| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0126/э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 133
2020/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Бын Эд холбогдох эрүүгийн 2012000000146 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, ..................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Бын Э/РД:МЮ.................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Баян-Улаан хорооллын 16-15 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам ээж болох хохирогч Л.Гг гэр бүлийн хүчихийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулай хэсгийн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012000000146 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Л.Ггийн өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө эхнэрээ ажилдаа явсаны дараа Б.Э хувцсаа өмсөөд гарсан. Тэр өдрөө гэртээ ирээгүй, утас нь холбогдохгүй байсан. Шөнө 01 цагийн орчим согтуу орж ирээд миний охин А.Бтэй хэрүүл хийж, хүргэн ахтайгаа банзалддаг, над руу болохоор хоолныхоо шавхрууг өгдөг гэж агсарч байгаад унтсан. Бид хоёр тухайн үед юу ч яриагүй. Маргааш өглөө нь Б.Э босчихоод бас эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь би хар өглөө битгий хэрүүл маргаан хийгээд бай ажилдаа яв гэж хэлсэн чинь намайг балай авгай минь битгий хуцаад бай ална шүү гэж хэлснээ намайг гараараа нүүр рүү цохиж авсан, миний охин дундуур ороход бас миний охиныг цохисон, миний толгой руу олон удаа гараараа цохисон, одоо миний толгой цохисон газарт нь хавдчихсан, хэсэг газар язарчихсан гэмтэлтэй байна. Мөн нүүр рүү цохьсон нь зүүн нүдний орчим таарч одоо нүд хөхөрч хавдсан байна. Мөн миний гар утсыг булааж авч голоор нь хуга дарчихсан. Охин А.Б бид хоёр Б.Этэй ноцолдож байж арай гэж гэрээс гаргатал хашаан дотор байсан татуурга авч цохих гэж дайраад байхаар нь би аллаа гэж орилтол цэцэрлэгийн уурын зуухны галч Ц.О хашаа давж орж ирж Б.Эг болиулсан. Тэр хооронд нь охин бид хоёр гэртээ ороод хаалгаа түгжиж цагдаад дуудлага өгсөн. Миний толгой хэсэг газартаа язарсан, олон газарт хавдаж хөхөрсөн. Зүүн нүд хавдаж хөхөрсөн байна. Надад урьд өмнө нь гар хүрч байгаагүй, харин элдэв муу үгээр байнга хэлж гүтгэн, доромжилдог. Эхнэр А.Бийг бол архи уух болгондоо хэрэлдэж, элдвээр харааж зүхэж, цохих гэж гар далайж байдаг. Том охиноо дандаа ална гэж заналхийлдэг. Архийг өдөр болгон уудаг. Ажилтай өдрөө архи уухгүй бусад үед байнга архи уудаг. Би одоо Б.Эг согтуу ирэх болгонд яах бол гэж айдас түгшүүртэй байдаг. Би гомдолтой байна. Одоо охиноо Б.Эөөс салгаж амар тайван амьдрах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/
*Гэрч А.Бийн өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой гэртээ унтаж байхад шөнө 01 цагийн орчим манай нөхөр Б.Э нь согтуу гэртээ орж ирсэн. Манай нөхөр намайг хүргэн ахтай хардаад байдаг. Тухайн шөнө бас намайг хүргэн ахтай хардаж элдэв үгээр хэлж байгаад унтсан. Өглөө нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн орчим би нөхөр Б.Эг босгоод ажилдаа яв гэхэд архи нь гараагүй миний өөдөөс намайг гичий минь чи хүргэн ахтайгаа явалддаг биздээ, чамайг сумын хүмүүс тэгж ярьж байна гэж над руу орилж хашгираад байхаар нь чи юу яриад байгаа юм, хэн тэгж байна, тэр хүнээ дагуулаад ир гэтэл чамд хэлэхгүй гээд надтай хэрэлдээд байсан. Миний ээж гаднаас бие засчихаад орж ирээд Б.Эд хандаж юу болоод өглөө хэрүүл маргаан хийгээд байгаа юм гэтэл миний ээжийг балай авгай минь чамд ямар хамаатай юм гэж миний ээжийг доромжлоод байсан. Тэр үед миний бага хүү болох Э.Элбэгбаяр нь миний гар утсыг авч хүүхэлдэйн кино үзье гэхээр нь би яах юм бэ гээд ширээн дээр утсаа тавьчихсан байхад Б.Э миний утсыг авснаа газар хаяад дээрээс нь дэвслэх гээд байхаар нь би доошоо тонгойж утсаа авах гэтэл ээж Б.Эг чи яах гээд байгаа юм болиоч гэтэл Б.Э ээжийг гараараа нүүр, толгой руу нь 3-аас 4 удаа цохиж ээжийн утсыг булааж авснаа голоор нь хуга дарчихсан. Би ээжийг өмөөрч Б.Эг түлхээд гэрээс гаргах гэтэл миний нүүр рүү гараараа 2-оос 3 удаа цохиж авсан. Б.Э ээж бид хоёртой гэрээс гарахгүй ноцолдоод ээжийг түлхэж газарт унагаасан, ээж гадаа гарчихаад аллаа гээд орилоход цэцэрлэгийн уурын зуухны галч Ц.О ах хашаа давж орж ирээд Б.Эг салгаж авсан. Тэр хойгуур нь ээж бид хоёр гэртээ орж хаалгаа түгжиж аваад сувилагч Байгалмаа руу утсаар ярьж болсон явдлыг хэлж цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед ийм зүйл болсон. Миний хамар болон чихний ард цохисон газар нь хавдаж өвчтэй болсон байсан. Миний ээж Л.Ггийн биед толгой нь хэсэг газартаа язарсан, олон газарт хавдаж хөхөрсөн. Зүүн нүдний доод хэсэгт хавдаж хөхөрсөн байсан. Миний ээж Л.Г 2017 онд аавыг өнгөрсөнөөс хойш Б.Э бид хоёртой хамт амьдарч байгаа. Б.Э нь сүүлийн хоёр жил говьд ачааны тэрэг барьж ажил хийж байгаад 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Ихтамир суманд гэртээ тогтвор суурьшилтай хамт амьдарч байна. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/
*Гэрч Ц.Оийн өгсөн:
“...Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө эрт Цэцэрлэгийн хашаагаа тойрчихоод галч Баяртүвшингийн хамт хашааны хаалга засаад байж байтал зэргэлдээ хашаа болох Л.Г эгчийн хашаанаас эмэгтэй хүн авраарай гэж орилохоор нь хартал хүргэн Б.Э нь байшингийнхаа үүдэн дээр хүнтэй ноцолдоод байх шиг харагдахаар нь би хашааг давж ортол эхнэртэйгээ хэрэлдэж байсан. Эхнэр нь уйлчихсан Б.Этэй хэрэлдээд байшингаасаа түлхэж гаргах гээд байсан, Л.Г эгч ард нь толгойноос нь цус гарчихсан уйлаад сууж байсан. Би Б.Эг миний дүү ингэж болдоггүй юм гээд дагуулаад хашаанаас нь гаргасан чинь гудамж уруудаад яваад өгсөн. Би юу болсон талаар сайн мэдээгүй. Б.Эг яваад өгөхөөр нь ажлаа хийгээд үлдсэн. Намайг очих үед цохиж зодсон зүйл болоогүй. Харин Л.Г эгчийн толгойноос цус гарчихсан байсан. Би сайн анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Л.Г эгчийн толгойноос цус гарчихсан байсныг л харсан. Б.Эөөс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/
*Яллагдагч Б.Эгийн өгсөн:
“...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүмүүстэй архи уучихаад оройхон гэртээ ороод унтсан. Маргааш буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө манай эхнэр А.Б намайг босоод ажилдаа яваач, архи уугаад алга болчих юм, эртхэн ирээд хүүхдээ харахгүй, хүүхэд чинь халуураад байхад утас чинь холбогдохгүй архи гудраад алга болчих юм гэж намайг загнасан. Би хэлэхдээ чи намайг байсан айлыг мэдэж байж яваад ирэхгүй гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдаад байж байтал хадам ээж Л.Г хажуу талаас надад хандаж “би сумын эмнэлгийн даргад хэлж чамайг ажлаас чинь халуулна. Хол байсан солих оймсгүй гуйлгачинг авч ирж бидэнд гай болсон” гэхээр нь би хадам ээжтэй бас маргалдаж байтал А.Б утсаараа бичлэг хийгээд чиний энэ байдлыг гэрийнхэнд чинь үзүүлнэ гэхээр нь би утсыг нь булааж аваад уурандаа гараараа хуга дарчихсан. Тэгсэн хадам ээж, эхнэр хоёр намайг гар зайл гэж хөөгөөд байшингаас гаргах гэж хаалга руу түлхээд байхаар нь уурандаа хадам ээж Л.Ггийн толгой руу гараараа цохьчихсон. Тэгээд би байшингаас гараад хашаан дотроо байж байтал хажуу талын цэцэрлэгийн уурын зуухны хашаанаас хүн болиоч гэхээр нь би хашаанаас гараад явчихсан. Гудамжинд цагдаа тааралдаад намайг аймгийн төв рүү авч явж саатуулсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн байнга хамт амьдарч байгаа. Тэрнээс өмнө хадам ээж тусдаа байдаг байсан. Би эхнэр болон хадам ээжээс уучлалт гуйсан. Бид нар хоорондоо учраа ололцсон. Уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-51 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 164 дугаартай“...Л.Ггийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулай хэсгийн хуйханы язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Баян-Улаан хорооллын 16-15 тоотод иргэн Л.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Л.Гд агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Ггийн”...Б.Э босчихоод бас эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь би хар өглөө битгий хэрүүл маргаан хийгээд бай ажилдаа яв гэж хэлсэн чинь намайг балай авгай минь битгий хуцаад бай ална шүү гэж хэлснээ намайг гараараа нүүр рүү цохиж авсан, миний охин дундуур ороход бас миний охиныг цохисон, миний толгой руу олон удаа гараараа цохисон, одоо миний толгой цохисон газарт нь хавдчихсан, хэсэг газар язарчихсан гэмтэлтэй байна. Мөн нүүр рүү цохьсон нь зүүн нүдний орчим таарч одоо нүд хөхөрч хавдсан байна. Мөн миний гар утсыг булааж авч голоор нь хуга дарчихсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бийн”...Б.Э ээжийг гараараа нүүр, толгой руу нь 3-аас 4 удаа цохиж ээжийн утсыг булааж авснаа голоор нь хуга дарчихсан. Би ээжийг өмөөрч Б.Эг түлхээд гэрээс гаргах гэтэл миний нүүр рүү гараараа 2-оос 3 удаа цохиж авсан. Б.Э ээж бид хоёртой гэрээс гарахгүй ноцолдоод ээжийг түлхэж газарт унагаасан, ээж гадаа гарчихаад аллаа гээд орилоход цэцэрлэгийн уурын зуухны галч Ц.О ах хашаа давж орж ирээд Б.Эг салгаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оийн”...Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө эрт Цэцэрлэгийн хашаагаа тойрчихоод галч Баяртүвшингийн хамт хашааны хаалга засаад байж байтал зэргэлдээ хашаа болох Л.Г эгчийн хашаанаас эмэгтэй хүн авраарай гэж орилохоор нь хартал хүргэн Б.Э нь байшингийнхаа үүдэн дээр хүнтэй ноцолдоод байх шиг харагдахаар нь би хашааг давж ортол эхнэртэйгээ хэрэлдэж байсан. Эхнэр нь уйлчихсан Б.Этэй хэрэлдээд байшингаасаа түлхэж гаргах гээд байсан, Л.Г эгч ард нь толгойноос нь цус гарчихсан уйлаад сууж байсан....” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Эгийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 164 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Эгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Л.Ггийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулай хэсгийн хуйханы язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох хамт амьдарч байгаа хадам ээж Б.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Б.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хадам ээж Л.Ггийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Л.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Г нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Эг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР