Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 98

 

                                  2020/ШЦТ/98

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: М.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Б овогт Мын Гт холбогдох эрүүгийн 1912006700073 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай АЗЗА, ТӨХК-нд туслах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ..................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Мын Г/РД:АЙ.............../ 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Мын Г нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт 59-06 АРА улсын дугаартай Тоёота Ками маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар зорчигч М.Ч, Ч.Б нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Шүүгдэгч М.Гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас чулуу ачихаар явах гэмтэл машиндаа багтахгүй байсан учраас миний машинтай явсан. Тэгээд буцаад ирж байхад машины хааз гацаад машин орилоод хоёр тийшээ савлаад байхаар нь тормосоо гишгэсэн чинь зам дээр унаад замын далан руу 2-3 удаа өнхөрсөн...” гэх мэдүүлэг 

*Эрүүгийн 1912006700073 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч М.Чын өгсөн: 

“...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх суманд шинээр тавигдаж буй асфальтан замын хажуугаас чулуу ачих зорилгоор очиж Хово маркийн тээврийн хэрэгсэлд чулуугаа ачаад буцаад дүү М.Гийн машинтай хүү Ч.Бийг өвөр дээрээ аваад урд суугаад явж байтал гэнэт хааз гацчихлаа гээд сандраад жолооны хүрдийг хоёр тийш нь хэд хэд дархад тухайн автомашин нь зүүн талаараа асфальтан зам дээр унаж гулгаж явсаар байгаад замын хажуу буюу 2, 3 метр шахуу далан руу унасан. Манай дүү М.Г жолоодож явж байсан. Явж байгаад гэнэт хааз гацчихлаа гээд сандраад 2 тийш нь хүрдийг дараад байсан. Зогсоох гээд тормозон дээрээ гишгээд байх шиг харагдсан зогсохгүй байсаар осолдсон. Миний харснаар 80 км/цагийн хурдтай явж байсан. Нямдаваа, Ж.Өлзийбуян, хүү Ч.Б, жолооч М.Г бид 5 явж байсан. М.Г, Нямдаваа, Ж.Өлзийбуян бид 4  Автозам ХХК-д ажилладаг. Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үерийн хоолой хийж байхад далан нурахаас хамгаалсан өрлөгийн чулуу шаардлагатай болоод тус байгууллагын инженер Б.Аын шийдвэрээр Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газар манай байгууллага авто зам тавьж байсан учир тэндээс далан нурахаас хамгаалсан чулуу зөөвөрлөх боломжтой байсан тул Хово маркийн тээврийн хэрэгсэлд чулуу ачиж уг чулууг даланд ашиглах зорилгоор авсан. Бид албан ажлаар явж байгаад уг зам тээврийн осол гарсан. Дээрх тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. М.Г нь надаас 2019 оны 04 дүгээр сард худалдаж аваад бид хоёр нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. М.Гийн хувийн өмчийн тээврийн хэрэгсэл. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/ 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын өгсөн: 

“...2019 оны 10-р сард өдрийг нь санахгүй байна миний нөхөр М.Ч ажилчидтайгаа хамт Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрээс замын далангийн хамгаалалтанд хэрэглэх чулуу ачиж ирэхээр явахдаа өөрийн 4 настай хүү Ч.Бийг уйлаад дагаад байхаар нь дагуулаад аваад явсан гэтэл орой 17 цаг 00 минутын үед осол гарсан талаар мэдсэн тухайн үед хүүхдийн биеийн байдал гайгүй хөл хавдартай харагдаад байсан рентегинд харуулсан чинь баруун талын хөлийн нарийн савх шагааны дээгүүр хугарсан гэж байсан өөр бэртэл гэмтэл байгаагүй. Би Шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан №499 дугаартай дүгнэлттэй танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Миний хүү Ч.Бийн хөлийн гэмтэл нь эдгэрсэн биеийн байдал нь сайн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/, 

*Гэрч Ж.Өын өгсөн: 

“...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх суманд шинээр тавигдаж буй асфальтан замын хажуугаас чулуу ачих зорилгоор очиж Хово маркийн тээврийн хэрэгсэлд чулуугаа ачаад буцаад явж байхад сууж явсан машиныг жолоодож явсан жолооч М.Г нь гэнэт хааз гацчихлаа гээд сандраад жолооны хүрдийг хоёр тийш нь дарахад тухайн автомашин нь зүүн талаараа асфальтан зам дээр унаж гулгаж явсаар байгаад замын хажуу буюу 2, 3 метр шахуу далан руу унасан. М.Г жолоодож явж байсан. Ард сууцан байсан болохоор сайн мэдэхгүй байна. М.Ч түүний хүү Ч.Б, Нямдаваа, жолооч М.Г бид 5 явж байсан. Миний биед учирсан бэртэл, гэмтэл байхгүй. Ямар нэгэн зовиур байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/ 

*Гэрч Б.Аын өгсөн: 

“...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 1 дүгээр 48 дугаар байрны арын уулзвараас Цагаандаваа хүртэлх замыг 880, 644 дэх пкит /метр/-д төмөр бетонон хоолой шинээр барьж дуусгаад тухайн хоолойны хоёр талын чулуун өрлөгийн материал хэрэгтэй болж тус аймгийн Төвшрүүлэх сумын төв рүү шинээр тавигдаж буй зам дагуу хөрс хуулалтаас гарсан хайрга, чулуу нь тухайн газар хийх боломжтой байсан тул байгууллагын ажилчид болох М.Г, М.Ч, Д.Нямдаваа нарыг явуулсан. Мөн тухайн Төвшрүүлэх сумын төв рүү шинээр тавигдаж буй зам ангийнхан манай байгууллагаас техник хэрэгсэл түрээсэлж байсан учир тэнд ажиллаж байсан Хово маркийн 86-96 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хайрга, чулуугаа ачаад тэнд ажиллаж байсан Ж.Өлзийбуян нь М.Гийн машинд суугаад ирж байх замдаа Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасан байсан. Дээрх хүмүүс нь албаны ажилтай явж байсан. Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу албан ажлаар яваад буцаад тус аймгийн төв рүү явж байсан. Эрдэнэбулган сумын Цагаан даваанаас аймгийн төв рүү урсаж буй булганд тус аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бетонон хоолой буюу гүүр байгуулж тухайн гүүрний ажлыг хийж гүйцэтгэхэд хайрга, чулуу хэрэгтэй байсан учир дээрх ажилчдыг явуулсан. Бетонон хоолой буюу гүүр байгуулах аж ахуйн ажилд ашиглах хайрга, чулууг ачих тээврийн хэрэгсэл нь Төвшрүүлэх суманд ажиллаж байсан мөн тухайн газраас нь хайрга, чулуу авах боломжтой байсан учир ажилчдаа хамтарч ажиллуулахаар явуулсан. Ачих үүрэгтэй тэнд нь албаны машин байсан учир өөрсдийнхөн хүсэлтээр хувийн машинд байгууллагаас шатахууныг нь хийж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 41-43 тал/ 

*Яллагдагч М.Гийн өгсөн: 

“...Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ах М.Ч ажлын газрынхаа Ж.Өлзийбуян, Нямдаваа, дүү Ч.Б нарын хамт 59-06 АРА улсын дугаартай Тоёота Ками маркийн автомашин жолоодоод Архангай аймгийн төвөөс ажлаар Төвшрүүлэх сум руу явчихаад буцаад аймгийн төв явж байх үедээ 18 цагийн орчимд Цэнхэр сумын нутаг дэвсгэрт машины хааз гацсань улмаас зам тээврийн осол гаргасан. Би автомашиныг жолоодож явсан. Би 70 км/цаг орчим хурдтай явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Намайг тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал гэнэт хурд нэмэгдээд байсан. Тэгэхээр нь зогсоох арга хэмжээ авах гээд тормосоо гишгэхэд хурд саарахгүй дайвалзаж байгаад замын хажуу руу онхолдож орсон. Унаж явсан тээврийн хэрэгслийн хааз гацсаны улмаас зам тээврийн осол гарах болсон гэж бодож байна. Би гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй. Архангай АЗЗА ТӨХК-нд туслах ажилтан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 25-02 тоотод оршин сууж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 98-101 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 499 дугаартай ”...Ч.Бийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд зорөөгүй хугарал, баруун эгэм, нурууны зүүн доод хэсэг, баруун шууны дотор дунд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн шилбэ ясны доод 1/3 хэсгийн далд хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаартай ”...М.Чын биед өвчүү ясны дунд хэсгийн цөмөрсөн хугарал, зулай хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Өвчүү ясны цөмөрсөн хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Зулай хэсгийн зулгаралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар тал/

*Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженерийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 05 дугаартай: “...Дээрх тээврийн хэрэгсэл нь хөдлөх боломжгүй тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй тул ослоос өмнө эвдрэл гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй. 59-06 АРА улсын дугаартай Тоёота Ками тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр АЗЗА компанийн хашаанд очиж үзэхэд урд копут цөмөрч хунирсан, зүүн урд крилон цөмөрч хунирсан, зүүн урд их гэрэл хагарсан, зүүн урд лонжром гулзайсан, зүүн талын багана гулзайсан, дээвэр нь цөмөрч хунирсан, баруун зүүн талын толь суриар хугарсан, шил арчигч хугарсан, салхины шил хагарсан, 4 талын хаалга болон хойд хаалганы цонх хагарсан хойд гүпер баруун хойд талын хонгоор цөмөрсөн, урд гүпер хагарсан, баруун хойд гэрэл хагарсан, хөргүүрийн радитор ба труба хагарсан зэрэг эвдрэл гэмтэлүүд ослоос болж үүссэн гэмтэлүүд байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 04 сарын 05-нд техникийн хяналт үзлэгт орсон ба стандартын шаардлага хангаж байсан болно. Дээрх тээврийн хэрэгслийн хаазны пидаль дээр гишгэж үзэхэд хаазны тросс гацсан гэх зүйл ажиглагдаагүй ба осол болох үед хааз гацсан эсэхийг тогтоох боломжгүй юм. Тээврийн хэрэгслийн хааз буюу хаазны пидаль гацсан тохиолдолд хөдөлгүүрийн эргэлт нэмэгдэж тээврийн хэрэгсэл огцом хурд авах боломжтой...” гэх дүгнэлт/хх-ийн 81-82 дугаар тал/ 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны  өдрийн 14 дугаартай“...Жолооч Мын Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Мын Г нь зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх үйлдэл схем зураг дээр гараагүй тусгагдаагүй байна. Жолооч Мын Г нь “А,В” ангилалын 909216 дугаартай хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна./Лавлагааг хавсаргав/. Уг зам тээврийн осол нь Жолооч Мын Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/ 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал/хх-ийн 6-8, 13-14 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 106 дугаар тал/ зэрэг болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт М.Г нь 59-06 АРА улсын дугаартай Тоёота Ками маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, улмаар зорчигч М.Ч, Ч.Б нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Г үйлдсэн болох нь хохирогч М.Чын”... М.Гийн машинтай хүү Ч.Бийг өвөр дээрээ аваад урд суугаад явж байтал гэнэт хааз гацчихлаа гээд сандраад жолооны хүрдийг хоёр тийш нь хэд хэд дархад тухайн автомашин нь зүүн талаараа асфальтан зам дээр унаж гулгаж явсаар байгаад замын хажуу буюу 2, 3 метр шахуу далан руу унасан. Манай дүү М.Г жолоодож явж байсан. Явж байгаад гэнэт хааз гацчихлаа гээд сандраад 2 тийш нь хүрдийг дараад байсан. Зогсоох гээд тормозон дээрээ гишгээд байх шиг харагдсан зогсохгүй байсаар осолдсон...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын”...миний нөхөр М.Ч ажилчидтайгаа хамт Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрээс замын далангийн хамгаалалтанд хэрэглэх чулуу ачиж ирэхээр явахдаа өөрийн 4 настай хүү Ч.Бийг уйлаад дагаад байхаар нь дагуулаад аваад явсан гэтэл орой 17 цаг 00 минутын үед осол гарсан талаар мэдсэн тухайн үед хүүхдийн биеийн байдал гайгүй хөл хавдартай харагдаад байсан рентегинд харуулсан чинь баруун талын хөлийн нарийн савх шагааны дээгүүр хугарсан гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Өлзийбуянгийн”... М.Г нь гэнэт хааз гацчихлаа гээд сандраад жолооны хүрдийг хоёр тийш нь дарахад тухайн автомашин нь зүүн талаараа асфальтан зам дээр унаж гулгаж явсаар байгаад замын хажуу буюу 2, 3 метр шахуу далан руу унасан. М.Г жолоодож явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын”... М.Гийн машинд суугаад ирж байх замдаа Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасан байсан. Дээрх хүмүүс нь албаны ажилтай явж байсан. Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу албан ажлаар яваад буцаад тус аймгийн төв рүү явж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Бийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд зорөөгүй хугарал, баруун эгэм, нурууны зүүн доод хэсэг, баруун шууны дотор дунд хэсэгт жижиг цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 499 дугаартай дүгнэлт, хохирогч М.Чын биед өвчүү ясны дунд хэсгийн цөмөрсөн хугарал, зулай хэсгийн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженерийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн зөрчсөн талаар гаргасан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

              Шүүгдэгч М.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч М.Ч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нар нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч М.Гийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч М.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Мын Гийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР