хавдан, хамраас цус гарсан. Б.Б намайг газар унагаад баруун талын хацар руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тухайн үед миний ухаан балартаад гэртээ хүнээр хүргүүлсэн байсан. Нэг сэрсэн эмч нар ирсэн тариа хийсэн байсан. Тэгээд сумын эмнэлэг явсан. Маргааш өлөө нь баруун талын нүд хавдсан, юм харж чадахгүй байсан. Миний бие одоо гайгүй болсон. Нүдний хавдар буугаад нүүр царай хэвийн байдалд орсон. Одоогоор хохирол барагдуулаагүй байгаа. Би Улаанбаатар хот явж эмчлүүлсэн, эмчилгээний болон унааны зардал мөнгө болох 200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,  

*Гэрч Д.Б өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр манай нөхөр Ц.Ц өөрийнхөө ах Ц.Т-д очно гээд явсан. Тэгээд орой 20 цагийн үед хүнд зодуулсан байдалтай зүүн талын шанаа, хацар, нүд нь хөхөрсөн орж ирсэн. Тэгээд би хаагуур явж байгаад ирэв, нүүр, амаа яасан юм бэ? гэж асуухад Т-нд байсан чинь Ж.Б намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гэртээ хоол идээд гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй Б гэдэг хүний эхнэр П гэх эмэгтэй манай нөхрийг сугадсан орж ирээд манай хүү Б нүүр рүү нь өшиглөсөн гэж надад хэлсэн. Тэгээд би нөхрөө хархад хоёр хамараас нь цус гарсан, баруун талын нүд хавдсан байсан. Тэгээд би багийн эмчийг дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд шингэн дуслаар, өвчин намдаах тариа хийгээд, сумаас түргэн дуудсан. Сумын төвөөс М эмч ирж үзээд цус тогтоох тариа хийгээд сумын төвд эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Бид хоёр гэр бүл болоод 18 жил болж байгаа, 3 хүүхэд төрүүлсэн. Манай нөхөр төлөв даруу зантай, нутгийн ард иргэдтэй нийтэч, архи бага зэрэг хааяа хэрэглэдэг, дуу цөөтэй хүн байгаа юм. Ах дүү хүмүүс хоорондоо маргалдах зүйл байхгүй. Ж.Б бол манай нөхөртэй төрөл хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,

*Гэрч Г.М өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний алсын дуудлаганд явах ээлжтэй байсан. Шөнө 01 цаг 06 минутад сувилагч А утсаар залгаад Х баг, Цэг гэдэг газар согтуу хүн мотоцикльтэй унасан байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлэгийн түргэний машинтай шөнийн 02 цаг үед тухайн дуудлаганд очиход Х багийн эмч Х анхан шатны үзлэг хийж өвчин намдаах шингэн сэлбэж эмчилгээ хийсэн байсан. Ц.Ц гэх хүн баруун талд газар хамраас нь цус гарсан хамраа хөвөнгөөр бөглөсөн, хоёр хацар шалбарсан, хоёр нүд хавдсан, зүүн талын нүд улайсан, зүүн талын нүд хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би цус тогтоох тариа хийж эмнэлэгт авчирч ажиглалтанд авсан. Согтуу байсан. Яриа олширсон, гуйваж хүнээр түшүүлж байсан. Биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал нь идвэхтэй, зүрхний авиа тод, хэм жигд, фульс 92, хүчилтөрөгч 96 хувьтай, даралт 120-80, 110-70 тай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  15-17 хуу/,

*Гэрч Д.П-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний орой болсон байсан, хэдэн цагийн үеийг нь сайн санахгүй байна. Би нөхөр Б-н хамт Хужирт багийн Даваа гэх газар байсан отрын гэрээсээ Цэг гэх газар байдаг гэртээ ирээд байж байхад, манайхтай айл байдаг Т ахын гэрт чанга чанга хүмүүс дуугараад, тэгснээ маргалдаад байсан. Хүмүүс гадаа гарч ирээд зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад харахад Б, Ц хоёр зодолдоод дээр доороо ороод байсан. Т ах хараад зогсож байсан. Би юу болж байна, наад хоёроо салгаач гээд Түмээ ахад хэлээд та хоёр болиоч гээд Б-г татсан. Б тухайн үед Ц-н дээр гарсан, Ц-г мөргөөд өшиглөөд байсан. Би та хоёр одоо болиоч гээд Б-г түлхээд гэр рүү нь аваад явсан. Тэгээд би гэртээ ороод байж байхад манайд Ц орж ирээд үхлээ үхлээ гээд байсан. Тэгснээ нөхөр бид хоёрыг манайд оч, цай уу гээд байсан. Тухайн үед Ц-н хамраас цус гараад байсан. Манай нөхөр Б бид 2 Ц-г гэр рүү нь гаргаж өгөөд одоо хариад амар гэсэн чинь бид хоёрыг гэр рүүгээ авч явах гэсээр байгаад гэр рүүгээ авч явсан. Ц-д очиход хүн байхгүй байсан. Бид гурвыг очсоны дараа охин, эхнэр хоёр нь орж ирсэн. Тэднийд цай уугаад, нэг шил архи гаргаад тэрийг хувааж уучихаад буцаж манайд очсон. Манайд байсан нэг шил архины талаас доогуур архи байсныг гаргаад Ц-д хийж өгөхөд Ц уухгүй байсан. Тэгсэн манай хүү Б орж ирсэн. Б-г орж ирэхэд Ц чи намайг зодсон, би хоёр хүүтэй хүн, ах дүү нарын хүүхэд олон байна, чиний мөч бүрийг чинь сугална даа гээд байсан. Би тухайн үед хүнээ танихгүй л ингээд байгаа юм байхдаа гэж бодсон. Тэгсэн манай хүү Б тухайн үед та яагаад намайг доромжлоод байгаа юм, өмнө нь бас доромжлоод байсан, та яах гэж ингэдэг юм гээд уурлаад Ц-г хоёулаа гаръя гээд гарсан. Нөхөр бид 2 цуг гараад манай нөхөр Б Ц-г гэрт нь хүргэж өгөхөөр аваад гарсан. Би хүү Б-г татаад үлдсэн. Манай хүү намайг та цаашаа бай гээд түлхээд унагаасан. Би босоод очсон чинь манай хүү Ц-г унагаагаад хацар руу нь өшиглөөд авах шиг болсон. Би хүүгийнхээ араас гүйж очоод бариад авсан чинь аав нь хүртэл цааш нь түлхсэн. Тэгээд би хүүгээ татаад авч үлдээд манай нөхөр Ц-г гэрт нь хүргэж өгөхөөр аваад явсан. Би тэр хоёрыг юунаас болж зодолдсоныг мэдэхгүй байна. Б, Ц нар архи уусан байсан, Нилээн согтуу харагдаж байсан. Миний мэдэхийн Б, Ц-г нүүрэн хэсэгт нь нэг удаа толгойгойроо мөргөөд, хөлөөрөө зүүн нүд хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд авсан. Ц Б-г цохисон үгүйг би мэдэхгүй байна. Намайг очиход тийм юм болоогүй. Б Ц-г цохих үед Түмээ ах бид 2 байсан. Б, Ц 2 өмнө нь Т ахын гэрт маргалдаад байсан. Тэр үед юу болсныг би мэдэхгүй байна. Б Ц-г баруун хацар хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөж харагдсан. Ц Б-г цохиогүй. Энэ үед манай нөхөр Б бид 2 байсан. Ц архи уусан, нилээн согтсон байсан. Б эрүүл байсан. Б Ц нарын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Ц манайд орж ирэхдээ нүүр нь хавдаад ягаарсан, хамраас нь цус гараад шүлсээ хаяахад нь амнаас нь цус гараад байсан. Миний хүү Б нь хүнд тусархуу, ааш зан сайтай, ажилсаг хүү. Хааяа нэг түргэн уурлаад, уур нь хурдан гардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21  хуу/,

*Б.Б-н гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний 17 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Цэг гэх газар саахалтын айлынд очоод 23 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт манай аав Б, ээж П хоёр Ц ахын хамт байсан. Ц ах намайг ороход согтуу, дуулсан сууж байсан. Тэгснээ намайг харснаа чи намайг зодсон гээд байсан. Би таныг зодоогүй, юу яриад байгаа юм гэсэн чинь гараа атган би хоёр хүүтэй хүн. Миний хоёр хүү том болно. Миний дүү, ах, эгч нарын хүүхэд олуулаа. Чамайг мөч бүрээр чинь салгана, би чамайг ганц мөргөнө шүү, мөргөлт даахгүй үхэж гай болно гээд агсраад байсан. Тэгэхээр нь та яасан хүн мөргөдөг юм, та яахаараа ингэдэг юм, гэрт орж ирээд хүн дарамтлаад байх юм. Өмнө нь бас чи гуйлгачин гээд доромжлоод байсан. Хоёулаа гаръя гэсэн чинь Ц ах гаръя гэсэн. Тэгсэн ээж намайг татаад чи яах гэж байгаа юм зүгээр бай, аймаар болсон байхад нь, ах чинь тоглож байгаа байлгүй дээ гэхэд нь энэнд доромжлуулж байдаг хэн байдаг юм гээд ээжийг би түлхэж унагаасан. Аав Ц ахыг бариад цаашаа явсан. Тэгсэн Ц ах аавын гараас мултраад ханцуйгаа шамлаад миний өөдөөс ирээд бид 2 барьцалдаад авсан. Тэгсэн аав дундуур ороод салгах гэхээр нь Ц ахыг угзачсан чинь аав Ц ах хоёр цуг унасан. Би Ц ахыг унахаар нь нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн ээж ирээд намайг татаад, аав Ц ахыг аваад явсан. Намайг ороход Ц ахын нүүр нь нэлэнхүйдээ хавдсан, гар нь цус болсон байдалтай байсан. Ц ах хүнд зодуулсан байдалтай байсан. Би тухайн үед хэнд зодуулсныг нь мэдээгүй. Маргааш нь Б ах надтай ярихдаа өмнө нь би цохисон байхад чи яах гэж дээр нь нэмж цохиж байгаа юм гэж байсан. Би архи уугаагүй, Ц ах архи уусан байсан. Хир согтуу байсныг нь би мэдэхгүй байна. Ц ах намайг цохиогүй. Би Ц ахыг хөлөөрөө баруун хацар хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед манай ээж П, аав Б нар байсан. Ц ах өмнө нь намайг хэл амаар доромжлоод гуйлгачин гээд, бас гэрт согтуу намайг зодсон барьсан гээд, тэрнээс болж маргалдсан. Ц ах бид хоёрын дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,

*Гэрч Ц.Т-н өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний 21 цагийн үед эхнэр бид 2 гэртээ хоол идээд сууж байхад манайд Ц орж ирсэн. Араас нь удалгүй Б орж ирсэн. Тэгснээ Ц-г чи яахаараа намайг зоддог юм гээд тэр 2 манайд маргалдаад, манайхаас гараад гадаа зодоон хийгээд эхэлсэн. Би салгах гэсэн дийлээгүй. Тэгсэн Б-н эхнэр П гэрээсээ гарч ирээд бид хоёр тэр хоёрыг салгаад П Б-г аваад явсан. Би Ц-г гэрт нь оруулж өгөөд гэртээ орж ирээд унтсан. Б архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Ц бол согтуу байсан. Б Ц-г унагасан, дээрээс нь нүдээд байсан. Харанхуй байсан болохоор би аль хэсэгт нь юугаар цохисныг хараагүй. Ц Б-г цохиогүй, цохих тэнхээгүй, согтуу, хөл дээрээ зогсож чадахгүй унаад байсан. Өмнө нь зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. Б-н нүүрэн дээр нь жаахан цус болсон, Ц-г чи яахлаараа намайг зоддог юм гээд Ц рүү дайраад байсан. Ц хүнтэй зодолдсон байдал ажиглагдаагүй. Ц-г гэрт нь оруулж өгөхөд Ц-н зүүн талын нүд хөхөрсөн, хамраас нь цус гараад байсан. Би хамрын цусыг нь угааж өгөөд гэрт оруулж өгсөн. Би архи уугаагүй эрүүл байсан. Би Б, Ц хэрүүл маргаан, зодоон хийснийг мэдэхгүй байна. Маргааш өглөө Б-с сонсох нь ээ өчигдөр эхнэр бид хоёрыг Ц цай уулгаад манай хүү Б, Ц нар хоорондоо маргалдаад Ц манай хүүд зодууллаа гэж ярьж байсан. Б ээжтэйгээ цуг байдаг юм. Бид нар нэг хотонд цугтаа 20 гаран жил болж байна. Б томоотой, малд сайн, хүнд тусархуу хүүхэд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,

*Гэрч П.А-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний 20 цагийн үед манай нөхөр Т хониноос ирээд, бид 2 гэртээ хоол идээд сууж байхад Ц манайд халамцуу орж ирсэн. Би Ц-д хоол хийж өгөөд байж байхад араас нь Б орж ирээд чи яасан их хүнийг зоддог юм гээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь бид 2 та нар юу болж байгаа юм гээд салгаад Т Б-г аваад гарсан. Би Ц-г аваад үлдсэн. Тэгсэн Ц Б-н араас гараад тэр 2 гадаа барьцалдаад авсан. Т тэр хоёрыг салгах гээд хүчрэхгүй байсан. Би малын хашаа руу муу малаа босгох гээд явсан. Тэгсэн П гэрээсээ гарч ирээд Т, П 2 тэд нарыг салгаад Т Ц-г аваад П Б-г аваад гэр гэрт нь оруулж өгөхөөр явах шиг болсон. Б архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Ц бол согтуу байсан. Би тэр хоёрыг бие биеэ цохиж, зодсон эсэхийг мэдэхгүй байна. Барьцалдаад зууралдаад байсан. Өмнө нь зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. Б, Ц нар хэрүүл маргаан хийсэн талаар мэдэхгүй байна. Ц, Б хоёрыг манай гадаа барьцалдаад байхад Б байхгүй байсан. Маргааш өглөө Б-н аав Б манайд орж ирээд өчигдөр манай хүү Ц-г зодоод Ц эмнэлэг явлаа гэж ярьж байсан. Би Б-тэй айл аймаг байгаад удаж байна. Б янз бүрийн буруу, зөрүү аашгүй, томоотой, тусархуу ажилд сайн хүүхэд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/,

*Гэрч Ц.Б-н өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Гурван жалгын эхэнд байдаг отрын гэрээсээ Цэг гэх газар байдаг гэртээ эхнэр П-н хамт 19 цагийн үед ирээд байж байхад манай хажуу айл Т-н гэрт хүмүүс маргалдаад байх шиг байсан. Би эхнэрээ чи гараад хараатах гэсэн. Манай эхнэр гараад харснаа Т-н гадаа 3 хүн маргалдаад байна гэсэн. Би Б-н дуу байх шиг байна чи очоод гэрт нь оруулах юм уу гэсэн манай эхнэр буцаад гарсан. Эхнэр очоод Б-г аваад гэрт нь оруулж өгсөн байсан. Эхнэр П орж ирээд Б Ц хоёр хоорондоо зодолдоод Ц-н нүд нь хавдсан хамраас нь цус гарсан байна гэж байсан. Би унтах гээд байж байхад 21 цагийн үед манайд Ц орж ирсэн Ц-н нүд нь хавдсан байсан. Ц манайд сууж байгаад эхнэр бид хоёрыг гэртээ орж байх уу гэсэн. Эхнэр бид хоёр Ц-г гэрт хүргэж өгөхөөр гараад Ц-г гэр лүү нь дөхүүлээд манай эхнэр одоо гэр рүүгээ ороод амарчих гэсэн чинь үгүй та хоёр манайд ороод цай уугаад гар гэсээр байгаад бид хоёрыг гэртэй оруулсан. Тэднийд ороод хоол унд болоод 1 шил 0.5 ерөөл нэртэй архи гаргаад тэрийг нь Ц манай эхнэр П бид 3 хувааж уусан Ц нэг их уухгүй дуулаад байсан. Ц-с Ц, манай эхнэр П бид 3 буцаж манайд ороод би талаас доогуур шилтэй архи байхаар нь тэрийг гаргасан. Ц уухгүй дуулаад суугаад байсан. Тэгсэн манай хуү Б орж ирсэн. Манай хүү Б руу Ц чи намайг цохисон гээд байсан Б би таныг цохиогүй гэсэн чинь чи цохисон чамайг би мөргөнө, би хоёр хүүтэй хүн, олон дүү нартай гээд агсраад байсан. Би Ц-г хүргэж өгөхөөр сугадаад гараад явж байхад араас манай хүү Б Ц-г татсан чинь бид хоёр цуг унасан. Тэгээд Ц-г босохын хооронд манай хүү Б Ц-н нүүр хэсэгт нь өшиглөөд авах шиг болсон. Тэгсэн манай эхнэр П гүйж ирээд хүү Б-г бариад авсан би цааш нь Ц-г сугадаад аваад явсан. Би Ц-г гэр рүү нь дөхүүлж өгөөд эргээд гэртээ орсон манай эхнэр Ц-г яав гэхээр нь би гэр лүү нь дөхүүлж өгөөд ирлээ гэсэн чинь П гараад Ц-н араас нь очоод түргэн дуудсан байсан. Ц өмнө нь Б-тэй зодолдсон байсан. Манайд орж ирэхдээ зүүн талын нүд нь хавдсан байдалтай байсан. Б архи хэрэглээгүй байсан, Ц архи уусан согтуу байсан. Б Ц-н баруун хацар хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Ц Б-г цохиогүй. Тэр хоёроос гадна манай эхнэр П, бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Ц өмнө нь хүнд зодуулчхаад манай хүүг андуураад чи намайг цохисон гээд тэрнээсээ болж маргалдсан. Би бага хэмжээгээр л архи хэрэглэсэн согтоогүй байсан. Би байхгүй л гэж бодож байна. Айл аймаг нэг хотод 7, 8 жил цуг явсан төрөл сандан хүмүүс бие биедээ өс хонзон санаад байх юм байхгүй байх л гэж бодож байна. Манай хүү Б нь хүн тусархуу ажил төрөлд сайн, найз нөхөд олонтой найз нөхөд дундаа нэр хүндтэй. Нэг л цоч ууртай, түргэн зантай уур нь хурдан гардаг цагаахан хүүхэд байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/,

*Гэрч Ё.Б-н өгсөн: “...Манайх Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Яргайт гэх газар байдаг юм. Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр морио усалчихаад гэрлүүгээ явж байтал манайхтай айл байдаг Т ахын гэрийн гадаа 2 хүн дээр доороо ороод ноцолдоод байсан. Т ахын эхнэр Ц эгч тэр хоёр хүнийг салгах гээд нөгөө 2 хүн нь салж өгөхгүй байсан. Би морио уячихаад гэртээ орж мориныхоо тэжээлийг авч мориндоо өгөөд нөгөө 2 хүн дээр очиход Б Ц 2 ноцолдоод байж байсан. Б нь Ц-н дээр нь гарсан Ц-г цохиод байсан. Би та 2 болиоч гэсэн чинь Б та нарыг бүгдийг чинь ална шүү гээд орилоод байхаар нь Би Б-г араас нь түлхээд унагаасан. Тэгээд тэр хоёрыг салгаад харахад Б-н баруун нүд нь хавдсан баруун зовхиноос нь бага хэмжээгээр цус гарсан Ц-н дух нь улайсан, нүүрэн дээр нь цус дуссан бололтой байсан. Тэгээд Ц намайг дагаад манайд орсон. Нилээн байж байгаад Б та 2 хоёулаа гараад ир гээд байсан. Би гараад та нар ах дүү хүмүүс байж зодолдоод гээд загнаад Б-г чи одоо яв гэсэн, Б яваад өгсөн. Ц араас нь Т ахын хүүхдээр гэртээ хүргүүлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/,

* Гэрч Д.Ц-н өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Яргайт гэх газар нөхөр Т-н хамт түргэн дуудаад байж байхад Б Ц 2 халамцуу манайд ирсэн. Би нөхрөө түргэний машинд суулгаж өгч явуулаад Б, Ц хоёрыг та 2 одоо яв гэсэн чинь тэр хоёр маргалдаад ноцолдоод дээр доороо ороод байсан. Би тэр хоёрыг боль гээд Б-г татаад хүчрэхгүй болохоор нь орхичихоод малын хашаа руугаа малаа харахаар орсон. Тэгсэн цаанаас Б ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд Ц Б-г дагаад гэрт нь орж харагдсан. Б хашааны урд хэвтэж байгаад нэг харсан яваад өгсөн байсан. Ц Б-д байж байгаад манайд орж ирсэн. Би хүүгээ Ц-г гэрт нь хүргэж  өг гээд явуулсан. Намайг салгах гээд очиход тэр хоёр бие биенээ цохиж харагдаагүй. Дээр доороо ороод ноцолдоод, бие биенээ түлхэж унагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,

*Ж.Б-н гэрчээр өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Яргайт гэх газар байдаг саахалт айлын Т ахынд Ц ах бид 2 очсон. Бид хоёрыг очиход эмнэлгийн түргэний машин ирсэн, Т ахыг авч явах гэж байсан. Ц ах эмнэлгийн жолоочийг явуулахгүй барьцалдаад авсан, маргалдаад байсан. Би Ц ахыг та яаж байгаа юм болиоч гээд Ц ахыг авсан. Түргэний машин яваад өгсөн. Тэгээд бид 2 маргалдаад, Ц ах намайг боож унагаад, хамар луу мөргөсөн. Тэгэхээр нь би босч ирээд Ц ахыг тонгорч унагаад доороо хийгээд дараад сууж байхад Б ах ирээд салгасан. Тэгээд би Ц ахыг үлдээгээд гэрлүүгээ явсан. Би гэртээ ирээд байж байхад Ц ах ирээд Түмэнбаяр ахынд орж байсан. Би араас нь ороод та намайг яаж байгаа юм гээд Ц ахын баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Т ахын гэрээс гаргаж ирээд Ц ахыг түлхэж унагаагаад баруун талын шанаа руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн П эгч намайг ирж аваад Т ах Ц ахыг аваад явсан. Би гэртээ ороод унтсан. Намайг гэртээ унтаж байхад 00 цагийн үед хүмүүс орилолдоод байсан. Би юу болсон талаар нь мэдээгүй. Маргааш нь П эгч Ц, Б 2 маргалдаад Ц-г өшиглөөд гэж ярьж байсан. Би Т-н гадаа Ц-г цохисноо санахгүй байна. Цохиогүй л санагдаж байна. Бид 2 архи уусан байсан. Ц ах нилээн согтуу байсан. Би гайгүй байсан. Би эмнэлгийн жолоочтой Ц ахыг маргалдаад байхаар нь болиоч гээд салгаад Ц ахыг аваад үлдсэн. Тэгсэн Ц ах надруу дайраад тэрнээс болоод хэрүүл, маргаан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/,

*Гэрч Д.С-н өгсөн: “...Би хүүхдээ хүн зодсон талаар бүр сүүлд нь цагдаагаас мэдсэн. Би тухай үед буяны ажил гараад Улаанбаатар хотод байсан. Тэгтэл 2020 оны 03 дугаар сарын 12-ны үед манай Хужирт багийн дарга Ц надтай утсаар яриад танай хүүхэд Ж.Б хүн зодсон талаар хэлсэн. Өөр надад хүн зодсон талаар мэдэх зүйл байхгүй. Хүү маань надад хэргийн талаараа юм яриагүй. Миний хүү Ж.Б нь онд манай том хүү болж төрсөн. Бага насаа гэртээ өнгөрөөж, Цэцэрлэг сумын сургуульд онд орж суралцан, онд дугаар анги төгсөөд, онд цэргийн албанд явж, онд халагдаж ирээд надтай хамт мал маллан амьдардаг. Миний хүү төлөв даруу зантай, янз бүрийн буруу зан авир байхгүй, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,

*Гэрч Д.Э-н өгсөн: “...Ж.Б манай том эгчийн том хүү нь юм. Багаасаа хөдөө мал малласан. Зан араншингийн хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Цэрэгт яваад ирсэн. Миний дүүгийн талаар нутгийн хүмүүс ярихдаа даруухан сайн хүү л гэж ярьдаг даа. Миний дүү архи тамхи хэрэглэдэггүй. Би Ж.Б-г хүн зодсон талаар бүр сүүлд нь ээжээс нь мэдсэн. Өөр надад хүн зодсон талаар яриагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

*Гэрч С.Ц-н өгсөн: “...Б.Б бид 2 ах дүүсийн хүүхдүүд үеэлүүд байгаа нь юм. Багаасаа хөдөө мал малласан. Зан араншингийн хувьд төлөв даруу зантай, нөхөрсөг, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Миний дүүгийн талаар нутгийн хүмүүс ярихдаа даруухан, хүнд тусархуу сайн хүү л гэж ярьдаг даа. Миний дүү архи тамхи хэрэглэдэггүй. Би Б.Б-г хүн зодсон талаар бүр сүүлд нь аав, ээжээс нь мэдсэн. Өөр надад хүн зодсон талаар яриагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,

*Гэрч Л.С-н өгсөн: “...Б.Б манай хадам ахын хүү нь юм. Багаасаа хөдөө мал малласан. Зан араншингийн хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Миний дүүгийн талаар нутгийн хүмүүс ярихдаа даруухан, хүнд тусархуу сайн хүү л гэж ярьдаг даа. Миний дүү архи тамхи хэрэглэдэггүй. Би Б.Б-г хүн зодсон талаар бүр сүүлд нь ааваас нь мэдсэн. Өөр надад хүн зодсон талаар яриагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,

*Шинжээч Б.О-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч дэслэгч Т.П-н 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдриин шинжээч томилсон тогтоолоор иргэн Ц.Ц-н биед үзлэг хийж рентген зургийн хариу болон Цэцэрлэг сумын ЭМТ-н дуудлагын үзлэг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Үзлэгээр Ц.Ц-н биед баруун хацрын төвгөр хэсэгт ягаан өнгийн зулгаралттай, тэмтрэхэд хатуувтар, хамар уруулын нугалаа баруунд гөлгөрдүү, баруун дээд зовхи бага зэрэг унжсан, баруун нүдний зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Энэ нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндииг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зуүн нүдний алимны салстад гүн улайлттай, зүүн хацар хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний зовхинд цус хуралттай байсан. Энэ нь мөн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл нүүрний баруун, зүүн тал тус бүртээ гэмтэлтэй байсан. Иймээс дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/,

*Ж.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний холбогдсон хэргийг шийдвэрлэж өгнө үү....”/хх-ийн 86-89 хуу/,

*Б.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний холбогдсон хэргийг шийдвэрлэж өгнө үү....”/хх-ийн 92-95 хуу/,

*Хохирогч Ц.Ц-н рентгэн зураг, эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 55-58 хуу/,

*Хохирогч Ц.Ц-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ц.Ц-н биед хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад хуралт, баруун, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх  /хх-ийн 59 хуу/,

*Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 45, 46 дугаартай Ж.Б, Б.Б нарын талаарх албан тодорхойлолт /хх-ийн 73-74 хуу/,

*Шүүгдэгч Ж.Б, Б.Б нарын малын А дансны талаарх баримтууд /хх-ийн 75-80 хуу/,

*Шүүгдэгч Ж.Б, Б.Б нарын өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 81-82 хуу/,

*Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 100-102 хуу/, 

*Хохирогч Ц.Ц-с хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй талаараа бичгээр илэрхийлсэн хүсэлтт  /хх-ийн 107 хуу/ зэрэг болно.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Цэг гэх газарт байх иргэн Ц.Б-н гэрийн гадна хохирогч Ц.Ц-г зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Цэг гэх газарт байх иргэн Ц.Т-н гэрийн гадна хохирогч Ц.Ц-г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь:

*Хохирогч Ц.Ц-н өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Ж.Б намайг газар унагаад миний зүү талын нүд болон хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Миний зүүд нүд хөхөрч хавдан хамраас цус гарсан. Б.Б намайг газар унагаад баруун талын хацар руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тухайн үед миний ухаан балартаад гэртээ хүнээр хүргүүлсэн байсан. Нэг сэрсэн эмч нар ирсэн тариа хийсэн байсан. Тэгээд сумын эмнэлэг явсан. Маргааш өглөө нь баруун талын нүд хавдсан, юм харж чадахгүй байсан. Миний бие одоо гайгүй болсон. Нүдний хавдар буугаад нүүр царай хэвийн байдалд орсон. Одоогоор хохирол барагдуулаагүй байгаа. Би Улаанбаатар хот явж эмчлүүлсэн, эмчилгээний болон унааны зардал мөнгө болох 200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,  

*Гэрч Д.Б-н өгсөн: ... 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр манай нөхөр Ц.Ц өөрийнхөө ах Ц.Т-д очно гээд явсан. Тэгээд орой 20 цагийн үед хүнд зодуулсан байдалтай зүүн талын шанаа, хацар, нүд нь хөхөрсөн орж ирсэн. Тэгээд би хаагуур явж байгаад ирэв, нүүр амаа яасан юм бэ гэж асуухад Т-нд байсан чинь Ж.Б намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гэртээ хоол идээд гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй Б гэдэг хүний эхнэр П гэх эмэгтэй манай нөхөрийг сугадсан орж ирээд манай хүү Б нүүр рүү нь өшиглөсөн гэж надад хэлсэн. Тэгээд би нөхрөө хархад хоёр хамараас нь цус гарсан, баруун талын нүд хавдсан байсан. Тэгээд би багийн эмчийг дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд шингэн дуслаар өвчин намдаах тариа хийгээд сумаас түргэн дуудсан....гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,

*Гэрч Г.М-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний алсын дуудлаганд явах ээлжтэй байсан. шөнө 01 цаг 06 минутад сувилагч А утсаар залгаад Хужирт баг цэг гэдэг газар согтуу хүн мотоцикльтэй унасан байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлэгийн түргэний машинтай шөнийн 02 цаг үед тухайн дуудлаганд очиход Хужирт багийн эмч Х анхан шатны үзлэг хийж өвчин намдаах шингэн сэлбэж эмчилгээ хийсэн байсан. Ц.Ц гэх хүн баруун талд газар хамраас нь цус гарсан хамраа хөвөнгөөр бөглөсөн, хоёр хацар шалбарсан, хоёр нүд хавдсан, зүүн талын нүд улайсан, зүүн талын нүд хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би цус тогтоох тариа хийж эмнэлэгт авчирч ажиглалтанд авсан. Согтуу байсан. Яриа олширсон, гуйваж хүнээр түшүүлж байсан. Биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал нь идвэхтэй, зүрхний авиа тод, хэм жигд, фульс 92, хүчилтөрөгч 96 хувьтай, даралт 120-80, 110-70 тай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  15-17 хуу/,

*Гэрч Д.П-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний орой болсон байсан, хэдэн цагийн үеийн сайн санахгүй байна. Манай хүү Б тухайн үед та яагаад намайг доромжлоод байгаа юм, өмнө нь бас доромжлоод байсан, та яах гэж ингэдэг юм гээд уурлаад Ц-г хоёулаа гаръя гээд гарсан. Нөхөр бид 2 цуг гараад манай нөхөр Б Ц-г гэрт нь хүргэж өгөхөөр аваад гарсан. Би хүү Б-г татаад үлдсэн. Манай хүү намайг та цаашаа бай гээд түлхээд унагаасан. Би босоод очсон чинь манай хүү Ц-г унагаагаад хацар руу нь өшиглөөд авах шиг болсон. Би хүүгийнхээ араас гүйж очоод бариад авсан чинь аав нь хүртэл цааш нь түлхсэн. Тэгээд би хүүгээ татаад авч үлдээд манай нөхөр Ц-г гэрт нь хүргэж өгөхөөр аваад явсан. Би тэр хоёрыг юунаас болж зодолдсоныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21  хуу/,

*Гэрч Ц.Б-н өгсөн: “...Тэгсэн манай хуү Б орж ирсэн. Манай хүү Б руу Ц чи намайг цохисон гээд байсан Б би таныг цохиогүй гэсэн чинь чи цохисон чамайг би мөргөнө, би хоёр хүүтэй хүн олон дүү нартай гээд агсраад байсан. Би Ц-г хүргэж өгөхөөр сугадаад гараад явж байхад араас манай хүү Б Ц-г татсан чинь бид хоёр цуг унасан тэгээд Ц-г босохын хооронд манай хүү Б Ц-н нүүр хэсэгт нь өшиглөөд авах шиг болсон. Тэгсэн манай эхнэр П гүйж ирээд хүү Б-г бариад авсан би цааш нь Ц-г сугадаад аваад явсан. Би Ц-г гэр рүү нь дөхүүлж өгөөд эргээд гэртээ орсон манай эхнэр Ц-г яав гэхээр нь би гэр рүү нь дөхүүлж өгөөд ирлээ гэсэн чинь П гараад Ц-н араас нь очоод түргэн дуудсан байсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/,

*Гэрч С.Ц-н өгсөн: “...Би Б.Б-г хүн зодсон талаар бүр сүүлд нь аав, ээжээс нь мэдсэн. Өөр надад хүн зодсон талаар яриагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,

*Гэрч Л.С-н өгсөн: “...Би Б.Б-г хүн зодсон талаар бүр сүүлд нь ааваас нь мэдсэн. Өөр надад хүн зодсон талаар яриагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,

*Шинжээч Б.О-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч дэслэгч Т.П-н 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдриин шинжээч томилсон тогтоолоор иргэн Ц.Ц-н биед үзлэг хийж рентген зургийн хариу болон Цэцэрлэг сумын ЭМТ-н дуудлагын үзлэг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Үзлэгээр Ц.Ц-н биед баруун хацрын төвгөр хэсэгт ягаан өнгийн зулгаралттай. тэмтрэхэд хатуувтар, хамар уруулын нугалаа баруунд гөлгөрдүү, баруун дээд зовхи бага зэрэг унжсан, баруун нүдний зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Энэ нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндииг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн нүдний алимны салстад гүн улайлттай, зүүн хацар хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний зовхинд цус хуралттай байсан. Энэ нь мөн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл нүүрний баруун, зүүн тал тус бүртээ гэмтэлтэи байсан. Иймээс дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/,

*Б.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний холбогдсон хэргийг шийдвэрлэж өгнө үү....”/хх-ийн 92-95 хуу/,

*Хохирогч Ц.Ц-н рентгэн зураг, эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 55-58 хуу/,

*Хохирогч Ц.Ц-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 хуу/,зэрэг нотлох баримтуудаар,

*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б үйлдсэн болох нь:

*Хохирогч Ц.Ц-н өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Ж.Б намайг газар унагаад миний зүүн талын нүд болон хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Миний зүүн нүд хөхөрч хавдан хамраас цус гарсан. Б.Б намайг газар унагаад баруун талын хацар руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тухайн үед миний ухаан балартаад гэртээ хүнээр хүргүүлсэн байсан. Нэг сэрсэн эмч нар ирсэн тариа хийсэн байсан. Тэгээд сумын эмнэлэг явсан. Маргааш өлөө нь баруун талын нүд хавдсан, юм харж чадахгүй байсан. Миний бие одоо гайгүй болсон. Нүдний хавдар буугаад нүүр царай хэвийн байдалд орсон. Одоогоор хохирол барагдуулаагүй байгаа. Би Улаанбаатар хот явж эмчлүүлсэн, эмчилгээний болон унааны зардал мөнгө болох 200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,  

*Гэрч Д.Б-н өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр манай нөхөр Ц.Ц өөрийнхөө ах Ц.Т-д очно гээд явсан. Тэгээд орой 20 цагийн үед хүнд зодуулсан байдалтай зүүн талын шанаа, хацар, нүд нь хөхөрсөн орж ирсэн. Тэгээд би хаагуур явж байгаад ирэв нүүр амаа яасан юм бэ гэж асуухад Т-д байсан чинь Ж.Б намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гэртээ хоол идээд гэрээс гараад явсан. Ж.Б бол манай нөхөртэй төрөл хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,

*Гэрч Г.М-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний алсын дуудлаганд явах ээлжтэй байсан. Шөнө 01 цаг 06 минутад сувилагч А утсаар залгаад Х баг цэг гэдэг газар согтуу хүн мотоцикльтэй унасан байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлгийн түргэний машинтай шөнийн 02 цаг үед тухайн дуудлаганд очиход Хужирт багийн эмч Х анхан шатны үзлэг хийж өвчин намдаах шингэн сэлбэж эмчилгээ хийсэн байсан. Ц.Ц гэх хүн баруун талд газар хамраас нь цус гарсан хамраа хөвөнгөөр бөглөсөн, хоёр хацар шалбарсан, хоёр нүд хавдсан, зүүн талын нүд улайсан, зүүн талын нүд хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би цус тогтоох тариа хийж эмнэлэгт авчирч ажиглалтанд авсан. Согтуу байсан. Яриа олширсон, гуйваж хүнээр түшүүлж байсан. Биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал нь идвэхтэй, зүрхний авиа тод, хэм жигд, фульс 92, хүчилтөрөгч 96 хувьтай, даралт 120-80, 110-70 тай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  15-17 хуу/,

*Гэрч Д.П-н өгсөн: “...Тэгэхээр нь би гэрээсээ гараад харахад Б, Ц хоёр зодолдоод дээр доороо ороод байсан. Түмээ ах хараад зогсож байсан. Би юу болж байна наад хоёроо салгаач гээд Т ахад хэлээд та хоёр болиоч гээд Б-г татсан. Б тухайн үед Ц-н дээр гарсан, Ц-г мөргөөд өшиглөөд байсан. Би та хоёр одоо болиоч гээд Б-г түлхээд гэр рүү нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21  хуу/,

*Гэрч Ц.Т-н өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний 21 цагийн үед эхнэр бид 2 гэртээ хоол идээд сууж байхад манайд Ц орж ирсэн. Араас нь удалгүй Б орж ирсэн. Тэгснээ Ц-г чи яахаараа намайг зоддог юм гээд тэр 2 манайд маргалдаад, манайхаас гараад гадаа зодоон хийгээд эхэлсэн. Би салгах гэсэн дийлээгүй. Тэгсэн Б-н эхнэр П гэрээсээ гарч ирээд бид 2 тэр хоёрыг салгаад П Б-г аваад явсан. Би Ц-г гэрт нь оруулж өгөөд гэртээ орж ирээд унтсан. Б архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Ц бол согтуу байсан. Б Ц-г унагасан, дээрээс нь нүдээд байсан. Харанхуй байсан болохоор би аль хэсэгт нь юугаар цохисныг хараагүй. Ц Б-г цохиогүй, цохих тэнхээгүй, согтуу, хөл дээрээ зогсож чадахгүй унаад байсан. Өмнө нь зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. Б-н нүүрэн дээр нь жаахан цус болсон, Ц-г чи яахлаараа намайг зоддог юм гээд Ц рүү дайраад байсан. Ц хүнтэй зодолдсон байдал ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,

*Гэрч П.А-н өгсөн: “...Би Ц-д хоол хийж өгөөд байж байхад араас нь Б орж ирээд чи яасан их хүнийг зоддог юм гээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь бид 2 та нар юу болж байгаа юм гээд салгаад Т Б-г аваад гарсан. Би Ц-г аваад үлдсэн. Тэгсэн Ц Б-н араас гараад тэр 2 гадаа барьцалдаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/,

*Гэрч Ц.Б-н өгсөн: “...Эхнэр П орж ирээд Б Ц хоёр хоорондоо зодолдоод Ц-н нүд нь хавдсан хамраас нь цус гарсан байна гэж байсан. Би унтах гээд байж байхад 21 цагийн үед манайд Ц орж ирсэн Ц-н нүд нь хавдсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 хуу/,

*Гэрч Ё.Б-н өгсөн: “...Б Ц 2 ноцолдоод байж байсан. Б нь Ц-н дээр нь гарсан Ц-н цохиод байсан. Би та 2 болиоч гэсэн чинь Б та нарыг бүгдийг чинь ална шүү гээд орилоод байхаар нь би Б-г араас нь түлхээд унагаасан. Тэгээд тэр хоёрыг салгаад харахад Б-н баруун нүд нь хавдсан баруун зовхиноос нь бага хэмжээгэр цус гарсан Ц-н дух нь улайсан, нүүрэн дээр нь цус дуссан бололтой байсан. Тэгээд Ц намайг дагаад манайд орсон. Нилээн байж байгаад Б та 2 хоёулаа гараад ир гээд байсан. Би гараад та нар ах дүү хүмүүс байж зодолдоод гээд загнаад Б-г чи одоо яв гэсэн Б яваад өгсөн. Ц араас нь Т ахын хүүхдээр гэртээ хүргүүлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/,

* Гэрч Д.Ц-н өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Яргайт гэх газар нөхөр Т-н хамт түргэн дуудаад байж байхад Б Ц 2 халамцуу манайд ирсэн. Би нөхрөө түргэний машинд суулгаж өгч явуулаад Б, Ц хоёрыг та 2 одоо яв гэсэн чинь тэр хоёр маргалдаад ноцолдоод дээр доороо ороод байсан. Би тэр хоёрыг боль гээд Б-г татаад хүчирэхгүй болохоор нь орхичихоод малын хашаа руугаа малаа харахаар орсон. Тэгсэн цаанаас Б ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,

*Гэрч Д.С-н өгсөн: “...Тэгтэл 2020 оны 03 дугаар сарын 12-ны үед манай Хужирт багийн дарга Ц надтай утсаар яриад танай хүүхэд Ж.Б хүн зодсон талаар хэлсэн. Өөр надад хүн зодсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,

*Гэрч Д.Э-н өгсөн: “...Би Ж.Б-г хүн зодсон талаар бүр сүүлд нь ээжээс нь мэдсэн. Өөр надад хүн зодсон талаар яриагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

*Шинжээч Б.О-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч дэслэгч Т.П-н 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдриин шинжээч томилсон тогтоолоор иргэн Ц.Ц-н биед үзлэг хийж рентген зургийн хариу болон Цэцэрлэг сумын ЭМТ-н дуудлагын үзлэг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Үзлэгээр Ц.Ц-н биед баруун хацрын төвгөр хэсэгт ягаан өнгийн зулгаралттай, тэмтрэхэд хатуувтар, хамар уруулын нугалаа баруунд гөлгөрдүү, баруун дээд зовхи бага зэрэг унжсан, баруун нүдний зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Энэ нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндииг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн нүдний алимны салстад гүн улайлттай, зүүн хацар хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний зовхинд цус хуралттай байсан. Энэ нь мөн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл нүүрний баруун, зүүн тал тус бүртээ гэмтэлтэи байсан. Иймээс дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/,

*Ж.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний холбогдсон хэргийг шийдвэрлэж өгнө үү....”/хх-ийн 86-89 хуу/,

*Хохирогч Ц.Ц-н рентгэн зураг, эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 55-58 хуу/,

*Хохирогч Ц.Ц-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 хуу/,зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б, Б.Б нар нь хохирогч Ц.Ц-г зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун хацрын төвгөр хэсэгт ягаан өнгийн зулгаралттай, тэмтрэхэд хатуувтар, хамар уруулын нугалаа баруунд гөлгөрдүү, баруун дээд зовхи бага зэрэг унжсан, баруун нүдний зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Энэ нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна. 

Хохирогч Ц.Ц-н биед учирсан баруун хацрын төвгөр хэсэгт ягаан өнгийн зулгаралттай, тэмтрэхэд хатуувтар, хамар уруулын нугалаа баруунд гөлгөрдүү, баруун дээд зовхи бага зэрэг унжсан, баруун нүдний зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Энэ нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний бие эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Ж.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Б, Б.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 109-113 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг гаргаж өгөөгүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй талаараа бичгээр илэрхийлсэн талаарх баримт /хх-ийн 107 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 102 дугаар хуу/ байх тул шүүгдэгч Ж.Б, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ж.Б, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ж.Б нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Б овогт Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Б.Б нар нь шүүхээс оногдуулсан  торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Б.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.О