Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01251

 

Я.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 143/ШШ2018/00028 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 203/МА2018/00008 дугаар магадлалтай,

Я.Н-гийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 33.693.192 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 2.591.784 төгрөг нийт 36.284.976 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай үндсэн,

гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг                              

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, хариуцагчийн төлөөлөгч Д.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б ХХК-д 2015 оны 09 дүгээр сард Хүнд даацын автомашины жолоочоор ажилд орж 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа очсон боловч компанийн менежер ажилтай Д.Мэндбаяр нь таныг ажлаас халсан гэж амаар хэлээд өдийг хүртэл ажилд гаргахгүй байгаа бөгөөд ажлаас халсан тушаалаа авъя гэхээр өгөхгүй байна. Иймээс ажил олгогч Б ХХК-иас ажил олгогчийн буруугаас ажил хийгээгүй хугацааны цалин болох 7.668.000 төгрөгийг гаргуулан миний биед олгож, ажлаа үргэлжлүүлэн хийлгүүлэхээр даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгож, хариуцагч Б ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалингаа өнөөдрийг хүртэл 13 сар өнгөрсөн. 13 сарын нийт сарын 18 рейс бодоход цалин бол 33.693.192 төгрөг. Үүн дээр гэнэт халагдсаны тэтгэмж болох нэг сарыг 18 рейсээр бодоод 2.591.784 төгрөг нийт 36.284.976 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгахаар тус тус өөрчилж байна гэжээ.                                                  

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Н-, Б ХХК-ий хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Монгол улсын Хөдөлмөрийн хуулинд заагдсанаар Хөлсөөр ажиллах гэрээ. Тийм учраас хөдөлмөрийн гэрээний бус хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт үйлчилнэ. Харин 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б ХХК-наас Я.Н-тэй Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хэдийгээр гэрээ нь Хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэгдсэн Хөлсөөр ажиллах гэрээ. 2015 оны 09 дүгээр сараас Я.Н- нь бичгээр гэрээ байгуулах үе буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ямар ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Я.Н-, Б ХХК-ны хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д Хоёр тал харилцан тохиролцож тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх нэг рейсийн 350 юань байхаар тогтооно. Хэрвээ кемп дээр байгаа тохиолдолд зөвхөн нэг өдрийн 50 юань амьдрах зардлыг олгоно. Цалинг тээвэрлэлт хийсэн тоо болон хугацаагаар тооцон олгоно. гэж заасан байгаа нь Хөлсөөр ажиллах гэрээ болохыг нотолж байна. Мөн гэрээний 4.3-т Цалинг олгохдоо Монгол Улсын хуулийн дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгана. гэж байгаа боловч гэрээний талууд иргэн Я.Н- цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хувьд хөлсөөр ажиллах гэрээ. Я.Н- анхнаасаа хөдөлмөрийн дэвтрээ Б ХХК-нд өгөөгүй бөгөөд "Б ХХК нь иргэн Я.Н-г ажилд авсан тушаал хэзээ ч гарч байгаагүй. Нэгэнт хөлсөөр ажиллах гэрээ учир түүнийг Өмнөговь аймагт орших Б ХХК-ны кемп дээр байгаагүй болон тээвэрлэлт хийгээгүй нөхцөлд компаниас хөлс төлөх үндэслэлгүй юм. Ийм учраас Я.Н- нь хийгээгүй ажлын хөлсийг тус компаниас нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Я.Н- нь ажилд орж анх гэрээ байгуулахдаа Монгол улсын жолооны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж манай компанид өгсөн нь БНХАУ-ын харилцагч компаниас ирсэн хүсэлт болон Б -ны дотоод хяналт шалгалтаар илэрсэн. Б ХХК-ийн харилцагч БНХАУ-ын байгууллагууд Я.Н-гийн хуурамч жолооны үнэмлэх өгч хөлсөөр ажиллах гэрээ байгуулснаас шалтгаалан бидэнтэй байгуулсан нүүрс тээвэрлүүлэх гэрээгээ цуцлах талаар санал гаргасан. Одоогоор Б ХХК-нд хэдэн төгрөгийг гэм хор учрахыг тооцоолох боломжгүй байгаа. Иймд Я.Н-тэй байгуулсан Б ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би энэ компанид ажилд орохдоо хуурамч жолооны үнэмлэх үйлдэж ажилд орсон гэдэг бол худлаа, 2002 оны 05 дугаар сарын 07-ны өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авч улмаар 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр С ангилалын тээврийн хэрэгсэл, 2015 оны 11-р сарын 03-ны өдөр Е ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг авсан. Үүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Бидний хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 143/ШШ2018/00028 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Эрхий мэргэн овогт Ядамсүрэнгийн Наранхүүг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, хариуцагч Б ХХК-иас ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 6.803.433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 29.481.543 төгрөг гаргуулах, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын гаргасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Я.Н- болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Б ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.842 /хоёр зуун арван долоон мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 123.804 /нэг зуун хорин гурван мянга найман зуун гурав/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.500 төгрөг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 300 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Б ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 203/МА2018/00008 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хавтаст хэрэгт ажил олгогч, ажилтан нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулан, талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан “Хөдөлмөрийн гэрээ” авагдсан байх бөгөөд энэ нь талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнийг нотолж байгаа болно. Мөн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал, болон ажлаас чөлөөлсөн тушаал зэргийг ажил олгогч гаргах үүрэгтэй бөгөөд эдгээрийг Б ХХК нь гаргаагүй гэдгээ хариу тайлбартаа тодорхой тусгаж, шүүх хурлын явцад маргаж оролцдог. Гэтэл ажил олгогч Б ХХК буюу ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйгээс болж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-т Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж заасан байхад Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зохицуулалтад нийцэхгүй байгаагаас түүнийг үндэслэлгүй халагдсан гэж үзсэн тухайгаа шийдвэртээ заагаагүй тул шүүхийг хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэж үзээд байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгнэснээр талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг тохиролцсон байсан бол Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд 7-т заасны дагуу тодорхой үндэслэл, шаардлага үүссэн байх ёстой бөгөөд үүнийгээ хөдөлмөрийн гэрээнд заасан байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулах үндэслэл, шаардлагын талаар заагаагүй байдаг. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж нэхэмжлээгүй, шаардлага гаргаагүй байхад шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нь үндэслэн үндэслэлгүй халагдсаны тэтгэмж болох 2.591.784 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь шүүх хурал эхлэх явцад бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү шаардлагаа нэмэгдүүлэхэд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч X.Мэндбаяр нь үүнтэй холбоотойгоор тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй гэж үзэн тайлбарыг тухайн үед хийж байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “Манифестийн жагсаалтыг” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээр Гаалийн ерөнхий газар Шивээ хүрэн дэх гаалийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01/06 дугаартай албан тоотоор ирсэн нотлох баримт бөгөөд хуулбар хувиар хэрэгт хавсаргасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 143/ШШ2018/00028 шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч Я.Н- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргахдаа хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч улмаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан хөдөлмөрийн гэрээний 2.2, 4.1-т зааснаар нэхэмжлэгч хүнд даацын ачааны автомашины жолоочоор ажиллах, тээвэрлэлт хийх нэг рейсийг 350 юань байхаар тогтоож, тээвэрлэлт хийсэн тоо болон хугацаагаар тооцон олгоно гэсэн, хариуцагч уг гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо”г хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заажээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд талуудын хооронд хөдөлмөрийн эсхүл хөлсөөр ажиллах гэрээний аль нь байгуулагдсан талаар дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, татгалзлын талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.  

Зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй тохиолдолд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хяналтын шатны шүүхээс дүгнэх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөхөөр зохицуулсан, хэрэгт авагдсан баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

Хариуцагч “Бэрун ложистикс” ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын гаргасан   сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 115 дугаар зүйлийн 115.1-т нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.-г зөрчөөгүй боловч магадлалд шийдвэрийн дугаарыг буруу бичсэнийг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 203/МА2018/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюушийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ