Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01252

 

“Х Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 832 дугаар магадлалтай,

“Х Х”ХХК-ний  нэхэмжлэлтэй

“О З” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний алданги, хохиролд нийт 47 181 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Нын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Дэлгэрдалай, түүний өмгөөлөгч С.Дондов, хариуцагчийн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Х”ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “О З” ХХК-ийн захирал Т.Нтай харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Манай компани гэрээний дагуу авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлэх үүргийг хүлээж, худалдан авагч “О З” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, барааны үнийн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний 6.5 дахь хэсэгт 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 30 хувь, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 40 хувь, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30 хувийн төлбөрийг барагдуулахаар тусгасан. Дээрх тоног төхөөрөмжийг манай компанийн 100 хувийн санхүүжилтээр нийлүүлэх шаардлагатай болсон тул БНСУ-ын олон жилийн түнш байгууллагатай харилцан тохиролцож, итгэлцлийн үндсэн дээр барааны үнийн зарим хэсгийг барьцаагүй дараа төлөх хэлбэрээр тохиролцон гэрээтэй уялдуулан хугацааг тохирсон. Худалдан авагч талд үүнийг ойлгуулж, гэрээнд төлбөрүүдийг төлөх үеийн ам.долларыг худалдан авах ханшаар Монгол төгрөгт шилжүүлэн төлбөр тооцоог хийхээр тусгасан. Гэтэл тохирсон хугацаандаа энэ компани санхүүжилтээ хийгээгүйгээс гадаад төлбөр тооцоог хуваарийн дагуу хийхийн тулд богино хугацаатай, хүү өндөр тодорхой хэмжээний зээлийг барьцаат зээлийн үйлчилгээнээс авч хэрэглэн орж ирээд 1.5 жил болсон, анх зах зээлээс 27 000 000 төгрөгөөр авсан. Хюндай Майти 2 буюу 3.5 тонны даацтай хувийн эзэмшилд байсан автомашиныг 8 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан ба улмаар гэрээний дагуу санхүүжилт хугацаандаа орж ирэхгүй байснаас хохирол учирсан. Мөнгөн дүнгээр нь тооцвол 13 000 000 төгрөг зөвхөн үүнээс болж үүссэн. Удаан хугацаанд төлбөр хийгдээгүйгээ төлөвлөж байсан бизнесийн ажил хойшлогдон алдагдал үүссэн. Мөн богино хугацаатай, хүү өндөр хэд хэдэн зээлийг энэ хугацаанд авч ашиглаж тодорхой хэмжээний төлөвлөөгүй алдагдал үүсгэж, НӨАТ-ын төлөгдөх өр үүссэн. Алданги үүссэн талаар сүүлийн төлбөр хийгдэх хүртэл сануулж байсан. Иймд бидний харилцан тохирсон 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот гэрээний 4.2.3-т худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 34 181 700 төгрөг болон гэрээний үүрэг биелэгдэхгүй удсанаас манай компанид үүссэн хохирол нийт 47 181 700 төгрөгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын ерөнхийлөгч манай улсад айлчлах болсонтой холбогдуулан Нийслэлийн авто замын газраас авто замуудыг сэргээн засч эхэлсэн ба Цэцэг төвийн уулзвараас Моннис явах зам дагуу яармагийн зам руу гэрлэн дохио суурилуулахаар 2014 оны 7 дугаар сард манай компани Нийслэлийн авто замын газартай гэрээ байгуулсан. Гэрээний шаардлагад материалыг өөрсдөө гаргах шаардлага тавьсан тул манай компани гудамж төслөөс мөнгө өгөхөөр буцаан төлөх нөхцөлтэй “Х Х”ХХК-иас гэрээ байгуулж материал авсан. Төслөөс 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний мөнгө орж ирэх ёстой байсан ч мөнгө орж ирээгүй. Нэхэмжлэгч компанитай манай компани удаан жилийн хамтын ажиллагаатай харилцаж байсан нь үнэн. Манай компани ч тус компанитай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэхийг хүсч байсан. Гэтэл манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдал үүсч төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76, 77.1-д тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусах нөхцөлтэй талууд гэрээгээ байгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дууссан. Тухайн үед Засгийн газар огцорч, Эдийн засаг хөгжлийн яам татан буугдсан эдийн засгийн онцгой өөрчлөлтөөс болж манай компани зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул үүргээс чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манай компаниас үл шалтгаалсан энэ явдал нь Засгийн газар, яамдууд татан буугдсан нөхцөл байдлуудаас шалтгаалсан. Манай компани яамнаас ажлын хөлс аваагүй боловч “Х Х”ХХК-иас авсан зээлээ бага багаар төлж байсан. Гудамж төслийн санхүүжилт 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орой дансанд ороход манайх 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө тус компаний данс руу шилжүүлсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т торгуулийн хэмжээ нь нийт авсан барааны үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байхад нэхэмжлэгч үндсэн зээлээс давсан хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн манайд зээлдүүлсэн мөнгөө төлөх зорилгоор автомашин барьцаалж зээл авсан гэж 13 000 000 төгрөг нэхэмжилж байгаа баримтууд шаардлага хангахгүй, тамга тэмдэг бүдэг, засвартай байна. Мөн ломбардны баримтаас харахад тус автомашин иргэн Ц.Дэлгэрдалайн өмчлөлийн автомашин тул нэхэмжлэлд хамааралгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “О З” ХХК нь 2014 онд Нийслэлийн авто замын газраас хэрэгжүүлсэн гудамж төсөлтэй гэрээ байгуулан тодорхой цэгүүдэд авто замын гэрлэн дохио суурилуулсан. Ийнхүү гэрлэн дохио суурилуулахад шаардагдах бараа материалыг “Х Х”ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 03 дугаартай худалдан худалдан авах гэрээ байгуулан авч, төлбөрийг төслийн санжүүжилт орох үед төлөхөөр тохирч гэрээг бичгээр байгуулахдаа санхүүжилт орох боломжит хугацааг тооцон төлбөр графикийг оруулсан. Гэрээг байгуулах үед гэрээний үнийг тохиролцоход “Х Х”ХХК нь төлбөрийг заавал доллараар тохиролцоно, зарахдаа мөн ч доллараар тооцоо хийнэ гэж байсан. “О З” ХХК-ийн зүгээс төлбөрийг төгрөгөөр хийх сонирхолтой байсан, үүнийгээ ч илэрхийлж байсан боловч төслийн гүйцэтгэлийг цаг хугацааны давчуу байдал, худалдагч талтай бизнесийн харилцаатай зэргийг харгалзан худалдагч талын нөхцлөөр хийсэн. Ийнхүү гэрээний 2 дахь хэсгийн 2.1 дэх өмнө дурдсан жагсаалтад орсон барааны үнэ 35 140 ам.доллар болно. Бараа нь импортын бүтээгдэхүүн тул тооцооны нэгжийг ам.доллараар тооцох ба шаардлагатай тохиолдолд ам.долларыг зах зээл дээрээс худалдан авах ханшаар тооцоолж, тооцоог хийж болно хэмээн заасан. Тус заалтыг хоёр дахь өгүүлбэрийг үзэхэд худалдагч талын хүсэл зоригийн дагуу ийнхүү үнийг ам.доллараар тохирсон. Гэрээний дээрх заалт нь Монгол Улсын Их хурлаас 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Тус заалт ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 03 тоот худалдах, худалдан авах гэрээний 2.1 дэх хэсэгт заалтад гэрээний үнийг ам.доллараар илэрхийлсэн нь хүчин төгөлдөр бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу 03 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3. 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О З” ХХК-иас алданги 29 346 180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Х”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 835 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт зааснаар “О З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х Х”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 860 төгрөгийг, “О З” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 304 681 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 832 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О З” ХХК-иас алданги 21 410 626 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Х”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 771 074 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үнийг ам.доллараар илэрхийлснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “304 681” гэснийг “265 003” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О З” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Н хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хэлэлцэн тохирсон эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчаас шилжүүлэн авсан эд хөрөнгийг үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Манай байгууллагын зүгээс худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлж дуусгасан. Энэ талаар зохигчид маргаагүй. Иймээс “Хөөврийн хаяа” ХХК нь анз шаардах эрхгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд гэрээг байгуулах эрхтэй боловч гэрээ нь хуулийн зохицуулалтад нийцсэн байхыг шаарддаг. ““О З”” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Хөөврийн хаяа” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч тус бичгээр байгуулсан гэрээ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтыг зөрчиж хийгдсэн гэрээ юм. Иймээс хуульд заасны дагуу анз шаардах эрхийг бий болгохгүй. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Х”ХХК нь хариуцагч “О З” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алданги 34 181 700 төгрөг, хохирол 13 000 000 төгрөг нийт 47 181 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “санхүүжилтийг хугацаандаа өгөөгүй учраас төлбөр хойшилсон гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан, гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үнийг ам.доллараар илэрхийлснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 29 346 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх багасгаж, 21 410 626 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д нийцсэн байна.

Хоёр шатны шүүх талуудын байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн  худалдах-худалдан авах гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, үүрэг гүйцэтгэсэн хугацаа, гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, анзын тохиролцоо зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг “анз” гэдэг тул гэрээний 4.2.4-т торгуулийн нийт хэмжээ нь нийлүүлсэн барааны нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй байна гэж заасан гэрээний тохиролцоог үндэслэж, анзын хэмжээг багасгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэрээнд зааснаар “Х Х”ХХК нь авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас бэлтгэн нийлүүлэх, “О З” ХХК нь барааны үнийн 30 хувийг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 40 хувийг 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 30 хувийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцсон боловч “О З” ХХК нь үүргээ хугацаа хэтрүүлэн биелүүлсэн байх тул алданги төлөх үүрэг үүсчээ. Гэрээний 4.2.3-т нийлүүлэгчийн хуваарьт хугацаанд нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заагдсан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсны торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувь байхаар тооцно гэж заасан нь алданги тохирсон агуулгатайгаас гадна гэрээний 4.2.4-т торгуулийн нийт хэмжээ нь нийлүүлсэн барааны нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй байна тохиролцоо нь 4.2.3-т заасан алдангийн дээд хэмжээг тогтоосон гэж үзэх тул алдангийн хэмжээг багасгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 218 дугаар зүйлийн 218.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 832 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА