Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 104

 

                                   2020/ШЦТ/104

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Д.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Дийн Пт холбогдох эрүүгийн 2012000000102 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 39а-39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дийн П/РД:АГ86022110/ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.П нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаандавааны замын орчимд иргэн З.Мн автомашин дотор өөрийн эхнэр П.Эийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод эрүүний баруун талаар зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

      *Эрүүгийн 2012000000102 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч П.Эийн өгсөн:

“...Миний нөхөр урд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй анх удаа намайг хардаад надаа гар хүрсэн, энэ асуудлаа би цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй энэ талаар манай ах дүү хамаатан садны хүмүүс мэднэ цохиж зодуулснаас болж үүссэн шарх сорив надаа байхгүй би эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй, анх удаа намайг цохиж зодох болсон. Бид хоёр таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаад саяхнаас хамт амьдарч байгаа. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Д.П архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг гараараа миний толгой нүүр хэсэг рүү цохиж миний хоолойг боож цээж хэсэгт гараараа самардаж учруулсан. Тухайн өдөр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт найз З.Мгийн машин дотор намайг цохиж зодон миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Миний нүүр толгой, ар дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон дараа нь, миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож цээжин дээр тохой хэсгээрээ тохойлдож дараад байсан мөн миний цээж хэсгийг самардаж урсан. Бид хоёр хоорондоо өмнө маргалдаад тус тусдаа амьдарч байсан тэр өдөр намайг дуудаад уулзаад хэрэлдэж маргалдаж байгаад намайг гараараа цохиж зодох болсон өөр ямар нэг шалтгаан байхгүй. Тухайн үед би манай нөхөр Д.П түүний найз З.М нар байсан, өөр хүн байгаагүй энэ талаар мэдэх хүн байхгүй. Бид хоёр албан ёсны гэр бүл мөн, манайх 3 хүүхэдтэй бид хоёр 2011 онд гэр бүл болсон манай том хүүхэд 7 настай бага нь 1 нас 5 сартай нөхөр хувиараа машин засаж амьдардаг гэр бүл байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/ 

           *Гэрч З.Мгийн өгсөн: 

           “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум 1 дүгээр баг Цагаан давааны зам дээр би өөрийн найз Д.П хамт явж байгаад манай найз өөрийн эхнэр П.Эийг утсаар хүрээд ир гэж дуудаад машин дотор суулгаад байж байснаа маргалдаж байгаад эхнэрийнхээ дээрээс заамдаж аваад дээрээс дараад авсан байхаар нь би машинаасаа буугаад энэ хоёрыг салгасан. Тэгээд энэ хоёр хоёр тийшээ болоод би Д.Пыг гэрт нь хүргэж өгсөн. Би манай найз Д.П түүний эхнэр П.Э, бага насны хүүхэд нь байсан, өөр хүн байгаагүй энэ талаар мэдэхгүй. Миний харснаар миний машины хойд талын суудал дээр эхнэрийнхээ өмсөж явсан хувцасны захаар нь хоолойг нь боогоод дээрээс нь дараад авсан байсан би урд талд нь сууж байсан болохоор энэ үйлдлийг харсан өөр ямар нэгэн үйлдэл хийснийг би мэдэхгүй байна. Энэ хоёр харилцан зодоон хийгээгүй нөхөр нь эхнэрийнхээ дээрээс дараад хоолойг боосон байсан. Тэгэхээр нь би энэ хоёр хүнийг салгаад одоо боль гээд салгасан. Манай найз хувийн зан байдлын хувьд гаж буруу ааш зан байхгүй гэрээрээ хүний машин засаж хөдөлмөр хийдэг.

 Манай найз гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй энэ талаар надад мэдэх зүйл алга байна. Би эхнэрийнх нь зан байдлын талаар мэдэхгүй байна. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг..” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Пын өгсөн: 

“...Эхнэрээ цохиж зодсон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаартай“...П.Эийн биед, тархи доргилт, доод эрүүний баруун талаар зөөлөн эдэд няцралт, цээжний баруун дээд хэсэгт, доод эрүүний баруун талаар жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах, шахах, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тархи доргилт, доод эрүүний баруун талаар зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, доод эрүүний баруун тал, цээжний баруун дээд хэсэгт байх зулгаралтууд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/ 

*Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 8-9 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаандавааны замын орчимд иргэн З.Мн автомашин дотор иргэн П.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Д.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Эт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч П.Эийн”... 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт найз З.Мгийн машин дотор намайг цохиж зодон миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Миний нүүр толгой, ар дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон дараа нь, миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож цээжиндээр тохой хэсгээрээ тохойлдож дараад байсан мөн миний цээж хэсгийг самардаж урсан. Бид хоёр хоорондоо өмнө маргалдаад тус тусдаа амьдарч байсан тэр өдөр намайг дуудаад уулзаад хэрэлдэж маргалдаж байгаад намайг гараараа цохиж зодох болсон өөр ямар нэг шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч З.Мгийн”...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум 1 дүгээр баг Цагаан давааны зам дээр би өөрийн найз Д.П хамт явж байгаад манай найз өөрийн эхнэр П.Эийг утсаар хүрээд ир гэж дуудаад машин дотор суулгаад байж байснаа маргалдаж байгаад эхнэрийнхээ дээрээс заамдаж аваад дээрээс дараад авсан байхаар нь би машинаасаа буугаад энэ хоёрыг салгасан. Миний харснаар миний машины хойд талын суудал дээр эхнэрийнхээ өмсөж явсан хувцасны захаар нь хоолойг нь боогоод дээрээс нь дараад авсан байсан би урд талд нь сууж байсан болохоор энэ үйлдлийг харсан өөр ямар нэгэн үйлдэл хийснийг би мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Пын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 120 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Пын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Эийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт, доод эрүүний баруун талаар зөөлөн эдэд няцралт, цээжний баруун дээд хэсэгт, доод эрүүний баруун талаар жижиг зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.П нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Д.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Пын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр П.Эийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Пын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.П нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч П.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч П.Э нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Пыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.П нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Б овогт Дийн Пыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Пыг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Д.Пт оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

5. Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР