| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0073/э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 81
2020/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Эгийн Ат холбогдох эрүүгийн 1912005370022 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарт ээлжийн монетор ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, ................. тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Э ...........гийн А/РД:АК.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 09 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 43-28 тоотод өөрийн эхнэр болох хохирогч Б.Аыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, ууцны голын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912005370022 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Аын өгсөн:
“...2019 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн манай нөхөр Э.А нь найзуудтайгаа нийлээд архи уусан.Тэгээд орой нь 10 цагийн үед гэртээ орж ирээд намайг хардаад хэл амаар доромжлоод намайг зодсон. Миний толгой руу эхлээд гараараа 2 удаа цохисон гэрт байсан гутлаараа дахин цохиж зодсон надтай тэр шөнөжин хэрүүл маргаан хийж шөнийн 04 цагийн үед унтаад өгсөн. Өглөө миний бие өвдөөд байхаар нь 06 цагийн үед түргэн дуудсан чинь очих боломжгүй байна гэхээр нь би нөхрийн хамт эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Гаднаас архи ууж орж ирээд гэнэт хэл амаар доромжилж хардаад хардалтын улмаас намайг зодох болсон. Тухайн үед би манай нөхөр Э.А бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. 2015 онд намар намайг оюутан байхад миний толгой дээр аяга хагалж байсан үүнээс үүссэн сорив толгой дээр бий, 2017 онд намайг мөн зодож гар хүрч байсан тэрхэн үедээ хөхөрч хавдаад зүгээр болчихдог одоо үлдсэн ямар нэг шарх сорив байхгүй. Урьд өмнө зодуулж байсан, энэ талаар мэдэх хүн байхгүй. Архи уусан үедээ элдэв хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Гадны хүн мэдэхгүй байх. Миний биеийн баруун хацар, зүүн нүд ар нуруу, зүүн баруун талын гуяны дээд хэсэг, зүүн гарын бугалга, зүүн хөхөн дээр хөхөрсөн толгой маш их хөндүүр байна нуруу босож суухад хөндүүр байна. Гомдол санал нэхэмлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-10 дугаар тал/
*Гэрч Б.Цгийн өгсөн:
“...Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй манай бэр алга болоод гадуур явж байгаад 2019 оны 09 дугаар сарын 05-ны орой гэртээ ирээд энэ хоёр маргалдаж цагдаад өргөдөл өгч шалгуулж байгаа талаар мэдсэн. Манай бэр охин хүүхдүүдээ хаяад хүн дагаад архи уугаад яваад алга болдог урьд өмнө манай бэр хүн дагаад алга болж байсан. Тухайн үед би яаг хажууд нь байгаагүй учраас нарийн сайн мэдэхгүй. Манай хүү надаа ярихдаа хүн дагаж явж байгаад гэртээ ирэхээр нь уур нь хүрээд 2 удаа газар түлхэж унагасан гэсэн маргааш эмнэлэгт үзүүлсэн гэсэн би өөр энэ талаар мэдэхгүй. Тухайн үед манай хүү өөрийн эхнэр Б.Аыг хоёр удаа газар түлхэж унагасан гэж надаа хэлсэн би тухайн үед хажууд нь байгаагүй учраас энэ талаар мэдэхгүй байна. Урьд өмнө хэрүүл маргаан хийж байсан болохоос зодож гар хүрч байсан удаа байхгүй таарамжгүй харьцааны үүднээс хэрүүл маргаан хийж байсан. Хоорондоо таарамжгүй харьцааны улмаас хэрүүл үг зөрөх асуудал гарч байснаас өөр янз бүрийн асуудал гарч байгаагүй. Албан ёсны гэр бүлийн батлах байхгүй хамтран амьдрагчаар амьдардаг, гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч Г.Жийн өгсөн:
“...иргэн Б.А гэх эмэгтэй 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 07 цаг 30 минутын үед нөхрийн хамт гаднаас ёолсоор орж ирсэн юу болсон талаар асуухад тэр эмэгтэй миний нуруугаар өвдөөд байна гэсэн тэгэхээр нь би жижүүр эмч Э.Балжинямыг дуудаж үзүүлсэн, эмч бид хоёр юу болсон талаар асуухад намайг манай нөхөр зодсон гэж хэлсэн. Тухайн үед тэр эмэгтэйн зүүн нүд орчим хөхөрсөн байсан өөр ил харагдах шарх сорив харагдаагүй. Энэ хоёр хүн хоорондоо харьцаа таарамж муу харагдсан юм ярихгүй дуугүй байгаад байсан. Эмэгтэй нь нөхөр Э.А хамт эмнэлэг дээр ирсэн өөр хүн хамт ирээгүй. Надаа хэлэхдээ 2019 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө намайг зодсон гэж үзүүлэхдээ хэлсэн. Би энэ хүнд амин үзүүлэлтүүдийг үзэж тэмдэглэн эмчийн заалтаар өвдөлт намдаах дусал тариа хийж даралт үзсэн тэгээд дулаан хөнжилд хэвтүүлсэн эдгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/,
*Гэрч Э.Бын өгсөн:
“...Тухайн эмэгтэй 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 07 цаг 30 минутын 103-н жижүүр сувилагч Г.Ж над руу утсаар хэлсний дагуу очиж үзэхэд тухайн эмэгтэй нөхөртөө зодуулсан талаар надаа хэлсэн өвчтөний биеийг үзэхэд толгой өвдөнө цээж хэвлийгээр өвдөнө бүх биеэр өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Тухайн үед тэр эмэгтэйн зүүн нүд орчим хөхөрсөн байсан өөр ил харагдах шарх сорив харагдаагүй. Нөхөр гээд залуутай хамт орж ирсэн өөр хүн байгаагүй. Энэ хоёр хүн хоорондоо харьцаа таарамж муу харагдсан юм ярихгүй дуугай байгаад байсан. Энэ эмэгтэй нөхөр Э.А хамт эмнэлэг дээр ирсэн өөр хүн хамт ирээгүй. надад хэлж байсан би тухайн үед өвчтөн Э.Аын биеийн байдлыг үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө намайг манай нөхөр зодсон гэж үзүүлэхдээ хэлсэн. Цээж хэвлий толгой хүзүү багана нуруу рентген шинжилгээ харах, хэвлийг хэт авианы шинжилгээнд харах өвдөлт намдаах шок эсрэг эмчилгээг хийсэн эдгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал тал/
*Яллагдагч Э.Аын өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймаг Эрдэнэбулган сум 4-дүгээр баг, Бор толгойн 43-28 тоотод байх өөрийн гэртээ эхнэр болох Б.Атай хэрүүл маргаан хийж байгаад гараараа 2 удаа газар түлхэж унгасан, газар унахдаа ар нуруу хэсгээрээ газар унаад нуруу хэсэг нь хатуу газар унасан, өөр би цохиж зодоогүй. Б.А нь миний эхнэр миний хоёр хүүхдийн төрсөн ээж нь байгаа юм. Бид хоёр 2012 оноос хойш бие биеэ таньж мэдэн улмаар үерхэж байгаад нэг гэр бүл болсон. Би өөрийн эхнэр Б.Аыг гараараа 2 удаа түлхэж газар унагасан үүнээс үүсээд түүний биед хөнгөн зэргийн гэмтэл үүссэн өөр ямар нэг гэмтэл бэртэл учруулаагүй. Тухайн үед манай эхнэр гадуур яваад гэр орондоо хонохгүй байсан тэрнээс болж хэрүүл маргаан үүсэх болсон өөр ямар нэг шалтгаан байхгүй. Өмнө өөрийн эхнэр Б.Аыг цохиж зодож байгаагүй би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй би гэр бүлийн хэрүүл маргаан хийдэг байсан. Бид хоёрт таарамжгүй харьцаа байхгүй бид хоёр эвтэй найртай байдаг энэ талаар манай хамаатан садны хүмүүс мэднэ. Б.Аыг өөрийн хоёр гараараа түүний цээж хэсэг рүү нь тулгаж түлхэж унагасан, газар унахдаа ар нуруу хэсгээрээ газар унасан. Өөр ямар нэг үйлдэл хийгээгүй, түүний биед учирсан гэмтлийг би үүсгэсэн. Үүссэн гэмтэл нь газар унахдаа үүссэн, өөр ямар нэг байдлаар цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-62 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 413 дугаартай“...Б.Аын биед гэмтэл учирчээ. Б.Аын биед тархи доргилт, баруун хацар, ууцны голд зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун өгзөгний дотор дээд хэсэгт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны урд дээд хэсэгт, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралтууд, баруун гарын шууны ар дунд хэсэгт жижиг шарх гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, баруун хацар, ууцны голын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт, зүүн нүдний дээд зовхинд. баруун өгзөгний дотор дээд хэсэгт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны урд дээд хэсэгт, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт. баруун гарын шууны ар дунд хэсэгт жижиг шарх гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 43-28 тоотод өөрийн эхнэр болох хохирогч Б.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Аын”...2019 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн манай нөхөр Э.А нь найзуудтайгаа нийлээд архи уусан.Тэгээд орой нь 10 цагийн үед гэртээ орж ирээд намайг хардаад хэл амаар доромжлоод намайг зодсон. Миний толгой руу эхлээд гараараа 2 удаа цохисон гэрт байсан гутлаараа дахин цохиж зодсон надтай тэр шөнөжин хэрүүл маргаан хийж шөнийн 04 цагийн үед унтаад өгсөн. Өглөө миний бие өвдөөд байхаар нь 06 цагийн үед түргэн дуудсан чинь очих боломжгүй байна гэхээр нь би нөхрийн хамт эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Гаднаас архи ууж орж ирээд гэнэт хэл амаар доромжилж хардаад хардалтын улмаас намайг зодох болсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Жийн”... иргэн Б.А гэх эмэгтэй 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 07 цаг 30 минутын үед нөхрийн хамт гаднаас ёолсоор орж ирсэн юу болсон талаар асуухад тэр эмэгтэй миний нуруугаар өвдөөд байна гэсэн тэгэхээр нь би жижүүр эмч Э.Балжинямыг дуудаж үзүүлсэн, эмч бид хоёр юу болсон талаар асуухад намайг манай нөхөр зодсон гэж хэлсэн. Тухайн үед тэр эмэгтэйн зүүн нүд орчим хөхөрсөн байсан өөр ил харагдах шарх сорив харагдаагүй. Энэ хоёр хүн хоорондоо харьцаа таарамж муу харагдсан юм ярихгүй байгаад байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Аын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 413 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Аын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт, баруун хацар, ууцны голд зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун өгзөгний дотор дээд хэсэгт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны урд дээд хэсэгт, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралтууд, баруун гарын шууны ар дунд хэсэгт жижиг шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, бөгөөд шүүгдэгч Э.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Б.Аын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.А нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Аыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Аын нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Энх- Амгалангийн Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР