Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 336

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* овогтой С-н Т, /РД: ***/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ц******* овогтой Б-н Р /РД: ***/ 

Гуравдагч этгээд:  Ц******* овогтой Р-н Г /РД: ***/

Гуравдагч этгээд: Б******* овогтой Б-н А /РД: ***/

Гуравдагч этгээд: Ш******* овогтой Б-н У /РД: ***/

Гуравдагч этгээд: А******* овогтой Б-н С /РД: ***/

Гуравдагч этгээд Г******* овогтой Ж-н Д /РД: ***/-ийн эрх залгамжлагч: Г******* овогтой Б-н М /РД: ***/

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Б-н Р-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б овогтой Р-ын хууль бусаар өмчилж авсан газрын кадастрын зурагт орсон 112 м.кв газрыг С.Т миний худалдаж авсан бодит байдалд нийцүүлэн кадастрын зурагт оруулан өмчлүүлэх шийдвэр гаргахын Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд Б.Р, В.С, гуравдагч этгээд Р.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “...С.Т миний бие 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян Уулын 12 дугаар гудамжны 23А тоотод оршин суугч А******* овогтой Б-н С-с Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян Уулын 12 дугаар Гудамжны 23А тоот хаягт байрлах 000068558-гэрчилгээтэй, Г-2201004596 Улсын бүртгэлийн дугаар бүхий 301 м.кв өмчлөгдсөн газрыг худалдах худалдан авах гэрээ хийж /10,000,000/ төгрөгөөр худалдан авч одоог хүртэл амьдарч байна. 

Манай урд байрлах Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян Уулын 12 дугаар гудамжны 23 тоот хашааны эзэмшигч Ц******* овогтой Б-н Р-н газрын кадастрын зураг нь С овогтой Т миний худалдаж авсан хашааны дотор 112 м.кв газрыг оруулан кадастрын зураг хийлгэж өмчлөх шийдвэр гаргуулж авсан байна. Уг 112 м.кв газарт манай хашааны урд хэсэг болон нүүрсний амбаар, бие засах газар байрладаг. Энэ нь миний эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 тоот захирамжийн Б овогтой Р-д холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэлийн шаардлагаа “1/Нийслэлийн засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 тоот захирамжийн Б овогтой Р-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах 2/Б овогтой Р-н хууль бус өмчилж авсан газрын кадастрын зурагт орсон 112м.кв газрыг С.Т миний худалдаж авсан бодит байдалд нийцүүлэн кадастрын зурагт оруулан өмчлүүлэх шийдвэрийг гаргахыг Нийслэлийн засаг дарга С.Батболдод даалгах” гэж нэмэгдүүлж байна.

С.Т миний бие 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдөр СХД-ийн 9 дүгээр хороо Баруун Баян Уулын 12 дугаар гудамжны 23А тоотод оршин суугч А******* овогт Б-н С-с  СХД-ийн  9  дүгээр  хороо  Баруун  Баян Уулын 12 дугаар гудамжны 23А тоот хаягт байрлах 18636345713500 нэгж талбарын  дугаартай,  000068558  дугаар  гэрчилгээтэй,  Г-2201004596  улсын бүртгэлийн дугаартай 301 м.кв өмчлөгдсөн газрыг худалдах худалдан авах гэрээ хийж 10,000,000 төгрөгөөр худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Манай урд байрлах СХД-ийн 9 дүгээр хороо Баруун Баян Уулын 12 дугаар гудамжны 23 тоот хашааны эзэмшигч Ц******* овогт Б-ийн Р-ын газрын кадастрын зураг нь С овогтой Т миний худалдаж авсан хашааны дотор 112 м.кв газрыг оруулан кадастрын зураг хийлгэж өмчлөх шийдвэр гаргуулж авсан байна. Энэ нь миний худалдаж авсан газраа өмчлөх, ашиглах эрх ашгийг ихээр зөрчиж байна.  

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар СХД-ийн 9 дүгээр хороо Баруун Баян Уулын 12 дугаар гудамжны 23А тоот хаягт байрших 18636345713500 нэгж талбарын дугаартай 301м.кв газрыг Б овогтой А-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал СХД-ийн 9-р хорооны Баруун Баян Уулын 12 дугаар гудамжны 23 тоотод оршин суух иргэн Б овогтой Р-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 тоот захирамжаар 597м.кв газар болгон өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалт, мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21.1-т заасан “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэнд энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр газар өмчлүүлэх захирамж гаргана” гэсэн заалт,  мөн хуулийн 19.1.4-т заасан “Уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, мөн хуулийн 19.2.4-т заасан “Газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20-р зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 тоот захирамжийн Б овогтой Р-д холбогдох заалтыг хүчингүй болгож Б овогтой Р-н хууль бус өмчилж авсан газрын кадастрын зурагт орсон 112 м.кв газрыг С.Т миний худалдаж авсан бодит байдалд нийцүүлэн кадастрын зурагт оруулан өмчлүүлэх шийдвэрийг гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү...” гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2011 оны 08 дугаар сарын 08-нд Б.С-с “Худалдах, худалдах авах гэрээ” хийгээд  үл  хөдлөх  хөрөнгийн  гэрчилгээтэй  301  м.кв  газрыг  хуулийн  дагуу худалдан авсан. Кадастрын зургаа өөрийн нэр дээр болгуулах гэтэл “танай урд талын хэсэг газар урд талын айлд өмчлөгдсөн байна” гэсэн тайлбар өгсөн. Үүний дагуу би Б.Р гуайтай, Э.Л эгчтэй уулзаад “манай газар танай газарт орчихсон байна. Үүнийг янзлуулах хүсэлттэй байна” гэх талаар хэлсэн. 2011 оны 08 дугаар сарын 08-нд намайг худалдаж авсны дараа 08 дугаар сарын 22-ны өдөр эднийх хувийн компаниар кадастрын зураг хийлгээд 273 м.кв газар байсныг 597 м.кв болгосон байсан. Тэгээд “манайх сая кадастрын зургаа шинэчилсэн, буруу оруулсан юм шиг байна” гээд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Р гуай өөрийн гараар “миний газарт хойд талын айлын газар орсон байна” гэж бичиж өгсөн өргөдөл байгаа. Манай кадастрын зургийн лавлагааг архиваас авсан байгаа. Түүгээр миний худалдаж авсан 301 м.кв газрын кадастрын зураг эдний зүүн талын газар дээр гарч ирсэн байгаа. Тухайн үед Э.Л эгч бид 3 хувийн кадастрын зураг хийдэг “Далай гурван өндөр” ХХК дээр очоод одоо яг бодит байдал дээр байгаагаар нь засаад хийлгэсэн. Б.Р-н байшин бол байрандаа байгаа. Гэтэл кадастрын зургийг бодит байшингийн цэгийг хойш нь зөөгөөд хийж байгаа нь хууль зөрчиж байна. Бодит байдалд бол байшин нь ард талдаа хашаагаар заагласан. Тэгээд саяны хүсэлтийг Газрын албанд бичиж өгсөн юм. Гэтэл Газрын алба бид ийм хүсэлтийг үндэслэж өөрчлөхгүй, та нар албан ёсоор гэрээ хийгээд ир гэхэд тухайн үед Э.Л эгч “манайх үл хөдлөхөд гэрчилгээ гаргуулах гээд өгсөн байгаа. Зээл авах гээд байгаа юм, дараа засуулъя” гэсэн. Тухайн үед би шинэ ажилд орсон байсан болохоор хөөцөлдөж чадаагүй орхисон байсан. Тэгтэл сая 2017 онд эднийх хашаагаа хойш нь манайх руу сунгана гэсэн асуудал гараад тэгээд шүүхээр явж байна.  

Гэхдээ яг анх эзэмшиж байсан Б.А нь бодит байдал дээр яг энэ байгаагаар зарсан. Дараа нь Б.С аваад би дараа нь худалдаж авсан байгаа. Гэтэл 2011 оны 08 дугаар сарын 22-нд Б.А-н энэ гэрчилгээ хүчин төгөлдөр байхад эд Нийслэлийн Засаг даргын захирамжаар өөрийн өмчлөлд нэгтгэж 597 м.кв болгосон байгаа. 

 “Урд талын байшингийн араар заагласан хашаа, дэлгүүрийн хашаа, худгийн хашаа манай хашаа” гэж В.С хэлж байсан. Тэгээд би 301 м.кв газар нь ийм байгаа юм байна гэж ойлгоод худалдаж авсан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Иргэн Б.Т нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 тоот захирамжийн  иргэн  Б.Р-д  холбогдох  шийдвэрийг  хүчингүй  болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. 

Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо, Баруун Баян Уул 12 дугаар гудамжны 12-23 тоот хашаа 273,33 м.кв талбай бүхий газрыг 3607956 төгрөгийн үнэтэй газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар иргэн Базаррагчаагийн Рахад гэр бүлийн гишүүдийн хамтын хэрэгцээнд өмчлүүлжээ. 

Иргэн Б-н Р 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Газрын албанд хандан эзэмшил газрын зургийг буруу гаргасан учир дахин өмчилсөн газрын гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2011 оны 625 дугаар захирамжаар 597 м.кв газрыг өмчлүүлсэн байна.

Иргэн С.Т-ын нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 тоот дугаар захирамж нь иргэн С.Т-ын эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Б.Р нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 12-23 тоот газрыг анх 2004 онд өмчилж авсан байдаг. Үүний дараа 2011 оны 08 дугаар сарын 03-нд Нийслэлийн Газрын албанд газрын кадастрын зураг буруу болсон байна гэж хандсан. Түүнийг үндэслээд буюу 2004 оны 313 дугаар захирамжийг үндэслээд 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар тухайн иргэний газрын кадастрын зургийг өөрчилж 597 м.кв-аар өмчлүүлсэн байдаг ба энэ өмчлүүлсэн хэмжээгээр иргэн С.Т-ын газартай кадастрын зургаар ямар нэгэн давхцал байхгүй гэж үзэж байгаа. 

2004 онд Б.Р нь түрүүлж хүсэлтээ өгөөд 1999 оны захирамжаар эзэмшиж байсан газраа өмчилж авсан. Харин Б.А-д 301 м.кв газрыг 2005 онд өмчлүүлсэн нь буруу шийдвэр байсан тул 2012 оны А/226 дугаар захирамжаар тухайн зөрчлийг арилгаж 249 м.кв газар болгож өөрчилсөн.” гэв. 

Гуравдагч этгээд Б.Р шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б овогтой Р Захиргааны хэргийн шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Б овогтой Р нь 1974 оноос өнөөдрийг хүртэл 40 гаруй жил Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруун баян уул 12-р гудамжны 23 тоот хаягт оршин сууж байна. Уг хаягт оршин сууж байхад 1999 оны үед анх гэр хорооллын газар төлөв байдап чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг олгож байсан. 2004 онд Газрын албанаас хийгдсэн кадастрын зурагт манай хашааг 2 хувааж 273 м.кв, 324 м.кв хэмжээтэй болсон. Өмнө нь хийгдсэн кадастрын зургийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас кадастрын зураг 2011 оны 08 сарын 22-нд гарч, бид өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. 

Өмчлөх эрхийн гэрчилгээнд бидний өмчилж байсан газрын хэмжээ нь 597 м.кв байдаг. Тухайн үед манайх өмчлөх эрхийн гэрчилгээ авсанаас хойш нэхэмжпэгч С.Т нь Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруун баян уулын 12-р гудамж 23А тоотод байрлах хашаа байшинг худалдаж авахдаа 249 м.кв кадастрын зургийг хувийн кадастрын албаар газрын хэмжээг томосгож, 301 м2 болгож хэмжилт хийлгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Мөн сүүлд 2013 оны 05 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч С.Т-ын өмчилж буй газрын гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас гаргахдаа хуучин байсан зөрчилгүй кадастрын зургийн дагуу газрын хэмжээг 249 м.кв-аар гаргаж өгсөн байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус эзэмшлээс газраа чөлөөлуүлэх тухай нэхэмжлэл гаргасан байгаа 

Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Р шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Далай гурван өндөр” ХХК-иар кадастрын зургаа хийлгэхдээ  газрынхаа зүүн хойд цэгийг модон хаалганы урд талаар, баруун хойд цэгийг худгийн зүүн хойд талын булан гэж зааж өгсөн.  Бид нар ингэж хувааж авна шүү гэж 1976 онд яригдаж байсан. Тэгээд кадастрын зураг хийхдээ байшингийн сууриар зөөгөөд хийсэн. Сүүлд 2017 онд дахиж өөр компаниар хийлгэсэн кадастрын зураг анх “Далай гурван өндөр” ХХК-иар хийлгэсэн кадастрын зурагтай эргэлтийн цэгээр яг адилхан, байшинг байгаагаар нь болгосон.” гэв. 

Гуравдагч этгээд Р.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Р овогтой Г бид Захиргааны хэргийн шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Анх 1999 онд Газрын албанаас 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр авсан агаарын зураг дээр манай 597 м.кв хашааг голоор нь 2 хувааж баруун талын газрыг З овогтой Б-ын 300 м.кв газар болгон гаргасан байсан. Угтаа С.Т-ын амьдарч буй байшин 1976 онд баригдсан 249 м.кв газартай З.Б-ын байшин болно. Гэтэл энэ газар, байшин нь 2004 онд Газрын албанаас гаргасан кадастрын зурган дээр огт байхгүй, харин манай баруун талын газар болох дэлгүүр болон дэлгүүрийн арын байшин байсан хэсэгт З.Б-ынх болгож кадастрын зураг гаргасан. 

2004 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Газрын албанаас гаргаж өгсөн манай кадастрын зургийг З.Б-ынх болгон гаргасан баруун талын газар дээр давхцуулан гаргасан. Манай голоороо хуваагдсан 597 м.кв газрын баруун талд 2001 онд хүнсний дэлгүүрээ барьж эхлэн 2002 онд ашиглалтанд оруулсан. 2002 оноос эхлэн дэлгүүрийн татвар төлж байсан баримтыг Татварын албанаас гаргуулан авч ард нь хавсаргасан болно. 2004 оны 09 дүгээр сарын 06-нд З.Б нас барсан. Гэтэл 2001 онд дэлгүүр, 2004 онд дэлгүүрийн арын байшинг барьж байхад амьд сэрүүн байсан З.Бюу боллоо гэж газар дээрээ хүний байшин, дэлгүүр бариулахав дээ. Эндээс үзэхэд баруун талын газар манайх болох нь ойлгомжтой байна. Тийм ч учраас газраа Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон Засаг даргад үзүүлэн 2011 оны 08 дугаар сарын 22-нд кадастрын зургаа зөв болгон гаргуулсан. 

Б.Р миний бие аав ээжийн хамтаар амьдарч байгаад 1975 онд газарт орж одоогийн С.Т-д Баруун Баян-Уулын 12-23а тоотод болон манай Баруун Баян-Уулын 12-23 тоотод амьдарч буй газарт нэг ч айл байхгүй үед нь нүүж ирсэн. 1976 онд С.Т-ын одоо амьдарч буй байшинг барьсан. Удалгүй ээж маань нас барж эгч Б.Я, нөхөр З.Б, өргөмөл хүү Б.А-гийн хамтаар төмөр зам дахь байраа заран аав бид 2 дээр нүүж ирсэн. Би эхнэр А.Л-тэйгээ 1977 онд ханилан сууж тусдаа гарахдаа өөрийн байшингаа /С.Түмэнжаргалын байшин/, мал хуйгаа аав, эгч, хүргэн ах гуравтай орхиод манай дараа нүүж ирсэн хөрш Ж-ынх руу ордог жижиг хаалганы араас эхлэн урагшаа хоосон хашаа таслан авч, гэрт амьдарч байгаад 1988 онд одоогийн байшингаа барьсан. Тэр үед хуваасан газрын дагуу кадастрын зураг хэвээрээ байгаа. Гэтэл хүү А гадаад руу явахаа бидэнд хэлэлгүй, хамааралгүй байсан хашаагаа манай газар руу оруулан барьж хүнд зарчихаад яваад өгсөн байсан. 

Бодит байдал дээр С.Т-ынх руу орсон 112 м.кв талбай газраа хууль журмын дагуу авч хашаагаа татах хүсэлттэй байна.” гэв.

Гуравдагч этгээд Р.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л нэмэлт тайлбартаа: “Манай газар бол хэвээрээ байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ нь 249 м.кв. Тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээг албан ёсоор нэхэмжлэгч С.Т Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 12-23а тоотод байрлах хашаа байшинг худалдаж авахдаа 249 м.кв кадастрын зургийг хувийн кадастрын зураг хийдэг байгууллагаар томосгож хийлгүүлэн 300 м.кв болгон хэмжилт хийлгэсэн. Сүүлд  2013  оны  05  дугаар  сарын  23-ны  өдөр  С.Т нь өмчилж буй газрын гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас гаргахдаа хуучин байсан зөрчилгүй кадастрын зургийн дагуу 249 м.кв-аар гаргаж өгөөчээ гэсэн хүсэлт гаргасан байсан. Бид хүний газраас сөөм ч аваагүй. Манай байшингийн ард хоосон газар байгаа. Үл хөдлөхөөр оруулах гээд дахиж кадастрын зураг гаргуулсан. Тэгэхэд “Д г ө” ХХК “танай үндсэн газар чинь байшингийн чинь араар байна” гээд байшинг хойшлуулаад үндсэн газар дээр болгож өгсөн. 

“Д г ө” ХХК-иас зургийг гаргахдаа байшингийн сууриар зөөж үндсэн газар дээр зургийг нь гаргасан. Дараа нь гадаад нэртэй компани зураг хийхдээ байшинг байгаагаар нь байршуулсан. Тэгэхээр хойноо зайтай байгаа. 

2000 онд дэлгүүрээ бариад 2014 онд үл хөдлөхөд бүртгүүлэхээр очиход танайх дахиад кадастрын зургаа гаргуулаад ир гэсэн. Тэгээд кадастрын зургаа гаргуулах гэхэд кадастрын компани танай үндсэн газар чинь энэ байна гээд манай байшинг хойш нь болгож хийсэн. Хүний газраас сөөм ч аваагүй.” гэв. 

Гуравдагч этгээд Р.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г: “625 дугаар захирамжийг цуцлуулъя гэж яриад байна. З.Б-г амьд байхад нь манайх дэлгүүрээ бариад үйл ажиллагаа явуулж байсан. Амьд байхад нь газар дээр нь давхцуулаад дэлгүүр барьсан бол юу гэж газар дээрээ дэлгүүр бариулах билээ. Энэ бол яалт ч үгүй алдаа. Тэдний хамгийн анх баригдсан, амьдарч байсан байшин кадастрын зурган дээр ор сураггүй бүр хашаа ч байхгүй. Манай хажуу тал арай ташуу болохоор нөгөө талаасаа зай нь арай том. Тэр зайгаараа С.Т хойд талын тэр зайгаар авна гээд байгаа. Энэ асуудлыг би 10 жилд байхад С.Т-ын ээжид “танайх хашаагаа хойш нь татаа, манайх байшингийн араар байгаа шүү” гэж хэлж байсан. Тэгээд ээж аав дээрээ ороод “манай газар чинь уг нь хойно биздээ” гэсэн чинь “тийм ээ” гэсэн. “Одоо авахгүй бол он жил өнгөрөх тусам хэцүү болно шүү” гэж хэлсэн. Дараа нь 2015 онд Солонгос улсаас ирээд бас С.Т-д “манайх хашаагаа татмаар байна” гэж хэлж байсан. Байшингийн араар татсан хашааны талыг нь авч хаяад амбаар, нойл хоёроо манай газар дээр барьсан. Үүнийг гэрч Б.С “С.Т-д газраа зарахад нойл нь зүүн талдаа байсан. Баруун талд амбаар, нойл хоёр байгаагүй” гэж гэрчилсэн. Энэ хүмүүс нэгдэж манай хашааг аваад өөрийн газар болгоод юм барьсан байгаа. Мөн би өмнө нь хашаагаа татаж аваачээ гэж хэлж байсан. Өнгөрсөн оны 5 сард манайх “манай газрыг авчихаад өгөхгүй байна” гэж гомдол гаргасан. Тэгтэл эд нар үүнийг мэдчихээд 8 сард гомдол гаргасан байна.   

Манай одоо амьдарч байгаа байшин 1980-аад онд баригдсан. Дэлгүүр 2002 онд үйл ажиллагаа явуулж байсан ба энэ нь татварын тайлангаас харагдаж байгаа. 2004 онд дэлгүүрийн арын байшинг барихад н.А байсан ба хашаагаа татаагүй байсан. Хамгийн анх 2004, 2005 онд кадастрын зургийг таллаж гаргасан байгаа. Гэхдээ хойд талын заагийг гаргасан байсан. Тэр заагийг хэн яаж гаргасан бэ гэдгийг олох хэрэгтэй. 2004 онд гаргасан гэхээр талийгаач З.Б амьд байсан ба Б.А гадаад яваагүй байсан. Б.А-г хууль зөрчсөн гэж бодож байна. Яагаад гэвэл 2004 онд улсаас кадастрын зураг, гэрчилгээг гаргаад өгсөн. Б.А манай дэлгүүртэй талыг авснаа мэдсээр байж хашаагаа татчихаад зараад явсан. Энэ бол үндсэндээ хууль зөрчсөн. Б.А-гийн зараад явсан газраар нь С.Т бодоод байгаа нь маш буруу. Анх 2004, 2005 онд кадастрын зургийг хэн хийсэн, эргэлтийн цэгүүд нь хаагуур байна гэдгийг олох хэрэгтэй. “Д г ө” ХХК-ийг авч ирээд эд нар өөрсдөө үүгээр байгаа гэж хэлээд хийлгэсэн биш. Сүүлд гадаад нэртэй компаниар үүгээр байгаа гээд хийлгэсэн. Тэгээд энэ энд байгаа гээд хэлэхэд тэр хамаагүй, “Д г ө” ХХК-ийн эргэлтийн цэгээр хийсэн. Кадастрын зургаа аваад Газрын албанд очоод эргэлтийн цэгүүд нь ийм байна гэхэд хамгийн анх 2004, 2005 онд кадастрын зургийг хийсэн байгаа түүгээр чинь байна гэж байсан. Одоо энэ маргаантай байгаа ард талын эргэлтийн цэгүүд анх 2004, 2005 онд гарсан кадастрын зургийн эргэлтийн цэгүүдтэй яг таарч байгаа. Тиймээс бид хууль зөрчөөгүй.” гэв.

Гуравдагч этгээд Б.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Б овогтой А нь 2006 оны 05 дугаар сард өөрийн өмч болох хашаа, байшингаа хууль журмын дагуу нотариатаар батлуулж зарсан нь үнэн болно. Тиймээс одоогоор өөрийн биеэр шүүх хуралд суух боломжгүй байгаа тул хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Б овогтой У нь 2006 оны 05 дугаар сард өөрийн өмч болон хашаа, байшингаа хууль журмын дагуу нотариатаар батлуулж зарсан нь үнэн болно. 

Тиймээс одоогоор өөрийн биеэр шүүх хуралд суух боломжгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

Гуравдагч этгээд Ж.Д-гийн эрх залгамжлагч Б.М шүүхэд  гаргасан  тайлбартаа: “...Миний  бие  Б  овогтой  М нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. 2012 оны 3 дугаар сард миний ээж болох Ж.Д урд айл болох С.Т нар Газрын албанд кадастрын зургийг засаж янзлуулсан, янзлуулахын өмнө бидний амьдарч байсан газар тус тусын зайндаа буюу өөрийн хэмжээтэй байсан. Анх 541 м.кв газартай байснаас С.Т-ын газрын кадастр давхцаж орсон байсныг 2012 оны 03 дугаар сард кадастр тус тусдаа нэр дээрээ салгаж авсан. Тийм учраас С.Т-тай ямар нэгэн газрын асуудалгүй болно...” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.С тайлбартаа: “... Б.С миний бие 2011 онд өөрийн өмчлөлийн хашаа байшинг С.С-д Монгол Улсын хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 301 м.кв талбайтай хашаа байшинг зарж борлуулсан. Анх миний зарсан байршил бол улаан тоосгон байшингийн яг ард талд нь 00 байсан. Харин баруун урд талд 00 болон амбаар байгаагүй. Бусад байршил, газрын зааг яг хэвээрээ байна. Анх Б.А-гаас авахдаа Б.Р-н байшингийн араар 301 м.кв газар юм байна гэж ойлгож авч байсан. Яг энэ хэмжээгээр байх ёстой юм болов уу гэж бодож байна. Урд талд Б.Р-ын 2 зэрэгцээ байшин байсан. 2 байшингийн сууриуд нь хэвээрээ байна. 2006 онд анх худалдаж авахад Б.Р-ын байшингийн араар намхан модон хашаатай байсан нь эднийх байшингийн ард ханаа тоосголно гээд модон хашааг буулгаж байшингаа тоосголсон. Ер нь модон хашаа нь байшинтайгаа тулсан байгаа. Худгийн тэр хавь хашаатай байсан. Тэрнээс хойшоо хашаагүй болсон. Манайхыг байхад газрын маргаантай, манай хил зааг ийм тийм гэж яригдаж байгаагүй. Сая л эд нарыг ах дүү, хамаатан садан гэдгийг, мөн голоор нь хуваагаад зарсан зэргийг сонсож байна. Эдний дэлгүүр бол байсан. Тэр үед энэ талын газар манай газар шүү гэсэн зүйл надад хэлж байгаагүй. Анх өмчилсөн газрыг худалдаж авахад газраа урд айл,  арын айл, зүүн талын айлын хашаанаас баримжаалаад 301 м.кв гээд харж байсан. Кадастрын зураг байгаагүй. Худгийн зүүн урд хэсгээс дахиад урагшаа зайд манай хашааны баруун урд хэсэг байсан. Б.Р-н байшингийн баруун хойд үзүүрээс урагшаа бага зэрэг догол байсан. Энэ модон хашаа Б.А-гаас газрыг авахад байсан. Энэ Б.Р-ын дэлгүүрийн арын байшингийн ард нь алхам зайтай хашаа байсан. Тэр зай одоо ч хэвээрээ байна. Хашааны үргэлжлэлийг буулгаад байшингаа тоосголсон.” гэв. 

Гэрч Ж-ын Б мэдүүлэхдээ: С.Т, Б.Р-ын хашааны зүүн талд 12 дугаар гудамжны 25 тоотод 1976-1992 онд амьдарч байсан. Тухайн үед Б.Р-ынх энэ байршилдаа байсан. С.Т-ын байгаа газарт Б.Р-ын аав Б-х байсан. Тэр үед дундуураа заагласан хашаагүй байсан. Б-нх манайх 2 хоорондоо ногоон төмөр хаалгаар орж гардаг байсан. Энэ хаалга одоог хүртэл хадаастай байна. Энэ хаалганы доод хөндлөвч банз модны хойд хэсгээр хашаа барина, хүүдээ газраа тасдаж өгнө гэж Б гуай ярьж байсан. 1992 оноос хойших үйл явдлыг би мэдэхгүй. Б гуайг амьдарч байх үед хааяа аавындаа ирдэг байсан. Хоорондох хаалгыг талгаж хадсан байсан. Тэр үед хоорондын заагласан хашаа байгаагүй. Б.Р-ын байшин энэ байрлалаараа байсан.” гэв. 

Гэрч Зулын Цэрэнноров мэдүүлэхдээ: 12 дугаар гудамж 23А тоотын баруун талын худагт 2003 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Б.Амарбаясгалан, Б.Сувд-Эрдэнэ, Б.Рахадын хашааны хил зааг анх ямар байсан, одоо хэвэндээ л байна. Бадам гуайнх, дараа нь Б.Амарбаясгалангийнх байх үед ийм л байсан. Б.Амарбаясгалангийнх гадаад явна гээд Б.Сувд-Эрдэнэ авсан. Б.Амарбаясгалангийнх байх үед заагласан модон хашаа худаг хүртэл байсан. Б.Амарбаясгалан Б.Сувд-Эрдэнэд зарах үедээ худаг хүртэл хашааг барьчихаад зарсан. Б.Сувд-Эрдэнийх байх үед энэ хашааны баруун урд хэсэгт нохой уяатай байсан. Б.Сувд-Эрдэнийх байх үед худагт засвар хийсэн. Тэр үед худгийн зүүн талыг зассан, нохой уясан байсан учир хэлээд засвар хийж байсан. Тухайн үед энэ хэрэгт 58 дугаар хуудаст авагдсан фото зургаар байршил хэвэндээ байсан. Б.Сувд-Эрдэнийх байх үед амбаар болон ариун цэврийн байгууламж энд байгаагүй. Одооны байгаа хашааны хил зааг Б.Сувд-Эрдэнийх байх үед ийм л хэвээрээ байсан. Б.Рахадын байшин бас яг энэ сууриараа байсан. Тэдний цонхны хойд хэсгээр модон хашаа байсан. Б.Амарбаясгалангийнх, Б.Сувд-Эрдэнийх байх үеийнхээр одоо хашааны байршил энэ байршлаар байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Түмэнжаргал нь “1/ Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Базаррагчаагийн Рахадад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2/ Б.Рахадын хууль бусаар өмчилж авсан газрын кадастрын зурагт орсон 112 м.кв газрыг С.Түмэнжаргал миний худалдаж авсан бодит байдалд нийцүүлэн кадастрын зурагт оруулан өмчлүүлэх шийдвэр гаргахын Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаар нь хангаж шийдвэрлэлээ.

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191 дүгээр захирамжаар  тус дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 6 дугаар гудамж 17А тоот /хуучин хаягаар/ 274 м.кв газрыг Б.Рахадад, 17Б тоот /мөн хуучин хаягаар/ 274 м.кв газрыг З.Бадамд тус тус эзэмшүүлж, 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн 99/565 дугаартай гэрчилгээг  Б.Рахадад, 99/566 дугаартай гэрчилгээг  З.Бадамд олгосон байх бөгөөд гэрчилгээнд газрын хэмжээг тус бүр 300 м.кв гэж бичсэн байна. З.Бадам 2004 онд нас барснаар өв залгамжлалын гэрчилгээ, хүсэлт, хорооны Засаг даргын цохолт, нэгж талбарын 18636315711497 дугаартай кадастрын зургийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар 12 дугаар гудамж 23А тоот газрыг эзэмших эрхийг хүү Бадамын Амарбаясгаланд шилжүүлэн эзэмшүүлсэн  байна.

Улмаар Б.Рахадын 2004 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “12 дугаар гудамжны 23 тоот өөрийн эзэмшлийн 18м х 12м буюу 300 м.кв газрыг өмчлөх” хүсэлт, эзэмшил газрын нэгж талбарын 18636315726499 дугаартай кадастрын зураг,  хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Рахадын болон хамтран өмчлөх хүсэлт гаргасан гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, 99/565 дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээ зэргийг  үндэслэн нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар Б.Рахад, түүний гэр бүлийн гишүүдэд 12 дугаар гудамжны 23 тоот 273.3 м.кв газрыг өмчлүүлж , 2004 оны 7 дугаар сарын 02-ны өдөр газар өмчлүүлэх шийдвэрийг олгож, мэдээллийн санд нэгж талбарын 18636315725501 дугаарт бүртгэжээ. 

Мөн Б.Амарбаясгалангийн гаргасан “12 дугаар гудамжны 23А тоот өөрийн эзэмшлийн 18.5м х 22м газрыг өмчлөх” хүсэлт, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн 99/566 дугаартай гэрчилгээ, Б.Амарбаясгалангийн болон хамтран өмчлөх хүсэлт гаргасан гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргийг  үндэслэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар Б.Амарбаясгалан, түүний гэр бүлийн гишүүдэд 301 м.кв газрыг өмчлүүлж, 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр газар өмчлүүлэх  шийдвэрийг  олгожээ. 

Б.Амарбаясгалангийн 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан газар өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг, хүсэлт, газар өмчлүүлэх шийдвэр, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зургийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 12 дугаар гудамжны 23А тоот газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18636315713500 дугаарт бүртгэгдсэн 301 м.кв газрыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Г-2201004596 дугаарт Б.Амарбаясгалан, түүний гэр бүлийн гишүүн Б.Уранчимэг, А.Эрболд нарын өмчлөлд бүртгэж , өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000035901 тоот гэрчилгээ олгожээ.

Улмаар худалдах, худалдан авах гэрээний дагуу нэгж талбарын 18636315713500 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004596 дугаарт бүртгэгдсэн 301 м.кв газрыг өмчлөх эрхийг Б.Амарбаясгалан нараас Б.Сувд-Эрдэнийн өмчлөлд 2006 оны 4 дүгээр сарын 20-нд, түүнээс С.Түмэнжаргалын өмчлөлд 2011 оны 8 дугаар сарын 17-нд тус тус шилжүүлэн бүртгэсэн  байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Түмэнжаргал нь нэгж талбарын 18636315713500 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004596 дугаарт бүртгэгдсэн 301 м.кв газрын өмчлөх эрхийг ийнхүү шилжүүлэн авч өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. 

С.Түмэнжаргал “өөрийн өмчлөлийн газрын кадастрын зураг мэдээллийн санд харагдахгүй байна” гэх гомдлыг, Б.Рахад “газрын зургийг буруу гаргасан учир дахин газрын гэрчилгээ олгож өгнө үү”  гэх өргөдлийг гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар Б.Рахад болон түүний гэр бүлийн гишүүдэд өмнө нь 2004 оны 313 дугаар захирамжаар 273.3 м.кв газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, 597 м.кв газрыг Б.Рахад болон Р.Гандолгор нарт өмчлүүлж, газар өмчлүүлэх шийдвэр олгож, мэдээллийн санд нэгж талбарын 18636315718501 дугаарт бүртгэж , 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/216 дугаар захирамжаар Б.Амарбаясгалан, түүний гэр бүлийн гишүүдэд 301 м.кв газар өмчлүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, тэдгээрийн өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулан 249 м.кв газар өмчлүүлж, мэдээллийн санд 249 м.кв газрыг нэгж талбарын 18636315717519 дугаарт С.Түмэнжаргалын нэр дээр бүртгэсэн  байна. 

Нэхэмжлэгч С.Түмэнжаргал нь нэгж талбарын 18636315713500 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004596 дугаарт бүртгэгдсэн 301 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд 2011 оны 8 дугаар сарын 17-нд бүртгүүлэх үед Б.Рахад нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар түүнд болон гэр бүлийн гишүүдэд өмчлүүлсэн 12 дугаар гудамжны 23 тоот 273.3 м.кв газрыг өмчлөх эрхээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулаагүй байсан тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар газар өмчлөх эрх үүсээгүй байсан, үүнээс сүүлд Б.Рахад нь хамтран өмчлөгч Р.Гандолгорын хамт 597 м.кв газрын өмчлөх эрхийг 2013 оны 4 дүгээр сарын 17-нд эрхийн улсын бүртгэлийн Г-2201020108 дугаарт бүртгүүлж  00077709 дугаартай гэрчилгээ авсан байдаг.

Ийнхүү “мэдээллийн санд өмчлөх эрх шилжүүлэн авсан газрын кадастрын зураг байхгүй байна” гэх С.Түмэнжаргалын, “кадастрын зураг буруу орсон” гэх Б.Рахадын гомдлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ тэдгээрийн амьдарч буй газрын бодит хашаалсан байдлаар хэмжилт хийлгүйгээр, өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн газрын хэмжээг хасаж, өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу өмчлөх эрх үүсээгүй газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь хуульд нийцээгүй, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх иргэний эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан хууль бус шийдвэр болжээ. 

Хэдийгээр “кадастрын зураг буруу” гэх өргөдөл гаргасан ч өмнө нь өмчлүүлсэн газрын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа нэмэгдүүлж буй газрын хувьд шинээр өмчлүүлж буй ойлголт тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар тухайн иргэн хуульд зааснаар газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах ёстой. 

Нийслэлийн Засаг дарга иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй ч газар өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсанаас хойш газар өмчлүүлсэн шийдвэрээ хүчингүй болгох, хэмжээг багасгах эрх олгогдоогүй. Учир нь иргэний өмчийн газрыг зөвхөн улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих, эгүүлэн авах зохицуулалт байх бөгөөд энэ эрх гагцхүү Засгийн газарт байна. Мөн нийслэлийн Засаг дарга нь иргэн өмчийн газраа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, ... газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар шүүхээр шийдвэрлүүлэхээс бус иргэний өмчийн газарт халдсан шийдвэр гаргах эрхгүй. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд 7.2-т зааснаар Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно. Тодруулбал 2006 онд хийгдсэн, хэлцлийн үндсэн дээр 2006, 2011 онд өөрчлөлт орсон эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад Засаг дарга эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн газрын хэмжээг багасгах, хасах эрхгүй. 

Үүнээс үзэхэд Б.Рахадын өмчилсөн газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ С.Түмэнжаргалын өмчийн газрын зарим хэсгийг давхцуулсан нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Б.Рахадад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Уг маргаан нь газрыг иргэдэд эзэмшүүлэхдээ ч, өмчлүүлэхдээ ч тухайн газарт хээрийн судалгаа буюу газар дээрх хэмжилт хийгээгүй кадастрын зургийг бодит байдалд тухайн өрхүүдийн амьдарч байсан байршлаас зөрүүтэй бүртгэснээс үүсчээ. 

Тухайлбал, З.Бадам болон Б.Рахадын амьдарч байсан газрын эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191 дүгээр захирамжаар баталгаажуулахдаа З.Бадамынх амьдарч байсан хашааг кадастрын зурагт оруулалгүй хойд хэсгийг нь 13 дугаар гудамжны 23 тоот айлын газарт оруулан, урд хэсгийг нь Б.Рахадын газартай нийлүүлэн, баруун зүүн талаар нь 2 хувааж, тэдний 274 м.кв газрын кадастрын зургийг баруун хэсэгт нь нэгж талбарын 18636315711497 дугаартайгаар 12 дугаар гудамж 23а тоот хаягт , Б.Рахадын 273.33 м.кв газрын кадастрын зургийг зүүн хэсэгт нь 6 эргэлтийн цэгтэйгээр нэгж талбарын 18636315726499 дугаарт 12 дугаар гудамжны 23 тоот хаягаар 2004 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдээллийн санд  бүртгэсэн  байжээ. 

Улмаар уг байршилд Б.Амарбаясгаланд эзэмших эрхийг шилжүүлж, түүнд нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар өмчлүүлсэн 301.кв газрыг мэдээллийн санд мөн л тухайн байршилд нэгж талбарын 18636315713500 дугаартайгаар 2005 онд бүртгэж , энэ нэгж талбараар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201004596 дугаарт Б.Амарбаясгалангийн өмчлөлд бүртгэгдэж, цааш Б.Сувд-Эрдэнэд 2006 онд, С.Түмэнжаргалд 2011 онд өмчлөх эрх шилжсэн , нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар Б.Рахад, түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлсэн 273 м.кв газрыг мэдээллийн санд 18636315725501 дугаартайгаар  тухайн байршилд нь бүртгэжээ. 

Гэтэл маргаан бүхий газрын зүүн талын 12 дугаар гудамжны 25 тоотод 1976-1992 онд амьдарч байсан иргэн Ж.Батаа гэрчээр “Тэр үед хоорондын заагласан хашаа байгаагүй. Б.Рахадын байшин энэ байрлалаараа байсан” гэж,  маргаан бүхий газрын баруун талд залгаа байрших худагт 2003 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа иргэн З.Цэрэнноров гэрчээр “Бадам гуайнх, дараа нь Б.Амарбаясгалангийнх, Б.Сувд-Эрдэнийх байх үед Б.Рахадын хашааны хил зааг анх ямар байсан, одоо хэвэндээ л байна. Б.Амарбаясгалангийнх байх үед заагласан модон хашаа худаг хүртэл байсан. Б.Рахадын байшин энэ сууриараа байсан. Тэдний цонхны хойд хэсгээр модон хашаа байсан.” гэж тус тус мэдүүлдэг, мөн гуравдагч этгээд Б.Рахад болон гуравдагч этгээд Р.Гандолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “байшингуудын байршил өөрчлөгдөөгүй, Б.Амарбаясгалан хоорондын заагласан модон хашааг барьсан, энэ хашааны зарим хэсэг байршилдаа үлдсэн” талаар, гуравдагч этгээд Б.Сувд-Эрдэнэ “Б.Амарбаясгалангаас 2006 онд авахад Б.Рахадын байшингийн араар тулгаад модон хашаа байсан, Б.Рахад байшингийн араар байсан модон хашааг буулгаад байшингаа тоосголсон, модон хашааны зарим хэсэг одоо байршилдаа байгаа” талаар тайлбарладаг. Эндээс дүгнэхэд анх З.Бадам, Б.Амарбаясгалангийнх болон Б.Рахадынх амьдарч байсан байшингуудын байршил өөрчлөгдөөгүй, хоорондын газрын хилийг заагласан хашаагүй байсан, энэ үедээ газраа тус тусдаа эзэмшиж, өмчилсөн, Б.Амарбаясгалан хашааг зааглан модон хашаа барьж, газар өмчлөх эрхээ Б.Сувд-Эрдэнэд шилжүүлсэн, тухайн үед газрын хил заагийн талаар маргаагүй байсан тул модон хашаагаар маргаан бүхий газрын хилийн зааг гэж үзэх үндэслэлтэй байна.    

2011 онд Б.Рахадын “кадастрын зураг буруу” гэсэн хүсэлтээр 597 м.кв газрыг 625 дугаар захирамжаар өмчлүүлж кадастрын зургийг нэгж талбарын 18636315718501 дугаартайгаар  бүртгэхдээ түүний байшинг сууриар зөөж хийсэн, энэ нь  “Далай гурван өндөр” ХХК-ийн 2011 оны 7 дугаар сарын 27-нд үйлдсэн кадастрын зургийг эргэлтийн цэгүүдийн солбицол, “Майнинг конвейр транспорт” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн 597 м.кв газрын кадастрын зургийн эргэлтийн цэгүүдийн солбицлууд адил байгаа ч, өөрөөр хэлбэл газрын байршил нь нэг боловч дээрх 2 байшингийн байршил зөрүүтэй байгаагаар тайлбарлагдах ба үүнийг гуравдагч этгээд Р.Гандолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвасүрэн “ “Далай гурван өндөр” ХХК-иас зургийг гаргахдаа байшингийн сууриар зөөж үндсэн газар дээр зургийг нь гаргасан. Дараа нь гадаад нэртэй компани зураг хийхдээ байшинг байгаагаар нь байршуулсан. Тэгэхээр хойноо зайтай байгаа.” хэмээн хүлээн зөвшөөрдөг. 

Мэдээллийн сангийн нэгж талбарын 18636315718501 дугаартай Б.Рахадын 597 м.кв газрын кадастрын зургийн баруун хойд эргэлтийн цэгийн солбицол Б.Амарбаясгаланд эзэмшүүлж, өмчлүүлсэн байсан нэгж талбарын  18636315711497, 18636315713500 дугаартай 301 м.кв газрын кадастрын зургийн баруун хойд эргэлтийн цэгтэй, зүүн хойд эргэлтийн цэгийн солбицол Б.Рахадад эзэмшүүлж, өмчлүүлсэн байсан нэгж талбарын 18636315726499, 18636315725501 дугаартай 273 м.кв газрын зүүн хойд эргэлтийн цэгийн солбицолтой адил байгаа ч эдгээр цэгээр Б.Рахадын өмчлөх эрхтэй газрын хойд хил заагийг тодорхойлох боломжгүй. Учир нь З.Бадамын болон Б.Амарбаясгалангийн бодитоор амьдарч эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж байсан газрын байршлыг кадастрын зурагт бодит байршлаар нь огт бүртгээгүй, эзэмших, өмчлөх эрхтэй байсан гэх газрын зарим хэсгийг мэдээллийн санд Б.Рахадын 597 м.кв газарт, зарим хэсгийг 13 дугаар гудамжны 23 тоот айлын газарт оруулан бүртгэсэн байжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/216 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар “өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон” үндэслэлээр Б.Амарбаясгалан, түүний гэр бүлийн гишүүдэд 301 м.кв газар өмчлүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, уг захирамжийн 3 дугаар хавсралтаар тэдгээрийн өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулан 249 м.кв газар өмчлүүлж, мэдээллийн санд 249 м.кв газрыг нэгж талбарын 18636315717519 дугаарт С.Түмэнжаргалын нэр дээр бүртгэж, энэ захирамжийг үндэслэн С.Түмэнжаргалын хүсэлт, мэдүүлгээр эрхийн улсын бүртгэлийн Г-2201004596 дугаартай бүртгэлд өмчлөлийн газрын хэмжээг өөрчилж нэгж талбарын 18636315717519 дугаартай 249 м.кв газрыг бүртгэж, 2013 оны 5 дугаар сарын 22-нд эрхийн улсын бүртгэлийн 000123001 дугаартай гэрчилгээ олгосон  байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч уг захирамж, эрхийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн, тухайн үедээ маргаагүй гэж дүгнэх боломжгүй байна. 

Учир нь С.Түмэнжаргалын нэгж талбарын 18636315717519 дугаартай 249 м.кв газрын кадастрын зургаар болон “Далай гурван өндөр” ХХК-ийн 2011 оны 7 дугаар сарын 27-нд үйлдсэн , улмаар газрын мэдээллийн санд 2011 оны 12 дугаар сард нэгж талбарын 18636315718501 дугаартай бүртгэгдсэн  Б.Рахадын 597 м.кв газрын кадастрын зургаар газрын хойд талдаа байрлах 2 байшингийн суурийг хойш зөөж, хилийн заагт тулган үйлдсэн, үүнээс үүдэн С.Түмэнжаргалын өмчлөлийн газар Б.Рахадын байшингийн хойд хэсгээр заа*******даж байгаа гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл “Далай гурван өндөр” ХХК-ийн 2011 оны 7 дугаар сарын 27-нд үйлдсэн, газрын мэдээллийн сангийн нэгж талбарын 18636315718501 дугаартай кадастрын зургаар 597 м.кв газрын хойд хил зааг бодит байдалд байгаа хашааны хил заагаас зөрүүгүй гэж ойлгогдохоор байна. 

Харин “Майнинг конвейр транспорт” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн Б.Рахадын 597 м.кв газрын кадастрын зургийн эргэлтийн цэгүүд өмнө нь “Далай гурван өндөр” ХХК-ийн 2011 оны 7 дугаар сарын 27-нд үйлдсэн, газрын мэдээллийн сангийн нэгж талбарын 18636315718501 дугаартай кадастрын зурагтай адил ч хашаан доторх Б.Рахадын 2 байшингийн байрлал өөр, уг кадастрын зургаарх хойд талын хилийн заагаас урагш байршилд буюу бодит байдлаар хийгдсэн байна . 

Нэхэмжлэгч С.Түмэнжаргалын болон Б.Рахадын газрын хил заагийг модон хашаагаар тогтоох үндэслэлтэй байх боловч 597 м.кв газартай ямар хэмжээгээр давхцалтай болохыг дүгнэх боломжгүй, иргэдэд өмчлүүлсэн газрын хил заагийг тогтоож, өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, газрын кадастрыг эрхлэх, мэдээллийн санд бүртгэх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар хариуцагч Засаг даргын харьяа агентлаг Газрын албаны чиг үүрэг бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул газар дээр нь хэмжилт хийж С.Түмэнжаргалын болон Б.Рахадын газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгаж, ийнхүү хэмжилт хийж бүртгэх хүртэл нэгж талбарын 18636315718501 дугаарт бүртгэгдсэн 597 м.кв газрын, 18636315717519 дугаарт бүртгэгдсэн 249 м.кв газрын мэдээллийн сан дахь бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Базаррагчаагийн Рахад /хамтран өмчлөгч Рахадын Гандолгор/ -д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар дээр нь хэмжилт хийж С.Түмэнжаргалын болон Б.Рахадын газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн бүртгэхийг хариуцагчид даалгаж, ийнхүү хэмжилт хийж бүртгэх хүртэл нэгж талбарын 18636315718501, 18636315717519 дугаартай газрын мэдээллийн сан дахь бүртгэлийг түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хариуцагч, түүний харьяа агентлаг нь маргаан бүхий газарт хэмжилт хийж С.Түмэнжаргалын болон Б.Рахадын газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн бүртгэх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд мэдээллийн санд бүртгээгүй тохиолдолд нэгж талбарын 18636315718501, 18636315717519 дугаартай газрын мэдээллийн сан дахь бүртгэл хүчингүй болохыг мэдэгдсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА