| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0103/э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 117
2020/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Бд холбогдох 2012001270060 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бор боржигон овогт Бын Б/РД:АС............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Бын Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 4 тооны хонь, 2 тооны ямаа нийт 6 тооны бог малыг хулгайлж, 640.000/зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 5 тооны хонийг хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 3 тооны хонь, 3 тооны ямаа нийт 6 тооны бог малыг хулгайлж, 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 6 тооны ямааг хулгайлж, 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012001270060 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Сийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...Манайх 2019 оны 12 дугаар сарын 15-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газраас манай 4 тооны хонь, 2 тооны ямаа бэлчээрээс алдсан. Зүсээр нь сайн мэдэхгүй байна манай хонинууд хондлой дээр нь хар лакаар тэмдэг тавьсан, манай ямаанууд зүүн талын эвэр нь улаан өнгийн будагтай дөрвөн өөр имтэй хонь, ямаанууд байгаа. 2 чих нь урдаасаа ухам, 2 чих үзүүрээсээ ухам, зүүн чих араасаа ухам, баруун чих нь урдаасаа ганзага имтэй, 2 чих араасаа ухам имтэй хонь ямаанууд байгаа. Би алдсан 2 тооны ямаагаа нас нийлсэн эр ямаа байсан учраас 1 ямааг нь 170.000 төгрөгөөр буюу 2 тооны ямаагаа нийт 340.000 төгрөгөөр, 4 тооны хонь шүдлэн эр хонь байсан учраас хонь тус бүрийг нь 200.000 буюу нийт 800.000 төгрөгөөр үнэлж байна. Арангай аймгийн Хашаат сумын Цайдам багт Салхит гэх газар манайхтай саахалт байдаг Б.Б гэх хүнийг сэжиглэж байна. Хулгайд алдсан 4 тооны хонь 2 тооны ямааныхаа хохирол мөнгийг барагдуулчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 6-8 дугаар тал/,
*Хохирогч А.Сийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...Манайх 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 5 тооны хонио бэлчээрээс алдсан. Зүсээр нь сайн мэдэхгүй байна. Манай хонинууд хондлой дээрээ хар лакаар тэмдэг тавьсан дөрвөн янзын имтэй хонь байгаа. 2 чих нь урдаасаа ухам, 2 чих үзүүрээсээ ухам , зүүн чих араасаа ухам, баруун чих урдаасаа ганзага имтэй, 2 чих араасаа ухам имтэй хонинууд байгаа. Би алдсан хонио нас нийлсэн сувай эм хонь байсан учраас 5 тооны хонь тус бүрийг нь 200.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгөөг үнэлж байна. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газар манайхтай саахалт байдаг Б.Б гэх хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 62-64 дүгээр тал/
*Хохирогч А.Сийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...Манайх 2019 оны 12 дугаар сарын 10-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газраас манайх 6 тооны нас нийлсэн эр ямаа бэлчээрээс алдсан. Манай хонинууд хондлой дээрээ хар лакаар тэмдэг тавьсан дөрвөн янзын имтэй хонь байгаа. 2 чих нь урдаасаа ухам, 2 чих үзүүрээсээ ухам , зүүн чих араасаа ухам, баруун чих урдаасаа ганзага имтэй, 2 чих араасаа ухам имтэй ямаанууд байгаа. Би алдсан 6 тооны ямаагаа нас нийлсэн эр ямаа байсан учраас 1 ямааг нь 170.000 төгрөгөөр буюу 6 тооны ямаагаа нийт 1.020.000 төгрөгөөр үнэлж байна. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газар манайхтай саахалт байдаг Б.Б гэх хүнийг сэжиглэж байна. Хулгайд алдсан 6 тооны ямааныхаа хохирол төлбөрийг авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг1-р хх-ийн 106-108 дугаар тал/
*Хохирогч А.Сийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...Манайх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газраас 3 тооны ямаа, 3 тооны хонь бэлчээрээс алдсан. Зүсээр нь мэдэхгүй байна. Манай хонинууд хондлой дээрээ хар лакаар тэмдэг тавьсан дөрвөн янзын имтэй хонь байгаа. 2 чих нь урдаасаа ухам, 2 чих үзүүрээсээ ухам , зүүн чих араасаа ухам, баруун чих урдаасаа ганзага имтэй, 2 чих араасаа ухам имтэй ямаанууд байгаа. Би алдсан хонио нас нийлсэн эр хонь байсан учраас 3 тооны хонь тус бүрийг нь 200.000 төгрөг буюу нийт 3 тооны хонийг 600.000 төгрөгөөр, 3 тооны ямаа нас нийлсэн учраас 1 ямааг нь 170.000 төгрөгөөр буюу 3 тооны ямааг нийт 510.000 төгрөгөөр үнэлж байна. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газар манайхтай саахалт байдаг Б.Б гэх хүнийг сэжиглэж байна. Хулгайд алдсан 3 хонь, 3 тооны ямааныхаа хохирол төлбөрийг авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 157-159 дүгээр тал/
* Гэрч С.Мын өгсөн:
“...А.С нь манай аав байгаа юм. Б.Бийг гэх айл манайхтай ойролцоо байдаг. Манай аав А.С нь 2019 оны 09 сарын 29-ний үед 5 тооны хонь, 2019 11 сарын 13-ны үед 3 тооны хонь, 3 тооны ямаа алдсан. 2019 оны 12 сарын 10-ны үед 6 тооны ямаа алдсан 2019 оны 12 сарын 15-ны үед 4 тооны хонь 2 тооны ямаа алдсан. Манай аав А.Сийн хонинууд бүгд хондлой дээрээ хар лакаар тэмдэг тавьсан хонинууд байгаа. Ямаанууд нь бүгд баруун талын эвэрийг улаан өнгийн будагаар будсан ямаанууд байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
*Гэрч П.Аын өгсөн:
“...Би Б.Бээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6 тооны эр ямааны гулууз мах бэлэн мөнгөөр нь худалдаж авсан, 6 тооны гулууз махыг би үзэхэд 6 эр ямааны гайгүй тарган, жин дарахаар мах байсан болохоор нь 1 кг-ийг нь 4500 төгрөгөөр бодож нийт 6 ямааны гулууз махыг 800.000 орчим бэлэн мөнгө өгөөд худалдаж авсан. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4 тооны хонины, 2 тооны ямааны нийт 6 тооны гулууз мах худалдаж авсан. Тухайн үед намайг Хархорин сумын мал, махны зах дээр ажиллаж байхад манай найз Бын хүү болох Б нь хүрч ирээд ах аа мал авах уу гэхээр нь би таньдаг учраас хулгайн мал байх гэж бодоогүй авсан. Б.Б надад өөрийнхөө хонь, ямааг зарж байна гэж хэлсэн тэднийх олон тооны малтай хонь ямаатай болохоор нь би итгээд их юм бодоогүй авсан. Б.Бээс авсан 6 тооны гулууз махны төлбөрөө надад бэлэн байсан мал, мах болон малын түүхий эд авахаар бэлтгэсэн байсан мөнгөнөөсөө бэлнээр тоолоод 800.000 орчим төгрөг өгч байсан. Надад Б.Б 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6 тооны ямааны гулууз мах, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4 тооны хонь, 2 тооны ямааны гулууз мах худалдсан ингээд надад 2 удаа мах худалдсан нийт 4 тооны хонины гулууз мах, 8 тооны ямааны гулууз мах надад худалдсан би тухай бүрд нь бэлэн мөнгийг нь өгөөд худалдаж авсан. Надад 2 удаа хонь ямааны гулууз мах худалдах үедээ Б.Б ганцаараа ирж байсан. Б.Б надад 2 удаа малын гулууз мах авчирч өгөхдөө цэнхэр өнгийн портер машин унасан байсан, тухайн машины тэвшин дээр ачиж ирсэн. Би машины улсын дугаарыг сайн санахгүй байна, ямар ч байсан ардаа битүү бардактай портер байсан. Би Б.Бээс 2 удаа мах худалдаж авсан тухай бүрд нь бэлэн мөнгөөр худалдаж авсан. Надад махаа худалдахдаа Б.Б өөрийнх нь малын мах гэж мөнгөөр худалдаж авсан...’’гэх мэдүүлэг/1-р хх-ийн 14-16 тал/,
*Гэрч Э.Бын өгсөн:
“...Б.Б бид хоёр албан ёсны гэр бүлийн хүмүүс байгаа юм. 2014 оноос хойш Архангай аймгийн Хашаат суманд хамт амьдарч байгаа одоо бид хоёр 3 хүүхэдтэй. Манай нөхөр Б.Б энэ жил 09 дүгээр сараас хойш айлаас хонь, ямаа хулгай хийж аваад Хархорин сум оруулж зараад байх шиг байсан. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт манайхтай ойрхон нутагладаг А.С гэдэг айлаас 2019 оны 09 дүгээр сар, 11 дүгээр сар, 12 дугаар саруудад хонь ямаа авч байсан. Би өдрүүдийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан миний хэлсэн саруудад авч байсан, 9 дүгээр сард 5 тооны хонь, 11 дүгээр сард 3 тооны ямаа, 3 тооны хонь 12 дугаар сард 2 удаа тэр айлаас хонь, ямаа авсан авахдаа 8 тооны ямаа, 4 тооны хонь авч байсан ингээд нийт 23 тооны хонь, ямаа авсан. Хархорин сум оруулж мал, мах худалдаж авдаг хүмүүст өгдөг байсан байх би тэр талаар сайн мэдэхгүй байна. Нэг удаа хонины мах хамт явж зараа ирье гэхэд нь би хамт явж Хархорин сум ороод мал, мах авдаг нэг хүнд мал зарахад нь хамт явсан. Хаанаас авсан ямар мах юм бэ гэхэд Б надад манай найзын хонины мах байгаа юм мөнгө хэрэг болоод байгаа гэнэ ээ гэж хэлсэн, хулгайн мах юм биш биздээ гэж асуухад тийм юм байхгүй чи санаа зодох хэрэггүй гэж надад Б.Б хэлсэн. Би арай ч хулгай хийгээд яваад байна гэж бодоогүй, хэрэв тэгсэн бол шалтгаан байхгүй...’’гэх мэдүүлэг/1-р хх-ийн 18-20 дугаар тал/,
*Гэрч Ж.Бын өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 28-ны үед би Б.Бтэй уулзаж ямар учиртай юу болоод байгаа талаар асуухад надад хандаад би А.С гэх айлаас 6-7 ямаа хулгай хийсэн юм гэж анх ярьж байсан. Тэгсэн 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын ченж хийдэг П.А гэх залуу нь над руу утасдаж танай хүүхэд чинь хүний мал хулгай хийгээд надад өгсөн байна би цагдаа дээр очиж уулзаад ирлээ хүүхэдтэйгээ уулзаарай гэж хэлэхээр нь би хүүгээ хайсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө хүүхдээ Хашаат сумын төв дээр явж байхад олж уулзаад ярилцахад би А.С гэх айлаас 20 гаран тооны хонь ямаа хулгай хийсэн тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин сум орж зарж борлуулсан гэдгээ надад ярьсан. Тэгээд нөгөө айлдаа хохиролд нь 5 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан манай хүүгийн хулгай хийсэн асуудал нь бол туйлын буруу тиймээс уучлал гуйж байна. Айл саахалт нутагладаг айлууд байгаа. Манай хүүхэд миний бодлоор мэдрэл нь муудсан байх хүн амьтанд зодуулаад. Тэгээд архи дарс байнга уух болсон. Надад ярихдаа 20 орчим тооны хонь, ямаа хулгай хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 26-28 дугаар тал/
*Гэрч С.Оын өгсөн:
“...Манай аав А.С нь 2019 оны 09 сарын 29-ний үед 5 тооны хонь алдсан. 2019 оны 11 сарын 15-ны үед 3 тооны хонь, 3 тооны ямаа алдсан. 2019 оны 12 сарын 15-ны үед 4 тооны хонь, 2 тооны ямаа алдсан, нийт 23 тооны хонь, ямаа хулгайд алдсан. Манай ямаануудын баруун талын эвэр нь улаан өнгийн будагтай ямаанууд, хонинууд бүгд хондлой дээрээ хар лакаар тэмдэг тавьсан хонинууд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар тал/
*Гэрч Ц.Тгийн өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагаас 15:00 цагийн хооронд намайг Хархорин сумын Манлай захын махны өрөөн дотор байж байхад нэг залуу орж ирээд мал авах уу гэж асуусан би хоёр мах авдаг хүний хамт гараад тухайн залуугийн машинтайгаа ачиж ирсэн 5 тооны хонь машин дээрээ байхад нь үзсэн. Надтай хамт үзсэн 2 мах авдаг хүн үзээд авахгүй гэхээр нь би сүүлд нь тухайн хонийг нь Б.Бээс авсан. Б.Б гэх залуу цэнхэр өнгийн Портер-2 маркийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна, машинаар ачиж ирсэн 5 тооны эм хонь надад зарсан би 5 тооны хонины 3 тооны хонийг нь 240.000 төгрөгөөр, 2 тооны хонийг нь 200.000 төгрөгөөр бодож нийт 540.000 төгрөгөөр худалдаж аваад Б.Б надад данс байхгүй гэхээр нь би банкнаас бэлэн мөнгө аваад тоолж өгсөн. Би Б.Бээс хэний хонь мал вэ гэж асуухад миний мал гэж хэлээд надад зарсан. Б.Бээс би хэнтэй явж байгаа юм бэ гэж асуухад эхнэртэйгээ явж байна гэсэн машин дотор нь жоохон хүүхэдтэй эмэгтэй хүн сууж явсан. Хар халзан зүсмийн хонинууд дотор нь байсан би бүгдийг нь сайн санахгүй байна, амьдаар нь авч ирээд надад худалдсан. Б.Б гэх залуу надад нэг удаа л мал, мах зарсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71-73 дугаар тал/
*Гэрч Т.Тийн өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр байсан надад 3 ширхэг ямааны гулуүз мах, 3 ширхэг хонины гулууз мах нийт 6 ширхэг гүлууз мах зарсан. Би тухайн махыг нь их хямдхан аваагүй жинлэж үзээд худалдаж авахад 570.000 төгрөг болж байсан яг нарийн авсан үнээ санахгүй байна ямар ч байсан нийт ийм үнэтэй болж байсан. Би тухайн залуугийн данс руу мөнгийг нь хийе гэж хэлэхэд Б.Б гэх залуу та надад бэлэн мөнгөөр өгчих өө гэхээр нь би банкнаас бэлэн аваад 570.000 төгрөг тоолоод өгсөн. Би мах авах үед хальт анзаарахад цэнхэр өнгийн ачаан дээрээ битүү бардактай портер машин дээр махаа ачсан байсан би махыг нь авч байхад урд машин дотор нь бага насны 2 хүүхэд суучихсан байсан өөр том хүн байхгүй байсан. Махыг нь тухайн үед сайн ажиглаж хараагүй харин гэртээ орой нь очоод янзлахад их үс, хялгастай мах байсан. Би сайн үзээд авсан дөнгөж янзалсан шинэ мах байсан. Б.Б гэх залуу надад 1 удаа хонь, ямааны гулууз мах зарсан. Танина яг сайн танихгүй ч гэсэн зүс таньдаг хүн байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 164-166 дугаар тал/
*Яллагдагч Б.Бийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:
“...Баригдахгүй байх гэж бодоод хулгай хийсэн. 4 хонь, 2 ямаа хулгайлсан. А.Сийн хонь нь манай гадаа бэлчиж байхад нь барьж аваад хонины хашаандаа хашиж байгаад нядалсан. Би хулгайн хэргийг ганцаараа үйлдсэн. Би Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газар хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би хохирол төлбөрөө барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-45 дугаар тал/
*Яллагдагч Б.Бийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Салхит гэх газар гэртээ эхнэр Э.Б, хүү Төгс-Эрдэнэ /6 настай/, Ган-Эрдэнэ /3 настай/, Сувд /8 сартай/ нарын хамт байсан. Тэгээд сууж байтал зүүн талын үзүүрт манай хонь А.Сийн хонь нийлэх маягтай ойрхон байхаар нь өөрийн хувийн өмчийн хул зүсмийн их насны бүдүүн морио унаад дундуур нь орж хоёр тийш нь болгосон. Тэгээд орой нь хонио хотлуулахдаа үзэхэд А.С ахын 5 тооны хонь манай хонитой нийлсэн байхад нь хонио хашаад дотроос нь А.Сын 5 толгой хонийг барьж аваад жижиг хашаанд хашиж хонуулаад маргааш нь өөрийн тээврийн хэрэгсэлдээ амьдаар нь ачиж Өвөрхангай аймгийн Хархорин сум оруулаад хүнд худалдсан. Тухайн 5 толгой хонь нь хондлой дээрээ хар лакан будагтай байсан. Тухайн үед А.С ахынх хониныхоо хондлой дээрээ хар лакаар будсан байсантай адилхан байсан болохоор нь мэдсэн. Би ганцаараа явж байгаад бэлнээр 500.000 төгрөг өгсөн байх сайн санахгүй байна. Мөнгөө аваад ахуйн хэрэглээнд зарцуулсан. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би урьд нь ял шийтгэл эдэлэж байгаагүй. Би Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Салхит гэх газар хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 93-96 дугаар тал/
*Яллагдагч Б.Бийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:
“...А.Сийн хонь нь манай хоньтой ойрхон бэлчиж байхад нь явган яваад хониноос нь 6 толгой ямаа тасдаж аваад хониндоо нийлүүлж хоноод маргааш нь барьж авч нядлаад зарж борлуулсан. Би ганцаараа нядалсан. Эхнэр хүүхдүүд хадам аавынх руу явсан байсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 138-141 дүгээр тал/
*Яллагдагч Б.Бийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:
“...А.Сийн хонийг бэлчиж байхад нь хэсэг хонь, ямаа тасдаж аваад ойр байх өөрийн өвөлжөөний саравчинд хашиж байгаад 3 хонь, 3 ямаа авч үлдээд бусад малыг нь гаргачихаад унаж явсан хул зүсмийн их насны бүдүүн мориор туугаад өөрийн хоньтойгоо нийлүүлж гэртээ очоод дээрх богнуудыг гаргаж янзалсан. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 189-192 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 275 дугаартай:
“...2019 оны 12 дугаар сарын байдлаар 4 тооны хонины үнэлгээг 360.000 төгрөг, 2 тооны ямааны үнэлгээг 280.000 төгрөг, нийт 640.000/зургаан зуун дөч/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 31 дүгээр тал/,
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 360 дугаартай:
“...5 тооны эм хонины үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 600.000/зургаан зуун мянга/төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 85 дугаар тал/,
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 360 дугаартай:
“...6 тооны эр ямааны үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын байдлаар 840.000/найман зуун дөчин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 130 дугаар тал/,
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 359 дугаартай:
“...2019 оны 09 дүгээр сарын байдлаар 3 тооны эр хонийг 450.000 төгрөгөөр, 3 тооны эр ямааг 420.000 төгрөгөөр, нийт 870.000/найман зуун далан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 180 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 211 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 4 тооны хонь, 2 тооны ямаа нийт 6 тооны бог мал хулгайд алдагдаж 640.000/зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 5 тооны хонийг хулгайд алдагдаж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 3 тооны хонь, 3 тооны ямаа нийт 6 тооны бог мал хулгайд алдагдаж, 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 6 тооны ямаа хулгайд алдагдаж, 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь хохирогч А.Сийн”...Манайх 2019 оны 12 дугаар сарын 15-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газраас манай 4 тооны хонь, 2 тооны ямаа бэлчээрээс алдсан. Зүсээр нь сайн мэдэхгүй байна манай хонинууд хондлой дээр нь хар лакаар тэмдэг тавьсан, манай ямаанууд зүүн талын эвэр нь улаан өнгийн будагтай дөрвөн өөр имтэй хонь, ямаанууд байгаа. 2 чих нь урдаасаа ухам, 2 чих үзүүрээсээ ухам, зүүн чих араасаа ухам, баруун чих нь урдаасаа ганзага имтэй, 2 чих араасаа ухам имтэй хонь ямаанууд байгаа. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт Салхит гэх газар манайхтай саахалт байдаг Б.Б гэх хүнийг сэжиглэж байна, ”...Манайх 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 5 тооны хонио бэлчээрээс алдсан..” ...2019 оны 12 дугаар сарын 10-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Салхит гэх газраас манайх 6 тооны нас нийлсэн эр ямаа бэлчээрээс алдсан. Манай хонинууд хондлой дээрээ хар лакаар тэмдэг тавьсан дөрвөн янзын имтэй хонь байгаа...”, “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны үед 3 тооны ямаа, 3 тооны хонь бэлчээрээс алдсан. Зүсээр нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Мын”...Б.Бийг гэх айл манайхтай ойролцоо байдаг. Манай аав А.С нь 2019 оны 09 сарын 29-ний үед 5 тооны хонь, 2019 11 сарын 13-ны үед 3 тооны хонь, 3 тооны ямаа алдсан. 2019 оны 12 сарын 10-ны үед 6 тооны ямаа алдсан 2019 оны 12 сарын 15-ны үед 4 тооны хонь 2 тооны ямаа алдсан. Манай аав А.Сийн хонинууд бүгд хондлой дээрээ хар лакаар тэмдэг тавьсан хонинууд байгаа. Ямаанууд нь бүгд баруун талын эвэрийг улаан өнгийн будагаар будсан ямаанууд байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Аын”...Би Б.Бээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6 тооны эр ямааны гулууз мах бэлэн мөнгөөр нь худалдаж авсан, 6 тооны гулууз махыг би үзэхэд 6 эр ямааны гайгүй тарган, жин дарахаар мах байсан болохоор нь 1 кг-ийг нь 4.500 төгрөгөөр бодож нийт 6 ямааны гулууз махыг 800.000 орчим бэлэн мөнгө өгөөд худалдаж авсан. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4 тооны хонины, 2 тооны ямааны нийт 6 тооны гулууз мах худалдаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Оын”...Манай аав А.С нь 2019 оны 09 сарын 29-ний үед 5 тооны хонь алдсан. 2019 оны 11 сарын 15-ны үед 3 тооны хонь, 3 тооны ямаа алдсан. 2019 оны 12 сарын 15-ны үед 4 тооны хонь, 2 тооны ямаа алдсан, нийт 23 тооны хонь, ямаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бын”...2020 оны 01 дүгээр сарын 28-ны үед би Б.Бтэй уулзаж ямар учиртай юу болоод байгаа талаар асуухад надад хандаад би А.С гэх айлаас 6-7 ямаа хулгай хийсэн юм гэж анх ярьж байсан. Тэгсэн 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын ченж хийдэг П.А гэх залуу нь над руу утасдаж танай хүүхэд чинь хүний мал хулгай хийгээд надад өгсөн байна би цагдаа дээр очиж уулзаад ирлээ хүүхэдтэйгээ уулзаарай гэж хэлэхээр нь би хүүгээ хайсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө хүүхдээ Хашаат сумын төв дээр явж байхад олж уулзаад ярилцахад би А.С гэх айлаас 20 гаран тооны хонь ямаа хулгай хийсэн тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин сум орж зарж борлуулсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Тунгалагтогоогийн”...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагаас 15:00 цагийн хооронд намайг Хархорин сумын Манлай захын махны өрөөн дотор байж байхад нэг залуу орж ирээд мал авах уу гэж асуусан би хоёр мах авдаг хүний хамт гараад тухайн залуугийн машинтайгаа ачиж ирсэн 5 тооны хонь машин дээрээ байхад нь үзсэн. Надтай хамт үзсэн 2 мах авдаг хүн үзээд авахгүй гэхээр нь би сүүлд нь тухайн хонийг нь Б.Бээс авсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Тийн”...2019 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр байсан надад 3 ширхэг ямааны гулуүз мах, 3 ширхэг хонины гулууз мах нийт 6 ширхэг гүлууз мах зарсан. Би тухайн махыг нь их хямдхан аваагүй жинлэж үзээд худалдаж авахад 570.000 төгрөг болж байсан яг нарийн авсан үнээ санахгүй байна ямар ч байсан нийт ийм үнэтэй болж байсан. Би тухайн залуугийн данс руу мөнгийг нь хийе гэж хэлэхэд Б.Б гэх залуу та надад бэлэн мөнгөөр өгчих өө гэхээр нь би банкнаас бэлэн аваад 570.000 төгрөг тоолоод өгсөн...” гэх мэдүүлэг,
Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 275, 358, 360, 359 дугаартай дүгнэлтүүд зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Бийн бусдын малыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “....олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2019 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Салхит гэх газраас иргэн А.Сийн 23 тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэг прокуророос Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч А.С нь хохирол төлбөрөө авчихвал гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэлд хохирол төлбөрөө авсан шүүх хуралдаанд суухгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгч А.Сд хохирол төлбөрт 4900000 төгрөг төлсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлоос илүү төлсөн мөнгийг шүүгдэгчид хохирогчоос буцаан гаргаж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй юм. Учир шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 2950000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн хохирогчид 4900000 төгрөг төлсөн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шүүгдэгчийг хохирогчид илүү хохирол төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан морийг /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 950.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Б.Бийн хувьд тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Бийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 950.000/есөн зуун тавин мянга/ төгрөгийг үнэлгээ бүхий 1 тооны морийг улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР