Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 113

 

                                   2020/ШЦТ/113

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Мы Эт холбогдох эрүүгийн 2012000000107 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг, Ишгэнт гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Мы Э/РД:АГ...................../ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Мы Э нь Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг, Ишгэнт гэх газар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Этай маргалдаж улмаар нүүр орчим цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       *Эрүүгийн 2012000000107 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

          *Хохирогч Д.Эы өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс найз Б.Мэндбаяраар хүргүүлж Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнт гэх газар гэр рүүгээ явж байгаад замдаа Х гэх айлд буугаад үлдсэн. Б.Мэндбаяр тэндээсээ шууд сумын төв рүү явсан. Би Хын гэрт хоол хийлгүүлж идчихээд авч ирсэн 2.5 литрийн пиво байсныг хувааж уусан. Х малаа хотлуулчихаад намайг гэрт хүргэж өгнө гэж байсан. Тэгээд малаа хотлуулчихаад Х нэг шил 0.5 литрийн архи задлаж тэрийг хувааж уугаад дууссаны дараа М.Э болон Э.С, Цоож, Заяа гэх залуучууд ирцгээсэн. Би Хыг явах уу гэтэл тэгье гээд явах гэтэл М.Э би гэрт нь хүргээд өгье гэсэн юм. Би М.Эын мотоциклийн ард сундлаад гэр рүүгээ явж байгаад найз Б.Цоожинжавын гэрээр буугаад явья гэж хэлтэл М.Э тэдний гэрт очсон. Б.Цоожинжавын гэрт ороход тэр нэг шил архи задалж тэрнээс ууж байснаа санаж байна. Гадаа гарч тамхи татаж байгаад салхинд цохиулж муудаад, ухаан балартсан байсан. Нэг ухаан ортол М.Э миний дээр гарчихсан миний нүүр рүү цохиж байхаар нь чи болиочээ, ахыгаа аллаа гэж би хэлсэн. М.Э миний дээрээс намайг цохиж байхдаа “чи мал хөөгөөд ганцхан чиний эзэмшил газар уу” гэж хэлж байсан. М.Э намайг цохиж зодож байгаад Хын гэрт хүргэж өгсөн байсан. Би Хын гэрт ухаан орсон. Миний хоёр нүд хөхөрч хавдаад юм харж болохгүй байсан. Нуруугаар янгинаж өвдөөд, босохоор толгой эргээд бие их муу байсан. Тэр өдөржин Хын гэрт хэвтэж байгаад орой бие арай гайгүй болохоор нь гэртээ харьсан. Хэд хоног гэртээ хэвтээд бие өвдөөд болохгүй болохоор нь сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн. Би уг нь М.Этай маргалдаж муудалцаагүй. Тухайн үед ийм явдал болсон. Хоёр нүд хөхөрч хавдаад, зүүн нүдний хажуу талд халцарсан. Толгой их өвдөнө. Нуруугаар хатгаж өвдөөд байна. Гараараа цохиж байсныг сайн санаж байна. Тухайн үед архиндаа согтоод ухаан орж гараад байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Б.Цоожинжавын гэрээс яваад ойролцоогоор 1 км орчим зайтай хээр зогсоод зодсон. Зодож байхыг харсан хүн байгаагүй. Цоожинжав хэлэхдээ М.Э бид хоёрыг гэрээс нь явсаны дараа гэрийнхээ ойролцоо хүн орилоод байхаар нь машинаа асаагаад гэрлээ тусгахад мотоцикль хөдлөөд явсан гэсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу уг асуудлыг шалгаж шийдвэрлэхийг хүсэж байна. Мөн надад учирсан хохирлыг М.Эаас гаргуулж авна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/ 

           *Гэрч Ц.Аийн өгсөн: 

           “...2020 оны 03 дугаар сарын 13-ны 22 цаг 50 минутад Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд Д.Э нь хүнд зодуулсан байдалтай ирсэн дуудлагаар би очиж Д.Эы биеийг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн, нүүрний шанаа, дух хэсгээр зулгарсан шархтай, нүүр бүхэлдээ  хавантай, 2 нүдний дотор талд цус хуралттай, нуруугаар эмзэглэлтэй, 5, 6 дугаар нурууны орчим дарахад маш хөндүүр зовиуртай байсан. Би өвчин намдаах тариа хийж эм өгч, 250 гр манитол дуслаар хийж, ирсэн өвчтөний талаар их эмч Н.Нэд танилцуулж, өвчтөнг ажиглалтанд хонуулсан. Маргааш нь их эмч Н.Нэ өөрөө Д.Эы биеийг үзсэн. Хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэрнээс хэн гэдэг хүнд зодуулсан талаар юм яриагүй. Би ч асуугаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/ 

*Гэрч Н.Нийн өгсөн: 

“...Д.Э нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны орой Ихтамир сумын нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан ба тухайн үед нь дуудлагын эмч Ц.А биеийн үзэж, надад утсаар мэдэгдэхдээ биеийн байдал нь ерөнхийдөө тогтвортой байна, өнөөдөр ажиглаад хоноё гэж хэлсэн. Би маргааш нь эмнэлэг дээр ирж Д.Эы биеийг үзэхэд зовиур нь толгой өвдөнө, хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртай байсан. Эхо аппаратаар харахад хэвлийн эрхтэнгүүдэд ямар нэгэн өөрчлөлт харагдаагүй, 2 нүдний орчим хөхөрч хавдсан, нүд улайсан, хацарт шалбарсан шархтай байсан. Тухайн үед хорио цээртэй байсан тул эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөө хүнд зодуулсан гэж хэлж байсан. Хэн гэдэг хүнд гэдгээ хэлээгүй.

*Гэрч Э.Сгийн өгсөн: 

“... 2020 оны 03 дугаар сарын 10-ны орой М.Э, Чойжил, Заяа нарын хамт айлд очих гэж яваад замдаа Х ахын гэрт орсон. Тэднийд Д.Э ах халамцуу архи уугаад сууж байсан. Бид нарыг хамт архи уу гэж суулгаад шил архи, 2.5 литрийн пиво хувааж уусан. Би гэр рүүгээ явж 2 сав 2.5 литрийн пиво авч ирсан. Тэрийг ууж дуусаад Д.Э ах гэртээ харина гээд М.Эаар хүргүүлэхээр болж хоёр мотоцикльтой явсан. Би Х ахын гэрт М.Эыг хүлээгээд тэндээ унтсан. Өглөө эрт 06 цагийн үед Д.Э ах, М.Э хоёр орж ирсэн. Тэгээд би М.Этай хамт гэртээ харьсан. Тухайн үед юу болсоныг мэдээгүй, харин сүүлд нь сонсоход Д.Э ах, М.Э хоёр айлд очиж архи уугаад тэндээсээ маргалдаж гараад хээр хөдөө хоорондоо зодолдсон гэж байсан. Х ахынд юу ч болоогүй. Хэрүүл маргаан огт гараагүй. Харанхуйд царайг нь хараагүй. Би тэгээд шууд явчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

*Яллагдагч М.Эын өгсөн: 

“...Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнт гэх газар гэрээсээ гараад мотоцикльтой хамаатны ах Чойжил, найз С нарын хамт гурвуулаа явж байгаад замдаа Х гэх айлд орсон. Тэгэхэд тэдний гэрт Д.Э байсан. Д.Э тэдний гэрт архи ууж байсан юм байна лээ, бид нарыг ирлээ гээд тэр архинаасаа өгсөн. С гэр рүүгээ явж гэрээсээ 2.5 литрийн 2 сав пиво авч ирээд дахин уусан. Д.Э нь Х ахыг гэрт хүргээд өг гээд байсан тэгсэн Х ахын эхнэр нь согтуу байж яаж явах гээд байгаа юм гэж явуулахгүй байсан. Тэгсэн намайг хүргээд өг гэхээр нь би мотоциклийн ард Д.Эыг сундлаад гэр рүү нь явсан. Замдаа Д.Э нь Цоож гэх айлынд очино гээд байхаар нь тэднийд очсон. Цоож гэх айлд ороход нэг шил архи задлаж тэрийг хувааж уусан. Цоож гэх айлд архи ууж байхдаа би Д.Этай малын бэлчээрээс болж маргалдсан. Тэгсэн Д.Э хэлэхдээ би чамтай найзынхаа гэрт зодолдмооргүй байна гэж хэлээд бид хоёр тэднийхээс явсан. Гэрээс нь уруудаж яваад гурван модны гарам гэх газар очоод зогстол Д.Э намайг цохихоор нь би цохилтын гаргаад зөрүүлээд нүүр рүү нь цохьтол газар унасан, босч ирээд дахин цохих гэхээр нь би дахиж нүүр рүү нь цохиод газар унагаасан. Тэгсэн Д.Э намайг босгочих гэхээр нь би босгоод одоо надтай үзмээр байна уу гэж хэлээд дахин нүүр рүү нь цохиж унагаагаад дээр нь сууж байгаад танайх яасан их газар өмчилдөг юм гэж хэлээд гараараа 4-с 5 удаа алгадсан. Тухайн үед их согтуу байсан болохоор уурандаа Д.Эыг цохиж зодсон. Тэгж байгаад тайвширч би Д.Эыг буцаж Хын гэрт хүргэж өгчихөөд гэр рүүгээ явсан. Тухайн үед ийм зүйл болсон. Би Д.Этай уулзаж уучлалт гуйсан байгаа. Түүнд учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай“...Д.Эы биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа орчим зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг, Ишгэнт гэх газар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Э үйлдсэн болох нь хохирогч Д.Эы”... Гадаа гарч тамхи татаж байгаад салхинд цохиулж муудаад, ухаан балартсан байсан. Нэг ухаан ортол М.Э миний дээр гарчихсан миний нүүр рүү цохиж байхаар нь чи болиочээ, ахыгаа аллаа гэж би хэлсэн. М.Э миний дээрээс намайг цохиж байхдаа “чи мал хөөгөөд ганцхан чиний эзэмшил газар уу” гэж хэлж байсан. М.Э намайг цохиж зодож байгаад Хын гэрт хүргэж өгсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Аийн”...2020 оны 03 дугаар сарын 13-ны 22 цаг 50 минутад Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд Д.Э нь хүнд зодуулсан байдалтай ирсэн дуудлагаар би очиж Д.Эы биеийг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн, нүүрний шанаа, дух хэсгээр зулгарсан шархтай, нүүр бүхэлдээ  хавантай, 2 нүдний дотор талд цус хуралттай, нуруугаар эмзэглэлтэй, 5, 6 дугаар нурууны орчим дарахад маш хөндүүр зовиуртай байсан...”гэх мэдүүлэг, гэрч Н.Нийн”...Д.Эы биеийг үзэхэд зовиур нь толгой өвдөнө, хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртай байсан. Эхо аппаратаар харахад хэвлийн эрхтэнгүүдэд ямар нэгэн өөрчлөлт харагдаагүй, 2 нүдний орчим хөхөрч хавдсан, нүд улайсан, хацарт шалбарсан шархтай байсан. Тухайн үед хорио цээртэй байсан тул эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч М.Эын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 126 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Эын хохирогч Д.Эы биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа орчим зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг мөн байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Д.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Э нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч М.Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Б овогт Мы Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ГАНДОЛГОР