Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               “Х-У” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/879 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн өмгөөлөгч Д.Б-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

               Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

               Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

               Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн өмгөөлөгч Д.Б

 

Хэргийн оролцогчид: 

               Нэхэмжлэгч “Х-У” ХК

               Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Д.Д

  

Нэхэмжлэлийн шаардлага: Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Д.Д нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 27190300002 дугаар “Нөхөн ногдуулалтын акт” илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/879 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Д.Д

               Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0590/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/879 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан “Х-У” ХК-иас Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Б.А нарт холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 27190300002 дугаар “Нөхөн ногдуулалтын акт” илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн өмгөөлөгч Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 

2.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...”Х-У” ХК татварын улсын байцаагчийн Нөхөн ногдуулалтын акт”-аас тооцоолохдоо 1 дүгээр зөрчил буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөр зохих хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулах дүнгүүдийг нэмээд 25,903,466.1 төгрөгөөр тооцож, 2, 3 дахь зөрчил ногдох төлбөрийн дүн болох 1,601,758.2 төгрөгийн тооцоололд оруулан тооцоогүй байна. /25,903,466.1+1,601,758.2=27,505,224.3/ гэж тус тус маргажээ. Нэхэмжлэгч хариуцагч нар нь маргаан бүхий хяналт шалгалтаар илэрсэн 179,835,906.7 төгрөгийн зөрчлийн дүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ.

 

2.3. Шүүхийн энэ дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, татварын байцаагчийн акт болон түүний хавсралт тооцоолол зэрэг хэргийн баримт материалтай сайтар танилцаж судлалгүйгээр ийнхүү дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа татварын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад тусгасан дүн, актын хавсралт тус бүрээр гаргасан зөрчлийн тооцоолол зөрүүтэй, утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг тодорхой тайлбарласан байдаг. Үүнийг дараах байдлаар тодруулбал:

- 2016 онд 44,124,484.2 төгрөгийн 2017 онд 12,148,699.8 төгрөгийн, 2018 онд 112,884,335.1 төгрөгийн нийт 169,157,519.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй, ...хугацаа хоцроож төлсөн зөрчил,

- 2016 онд 1.065,229.90 төгрөгийн, 2017 онд 172,848.73 төгрөгийн, 2018 онд 576,672.72 төгрөгийн нийт 1,814,751.4 төгрөгийг хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил...,

- 2018 онд 8,863,636.4 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах худалдан авалтаар тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нийт 179,835,906 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд 1,067,838.8 төгрөгийн нөхөн татвар, 17,483,73.1 төгрөгийн торгууль, 8,954,112.4 төгрөгийн алданги нийт 27,505,224.3 төгрөгийн төлбөл төлүүлэхээр акт тогтов” гэжээ.

 

2.4. Гэтэл актын хавсралтад хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тооцоололд:

         - 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоогоор нийт зөрчил 41,267,125.8 төгрөг гэж, актад дурьдсан дүнгээс зөрүүтэй бичсэн. Энэ зөрчлийн дүнгээс торгууль 2,921,947.3 төгрөг, 1,569,085.7 төгрөг, нийт 4,491,033.0 төгрөг;

         - 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоололд төлбөл, шилжүүлбэл зохих зөрчил 621,242.9 гэж актад дурьдсан зөрчлийн дүнгээс зөрүүтэй бичсэн. Үүнээс торгууль 1,274,296.5 төгрөг, алданги 688,120, нийт 1,962,416.5 төгрөг;

         - 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоололд төлбөл, шилжүүлбэл зохих зөрчил 109,480,928.3 төгрөг гэж актад дурдсан дүнгээс зөрүүтэй бичсэн. Уг дүнгээс 12,966,677.7 төгрөгийн торгууль, 6,483,338.9 төгрөгийг алданги, нийт 19,450,016.6 төгрөг гэж бичигдсэн.

2.5. Эдгээр зөрчлийн нийт дүн дээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдахгүй худалдан авалтын 2016 оны зөрчлийн 1,065,229.9 төгрөг, 2017 оны зөрчлийн 172,848.7 төгрөг, 2018 оны 576,672.7 төгрөгийг, мөн үндсэн хөрөнгө худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн 8,863,636.4 төгрөгийн зөрчлийг нэмж тооцоход нийт 160,205,933 төгрөгийн зөрчил байх бөгөөд актаар ногдуулсан зөрчлийн дүнгээс зөрүүтэй байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд тооцоолол зөрүүтэй байх тул акт нь хоёрдмол утгатай,.тодорхой бус, илэрхий алдаатай гэж үзэж байна.

2.6 Ийнхүү нийт зөрчлийн дүн болон зөрчил тус бүрийн өөрөөр хэлбэл 2016-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоолол зөрүүтэй байхад анхан шатны шүүх хяналт шалгалтаар илэрсэн 179,835,906.7 төгрөгийн зөрчлийн дүнтэй маргаагүй гэж, мөн утга агуулгын илэрхий алдаатай байх шинжийг агуулаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2.7. Нөхөн ногдуулалтын актын 3 дахь хуудаст “...Дээр дурдсан зөрчлийн 2,3 дэх хэсэгт хариуцлага оногдуулахдаа “Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 2019 он 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг, мөн Татварын ерөнхий хуулийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөн найруулснаар 74 дүгээр зүйлийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Мөн хуулийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” заалтыг хэрэглэв” гэж тусгаж, акт ногдуулсан атлаа тооцооллын алдаа гаргасан байхад анхан шатны шүүх анхаарч авч үзэхгүйгээр утга агуулгын алдаатай биш гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй болно.

Татварын улсын байцаагч “Х-У” ХК-ийн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо.

 

 

 

Зөрчлийн утга агуулга

он

Зөрчлийн

дүн

Нөхөн

татвар

Торгууль (төлөх татварын хэмжээ 10%- иас

хэтрэхгүй)

Алданги

20%-иас

хэтрэхгүй

Нийт дүн

2

НӨАТ

тайланд

хасагдахгүй

худалдан

авалт

2016

1,065,229.90

106,523

31,956.90

83,961.40

222,441.30

2017

172,848.70

17,284.90

5,185.50

10,224.00

32,694.30

 

2018

 

576,672.70

 

57,667.30

 

17,300.20

 

21,221.60

 

96,189.00

 

 

 

1,814,751.40

 

181,475.10

54,442.50

115,407.00

351,324.70

3

Үндсэн хөрөнгө худалдан авч НӨАТ- аас хасалт хийсэн

 

2018

 

8,863,636.40

 

886,363.60

 

265,909.10

 

326,181.80

 

1,478,454.50

 

Дүн

 

8,863,363.40

886,363.60

17,483,273.10

326,181.80

1,478,454.50

 

Эндээс тооцооллыг холбогдох хуулийн заалт болон тооцоололд дурдсан нөхөн татвараас торгууль, алдангийг бодож, шалгаж үзэхэд дор дурьдсан тооцоолол гарч байгааг шүүх анхааралдаа авна уу.

Зөрчлийн утга агуулга

он

Зөрчлийн

дүн

Нөхөн

татвар

Торгууль (төлөх татварын хэмжээ 10%- иас

хэтрэхгүй)

Алданги

20%-иас

хэтрэхгүй

Нийт дүн

 

 

2

НӨАТ

тайланд

хасагдахгүй

худалдан

авалт

2016

1,065,229.90

106,523

10,652

21,304.6

138,479

 

 

2017

172,848.70

17,284.90

1728

3456.98

22,468

 

 

 

2018

 

576,672.70

 

57,667.30

 

5766

 

11533.46

 

74,966

 

 

 

 

дүн

1,814,751.40

181,475.10

18,146

36,295.04

235,916

 

 

3

Үндсэн хөрөнгө худалдан авч НӨАТ- аас хасалт хийсэн

 

2018

 

8,863,636.40

 

886,363.60

 

88,636

 

177,272.72

 

1,152,272

 

 

 

Дүн

 

8,863,363.40

886,363.60

88,636

177,727.72

1,152,272

 

 

Мөн 1 дэх зөрчил буюу тайлангаар ногдсон нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлийн хувьд өмнөх бүлэгт дурьдсанаар актад дурьдсан дүн, актын Хавсралтад заасан тооцооллоос зөрүүтэй байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзнэ.

 

2.8. Шүүхийн шийдвэрт “...Х-У” ХК-д хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарын нэр дурьдаад Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга нь томилолт олгосон нь үндэслэлтэй гэж үзсэн төдийгүй, “...ерөнхий удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн, хяналт шалгалт томилолтод өөрчлөлт сунгалтыг хийсэн нь холбогдох хууль, журам зөрчөөгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль болон журамд нийцээгүй гэж үзэж байна.

 

2.9 Хэргийн материалд “Х-У” ХК-д татварын хяналт шалгалт хийсэн удирдамж, томилолтыг үзэхэд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг үндэслэн татварын хяналт шалгалт хийсэн нь хууль бус гэж үзэж байгаа ба удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл, хамрагдах хугацаа, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч зэргийг тусгаагүй тул татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн гэж үзэж байна.

 

2.10 Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-т “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт татварын алба, хэлтэс нийтээр мөрдөгдөх захиргааны хэм хэмжээ буюу Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалын Хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтыг хийх ерөнхий удирдамж”-ийг үндэслэл болгож, “удирдамжаар гүйцэтгэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

2.11 Түүнчлэн тус ерөнхий удирдамжийн 2.2.3-т “Татварын улсын байцаагч хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид өөрийн нэр, албан тушаалаа танилцуулж, Татварын улсын байцаагчийн үнэмлэх, “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”...ийг үзүүлэн...” гэж заасан тул удирдамжгүйгээр татварын хяналт шалгалтыг хийсэн гэж үзэж байгаа болно.

 

2.12. Мөн нэхэмжлэгч компанид татварын хяналт шалгалт хийх томилолтыг Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Энхтайван гарын үсэг зурсан байх бөгөөд дээр дурдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн 2.2.4-т “....томилолт олгосон эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний ажлыг албан ёсоор орлон гүйцэтгэж байгаа татварын улсын (ахлах) байцаагч томилолтын хугацааг сунгаж, өөрчилж, цуцалж болно” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь тус компанид татварын хяналт шалгалт хийх томилолтод Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Энхтайван гарын үсэг зурсан тохиолдолд томилолтын хугацааг томилолт олгосон эрх бүхий албан тушаалтан сунгахаар атал Багануур дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Б, мөн тасгийн дарга Э.Б нараас сунгалт хийсэн нь хяналт шалгалтыг удирдан гүйцэтгэх үүргээ үйл ажиллагааны зөрчилгүй, хяналт шалгалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 

2.13. Түүнчлэн, нөгөө талаар томилолтод Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн дарга Т.Э гарын үсэг байдлаас үзвэл уг хяналт шалгалт нь нарийн төвөгтэй хяналт шалгалт байх тул тусгай удирдамжийн дагуу шалгаж гүйцэтгэхээр байсан байна. Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, татварын хяналт шалгалт хийсэн 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн 2790300002 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Х-У” ХК-ийн татвар төлөлтийн байдалд шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27190300002 дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,067,838.8 төгрөгийн нөхөн татвар, 17,483,273.1 төгрөгийн торгууль, 8,954,112.4 төгрөгийн алданги, нийт 27,505,224.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Тус компани нь нөхөн ногдуулалтын актын хавсралтаар торгууль, алданги ногдуулсан дүн нь актын тогтоох хэсэгт ногдуулсан дүнгээс зөрүүтэй, мөн удирдамж, томилолт олгох журмыг зөрчиж хийсэн учраас утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. 

4. Давж заалдах гомдолд “... татварын актад дурдсан зөрчлийн дүн нь тухайн актын хавсралтад заасан зөрчлийн дүнгээс зөрүүтэй” учраас утга агуулгын илэрхий алдаатай” гэжээ.

5. Нөхөн ногдуулалтын 27190300002 дугаар актын хавсралт 2016, 2017, 2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцооны хүснэгтийн “Шилжүүлбэл зохих дүн” баганын “Бүгд” гэсэн хэсэгт заасан дүн нь татварын актад бичсэн дүнгээс зөрүүтэй боловч нэхэмжлэгчийн маргаж буй ногдуулсан торгууль, тооцсон алдангийг тухайн “Бүгд” дүнгээс тооцоогүй, нэхэмжлэгчийн хэсэгчлэн төлж байсан татварыг тухай бүр нь хасаж, үлдэх татварыг хугацаа хэтрүүлсэн хоногуудад нь тооцож, торгууль алдангийн дүнг гаргасан нь актад дурдсан торгууль, алдангийн хэмжээнээс ямар  нэгэн зөрүүгүй байх тул “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэхгүй.

6. Мөн гомдолд “... Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэж, төлөгдөөгүй татварын 10 хувиар торгохоор заасныг хэрэглэсэн гэж актад дурдсан атлаа тооцооллын алдаа гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй” гэж дурдаад хүснэгтээр тооцоолол хийхдээ “Торгууль 10 хувиас хэтрэхгүй”, “Алданги 20 хувиас хэтрэхгүй” гэсэн байдлаар тооцооллыг хийж, актаар зөрчлийн 2, 3 дахь хэсэгт торгуулийг 30 хувиар тооцсон хэсгээс зөрүүтэй гаргасан нь үндэслэлгүй байна.

7. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан.

8. Нөхөн ногдуулалтын акт гаргах үед мөрдөгдөж байсан 2019 оны Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан болон төлөөгүй тохиолдолд нөхөн төлүүлэх татварын 40 хувиар торгохоор заасан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

9. Үүнтэй холбоотой дээрх дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтын дагуу 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д[1]Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг, мөн 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 5-д[2] “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан, бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Нөхөн ногдуулалтын актад дурдсан 2, 3 дахь зөрчил болох нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд нөхөн татварын 30 хувиар торгууль ногдуулсан нь үндэслэлтэй.

10. Мөн давж заалдах гомдолд “... хяналт шалгалт хийхдээ тусгай удирдамжгүй хийсэн, томилолтыг олгох, сунгахдаа Нийслэлийн болон дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга гарын үсэг зурсан нь холбогдох хууль журмыг зөрчсөн ...” гэжээ.

11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, татварын хэлтсийн дарга өөрчлөгдсөн, хяналт шалгалтын тасгийн дарга өөрөө хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнд орсон зэрэгтэй холбоотой томилолтыг Нийслэлийн Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга гарын үсэг зурж олгон, сунгахдаа Багануур дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга гарын үсэг зурсны улмаас Нөхөн ногдуулалтын актыг эрх хэмжээгүй этгээд гаргасан, утга агуулгын илэрхий алдаатай буюу илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

12. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/0879 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн өмгөөлөгч Д.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                      Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                                      С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] Тус 74 дүгээр зүйлд 2015.12.04-ний өдөр өөрчлөлт орсон

[2] Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд 2019.03.22-ны өдрийн өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан