Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 85

 

                                  2020/ШЦТ/85

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Ц

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Б 

Шүүгдэгч: Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нийн Бад холбогдох эрүүгийн 1912007650003 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мал аж ахуйн механикч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, Цагаан арал гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Нийн Б/РД:АЯ................./ 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Тээлийн ам гэх газарт 04-86 УБМ улсын дугаартай Пусо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Оийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн 1912007650003 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн өгсөн: 

“...Талийгаач Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт байрлах гэрээсээ аймгийн төв рүү ганцаараа улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой явсан. Тухайн үед мод зарах гээд мод бэлдсэн байсан бөгөөд уг модоо Улаанбаатар хот руу ачуулах машин авч ирэхээр явсан. Аймгийн төв рүү ороод маргааш өглөө нь над руу утсаар яриад нэг машин олсон, гарал үүслийн бичиг баримтаа бүрдүүлээд маргааш гарна гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт бүрдэхгүй байна гээд аймгийн төвд 3 хоног болсон. Тэрнээс хойш дахин надтай утсаар яриагүй. Тэгээд 2019 оны 12 сарын 01-ний өглөө талийгаачийг нас барсан байна гэдгийг бусдаас сонсож мэдсэн. Ажил явдлынхан үеэр талийгаачийн эгч нараас гомдолгүй гэж мэдүүлээд байсан бөгөөд би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож явах хүсэлтээ прокурорт гаргаж шийдүүлсэн. Би маш их гомдолтой байна. Би Н.Б гэдэг хүнээс хоёр хүүхдийн тэтгэмж нэхэж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хэдэн төгрөг гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурал дээр гаргаж өгөх болно. Д.О бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй ч 9 жил хамт амьдарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 113-114 дүгээр тал/ 

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн гэрчээр мэдүүлсэн: 

“...Талийгаач нөхөр Д.О нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутгаас аймгийн төв рүү мотоцикльтой явсан бөгөөд уулын модонд зарах мод бэлдсэн байсан бөгөөд уг модоо хот руу оруулж зарах гээд том машин авч ирэхээр явсан. Тэгээд надтай утсаар байнга ярж байсан бөгөөд аймгийн төвд 3 хоног болсон. Машин олдохгүй байна, ажил бүтэхгүй байна гэх шалтгаан хэлээд байсан. 2019 оны 11 сарын 30-ны өглөө хамгийн сүүлд надтай утсаар яриад одоо гарлаа гэж хэлсэн бөгөөд тэрнээс хойш дахин надтай утсаар яриагүй. Тэгээд 2019 оны 12 сарын 01-ний өглөө талийгаачийг нас барсан байна гэдгийг мэдсэн. Талийгаачийн унаж явсан мотоцикль манай гэрээс 30 орчим км дутуу байхад замд эвдэрсэн байдалтай байхыг олж авсан бөгөөд талийгаач гэртээ харих гэж яваад мотоцикль нь эвдрээд буцаж сумын төв орсон юм шиг байна лээ. Талийгаач бид хоёр 2017 онд гэр бүл болж байсан. Тэрнээс хойш хамт амьдарч байсан. Манай хүүхэд 6 настай, би одоо удахгүй төрөх жирэмсэн байгаа. Модны бичиг, машин олох гэж явсаар байгаад хэд хоносон гэж надад ярьж байсан. 2019 оны 11 сарын 29-ний өдөр гарлаа гэж над руу утсаар ярьсан боловч яагаад гараагүйг нь мэдээгүй. Би гомдолтой, гомдолгүй гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна. Эр нөхрөө алдчихаад байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/, 

 

*Гэрч П.Эын өгсөн: 

“...2019 оны 12 сарын 01-ний шөнө 00 цаг 30 минутын орчим гэртээ байж байтал эмнэлгийн жижүүрээс хүнд хүн ирлээ гэхээр нь эмнэлэг дээр хурдан яваад очтол эмнэлгийн үүдний шалан дээр дээлтэй, эрэгтэй хүнийг насилк дээр хэвтүүлсэн байсан. Би биед нь үзлэг хйихэд зүрх зогссон, хүүхэн хараа гэрлийн урвалд хариугүй, судасны цохилт мэдрэгдэхгүй, бие хөрсөн, нас бараад тодорхой хугацаа өнгөрсөн байсан. Тухайн хүнийг хамт явсан хүн нь ярихдаа модонд явах гээд дуудсан. Би Цэнхэр сумын бензин клонк дээрээс энэ хүнийг авсан. Бид хоёр Орхон баг руу модонд явж байсан, намайг хөлсөлж явсан. Энэ хүн архи уусан согтуу байсан, замд явж байгаад машин хий эргэсэн, тэгээд чиргүүлд мөргүүлсэн гэж яриад байсан. Тэр хүн өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр хүний нэрийг санахгүй байна. Би зүгээр байж байгаад хүн алчихлаа гээд байсан. Би тэр хүнд наад үгээ цагдаад хэл, талийгаачийн ар гэрт мэдэгд гэж хэлсэн. Талийгаачийн толгой орчмоос цус ихээр гарсан бололтой, нүүр, толгой цус болсон, мөн дээлний хүзүү, хоолой, энгэр, ханцуй цус болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/ 

*Гэрч Г.Бийн өгсөн: 

“...2019 оны 11 сарын 30-наас 12 сарын 01-ний хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байрлах Жаст-Ойл ШТС-д түгээгчийн ажил хийсэн. Шөнө 23 цагаас 23 цагийн хооронд ажил дээрээ сууж байтал саарал өнгийн дээлтэй үл таних 30 орчим насны залуу ирээд утсаар яриулаад өгөөч аймгийн төвөөс том машин дуудах гэсэн юм гээд миний ажлын 93300339 дугаарын утаснаас нэг хүнтэй утсаар яриад чи ирж байна уу, хурдал гээд байсан. Тэр залуу ажлын гадна зогсоод машинаа хүлээсэн, хэсэг хугацааны дараа чиргүүлтэй ачааны машин ирээд тэр залууг аваад явсан. Тэр залуу миний утас цэнэггүй болчихсон би модонд явах гэж байгаа гэж надад хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэр залуу их согтуу байгаа бололтой, архи их үнэртсэн, өөрөө гуйваад байсан. Тэр залуу 20 орчим минут болоод машин ирэхээр явсан. Тэр залууд ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 дүгээр тал/ 

*Яллагдагч Н.Бын өгсөн: 

“...Би өмнө мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Нэмж хэлэхэд би талийгаач залууд туслах гээд ийм хэрэгт холбогдчихлоо, би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Би талийгаач залууг амь сэрүүн байхад нь модны зөвшөөрөл, буудал, бензин шатахуун зэрэг зүйлсэд нийтдээ 600.000 орчим төгрөг, түүний эхнэрт нь 800.000 гаран төгрөг өгсөн байгаа. Талийгаачийн ар гэрээс надад гомдол саналгүй гэж хэлсэн. Тиймээс надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би өмнө мэдүупэг өгөхдөө бүх зүйлийг мэдүүлсэн учир одоо дахин нэмж ярих зүйлгүй. Би талийгаач Д.Од мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлж өгсөн бөгөөд тэр гэрчилгээ нь машин дотор байсан. Тиймээс би тэр гэрчилгээг хэрэгт хавсаргуулахаар өгнө...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-72 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаартай ”...Амь хохирогч Д.Оийн цогцост, оношны 1-рт тусгагдсан цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд болох 2 талын уушигны няцралт, зүүн талын олон хавирганы нэг ба хоёрлосон шууд хугарал, баруун талын 4-р хавирганы нэг шууд биш хугарал, гавлын суурь ясны хугарал, 2-рт тусгагдсан тэдгээрийн хүндрэлүүд, З.А-д тусгагдсан шинэ гэмтлүүд, З.Б-д тусгагдсан согтолтын байдал тогтоогдсон. Оношны 1. А, Б ба З.А-д тусгагдсан шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр нас барахын өмнө үүсчээ. Амь хохирогч Д.О нь хөдөлж буй тээврийн хэрэгсэлд мөргүүлсэний улмаас гавлын хөндийн болон цээжний хөндийн битүү хавсарсан, амь насанд аюултай хүнд гэмтлүүд авч тэдгээрийн хүндрэлүүдийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг илрээгүй. Амь хохирогч Д.Оийн цусанд 2,9 промиль спиртиин агууламж илэрсэн нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсныг харуулж байна. Цоликлон системээр 1-р бүлгийн цустай байжээ. Оношны 1.А, 1-Б-д тусгагдсан гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-2, 3-1-10, 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, доод эрүүний хугарал нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, 41-р шүд булгарсан нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун хацрын гадна дээд хэсэгт, дээд уруулын баруун талд, зүүн гарын тохойн урд дээд хэсэгт, нодгоны хонхорын дотор доод хэсэгт байх жижиг зулгаралтууд, зүүн гарын бугалганы дээд хэсэг, нодгоны хонхорын гадна хэсгийг хамарсан цус хуралтууд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар тал/ 

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн 84 дугаартай“...Фусо маркийн 04-86 УБМ улсын дугаартай автомашины жолооч Н.Б нь Монгол Улсын Зөмын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВС ангилалын 447764 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна. Тухайн зам тээврийн осол гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны 70 дугаартай дүгнэлтэнд жолооч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/ 

*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 3-10 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 76 дугаар тал/ зэрэг болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Тээлийн ам гэх газарт Н.Б нь 04-86 УБМ улсын дугаартай Пусо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Оийг дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн“...Аймгийн төв рүү ороод маргааш өглөө нь над руу утсаар яриад нэг машин олсон, гарал үүслийн бичиг баримтаа бүрдүүлээд маргааш гарна гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт бүрдэхгүй байна гээд аймгийн төвд 3 хоног болсон. Тэрнээс хойш дахин надтай утсаар яриагүй. Тэгээд 2019 оны 12 сарын 01-ний өглөө талийгаачийг нас барсан байна гэдгийг бусдаас сонсож мэдсэн. Ажил явдлынхан үеэр талийгаачийн эгч нараас гомдолгүй гэж мэдүүлээд байсан бөгөөд би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож явах хүсэлтээ прокурорт гаргаж шийдүүлсэн. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”... Би биед нь үзлэг хйихэд зүрх зогссон, хүүхэн хараа гэрлийн урвалд хариугүй, судасны цохилт мэдрэгдэхгүй, бие хөрсөн, нас бараад тодорхой хугацаа өнгөрсөн байсан. Би Цэнхэр сумын бензин клонк дээрээс энэ хүнийг авсан. Бид хоёр Орхон баг руу модонд явж байсан, намайг хөлсөлж явсан. Энэ хүн архи уусан согтуу байсан, замд явж байгаад машин хий эргэсэн, тэгээд чиргүүлд мөргүүлсэн гэж яриад байсан. Тэр хүн өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн”...Шөнө 23 цагаас 23 цагийн хооронд ажил дээрээ сууж байтал саарал өнгийн дээлтэй үл таних 30 орчим насны залуу ирээд утсаар яриулаад өгөөч аймгийн төвөөс том машин дуудах гэсэн юм гээд миний ажлын 93300339 дугаарын утаснаас нэг хүнтэй утсаар яриад чи ирж байна уу, хурдал гээд байсан. Тэр залуу ажлын гадна зогсоод машинаа хүлээсэн, хэсэг хугацааны дараа чиргүүлтэй ачааны машин ирээд тэр залууг аваад явсан. Тэр залуу миний утас цэнэггүй болчихсон би модонд явах гэж байгаа гэж надад хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэр залуу их согтуу байгаа бололтой, архи их үнэртсэн, өөрөө гуйваад байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Оийн биед цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд болох 2 талын уушигны няцралт, зүүн талын олон хавирганы нэг ба хоёрлосон шууд хугарал, баруун талын 4-р хавирганы нэг шууд биш хугарал, гавлын суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн талаар гаргасан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.  

              Иймд шүүгдэгч Н.Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн, мөн түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн, хуульд заасан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Нийн Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

6. Шүүгдэгч Н.Бад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР