Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 656

 

                                           

 “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  184/ШШ2016/01556 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мэжигмийт” ХХК, “Зээлийн батлан даалтын сан”-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 148 773 209 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Харьболд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав,

Хариуцагч “Мэжигмийт” ХХК-ийн төлөөлөгч Э.Батсүх,

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Мэжигмийт” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 140 000 000 төгрөгийг төслийн зээл, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Мэжигмийт” ХХК, “Зээлийн батлан даалтын сан” гурвалсан батлан даалтын гэрээ тус тус байгуулж дараах эд хөрөнгө болон эрхийг барьцаалсан. Үүнд: Ш.Дондов, Э.Батсүх, Ч.Сувдаа нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 27-р байрны 81 тоот 48 мкв байрыг барьцаалж, батлан даалтын гэрээгээр батлан даагч нь зээлийн батлан даалтын сангийн үндсэн зээлийн 57,8% болох 80 880 800 төгрөгийн хэмжээгээр батлан даахаар гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй, зээл, зээлийн хүү төлөх хуваарийг зөрчиж, 90 хоногоос дээш хугацаагаар хугацаа хэтрүүлсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 123 285 төгрөг, үндсэн хүү 10 206 090 төгрөг, нийт 11 329 376 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 138 876 714 төгрөг, үндсэн хүү 9 676 625 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219 869 төгрөг нийт 148 773 209 төгрөгийн өртэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр, төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан. 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, "Мэжигмийт” ХХК, “Зээлийн батлан даалтын сан” гурвалсан  батлан даалтын гэрээний 1.4-т заасны дагуу “Зээлийн батлан даалтын сан” нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 57,8%-ийг хариуцахаар заасан. 2016 оны 09-р сарын 16-ны байдлаар “Мэжигмийт” ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл дүн нь 138 876 714 төгрөг байгаа бөгөөд үүний 57,8% нь 80 270 740 төгрөг байна. Тус батлан даалтын гэрээний 1,6, 3.1.2, 3.4.1-т заасан батлан даалтын төлбөрийг зээлдүүлэгчид төлөх үндэслэл бүрэн бүрдсэн болно.

Иймд зээлдүүлэгч, зээлдэгч талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 138 876 714 төгрөг, үндсэн хүү 9 676 625 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219 869 төгрөг, нийт 148 773 209 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдлийн 57,8% болох 80 270 740 төгрөгийг хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас гаргуулах, үлдэгдэл 68 502 468 төгрөгийг хариуцагч “Мэжигмийт” ХХК-аас гаргуулж, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Мэжигмийт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай компани эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 140 000 000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авсан. Манай компани нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Увс аймагт албан ёсны 30 га газартай нийтдээ 50 га газарт аж ахуй эрхэлж байсан. Үнээний ферм ажиллуулж байсан учир алдагдлаа нөхөх зорилгоор дагалдах аж ахуй буюу өвсний хашаа барьж байгуулсан, 100 тонн хүнсний зоорь барьсан, элит сортын чацарганы мод тарьсан, 1500 м3 багтаамжтай хиймэл нуур байгуулсан, 76 метрийн гүний худгаас усаа авахаар байгуулсан. Эргэлтийн талбайд жилд 4,5 га газарт будаа тарьж түүнээсээ тэжээл гаргадаг талбайгаасаа хадлан авдаг жилд 30, 40 тонн хүнсний ногоо авдаг байсан. Цаашдаа үйл ажиллагаа явуулахад бүрэн боломжтой болж зах зээлдээ ойртох зорилгоор Улаанбаатар хот руу аж ахуйгаа шилжүүлэн нүүлгэхээр болсон. Ингээд Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зээл авсан. Зээл 2014 оны 09 дүгээр сарын дундуур гарч, мөнгө шилжиж орж ирсэн. Тухайн үед байшингаа барих, үнээнүүдээ худалдаж авах, хашаа барих гээд цаг хугацааны хувьд давчуу байсан. 2014 оны 10 дугаар  сарын эхээр цас орж, эрт хүйтэрснээс шалтгаалж хөөцөлдөж байсан ажлууд амжихгүй болсон. Тиймээс ойролцоо газарт тодорхой тооны үнээний ферм зарна гэсэн зарын дагуу очиж үзээд үнээний ферм худалдаж авахаар шийдэж уг зээлсэн мөнгөнөөсөө 100 000 000 төгрөгөөр нь үнээний  ферм худалдаж авсан. Тэр өвөлдөө үйл  ажиллагаа жигдэрч байсан. Хавар нөөцөлсөн өвс тэжээлээ 3 сар хүртэл нөөцлөөд байгалийн ногоо гарах үед хүрнэ гэж байсан боловч цаг агаарын өөрчлөлт нөлөөлсөн. Худалдаж авсан ферм маань хуучин өвчний голомттой ферм байсан. Хавар болоход өвчин дэгдэж, үнээнүүдээс хамгийн тарган, залуу үнээнүүд нь өвчилж, үхэж эхэлсэн. Мөнгө төгрөгийн эх үүсвэр байхгүй анхны тооцоолол бүтэхгүй болж эхэлсэн. Ийм эрсдэлд бид орсон учир хамгийн гол нь зээлийн хүүг зогсоох нь чухал байна, зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 40 гаруй сая төгрөгийн хүүгийн төлөөгүй хуримтлал үүссэн, үүнийг нөхөж төлж чадахгүй болоод байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжилсэн 148 773 209 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн батлан даалтын сан нь “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Мэжигмийт” ХХК-ийн хоорондын зээлийн 57.8 хувьд батлан даалт гаргасан. Тус сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах” зорилго бүхий засгийн газрын оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/01-963 тоот “Батлан даалтын төлбөр гаргуулах тухай” бичгээр батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардсан бөгөөд Зээлийн батлан даалтын сангийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1-368 тоот бичгээр “зээлд барьцаалсан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхой болгон ирүүлнэ үү” гэсэн утга бүхий хариуг хүргүүлсэн. Энэ нь батлан даалтын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөл бүрдээгүй гэж буцаасан ойлголт бөгөөд батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэхээс бүр мөсөн татгалзсан зүйл биш. Иймд сан нь “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” болон “Мэжигмийт” ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй байгаа бөгөөд дээрх албан тоотоор үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийг хүссэн билээ. “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нэхэмжлэлдээ “Хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 80 270 740 төгрөг гаргуулах гэжээ. Зээлдэгч нь батлан даагчтай эсэхээс үл хамааран зээлийг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд батлан даагчтай байснаараа зээл төлөх үүргээс хэсэгчлэн чөлөөлөгддөггүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 460 дугаар зүйлийн 460.1, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2-т “батлан даалт” гэж Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг хэлнэ гэж заасан. Иргэний хууль болон Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийцүүлэн хийсэн Батлан даалтын гэрээгээр банк зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр 100 хувь үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй. Банк энэ үүргээ гүйцэтгээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сан нь Үндэсний хөрөнгө оруулалтын банктай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн байгуулсан. Шинэчлэн байгуулсан гэрээ буюу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2.8-д “Сан батлан даалтын үүргийг гүйцэтгэхдээ үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс батлан даалтын гэрээнд заасан хувиар нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан. Мөн Сангийн гүйцэтгэх захирал болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал нарын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар хамтарсан тушаалаар зээлдэгч тухай бүртэй байгуулах Батлан даалтын гэрээний үндсэн загварыг баталсан бөгөөд тус батлан даалтын гэрээний 2.4-д “Дараах нөхцөл биелэгдсэн бол батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдсэн гэж үзнэ. 2.4.5-д “Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаалсан хөрөнгө, бусад хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх” гэж заасан. Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Сан нь хамтын ажиллагаандаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээг болон 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Батлан даалтын гэрээний загварыг мөрдөн ажиллаж байгаа билээ.

Иймд Үндэсний хөрөнгө оруулалтын банктай байгуулсан Хамтран ажиллах гэрээ болон батлан даалтын гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсэг буюу Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

           

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-аас 80,270,740.72 төгрөг, хариуцагч “Мэжигмийт” ХХК-аас 68,502,468.51 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”, “Мэжигмийт” ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 27-р байр, 81 тоот 48 м,кв, №000323545 дугаар гэрчилгээтэй, Ү-2201006061 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901,820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-аас 486,983 төгрөг, “Мэжигмийт” ХХК-аас 414,837 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Зээлийн батлан сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зээлийн батлан даалтын сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах замаар тэдний санхүүжилт авах боломжийг нь бүрдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотой үүсгэн байгуулагдсан байгууллага юм. Зээлийн батлан даалтын сан нь дээрх зорилгын хүрээнд зээлдэгч “Мэжигмийт” ХХК-ийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аас авах 140 000 000 төгрөгийн зээлийн 57.8 хувьд батлан даалт гаргаж, “Мэжигмийт” ХХК болон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-тай 2014 оны 09 сарын 05-ны өдөр ЭДҮТ-14/004 дугаартай батлан даалтын гурван талт гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээнд "Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ" гэж заасан. Анхан шатны шүүх хуулийг дараах байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Батпан даалтын гэрээнд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан заалт огт байхгүй тул нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас татгалзалтайгаа холбогдуулж батлан даалтын гэрээний үлгэрчилсэн загвар болон Үндэсний хөрөнгө оруулалтын банктай 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээг гаргаж өгсөн, тус хамтран ажиллах гэрээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул мөн нотлох баримтыг дутуу үнэлсэн. Зээлийн батлан даалтын сан Үндэсний хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах гэрээ болон батлан даалтын гэрээг анх байгуулахдаа "зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан байх" гэдгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх гэсэн утгаар ойлгож гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ болон батлан даалтын гэрээний үлгэрчилсэн загвараар нотлогдоно, гэтэл уг нотлох баримтыг шүүгч хамааралгүй гэж үзэж дутуу үнэлсэн.

Анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт "хариуцагч "Зээлийн батлан даалтын сан"-гаас 80 270 740 төгрөг, хариуцагч "Мэжигмийт" ХХК-аас 68 502 468 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд олгосугай." гэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Мөн Зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад бүрэн хүрэлцэхүйц байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна .

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх болон үнэлэх журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нь хариуцагч “Мэжигмийт” ХХК, Зээлийн батлан даалтын санд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  148 773 209 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “Мэжигмийт” ХХК 148 773 209 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,  хариуцагч Зээлийн батлан даалтын сан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, батлан даалтын гэрээний үүрэг үүсээгүй гэж маргажээ.

 

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Д.Дондов нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 27 байр, 81 тоот 48 м.кв, Ү-2201006061 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, төслийн зээл эргэлтийн хөрөнгийн зориулалтаар “Мэжигмийт” ХХК-д 140 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Зээлийн батлан даалтын сан, “Мэжигмийт” ХХК нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЭДҮТ-14/004 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, мөн батлан даалтын гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ, мөн батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. /хх-5-13/

 

Иймд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Мэжигмийт” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээл, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” болон Зээлийн батлан даалтын сан, “Мэжигмийт” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1-т зээлдэгч “Мэжигмийт” ХХК нь 3.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээнд заасан хугацаандаа авсан зээлээ төлөөгүй тохиолдолд 3.1.2-т заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, мөн Батлан даалтын гэрээний 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр тус тус тохиролцжээ.

 

Хариуцагч “Мэжигмийт” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй,  үндсэн зээл, хүүд нийт 54 503 715 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 1 123 285  төгрөг, хүүгийн төлбөрт 10 206 090 төгрөг нийт 11 329 376 төгрөг төлж, 2015 оны 11 дүгээр сараас хойш зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй гэсэн тайлбарыг гаргасан ба энэ үйл баримтад талууд маргаагүй.

 

Иймд хариуцагч “Мэжигмийт” ХХК-ийг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нь зээлийн гэрээгээ цуцлан мөнгөн хөрөнгөө хугацаанд нь шаардаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч “Мэжигмийт” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдлээс төлөөгүй 68 502 468 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч “Мэжигмийт” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар, зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой баримтуудаас үзэхэд хариуцагч “Мэжигмийт” ХХК буюу зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нь батлан даагч бусад хариуцагч “Мэжигмийт” ХХК-аас гэрээнд заасан үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрх үүсчээ.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-д “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж заасан ба талуудын байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 57,8 хувь байна гэж зааснаар нэхэмжлэлээр шаардсан батлан даагчийн хүлээх хариуцлага нь Зээлийн батлан даалтын санд хамаарахаар байна.

 

Иймд батлан даагч Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн төлбөрт 80 270 740 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, мөн батлан даалтын гэрээний талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч тухайн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүйг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  184/ШШ2016/01556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...460.4...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559 303 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                 Б.НАРМАНДАХ