Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 155

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э Б Э Ж Э” ХХК /РД: /

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн  даргын 2015 оны 299 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Э Б Э Ж Э” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, У.С, иргэдийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Манай компанид Өмнөговь аймгийн М******* сумын нутаг О******* м******* нэртэй 64975.04 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгосон байдаг. 

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэг Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл буюу хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", 32.1-д “Тусгай       зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий 

хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.6, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байна. 

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээсэн үүргийн тухайд: 

Манай компани нь дээр дурдсан хуулийн заалтуудыг бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. Тодруулбал тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт эхний жилд га тутамд 0.1 америк доллараар бодож, 2 дахь жилд 18.566.650 төгрөг, 3 дахь жилд 25.878.167 төгрөг, 4 дэх жилийн төлбөрт 82.755.517 төгрөг, 5 дахь жилийн төлбөрт 90.801.*******1 төгрөг, 6 дахь жилийн төлбөрт 107.563.869 төгрөгийг тус тус төлсөн. 7 дахь жилийн төлбөрийг өөрийн компанийн санхүүгийн боломжид тулгуурлан хоёр хувааж хийхээр төлөвлөн эхний ээлжид 54 сая 500 мянган төгрөгийг төлсөн. Компанийн санхүүгийн тайлангаас харагдана.

Түүнчлэн жил бүр 1-7 дахь жилд хайгуулын ажлын завсрын төлөвлөгөө, тайланг Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянан баталгаажуулсан ба үйлчилгээний хөлсийг төлж ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ, хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулах журмын дагуу зардлын доод хэмжээгээ баталгаажуулж ирсэн.

Дээр дурдсанаар 7 дахь жилийн хоёр хувааж хийхээр төлөвлөн эхний ээлжид 54 сая 500 мянган төгрөгийг төлсөн. Энэ тухай кадастрын төлбөр хариуцсан мэргэжилтнээс тодруулахад гүйцээгээд нэмж төлж бүртгүүлэх боломжтой тухай хэлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар бүлэг 35 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг буюу 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 

ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл энэ хуулийн 66.1.4-т заасан хариуцлага хүлээнэ”, 35.2-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 35.2.2. “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан”, 35.2.3 “төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө” гэсэн заалтыг бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. 

Манай оронд тулгарч буй санхүүгийн хямрал иргэн аж ахуй нэгж болон төрд асар их санхүүгийн дарамт үүсгэж байна. Энэ хямрал нь манай компанид ч нөлөөлсөн. 2015 онд 100 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авсан байдаг.  

Гурав. Ашигт малтмалын тухай хуульд заасан мэдэгдэл ирүүлээгүй тухайд:

Хариуцагч захиргааны байгууллага манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойг ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Учир нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах тухай огт мэдэгдээгүй. 

Хэрэв мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд бид хуулийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу Кадастрын хэлтэст эргэж хандах боломжийг олгосонгүй.

Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн.

М******* Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 09 тоот Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26.3, 28.2, 30.2, 39.5, 51.7, 51.8, 56.2, 56.4, 6,26-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан  байхыг  ойлгоно”  гэж  тайлбарласан  байх  ба  дээрх  тайлбар  гаргах болсон үндэслэл  бодож  үзэхэд  мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хэрхэн хүргэснийг маргаангүйгээр хийхийг ойлгохоор байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 07 дугаар 03-ны өдөр зөвлөмж гаргасан бөгөөд тус зөвлөмжийн 7-д “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл болдог. Тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцалсан талаарх маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ төрийн захиргааны төв байгууллага хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан эсэхийг тухайлбал тусгай зөвшөөрөл эзэмшигчийн лицензээ хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангасан эсэхийг сайтар шалгаж, нягтлан үзэх нь зүйтэй” гэсэн байна.

Дээрх хуулийн заалт, Улсын Дээд Шүүхийн тогтоол, зөвлөмжид заасан журмыг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас манай компанийн эрх ашиг хөндөгдсөн. Бид 2015 оны 05 дугаар сард төлбөрийн үлдэгдлийг тушааж бүртгүүлэхээр очиход тусгай зөвшөөрлөө цуцлагдсаныг мэдсэн бөгөөд тухайн үед Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Ч-тай удаа дараа уулзсан бөгөөд манай хүсэлтэд амаар 54.500 төлбөр төлснийг тодруулалгүйгээр цуцалсан байна. Иймд асуудлыг судлан үзэж нааштайгаар шийдвэрлэж үлдэгдэл төлбөрийг төлүүлж бүртгэж авах тухай хэлсэн. Гэвч хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст ажлаасаа гарч манай асуудал шийдвэрлэгдсэнгүй. Иймд одоогийн удирдлагуудад мөн хүсэлт гаргасан боловч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/228 тоотоороо боломжгүй хариуг өгсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх заалт байхаас бүрэн төлөх гэсэн заалт байхгүй, мөн захиргааны акт гаргахаас өмнө болон дараа нь мэдэгдэл өгөөгүй хуулийг зөрчсөн тул манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбартаа: “ ... 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ээлжит жилийн төлбөрийн 50 хувийг буюу 54,5 сая төгрөгийг төлсөн ч төлбөрийн үлдэгдэл байсан. Бид хариуцагч байгууллагын дарга болон мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзсан боловч мэдэгдэл хүргүүлэлгүй тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан байсан. 6/333 тоот мэдэгдлийг хүлээн аваагүй. 

Манай компани Ашигт малтмал, газрын тосны газарт болон Татварын байгууллагад бүртгэлтэй нэг л хаягтай. С******* дүүргийн 16 дугаар хороо, 27-******* тоот хаяг дээрээ байгаа. Энэ хаяг манай гэрийн хаяг. Компанийн үүсгэн байгуулагч Д.Б-ийн утасны дугаар 99111***. Д.Б нь “Б и” ХХК-ийн захирлаар ажилладаг. Чингэлтэй дүүргийн Баянбогд плазагийн 1-* тоот хаягт Д.Б түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан байх, 

Д.Б-н 99111*** дугаарын утас Ашигт малтмал, газрын тосны газарт хуулийн этгээдийн тодорхойлолтод бүртгэлтэй байдаг болохоор түүнтэй холбогдоод хаягаар нь хүргүүлсэн байх. Д.Б мэдэгдлийг хүлээн авсан байдаг ч компанийн өдөр тутмын ажилд оролцдоггүй болохоор төлбөрийн талаар мэдэхгүй, мартсан байх. Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Баянбогд плаза гэх хаягийг утсаар асууж хуулийн этгээдийн тодорхойлолт дээр нэмж бичсэн гэж харагдаж байна. Манайх тэр хаягт байхгүй. 

Би өөрөө компанийн өдөр тутмын асуудлыг хариуцдаг, миний 9911******* дугаарын утас 24 цагийн нээлттэй байдаг. Нэг удаа дуудлага хийгээд утсаа аваагүй гэдэг. Мессеж бичих боломжтой байсан. 

Кадастрын хэлтсийн дарга, удирдлагуудтай уулзаж санхүүгийн хувьд боломжгүй байгаа, хуваагаад 2015 оны 10 сард багтаагаад төлөх талаар хэлж байсан. Тийм боломжтой гэж ойлгуулсан. Тусгай зөвшөөрлийг цуцалсан тул 7 дахь жилийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, харин дутуу төлсөн 54.500.000 төгрөгийг 2017 онд хүсэлт гарган буцааж авсан.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Хариуцагчаас сүүлд гаргаж өгсөн хуулийн этгээдийн тодорхойлолтод “Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Баянбогд плаза” гэх хаягийг нэмж бичсэн байна. Энэ нь Д.Б-ийн бичгээс зөрүүтэй бөгөөд өөр хэн нэгэн утсаар асууж тэмдэглэсэн байх магадлалтай. Шүүхээс шаардсаны дагуу “М******* ш*******” ХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 08/59 дугаар албан бичигт ... "Э Б Э Ж Э" ХХК-ийн “Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, “Ш М х” ХХК-ийн байранд” гэх хаягаар илгээсэн...” гэж, хуулийн этгээдийн тодорхойлолт дээр “Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Баянбогд плаза” гэж тэмдэглэсэн байх бөгөөд хаягууд нь зөрдөг. Манай компани улсын бүртгэлийн байгууллагад болон Ашигт малтмал, газрын тосны газарт С******* дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 27-******* дугаар хаягт бүртгэлтэй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс буцаасан үндэслэл нь мэдэгдэл хүргүүлсэн хаяг тодорхой байх, хүргүүлсэн хаяг нь албан ёсны хаягтай нийцэж байгаа эсэхийг тодруул гэсэн. Тодорхой хэлбэл “М******* ш*******” ХК-ийн хүргүүлсэн хаяг болон Ашигт малтмал, газрын тосны газраас хүргүүлэхээр бичсэн хаягууд өөр байгааг хэлэх нь зүйтэй.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “...“Э Б Э Ж Э" ХХК-ийн 2017 оны  01  дүгээр  сарын  31-ний  өдөр  гаргасан  нэхэмжлэлдээ  дурдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 299 дүгээр шийдвэрээр хайгуулын ХV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Өмнөговь  аймгийн  М*******  сумын  нутаг  О******* м*******  нэртэй  65087  гектар  бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-012438 тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1336 дугаар шийдвэрээр “Э Б Э Ж Э” ХХК-д олгогдсон байна.

“Э Б Э Ж Э” ХХК-иас 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасныг кадастрын өргөдлийн бүртгэлийн ЕХ-00******* дугаарт бүртгэсэн байна. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон ХV-012438 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийж байсан.

Мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр хүчингүй болсон ХV-012438 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгасан байна.

Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн 1-6 дахь жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлж байсан бөгөөд 7 дахь жилийн төлбөрийг бүрэн төлөлгүй тавин дөрвөн сая таван зуун мянган төгрөгийг төлж /54.500.000/ үлдэгдэл зөрүүг төлөөгүй бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэг 32, 34 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй болно.

Төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 тоотоор хүргүүлсэн байна.

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2813 тоотоор мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдэл нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буцалтаар ирж бичиг хэргийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна.

Кадастрын  хэлтсийн  даргын  2015  оны  04  дүгээр  сарын  21-ний өдрийн 299 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн захиргааны акт болно. Иймд “Э Б Э Ж Э" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2014 оны 10 дугаар сарын 02-ны үеэр төлбөрөө дутуу төлсөн гэдгээ хэлэхэд алданги бодож төлж болно гэж хэлсэн. Ингээд хэлтсийн даргад санхүүгийн асуудал байгаа гэсэн гэж хэлэхэд цуцлахыг нь түр хойшлуулъя гэж хэлсэн. Тэгээд 2015 он гарсны дараа төлөөгүй гэж хэлэхэд мэдэгдэл хүргүүлж цуцал гэсэн үүрэг өгч, хариуцсан мэргэжилтэн цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээд цуцалсан.

Нөхцөл байдлаас үзвэл захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа харагдахгүй байна. Мэдэгдэл хүрсэн хүрээгүй эсэх дээр ярих бус, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах үндэслэл бүрдсэн бол захиргааны байгууллага цуцлах үүрэгтэй. Үүний дагуу хариуцагч байгууллага үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх анхаарч үзнэ үү.” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Хариуцагчаас мэдэгдэл хүргүүлсэн хаяг бүртгэгдсэн хаягаас зөрүүтэй байсан тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч байгууллагаас үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөх талаарх хугацааг тодорхой заагаагүй харагдаж байна. Үүнээс шалтгаалан гүйцээн төлөх боломжтой гэх ойлголт авчээ. Хугацаанд нь мэдэгдлээ хүргүүлээгүй хирнээ 04 дүгээр сард тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нь үндэслэлгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э Б Э Ж Э" ХХК нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн 

тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1336 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн М******* сумын нутаг О*******м******* нэртэй 65087 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-012438 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Э Б Э Ж Э" ХХК-д анх олгож, улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 881,  дүгээр шийдвэрээр 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал тус тус гурван жилийн хугацаагаар сунгаж, энэ талаар болон 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг урьдчилан төлсөн болохыг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ .

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр 97.462.******* ам доллар төлөхөөс  54.500.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн  байдаг ба үлдэгдэл зөрүүг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн болохыг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдсэн 6/333 тоот мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлж , улмаар Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж , энэ талаар 6/2813 тоот мэдэгдлийг  мөн өдөр хүргүүлсэн байдаг.  

Энэ хэргийн маргааны үйл баримтад буюу нэхэмжлэгч “Э Б Э Ж Э" ХХК нь тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тухай мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 тоотоор хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх, улмаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч өмнө нь шүүх шийдвэрлэсэн ч давж заалдах, хяналтын шатны шүүхээс “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаягаар хүргүүлсэн эсэхийг, мэдэгдлийг хүлээн авсан эсэхийг тогтоож, хариуцагч мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх нь зүйтэй” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 32.2-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд ... 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг ... байна.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ, хугацаа хэтэрсний алданги тооцох хугацаа, түүний хэмжээг тодорхой зааж, эдгээр нөхцөл шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар тодорхой хуульчилжээ.

Нэхэмжлэгч нь “...санхүүгийн хямралаас болж ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг хоёр хувааж хийхээр төлөвлөн 50 хувийг буюу 54.500.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2015 оны 10 дугаар сард багтаан хуваан төлөх боломжтой байсан.” гэх боловч холбогдох хуулийн нарийвчилсан дээрх зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан бүрэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн бол 30 хоногийн дотор алдангийн хамт төлөх боломжтойг, энэ хугацааг хэтрүүлбэл тусгай зөвшөөрөл цуцлагдахаар байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх, тухайн жилдээ төлөх зохицуулалт байхгүй, жил бүр урьдчилан, бүрэн төлөхийг тодорхой зохицуулсан байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөх хугацаа хэтэрснээс хойш алдангийн хамт төлөх 30 хоногийн дотор бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан ба 56.2-т “ийнхүү цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан энэ талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг хариуцагчид үүрэг болгосон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаст  2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөөгүй” гэж, “6/333 дугаартай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлсэн” гэж, 2 дугаар сарын 02-ны өдөр “2014 оны төлбөрийг 2014.11.02-ны өдрийг дуустал төлбөрийг төлөөгүй бол цуцлах шийдвэр гарах ёстой. Хяналтын хуудсыг 2015.1.23-ны өдөр нээсэн байна. ... төлбөр төлөлтийг санхүүгээр хянуулж төлөөгүй бол цуцлах” гэж, 2 дугаар сарын 09-ний өдөр “991111** дугаар холбогдох боломжгүй, 991105**  дугаар утсаа авахгүй байна” гэж, 2 дугаар сарын 10-ны өдөр “2014.10.02-нд 54.500.000 төлсөн боловч төлбөрийн зөрүүг төлөөгүй байна. /97.462.******* ам доллар төлөх ёстой/ гэж, 2 дугаар сарын 12-ны өдөр “991111** дугаарт залгаад төлбөр чинь дутуу байгааг хэлэв. 1 ам доллараар бодож төлсөн нь андуурал болсон гэдгээ хэлэв” гэж, 4 дүгээр сарын 20-ны өдөр “тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүүг төлөөгүй байна” гэж, 4 дүгээр сарын 21-ний өдөр “299 дүгээр шийдвэрээр цуцалсныг системд бүртгэв. 6-2813 тоотоор цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлэв.” гэж тус тус тэмдэглэснээс үзэхэд хариуцагч байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа хэтрүүлсний алдангийн хамт тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжийг нь хангасан, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.   

Нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх Кадастрын хэлтсээс 2015 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр хүргүүлсэн 6/333 тоот мэдэгдлийг бүртгэгдсэн албан ёсны хаягаар хүлээн аваагүй гэж маргадаг хэдий ч хариуцагч байгууллагын баримт бичиг хүлээлцэх дэвтэрт бүртгэгдсэнээр уг мэдэгдлийг 1 дүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагт Анхбаяр гэж ажилтан хүлээж авсан  бөгөөд буцаагдсан талаар тэмдэглэгээгүй, өөрөөр хэлбэл хаягтаа хүргэгдсэн, “М******* ш*******” ХК RD113294345MN бүртгэлийн дугаартай 6/333 тоот мэдэгдлийг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12.46 цагт “Э Б Э Ж Э" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Б-д гардуулсан нь ш******* хүргэгчийн дэвтэр болон илгээмжийн цахим мэдээллээр нотлогдож  байна. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан тухайлбал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангажээ гэж шүүх дүгнэв. 

Энэ нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 тоот “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол”-ын 6-д “Хуулийн 56 дугаар зүйлийн ....56.2, 56.4-д ... заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасантай нийцэж байна. 

Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанаас үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх 6/333 тоот мэдэгдлийг гардан авсан Д.Б нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч  байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төрийн захиргааны байгууллагад гаргаж өгсөн хуулийн этгээдийн тодорхойлолтод тэрээр компанийн үүсгэн байгуулагч, 50 хувийг эзэмшдэг гэж тэмдэглэгдсэн төдийгүй түүний утасны дугаар, цахим ш*******гийн хаяг, мөн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гэх “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбогд плаза 1-2 тоот” гэсэн хаяг бүртгэгдсэн, уг тодорхойлолтыг Д.Б өөрөө гаргаж өгсөн  байгаагаас үзэхэд түүнд мэдэгдлийг хүргүүлсэнд, хуулийн этгээдийн тодорхойлолтод тэмдэглэгдсэн утасны дугаараар түүнтэй холбогдон төлбөр дутуу төлөгдсөнийг мэдэгдсэнд хариуцагчийг буруутгахааргүй байна. 

Хэдийгээр мөн хуулийн этгээдийн тодорхойлолтод хуулийн этгээдийн албан ёсны хаяг нь “С******* дүүрэг 16 дугаар хороо Өнөр хороолол 27-******* тоот” гэж тэмдэглэгдсэн ч энэ нь компанийн үйл ажиллагаа явуулдаг хаяг биш, гүйцэтгэх удирдлагын гэрийн хаяг болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан, энэ хаягаар хариуцагч байгууллагатай харилцаж байсан баримтгүй, тухайлбал 2011, 2014 оны тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан талаарх мэдэгдлийг компанийн ажилтан гардан авсан байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгч 30 хоногийн дотор алданги, төлбөрөө гүйцэд төлж тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй байх боломжоо хэрэгжүүлээгүй тул ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны байна.  

Нэхэмжлэгч “Э Б Э Ж Э" ХХК-ийн захирал Д.Ч шүүх хуралдаан дээр “... Кадастрын хэлтсийн дарга, удирдлагуудтай удаа дараа уулзсан 7 дахь жилийн төлбөрийг дутуу төлсөн, үлдэгдэл төлбөрөө 2015 оны 10 дугаар сарын 02-ны дотор хуваан төлөх боломжтой гэж ойлгосон хэмээн эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчид найдлага төрүүлсэн хариуг амаар өгч байсан гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох баримтгүй, бичгээр хүсэлт гаргаж хариу авч байгаагүй, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүргээс чөлөөлөхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй.

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг мөн өдрийн 6/2813 тоотоор нэхэмжлэгчид хүргүүлсэн ч М******* ш******* ХК-ийн RD114832854MN бүртгэлийн дугаартай уг албан бичиг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “нүүсэн” шалтгаанаар буцаж ирсэн  байдаг,  өөрөөр  хэлбэл  тусгай  зөвшөөрлийг  цуцалсан 

талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч гардан аваагүй ч энэ нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй, учир нь цуцалсан шийдвэрт гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийн маргах эрхийг төрийн захиргааны байгууллагаас ч, шүүхээс ч хязгаарлаагүй болно.

Э Б Э Ж Э ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гаргасан захиргааны байгууллагын дээд шатны байгууллагад гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хариуг эс зөвшөөрч 2017 оны 2  дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан байх бөгөөд тус компани нь 2014 оны 11 дүгээр сарын 02-ны дотор алдангийн хамт төлөх боломжит хугацаанд болон түүнээс хойш 2015 онд ч, мөн ийнхүү 2016 оны 12 сард маргах хүртлээ тусгай зөвшөөрлийн төлбөрийн дутууг төлөөгүй байсны дээр дээрх дутуу төлсөн 54.500.000 төгрөгийг 2017 онд хүсэлт гарган буцаан гаргуулан авсан болохоо шүүх хуралдаан дээр илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн  “Э Б Э Ж Э" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “Э Б Э Ж Э" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА

                                ШҮҮГЧИД                         У.БАДАМСҮРЭН

                                                                   Д.ОЮУМАА