| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0084/э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 95
2020/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Тд холбогдох 1912001600052 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ................ түр оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.1.4 хэсгүүдэд зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Бын Т/РД:АЭ............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутгаас хохирогч Н.Оын Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн, хохирогч Б.Аийн Ажнай маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Б.Тын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би энэ хэрэгт холбогдсон нь үнэн, миний буруу. Ж.Н, Г.А хоёрт манай найзын мотоцикль байгаа юм ирээд авчихна гэж хэлээд өгч явуулсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1912001600052 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Оын өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бог баг, Урд толгой хороололд хашаа байшинд амьдардаг. Би 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дайр бор багт байрлах гэрийнхээ хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Цэнхэр өнгийн 2018 оны 12 дугаар сарын үед худалдаж авсан шинэ мотоцикль байсан. Банк нь буруу талын урд хэсэгтээ багахан цөмөрсөн. Миний мотоцикль шинээрээ эдэлгээ багатай байсан. Би алдсан мотоциклио 1.850.000 төгрөгөөр үнэлж байна. Миний мотоцикль шинээрээ байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний мотоцикль манай Дайрбор багт байрлах гэрийн хашаан дотроос алга болсон. Тухайн үед манай хашааны хаалга цоожтой байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ олж хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/,
*Хохирогч Б.Аийн өгсөн:
“...Манай гэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цагаан нуур хороололд байдаг. Би 2019 оны 03-р сарын 07-ны өдөр өөрийн найз Сүхбаатарынд цай уух гэж мотоцикльтойгоо очоод Сүхбаатарын хашаанд мотоциклио үлдээгээд машинаар морьтой хөшөө яваад 2019 оны 03-р сарын 08-ны өглөө ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. Мотоцикль байсан мөрний хажууд нэг пүүзний мөр гарсан байсан. Тэгээд Сүхбаатарынд байсан 4 хүүхдээс мотоциклийн талаар асуухад юу ч мэдэхгүй байсан.Тэгээд би цагдаад хандсан. Миний мотоцикль Хятад улсад үйлдвэрлэсэн банкны хажуу тал дээрээ Ажнай гэсэн нэртэй суудлын бүрээс нь хирээстээ байсан. Тухайн үед Н.Оын мотоцикль алга болсон байсан Н.Оын гадаа гарсан гутлын мөр миний мотоциклийн хажууд гарсан мөр хоёр адилхан байсан нэг хүн хулгай хийсэн гэж бодож байна. Н.Оын хашааны үүднээс тоёота гэсэн бичигтэй машины түлхүүр олдсон гэж ярьж байсан. Би мотоциклио 2.000.000 төгрөгөөр үнэлнэ миний мотоцикль шинээрээ байсан. Гомдолтой байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
*Хохирогч Б.Аийн дахин өгсөн:
“...2018 оны 03-р сард өглөө 5 цагийн үед миний утас руу Н.О ярихдаа мотоциклийг гаргаад тавьсан байна гэхээр нь би машинаа асаагаад гараад сумын төвөөр гудамжаар хайгаад байхгүй болохоор нь урд нүүрний гудамжаар гэрэлтүүлээд явтал Тамирын голын жижиг гүүрний хойно довон дотор миний мотоцикль Н.Оын мотоцикль хоёрыг зэрэгцүүлээд тавьсан байсан. Тухайн үед миний мотоцикль хянахын утасыг сугалсан мөн суудлын бүрээс нь байхгүй байсан. Би өөрийн мотоциклио бүрэн бүтэн буцааж авсан, гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч С.Бийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Батцэнгэл суманд амьдардаг. Манай дүү Н.О 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл суманд байрлах гэрээсээ Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдсан. Ийм учир миний дүү Н.О цагдаад мэдэгдсэн. Миний дүү Н.О мотоцикль хулгайд алдсан хашаанаас тоёота гэсэн бичигтэй хар өнгийн машины түлхүүр хаясан байсан. Би тэр түлхүүрийн эзэн миний дүүгийн мотоциклийг хулгайлсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/
*Гэрч С.Эгийн өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай найз Н.О Архангай аймгийн Батцэнгэл суманд амьдардаг. Манай найз Н.О мотоциколоо алдсан гэж 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой мэдсэн. Тэгээд би Н.Отай уулзахад мотоцикль алдсан газраасаа машины түлхүүр оллоо гэж хэлсэн. Тэгээд би мотоцикль хулгай хийсэн хүн түлхүүрээ хаясан байна гэж бодоод нөхөртөө хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хэлсэн. Надад хэлэхдээ гэрийнхээ хашаан дотроос мотоцикль алга болсон газраас, мотоциклын мөрөн дээрээс олсон гэж хэлсэн. Тухайн үед түлхүүр олдсоныг мэдээд манай нөхөр Н.Оын фэйсбүүкээр “Архангайн папараци” групп дээр түлхүүрийн зургийг авч “ийм түлхүүр оллоо” гэсэн пост бичээд 95951707, 89887801 дугаарын утсаа тавиад пост бичсэн. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед нууцалсан дугаараас танихгүй хүн залгахад би аваагүй. Дараа нь 88580653 дугааарын утаснаас оройн 21 цагийн үед нэг танихгүй эрэгтэй хүн залгаад “ Зарын дагуу ярьж байна, би машиныхаа түлхүүрийг хаясан байна, та хаанаас олсон бэ, гэж надтай ярьсан. Би “Чи хаана хаясан юм, гэтэл би Өлзийт ороод буцаж явж байгаад Батцэнгэлийн клубд бүжиг болж байхад тэрүүгээр түлхүүрээ хаясан гэсэн. Тэгээд би шагнал өгөх юмуу гэхэд шагнал өгнө гэсэн. Би маргааш аймаг орно тэгээд залгая гээд тасалсан. Түүний дараа 00 цагийн үед манай 95951707 дугаарын утасруу 94900100 дугаарын утаснаас залгаад манай нөхөртэй ярьсан. Би түлхүүрийн эзэн манай найзын мотоциклыг хулгайлсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/
*Гэрч Э.Цийн өгсөн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хувийн ажлаар ирсэн. Би 2019 оны 03 дугаар сарын 05-нд яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна эгч Б.Атэй Арвис бааранд орж сууж байгаад найз Мэндээтэй таарсан. Мэндээтэй танихгүй нэг залуу явж байсан. Тэгээд би тэр залуутай танилцахад надад Г.А гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд тэр шөнө Г.Аийн гэрт очиж бид нар ууцгаасан. Шөнийн 00 цагийн үед Б.А эгч бид 2 гэртээ харьсан. Тэр өдрөөс хойш Г.Атэй би өдөр болгон уулзсан. Яг хэдэнд гэдгийг нь би санахгүй байна. Г.Атэй танилцсанаас хэд хоногийн дараа Г.А надад Б.Т гэх залууг миний ах гэж танилцуулсан. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би 21 цагийн үед Г.Атэй уулзсан. Г.А, Б.Т, Б.А эгч бид 4 уулзаад Цаг уурын байранд ууцгаасан. Шөнийн 00 цагийн үед Б.А эгч бид 2 гэртээ харьсан. Тэгээд түүнээс хойш бид 2 гэртээ байж байтал 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед миний 88580653 дугаарын утас руу хүн залгаад “Машиныхаа түлхүүрийг ав гэсэн” тэгээд би эгч Б.Ат хэлэхэд эгч “Жагаа ах руу залгаад түлхүүрээ ав гэж байна гэж хэлсэн” тухайн үед би хажууд нь сууж байсан. Тэгээд түлхүүр авахаар Б.А эгч бид 2 хамт гэрээс гарсан. Тэгтэл эгч “намайг аймагт танидаг хүн их байдаг, тийм болохоор миний дүү очоод авчих гэсэн. Тэгээд би түлхүүрийг очиж авах гээд очтол цагдаа намайг дагуулаад ирсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Миний утасны дугаар 88580653. 2019 оны 03 дугаар сарын 09-ний орой Б.А, Г.А, Б.Т бид дөрөв уулзахад Б.Т миний утсыг гуйж түлхүүр олсон гэсэн хүн рүү ярьсан. Б.Т надад Фэйсбүүк дээр миний түлхүүрийг олсон хүн зар тавьсан байна гэж ярьсан. Утсаар ярьж байхдаа түлхүүрээ Батцэнгэл суманд хаясан гэж ярьж байсан. Би эгч Б.Аийн гэр болох Цагаандаваанд ихэвчлэн байгаа. Хааяа Бортолгойд байдаг өвөө эмээ хоёр дээрээ очдог. Би 2019 оны 03 дугаар сарын 7, 8, 9-нд Г.Атэй уулзсан. Тухайн өдрүүдэд гэрийн гадаа ирж уулзчихаад явдаг байсан. 09-ний өдөр Б.Т, Г.А бид гурав уулзаад хамт хоносон. Г.Аийнх Цаг уурын байранд нэг давхарт байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/
*Гэрч Б.Аийн өгсөн:
“...Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ фэйсбүүк ухаад байж байтал “Ийм түлхүүр олсон” гээд түлхүүрийн зураг тавьсан байсан. Би тухайн зургийг хартал миний найз Б.Тын түлхүүр байсан учир Б.Т руу утсаар залгаж хэлэхэд “Би түлхүүрээ хаясан” наад зарыг чинь сая харлаа гэсэн. Тэгээд орой нь Б.Т миний дүү Э.Цийн утсаар түлхүүр олсон гэх хүн рүү ярьсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3 цаг өнгөрөөгөөд нөгөө түлхүүр олсон гэсэн хүн нь манай дүү Э.Цийн утас руу залгаад “ Түлхүүрээ ав гэсэн. Тэгэхээр нь би Б.Т руу залгаад “Түлхүүрийг чинь олсон хүн залгаад байна” гэтэл “Би хот явж байна, Чи очоод авчих гэсэн” тэгэхээр нь би таньдаг хүн байж магадгүй гээд дүүгээ явуулсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Намайг утсаар ярихад “Би хот явж байна, Чи очоод авчих” гэж хэлсэн. Б.Т хар өнгийн приус 30 маркийн машинтай. Би Б.Тын машины түлхүүрийг хараад танина. Надад харуулсан хар өнгийн шигтгээтэй оосортой, чонын шагайтай түлхүүр Б.Тын түлхүүр мөн байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/
*Гэрч Ж.Нгийн өгсөн:
“...Миний найз Б.Т нь над руу утсаар яриад Архангай аймгийн Батцэнгэл сум руу мотоцикль хүргээд өгөөч, би ажилтай болчихоод байна гэж гуйгаад байсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн 32-43 ӨВР улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд Б.Тын гуйлтаар 2019 оны 03 сарын 20-дын үеэр санагдаж байна. Аймгийн төвөөс хоёр мотоцикль ачаад Батцэнгэл сумын төвийн наад талд байдаг бетонон гүүрний доод талд хээр талд буулгаж үлдээсэн. Б.Т надад хэлэхдээ гүүрний доод талд 2 мотоциклийг буулгачих, хүн нь очоод авна гэсэн болохоор мотоциклийг буулгаад шууд аймгийн төвд ирсэн. Г.А гэдэг нэг залуутай хамт явсан. Би ямар маркийн мотоцикль байсныг нь санахгүй байна. Нэг мотоцикль нь цэнхэр өнгөтэй, нөгөө мотоцикль нь улаан өнгөтэй байсан санагдаж байна. Мотоциклийг орой гадаа харанхуй болсон байхад машин дээр ачсан бөгөөд гадаа харанхуй болсон байхад машин дээрээс буулгасан болохоор содон шинж маркийг санахгүй байна. Надад Б.Т машины түлш, шатахууны мөнгийг өгсөн болохоор би явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Г.Аийн өгсөн:
“...Би өдрийг нь санахгүй байна 2020 оны 03 сард л байх миний найз Б.Т над руу утсаар яриад аймгийн төвөөс Батцэнгэл сум руу мотоцикль аваачиж өгөх ажилтай байна чи яваад ирээч би ажил гарчихаад өөрөө явж чадахгүй байна гээд байсан. Тэгээд Ж.Н гэдэг ахтай машинаар нь Б.Тын өгсөн хоёр мотоциклыг ачаад аймгийн төвөөс шөнө яваад Батцэнгэл сумын төвийн урд хэсэгт байдаг бетонон гүүрний хажууд буулгаад буцаж ирсэн. Б.Т хэлэхдээ тэнд буулгаарай гэж хэлсэн болохоор тэр газарт нь буулгаад ирсэн. Утсаар яриад ирээд аваарай гээд хэлчихсэн гээд байсан. Би ямар учиртай, юун мотоцикль болох талаар нь мэдээгүй. Найзынхаа гуйлтаар явж өгсөн Тэр хоёр мотоцикль цэнхэр, улаан өнгөтэй хятад мотоциклиуд байсан. Эвдрэл гэмтэл багатай л юм шиг харагдаж байсан. Шөнө байсан болохоор өөр содон шинжийг нь хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/
*Яллагдагч Б.Тын өгсөн:
“...Би хохирогч Н.О, Б.А гэх хүмүүсийн хоёр мотоциклийг 2019 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хулгайлж авсан нь үнэн. Би хулгайлсан мотоциклио хохирогч нарт буцааж өгсөн. Надад хохирол төлбөр байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...’’гэх мэдүүлэг/хх-ийн 93-95 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай:
“...Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2019 оны 03 дугаар сарын байдлаар 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 81 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай:
“...Ажнай маркийн мотоциклийн үнэлгээг 2019 оны 03 сарын байдлаар 1.500.000/нэг сая таван зуун мянга/төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 85 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 113 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутгаас хохирогч Н.Оын Мустанг-5 маркийн мотоцикль алдагдаж 1.400.000 төгрөгийн, хохирогч Б.Аийн Ажнай маркийн мотоцикль алдагдаж 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Т үйлдсэн болох нь хохирогч Н.Оын”... Би 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дайр бор багт байрлах гэрийнхээ хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Цэнхэр өнгийн 2018 оны 12 дугаар сарын үед худалдаж авсан шинэ мотоцикль байсан. Банк нь буруу талын урд хэсэгтээ багахан цөмөрсөн. Миний мотоцикль шинээрээ эдэлгээ багатай байсан. Би алдсан мотоциклио 1.850.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Аийн”...2019 оны 03-р сарын 07-ны өдөр өөрийн найз Сүхбаатарынд цай уух гэж мотоциклтойгоо очоод Сүхбаатарын хашаанд мотоциклио үлдээгээд машинаар морьтой хөшөө яваад 2019 оны 03-р сарын 08-ны өглөө ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. Тухайн үед Н.Оын мотоцикль алга болсон байсан Н.Оын гадаа гарсан гутлын мөр миний мотоциклийн хажууд гарсан мөр хоёр адилхан байсан нэг хүн хулгай хийсэн гэж бодож байна. Н.Оын хашааны үүднээс тоёота гэсэн бичигтэй машины түлхүүр олдсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн”...Манай дүү Н.О 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл суманд байрлах гэрээсээ Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдсан. Миний дүү Н.О мотоцикль хулгайд алдсан хашаанаас тоёота гэсэн бичигтэй хар өнгийн машины түлхүүр хаясан байсан. Би тэр түлхүүрийн эзэн миний дүүгийн мотоциклийг хулгайлсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Эгийн”...Манай найз Н.О мотоциколоо алдсан гэж 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой мэдсэн. Тэгээд би Н.Отай уулзахад мотоцикль алдсан газраасаа машины түлхүүр оллоо гэж хэлсэн. Тухайн үед түлхүүр олдсоныг мэдээд манай нөхөр Н.Оын фэйсбүүкээр “Архангайн папараци” групп дээр түлхүүрийн зургийг авч “ийм түлхүүр оллоо” гэсэн пост бичээд 95951707, 89887801 дугаарын утсаа тавиад пост бичсэн. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед нууцалсан дугаараас танихгүй хүн залгахад би аваагүй. Дараа нь 88580653 дугааарын утаснаас оройн 21 цагийн үед нэг танихгүй эрэгтэй хүн залгаад “ Зарын дагуу ярьж байна, би машиныхаа түлхүүрийг хаясан байна, та хаанаас олсон бэ, гэж надтай ярьсан. Би “Чи хаана хаясан юм, гэтэл би Өлзийт ороод буцаж явж байгаад Батцэнгэлийн клубд бүжиг болж байхад тэрүүгээр түлхүүрээ хаясан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Цийн”...Г.А надад Б.Т гэх залууг миний ах гэж танилцуулсан. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би 21 цагийн үед Г.Атэй уулзсан. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед миний 88580653 дугаарын утас руу хүн залгаад “Машиныхаа түлхүүрийг ав гэсэн” тэгээд би эгч Б.Ат хэлэхэд эгч “Жагаа ах руу залгаад түлхүүрээ ав гэж байна гэж хэлсэн” тухайн үед би хажууд нь сууж байсан. Тэгээд түлхүүр авахаар Б.А эгч бид 2 хамт гэрээс гарсан. Тэгтэл эгч “намайг аймагт таньдаг хүн их байдаг, тийм болохоор миний дүү очоод авчих гэсэн. Тэгээд би түлхүүрийг очиж авах гээд очтол цагдаа намайг дагуулаад ирсэн. Б.Т надад Фэйсбүүк дээр миний түлхүүрийг олсон хүн зар тавьсан байна гэж ярьсан. Утсаар ярьж байхдаа түлхүүрээ Батцэнгэл суманд хаясан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн”...Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ фэйсбүүк ухаад байж байтал “Ийм түлхүүр олсон” гээд түлхүүрийн зураг тавьсан байсан. Би тухайн зургийг хартал миний найз Б.Тын түлхүүр байсан учир Б.Т руу утсаар залгаж хэлэхэд “Би түлхүүрээ хаясан” наад зарыг чинь сая харлаа гэсэн. Тэгээд орой нь Б.Т миний дүү Э.Цийн утсаар түлхүүр олсон гэх хүн рүү ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Нгийн”... Миний найз Б.Т нь над руу утсаар яриад Архангай аймгийн Батцэнгэл сум руу мотоцикль хүргээд өгөөч, би ажилтай болчихоод байна гэж гуйгаад байсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн 32-43 ӨВР улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд Б.Тын гуйлтаар 2019 оны 03 сарын 20-дын үеэр санагдаж байна. Аймгийн төвөөс хоёр мотоцикль ачаад Батцэнгэл сумын төвийн наад талд байдаг бетонон гүүрний доод талд хээр талд буулгаж үлдээсэн. Б.Т надад хэлэхдээ гүүрний доод талд 2 мотоциклийг буулгачих, хүн нь очоод авна гэсэн болохоор мотоциклийг буулгаад шууд аймгийн төвд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Аийн”...2020 оны 03 сард л байх миний найз Б.Т над руу утсаар яриад аймгийн төвөөс Батцэнгэл сум руу мотоцикль аваачиж өгөх ажилтай байна чи яваад ирээч би ажил гарчихаад өөрөө явж чадахгүй байна гээд байсан. Тэгээд Ж.Н гэдэг ахтай машинаар нь Б.Тын өгсөн хоёр мотоциклыг ачаад аймгийн төвөөс шөнө яваад Батцэнгэл сумын төвийн урд хэсэгт байдаг бетонон гүүрний хажууд буулгаад буцаж ирсэн. Б.Т хэлэхдээ тэнд буулгаарай гэж хэлсэн болохоор тэр газарт нь буулгаад ирсэн...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Тын мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтүүд зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутгаас хохирогч Н.Оын Мустанг-5 маркийн мотоцикль, хохирогч Б.Аийн Ажнай маркийн мотоциклийг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Тыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна...” “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно... гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэнэ....нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцно... гэж тус тус хуульчилсан тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /44 хоног=нэг сар арван дөрөв хоног/ энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Тын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48/дөчин найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 1.3, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 350/гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож 44/дөчин дөрөв/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 7/долоо/ сар 14/арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 1/нэг/ жил 7/долоо/ сар 14/арван дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48/дөчин найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР