Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0190

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Т аймгийн З сумын ЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Т аймгийн З сумын З д-ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/245 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Хариуцагчийн төлөөлөгч Л.А

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,

Хэргийн индекс: 123/2021/0007/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1. Нэхэмжлэгч “О” ХХК Төв аймгийн З сумын ЗД-д холбогдуулан “Т аймгийн З сумын З д-ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай, захирамжийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т аймгийн З сумын З д-ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан ОХХК-д олгож” шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “О” ХХК нь тариалангийн зориулалтаар авсан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон тул Т аймгийн З сумын З д-ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Газрын.тухай хуулийн 40.1.5, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20.4-д заасныг тус тус үндэслэн газрын хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгчийг буруутгахгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. “О” ХХК нь зээл авсан, газраа зориулалтын дагуу ашигласан гэж маргасан боловч энэ талаарх баримтаа Засаг даргад гаргаж өгөөгүй, мөн 403.268.6000 төгрөгний зээл авсан бол уг зээлийг зориулалтын дагуу хэрхэн зарцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүхэд ч баримт гаргаж өгөөгүй, шинжээчийн дүгнэлтээр ч газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Нэгэнт газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40.1.6 болон Тариалангийн тухай хуулийн 20.4-д заасны дагуу газрыг сумын Засаг дарга хүчингүй болгох эрхтэй, ийнхүү хүчингүй болгосон нь хуульд нийцсэн болно. Тус компани нь хэд хэдэн газартай бөгөөд маргаан бүхий газартаа тариалалт хийгээгүй болно. Хэрэгт нэхэмжлэгч хэдэн га талбайд тийм хэмжээний тариалалт хийсэн эсэх талаарх баримт байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлж газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3.3. Анхан шатны шүүх “О” ХХК-ийг газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн тус сумын Татварын улсын байцаагчийн тодорхойлолтоор газрын төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх газрын төлбөр бүрэн төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа мөн л газар эзэмшигчтэй Засаг дарга гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийн тооцоо нийлээгүй байгаа нь шүүхээс дүгнэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Газрын төлбөрийг газар эзэмшигч эрхийн гэрчилгээг авснаас хойш хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэйг Газрын тухай хуульд тодорхой заасан бөгөөд гэрээ л байгуулаагүй бол газрын төлбөр төлөхгүй, татвараас чөлөөлөгдөн гэж үзэж болохгүй билээ.Татварыг төлөх үүрэг нь аж ахуйн нэгжийн үндсэн үүрэг бөгөөд Засаг даргаас газрын төлбөр төлөхийг шаардсан эсэхээс үл хамааран төлөх үүрэгтэй байтал ийнхүү төлөөгүй, төлөөгүй нь баримтаар тогтоогдсон байтал Засаг даргын шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд Засаг даргаас Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг баримтлан газрыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн бөгөөд үүнийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн боловч Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.1. Т аймгийн З сумын З д-ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/245 захирамжаар “газрын төлбөрөө 2017 оноос хойш хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “О” ХХК-ийн Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Салхитад байрлалтай үр тарианы зориулалттай 299.4 га, 89.9 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргаж, үндэслэлээ “...2017, 2018, 2019, 2020 онд талбайд тус тус тариалалт хийж газраа ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан нь баримтаар нотлогдоно, ... газрын төлбөрийг тухай бүрд нь төлж байсан бөгөөд хуулийн дагуу торгууль, алданги хүлээж байсан тохиолдол байхгүй” хэмээн тайлбарлан маргасан байна.

2.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг хүлээхээр, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

2.4. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх тухайд: хэрэгт авагдсан Т аймгийн З сумын З д-ын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/372 дугаар албан бичигт “... “О” нь 2019 онд 680 га талбайд тариалалт хийж, 630 га талбайгаас 200 тн улаан буудайн ургац хурааж авсан нь үнэн болно”, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 149 дүгээр албан бичигт “... Заамар суманд 2017 онд 710 га, 2018 онд 1000 га, 2019 онд 680 га, 2020 онд 30 га, Эрдэнэсант суманд 2020 онд 594 га талбайд тариалалт хийсэн”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын шинжээчийн дүгнэлтэд “...299.4 га тариалангийн газарт үзлэг хийхэд ... 2019 онд хүртэл ашиглагдсан байх үндэслэлтэй. ... 89.9 га тариалангийн талбай ... ямар нэгэн техникийн боловсруулалтын ул 0-15 см гүнд байхгүй, бүрэн сэргэсэн боловч атаршаагүй байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийг гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.

2.5. “Газрын төлбөрөө 2017 оноос хойш хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх тухайд: нэхэмжлэгч хуулийн этгээдийн газрын хувийн хэргээс үзэхэд нэхэмжлэгч нь үр тарианы зориулалттай 90 га, 299 га, 439 га, 210 га, 239 га, 192 га, 240 га, нийт 1709 га газар эзэмшдэг байх бөгөөд хавтаст хэрэгт ““О”” ХХК-ийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... 2020 оны газрын төлбөр 1540130 төгрөг төлсөн ... нэхэмжлэх үүсээгүй 2019 оны дутуу төлөлт 1057789 төгрөгийг төлсөн”, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 07/268 дугаар албан бичигт “...2019 онд 1285129 төгрөг, 2020 онд 1882530 төгрөг, 2021 онд газрын төлбөр төлөөгүй” гэснээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “О” ХХК-ийг 299.4 га, 89.9 га газарт хамаарах хэдэн төгрөг төлөөгүй гэж үзэж “газрын төлбөр төлөөгүй” гэх үндэслэлд хамруулсан нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн газрын төлбөрт төлсөн гэх төлбөрийг маргаан бүхий 2 газарт хамаарах төлбөр төлөгдөх эсхүл төлөгдөөгүй байна гэж дүгнэж шийдвэрлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн “... хариуцагчаас захиргааны актыг батлан гаргахаас өмнө нэхэмжлэгчийн маргаан бүхий 2 нэгж талбарын газрын төлбөрийг хэдэн онуудад хэдэн төгрөгөөр дутуу төлснийг тодорхойлоогүй ... маргаан бүхий газруудын төлбөрийг 2017-2020 онуудад хэдэн төгрөгөөр дутуу төлөгдсөн байгааг шүүхээс тодорхойлох, дүгнэлт өгөх боломжгүй” талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

2.6. Захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахаас өмнө юуны түрүүнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” ажиллагаануудыг хийсний үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.

2.7. Гэтэл энэхүү маргааны тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо актын үндэслэлд хамаарах “газрын төлбөрөө 2017 оноос хойш хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж, тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан шийдвэр гаргасныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. 

            Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ