Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 110

 

                                   2020/ШЦТ/110

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Ц

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн 

Шүүгдэгч: О.Э 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Оийн Эд холбогдох эрүүгийн 1912007090079 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг, .................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Оийн Э/РД:АЯ................./ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг, Согоот гэх газар хохирогч Э.Дыг зодож, эрүүл мэндэд нь хоёр зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 1912007090079 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Э.Дын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 93031697 гэсэн дугаараас Г гэх хүнээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт Согоот гэх газарт түймэр гарч байна гэх дуудлага ирсэн. Тэгээд би дуудлагын дагуу Г.Г гэх манай хүргэний хамтаар дуудлага өгсөн газарт очсон. Тэгтэл түймэр гараагүй байсан. Тэгэхээр нь би дуудлага өгсөн Гынд очиход тэнд хүүхдийн үсний найр болж байсан. Тэгээд буугаад дотогш ороход Г нь гадаа түймэр гараагүй гэрт чамтай хамааралтай хэрүүл болоод байна энэ маргааныг зогсоох гэж чамайг дуудсан юм гэж хэлсэн. Тэр маргаан нь би 2019.10.30-ны орой би Гын дүү болох Дийнх руу ярьж мод асуух гээд гэрийнх нь утас руу залгасан. Тэгээд утас нь холбогдоогүй тэгээд удаагүй байж байтал яасан бэ гээд 98334286 дугаараас хариу мессеж ирсэн. Тэгэхээр нь хариу нь мессеж ирсэн учраас Д эхнэртэйгээ намайг хардаж гэрт хэрүүл болсон байсан. Тэгээд би учрыг нь олоогүй байж байтал Д, О.Э хоёр мотоцикльтой 4 зүс таних залуу ирсэн. Тэгээд Д хүрч ирээд тамхины хайрцаг авч шидсэн. Хажууд нь байсан О.Э гэх залуу үзэх үү гээд хүрч ирээд шууд өшиглөсөн. Тэгээд юу юу ч болоогүй байтал чамайг ална гэж хэлээд тэнд байсан О.Э дайраад бид хоёр барилцаж аваад зодолдсон. Тэгтэл хэн хэн нь цохьсоныг мэдэхгүй миний зүүн талын нүд рүү нэг хүн цохьсон. Тэгээд тонгойгоод байж байтал О.Э гэх залуу баруун талын шанаа руу өвдгөлөх шиг болсон. Тэгээд хүмүүс байсан учир салгасан. Цуг явж байсан ах Г.Г явъя наадуултайгаа учираа олохгүй юм байна гжэ хэлээд мотоцикль асаагаад намайг ардаа суулгаад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тухайн үед О.Э, Б хоёр надад гар хүрсэн. Б нь миний нүд рүү нэг цохьчихоод яваад өгсөн. О.Э нь намайг олон цохиж нүд рүү өшиглөж, үсдэж, өвдөглөсөн. Намайг цохьсон О.Э болон Д нар архи уусан байсан, харин Б нь архи уугаагүй байсан. Би гомдолтой байна, эрүүл мэндээрээ хохирсон мөн ирж очих эмчилгээний зардал, 1 сар орчим ажил хийж чадаагүй цалингаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-11 дүгээр тал/ 

 

*Гэрч Г.Гын өгсөн: 

“...Би 2019 оны 10 дугаар сарын 31-нд гэртээ хониндоо явж байсан чинь 10 цаг өнгөрөөгөөд Э.Д мотоцикльтой хүрч ирээд Согоотод түймэр гарчихлаа хоёулаа хамт яваад ирье гэж хэлээд цуг Согоотод очсон. Тэгтэл түймэр гараагүй байсан бөгөөд Г/Д/-ынд очоод Э.Д түймэр гараагүй байна гэхэд нэг ах гарч ирээд би дуудсан юм энд хэрүүл маргаан болоод байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал 2 мотоцикльтой 4 хүн нь Д, О.Э, Б бас нэг танихгүй залуу байсан. Тэгээд бууж ирээд Дтай маргаад Дыг ах дүү нар нь хориод байсан. Харин О.Э нь дийлдэхгүй Э.Дыг зодоод нүүр рүү нь өвдөглөсөн, цохиж их зодсон. Тэгээд би Э.Дыг арай гэж суулгаад зугтаж Э.Дыг гэрт нь хүргэж өгсөн. Э.Дыг О.Э зодсон, харин бусад нь салгах гээд голоор нь орсон. Э.Дыг хүмүүс бариад ойртуулаагүй. Тухайн үед тэр 4 хүн дөрвүүлээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Д, О.Э хоёр их согтуу байсан. Би яг юунаас болсоныг мэдэхгүй, гэр бүл хоорондын маргаан байсан байх, би тухайн үед тэгж ойлгосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55 дугаар тал/ 

 

*Яллагдагч О.Эы өгсөн: 

“...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед байх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газарт би үеэл ах болох Т.Гын найран дээр очоод байж байтал Т.Г болон түүний эхнэр Н.Болорцэцэг, Хануй багийн байгаль хамгаалагч Э.Д нарын хооронд маргаантай байсан. Тэгээд би ахыгаа өмөөрч Хануй багийн байгаль хамгаалагч Э.Дыг зодсон тухайн үед татаж нүүр рүү нь өвдөглөөд зодсон. Ямар нэгэн зорилго байхгүй, тухайн үед уур хүрээд ахыг өмөөрч Э.Дыг зодсон. Би хохирлоо бүрэн барагдуулаагүй байгаа эхний ээлжинд 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо үлдсэн 1.000.000 төгрөгийг малын ноолуурын үеэр өгч барагдуулахаар ярилцаж тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-75 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 520 дугаартай“...Э.Дын биед хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 58 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг, Согоот гэх газар хохирогч Э.Д нь  бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Э үйлдсэн болох нь хохирогч Э.Дын ”... Хажууд нь байсан О.Э гэх залуу үзэх үү гээд хүрч ирээд шууд өшиглөсөн. Тэгээд юу юу ч болоогүй байтал чамайг ална гэж хэлээд тэнд байсан О.Э дайраад бид хоёр барилцаж аваад зодолдсон. Тэгтэл хэн хэн нь цохьсоныг мэдэхгүй миний зүүн талын нүд рүү нэг хүн цохьсон. Тэгээд тонгойгоод байж байтал О.Э гэх залуу баруун талын шанаа руу өвдгөлөх шиг болсон. Тэгээд хүмүүс байсан учир салгасан. Цуг явж байсан ах Г.Г явъя наадуултайгаа учраа олохгүй юм байна гэж хэлээд мотоцикль асаагаад намайг ардаа суулгаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гын”...Харин О.Э нь дийлдэхгүй Э.Дыг зодоод нүүр рүү нь өвдөглөсөн, цохиж  зодсон. Тэгээд би Э.Дыг арай гэж суулгаад зугтаж Э.Дыг гэрт нь хүргэж өгсөн. Э.Дыг О.Э зодсон, харин бусад нь салгах гээд голоор нь орсон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч О.Эы мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч О.Эы хохирогч Э.Дыг зодож түүний биед хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Эы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд өөрчлөлт оруулан, “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах... гэж гэмт хэргийг санаатай үйлдсэнг тухайн гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд бөгөөд шүүгдэгч О.Эы бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дурдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв

Иймд шүүхээс шүүгдэгч О.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Д нь шүүгдэгчээс хоёр сая төгрөг  нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөртэй холбогдуулан таван зуун гучин мянган төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байна. Шүүгдэгч О.Э нь хохирогчид нэг сая төгрөгийг хохирол төлбөрт тооцон шилжүүлсэн гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч мөн нэг сая төгрөг авсан талаар хүсэлтдээ дурдсан байна. Иймд шүүгдэгч О.Эг хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Э.Дын биед эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон талаар шинжээч дүгнэлт гаргасан, уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрсөн тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх боломжгүй юм.  

Шүүгдэгч О.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Х овогт Оийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР