| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0143/э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 145
2020/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Ц.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Лд холбогдох эрүүгийн 2012000980094 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага настай, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, .................. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Цийн Л/РД:АО................/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Цийн Л нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Тархинт гэх газраас 44 ширхэг 2.6775м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 08-34 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 104.422 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012000980094 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч З.Оын өгсөн:
“...Ц.Л нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн өмнө эрхийн бичиггүй Архангай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг багийн Тархинт гэх газарт өмнө зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан модыг өөрийн 0894 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү тээвэрлэж ойн санд 104,422 төгрөгийн хохирол учруулсан байна. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжпэгчээр оролцож байна. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч Ж.Оын өгсөн:
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Экологийн албанаас зохион байгуулж байгаа хяналт шалгалт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд экологийн ажил хариуцсан байцаагч Б.Чийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын төвд хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 22 цагийн Цэнхэр сум руу орж гардаг төв зам дээр мод ачсан Портер маркийн тээврийн хэрэгсэл явсныг зогсоож шалгахад жолооч Ц.Л нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчаасаа авна гэж ярьсан байсан. Энэ асуудлыг энэд нь шийдээд өгөөч гэж гуйгаад байсан. 08-34 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Ц.Л нь надад хэлэхдээ Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нурамт гэх газраас өөрийн гэртээ мод ачиж орж ирж байна гэж хэлсэн. Уг тээврийн хэрэгсэлд мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн болохоор тээврийн хэрэгслийг Архангай аймгийн Тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан. Ц.Л нь Нурамт гэх газраас модоо бэлтгэсэн гэж хэлж байсан. Хэзээ, хэнтэй мод бэлтгэсэн болохыг би мэдэхгүй. Портер маркийн тээврийн хэрэгслийн дэвшин дээр модоо хөндлөнгөөр нь ачсан байсан. Хуурай шинэс мод байсан. Уг модны шинж байдлаар нь харахад шинээр огтлол хийсэн гэмээр харагдаагүй. Гэхдээ огтлол хийж бэлтгэсэн шинэвтэр мод байсан. Нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Зорчигч нь хэн байсныг тогтоогоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч А.Мгийн өгсөн:
“...Би өөрийн 08-34 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж байсан. Би машинаа 5.000.000 төгрөгөөр зарж байсан, муудсан машин байгаа. Би өөрийнхөө нэр дээрээс Ц.Лгийн өмч рүү шилжүүлж амжаагүй байсан. Одоо миний машин биш Ц.Лгийн өмчийн тээврийн хэрэгсэл байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Б.Чийн өгсөн:
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд би экологийн байцаагч Ж.Оын хамт хяналт шалгалт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 0834 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бичиг баримтгүйгээр хуучин бэлтгэсэн модыг тээвэрлэж явсан. Уг тээврийн хэрэгслийн жолоочийг би шалгаагүй. Өөр тээврийн хэрэгсэл шалгаж явсан. Тэр шөнөдөө дээрх тээврийн хэрэгслийн жолооч Ц.Лгийн 0834 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг экологийн байцаагч Ж.О зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна гэж үзээд тээврийн хэрэгсэл саатуулах байранд авч ирж саатуулсан. Дан кабинтай Портерын тэвш дүүрэн мод байсан. Хуурай шинэс мод байсан. Хуучин бэлтгэсэн мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/
*Гэрч Б.Мийн өгсөн:
“...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би хадам ах Ц.Лгийн хөдөө гэрт очиход манай хүргэн ах өвөлжөөндөө нэг Портер мод татаад буулгаж байсан. Уг модоо 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Цэнхэр сумын төв рүү хадам аавынх нь бие муу гээд өөрийнхөө 08-34 ара улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Экологийн цагдаа нарт баригдсан гэж надад хэлсэн. Манай хадам ах Ц.Л нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нурант гэх газар мал маллаж эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Мал идээний хувьд цөөхөн тооны үхэр, хонь, ямаа, адуу гэсэн 4 хошуу малтай. Би тоо толгойныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/
*Яллагдагч Ц.Лгийн өгсөн:
“...Би дээрх модыг 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Цэнхэр сумын Тархинт гэх газраас зөвшөөрөлгүй ганцаараа нэг машин мод бэлтгэж өөрийн машинаараа тээвэрлэн авч ирсэн. Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-51 дүгээр тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн”... 2.6775 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ 39000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 104.422 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 64 дугаартай”...2001 онд үйлдвэрлэгдэж 2019 оны 01 сард МУ-д орж ирсэн 08-34 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 2.100.000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6, 8-9 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Тархинт гэх газраас Ц.Л нь 44 ширхэг 2.6775м3 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 08-34 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 104.422 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Л үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч З.Оын”...Ц.Л нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн өмнө эрхийн бичиггүй Архангай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг багийн Тархинт гэх газарт өмнө зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан модыг өөрийн 0894 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү тээвэрлэж ойн санд 104,422 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч Ж.Оын ”...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Экологийн албанаас зохион байгуулж байгаа хяналт шалгалт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд экологийн ажил хариуцсан байцаагч Б.Чийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын төвд хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 22 цагийн Цэнхэр сум руу орж гардаг төв зам дээр мод ачсан Портер маркийн тээврийн хэрэгсэл явсныг зогсоож шалгахад жолооч Ц.Л нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчаасаа авна гэж ярьсан байсан. Энэ асуудлыг энэд нь шийдээд өгөөч гэж гуйгаад байсан. 08-34 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Ц.Л нь надад хэлэхдээ Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нурамт гэх газраас өөрийн гэртээ мод ачиж орж ирж байна гэж хэлсэн. Уг тээврийн хэрэгсэлд мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн болохоор тээврийн хэрэгслийг Архангай аймгийн Тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Мгийн”...Би өөрийн 08-34 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж байсан. Би машинаа 5.000.000 төгрөгөөр зарж байсан, муудсан машин байгаа. Би өөрийнхөө нэр дээрээс Ц.Лгийн өмч рүү шилжүүлж амжаагүй байсан...” гэх мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч Б.Чийн”...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд би экологийн байцаагч Ж.Оын хамт хяналт шалгалт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 0834 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бичиг баримтгүйгээр хуучин бэлтгэсэн модыг тээвэрлэж явсан. Уг тээврийн хэрэгслийн жолоочийг би шалгаагүй. Өөр тээврийн хэрэгсэл шалгаж явсан. Тэр шөнөдөө дээрх тээврийн хэрэгслийн жолооч Ц.Лгийн 0834 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг экологийн байцаагч Ж.О зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна гэж үзээд тээврийн хэрэгсэл саатуулах байранд авч ирж саатуулсан. Дан кабинтай Портерын тэвш дүүрэн мод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мийн”...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би хадам ах Ц.Лгийн хөдөө гэрт очиход манай хүргэн ах өвөлжөөндөө нэг Портер мод татаад буулгаж байсан. Уг модоо 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Цэнхэр сумын төв рүү хадам аавынх нь бие муу гээд өөрийнхөө 08-34 ара улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Экологийн цагдаа нарт баригдсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 104.422 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Лгийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Лгийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ц.Лг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 104.422 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг /104.422*3=313.266/гурван зуун арван гурван мянга хоёр зуун жаран зургаа төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан тул шүүгдэгчээс 313.266 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Лгаас хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Шүүгдэгч Ц.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 08-94 АРА улсын дугаартай Портер маркийн автомашин нь авто тээврийн Үндэсний төвийн лавлагаагаар А.М гэх хүний эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх тул автомашиныг хураах боломжгүй, харин тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 313.266 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.786.734 төгрөг болон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 223.500 төгрөгийн үнэлгээ бүхий 2.6775 метр куб модыг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Л нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цийн Лг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Лгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.100.000/хоёр сая нэг зуун мянга/ гаргуулан авч шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 313.266/гурван зуун арван гурван мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 1.786.734/нэг сая долоон зуун наян зургаан мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 223.500/хоёр зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.6775 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР