Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 121

 

                              2020/ШЦТ/121

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Д.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Өд холбогдох эрүүгийн 2012000890070 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай сумын Чандмань баг, ...............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дгийн Ө/РД:АЙ................./ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Чандмань баг, Ганга гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2.72 метр куб хэмжээтэй, 42 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 502.656 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 24-91 АРА улсын дугаартай Маяти маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2012000890070 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нн өгсөн: 

“...Ямар нэгэн гомдол байхгүй. Модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 502.656 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/ 

          *Гэрч Г.Эын өгсөн: 

          “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай хажуугийн буюу нэг хотонд байдаг Д.Ө гэх ах манай гэрт орж ирээд би мод бэлдсэн байгаа энэ модыг Өндөр-Улаан сум орохдоо Цахир суманд буулгаад өг гээд гуйхаар нь би гарал үүслийн бичиг байгаа биз гэтэл гарал үүслийн бичиг байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнд тус больё гэж бодоод Д.Ө ахын Архангай аймгийн Хангай сумын Чандмань баг Доод Төмөртийн Ганга гэх газарт модны захад цагаалж бэдсэн байсан модыг Цогтоо, Д.Ө нартай хамт өөрийн 24-91 АРА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачаад тээвэрлэж Хангай сумын төвд орж иртэл сумын цагдаа Б.Г гэх цагдаа зогсоож шалгатал Д.Ө би гойжин аваагүй байсан  гэж хэлсэн. Би тэгээд зөвшөөрөлгүй модыг нь ачиж явсан гэдгээ мэдсэн. Миний тээврийн хэрэгслийн 7,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байсан. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 09 дүгээр сард хувь хүнээс 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийг авмаар байна. Д.Ө энэ модыг ганцаараа гар хөрөөгөөр бэлдсэн гэсэн. Д.Ө ахын амьдрал тааруу цахилгаан хөрөө байдаггүй. Ганцаараа ууланд очоод унааг мод болон босоо модыг удаан хугацаагаар бэлдсэн юм шиг байна лээ, хар ажилд сайн хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/ 

           *Гэрч Б.Гын өгсөн: 

           “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний 20 цаг 30 минутын үед Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Хяналт шалгалтаар ажиллаж байхад 24-91 АРА улсын дугаартай Маяти маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Г.Э нь мод тээвэрлэх эрхийн бичиггүй, нойтон мод тээвэрлэсэн байсан нь гэмт хэргийн шинжтэй байсан тул түр саатуулах байранд саатуулж илтгэх хуудас бичиж, дуудлага мэдээллээр оруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/ 

         *Гэрч Б.Цын өгсөн: 

         “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн Дээд төмөрт гэх газраас гэрээсээ өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр доод төмөрт гэх газар Д.Өгийн гэрт очоод байж байтал намайг мод ачаад өг Архангай аймгийн Цахир сум явах гэсэн юм гэхээр нь Маяти маркийн 24-91 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолооч Г.Э машинаа бариад модны захад бэлдэж тавьсан модыг нь ачиж өгөөд сумын төв орж ирээд Цахир сум явах гээд явж байгаад цагдаа шалгаад мод тээвэрлэх эрхийн бичиггүй байна гээд тээврийн хэрэгсэлийг саатуулсан надад өөр мэдэх юм байхгүй. Д.Ө, Г.Э бид 3 ачсан. Д.Ө бэлтгэсэн гэж тухайн үед хэлж байсан. Уг мод нь нойтон мод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/ 

         *Гэрч Б.Ганхуягийн өгсөн: 

         “...Д.Ө надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Надаас хүмүүс ирж мод авах газраа заалгаад явдаг, надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/ 

         *Яллагдагч Д.Өгийн өгсөн: 

          “...Би дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь үнэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-60 дугаар тал/ 

         *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн”...2.72 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж шинэс /нойтон мод/ 132000₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /нойтон/ 1.4 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 502,656 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 41 дүгээр тал/ 

           *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-7-р тал/ 

           *Зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 9-13 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Чандмань баг, Ганга гэх газраас Д.Ө нь 2.72 метр куб хэмжээтэй, 42 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 502.656 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Ө үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нн”...Модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 502.656 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эын”...Тэгэхээр нь би хүнд тус больё гэж бодоод Д.Ө ахын Архангай аймгийн Хангай сумын Чандмань баг Доод Төмөртийн Ганга гэх газарт модны захад цагаалж бэдсэн байсан модыг Цогтоо, Д.Ө нартай хамт өөрийн 24-91 АРА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачаад тээвэрлэж Хангай сумын төвд орж иртэл сумын цагдаа Б.Г гэх цагдаа зогсоож шалгатал Д.Ө би гойжин аваагүй байсан гэж хэлсэн. Би тэгээд зөвшөөрөлгүй модыг нь ачиж явсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Өг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж явахад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад таарсан гэх гэрч Б.Гын ”...Хяналт шалгалтаар ажиллаж байхад 24-91 АРА улсын дугаартай Маяти маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Г.Э нь мод тээвэрлэх эрхийн бичиггүй, нойтон мод тээвэрлэсэн байсан нь гэмт хэргийн шинжтэй байсан тул түр саатуулах байранд саатуулж илтгэх хуудас бичиж, дуудлага мэдээллээр оруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цын”...Архангай аймгийн Цахир сум явах гэсэн юм гэхээр нь Маяти маркийн 24-91 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолооч Г.Э машинаа бариад модны захад бэлдэж тавьсан модыг нь ачиж өгөөд сумын төв орж ирээд Цахир сум явах гээд явж байгаад цагдаа шалгаад мод тээвэрлэх эрхийн бичиггүй байна гээд тээврийн хэрэгсэлийг саатуулсан надад өөр мэдэх юм байхгүй. Д.Ө, Г.Э бид 3 ачсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганхуягийн”... Д.Ө надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Надаас хүмүүс ирж мод авах газраа заалгаад явдаг, надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 502.656 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Өгийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Өг хууль бусаар мод бэлтгэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг модыг тээвэрлэсэн жолооч Б.Э уг модыг зохих зөвшөөрөл аваагүй гэдгийг мэдээгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч Д.Өд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Өг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд  502.656 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлж нийт 1.680.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Ө нь хохирогч байгууллагад төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар /хх-н 79-р тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Өг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Д.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Шүүгдэгч Д.Өгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2.72 метр куб модыг тус тус улсын орлогод оруулахаар, хэрэгт битүүмжлэгдсэн 24-91 АРА улсын дугаартай Маяти маркийн автомашиныг эзэмшигчид иргэний нэхэмжлэгч Г.Эод буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б овогт Дгийн Өг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 2.72 метр куб хэмжээ бүхий 42 ширхэг шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, сүхийг тус тус улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 17 тоот тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн Маяти маркийн авто машиныг эзэмшигч Г.Эод буцаан олгосугай. 

6. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР