Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 146

 

                                            2020/ШЦТ/146

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Бийн Эт холбогдох эрүүгийн 2012000000126 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, тусгай дунд боловсролтой, тариаланч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, .................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бийн Э/РД:АН..................5/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Элстэй гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.375м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 260.680 төгрөгийн хохирол учруулж, 46-42 АРА улсын дугаартай Ниссан Венетте/NISSAN VANETTE/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Шүүгдэгч Б.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би 03 дугаар сарын 27-ны өдөр модонд явсан. 03 дугаар сарын 29-ний өдөр бэлдсэн модоо авчирсан. Зөвшөөрлийн эрхийн хугацаа дууссан байсан гэх мэдүүлэг, 

           *Эрүүгийн 2012000000126 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Иргэний нэхэмжлэгч Сгийн өгсөн: 

“...Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Элстэй гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, байгаль орчинд 260.680 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Манай суманд улсын тусгай хамгаалалттай газарт Хөх нуур багийн хойд, урд голын эх гэх газар ордог. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/ 

          *Гэрч М.Вийн өгсөн: 

           “...Хяналт шалгалтаар 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хяналт шалгалтаар Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Элстэй гэх газарт ажиллаж байх хугацаанд 46-24 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэж явсан. Би дээрх ачиж явсан модны эрхийн бичгийг шалгаж үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мод бэлтгэх 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тээвэрлэх хугацаа нь дууссан эрхийн бичиг үзүүлээд жолооч Б.Э нь би өчигдөр энэ газраас мод бэлтгэсэн дахин мод бэлтгээд тээвэрлэчихлээ гэж хэлж байсан. Хэнтэй хамт мод бэлтгэсэн талаар асуухад Д.А гэх нутгийн залуутай танилцаад уг залууд унанги моднуудыг нь ачиж өгөөд өөрөө мод зарах байсан учир 4 ширхэг босоо мод унагаж мөн шинээр унасан байсан унанги модыг болон өмхөрсөн талынх нь хэсгийг тайрч байгаад ачсан гэж хэлсэн. Тиймээс тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд саатуулсан. Д.А гэх залуутай бэлтгэсэн гэж хэлсэн. Мөн Б.Эын хажууд настай хүн сууж байсан. Энэ хүн бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй харагдсан. Тиймээс Б.Этай хамт мод бэлтгэж чадаагүй байх. Хөрөө нь байгаагүй. Хөрөөг нь Б.Э, Энхбаатар гэх хүмүүс модны захад гуйгаад уул руу аваад орсон гэж хэлж байсан. Тээврийн хэрэгсэл дээрээ шинээр бэлтгэсэн хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/ 

           *Гэрч Д.Аын өгсөн: 

           “... 2020 оны 03 сарын 29-ний өдөр өглөөний 09 цагийн үед өөрийн эзэмшлийн Портер маркийн 12-17 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр би Архангай Ихтамир сумын Элстэй Их хөтөл гэх газар руу явсан. Тэнд манай төрсөн аавын гэр нь байдаг.  Аавынд очоод удалгүй шууд Элстэйн Эх гэх газар руу ганцаараа мод хийхээр яваад модны захад очоод машин хий эргээд зогсож байтал Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.Э гэх залуу ирээд танилцаад би тэр залууд миний машин гарахгүй байна хамтраад модоо хийе гэж гуйхад Б.Э тэгье гэж зөвшөөрөөд би Б.Эын Мазда машинтай шууд дээш гарсан. Тэгээд уулын мод руу ороод унанги модны үзүүр  болон хаягдал моднуудыг түүж Б.Эаар бэлдүүлээд ачиж өөрийн машин дээр хүргүүлээд дээш гарч Б.Эын машины тэвшийг дүүргээд модноос гарсан. Миний машинаараа бэлдсэн мод бол дандаа унасан байсан мод болон үзүүрийг түүж, унасан байсан өмхрөөгүй модыг тайрч бэлдсэн. Уг ойд хуурай шинэс мод байдаг. Би машиндаа хэдэн мод ачсан болохоо мэдэхгүй байна. Б.Э  мод зардаг юм шиг байна лээ өмхтэй модыг ачихгүй чи галын түлээний мод авах гэж байгаа бол энийг ав гээд дандаа унасан байсан модыг нь миний машинд ачуулсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай аав Давааням галын түлээний зориулалтаар ойгоос мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Би уг эрхийн бичгээр нь мод бэлтгэнэ гэж ойлгоод явсан. Их Тамир сумын Элстэйн эх гэх газарт иргэд маш ихээр мод бэлддэг. Унанги модны үзүүрүүд, бэлдсэн моднууд их байдаг болохоор уг модноос ачна гэж ортол цэс хайлаад шалбааг болж урсаад миний машин хий эргээд дээш мод руу орохгүй байсан. Б.Э мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Бор өнгийн түрийвчиндээ хийсэн  байсан. Би нутгийн иргэн болохоор аймгаас яваа хүмүүсийг ойгоос мод бэлдэхээр уурлаад хяналт тавьдаг. Тэгэхгүй бол манай энэ ойгоос мод бэлдсээр байгаад дуусчих гээд байдаг. Би эрхийн бичгийн хугацааг харж чадаагүй. Эрхийн бичиг гэх ягаан өнгийн үнэт цаасыг надад харуулсан. Б.Э нь машиндаа нэг хөгшин хүнтэй хамт явсан. Уг хүн нь мод бэлтгэхэд ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгээгүй хотоос ирсэн агаарт гарах гэж яваа хүн байсан. Модонд модны бохь хайгаад ургамал цэцэг хараад л яваад байсан. Мод бэлтгэхэд оролцоогүй. Цагаан өнгийн цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн. Босоо мод унагаж чадаагүй, уг ойд их хэмжээний унанги мод байдаг. Босоо мод 4 ширхэгийг унагасан. Би хамт явсан болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32  дугаар тал/ 

        *Яллагдагч Б.Эын өгсөн: 

        “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шйидэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-52 дугаар тал/ 

         *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн”...2.375м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тоггооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн-48,098₮, шууд бус үр ашгийн-64,662₮, нийт- 109,760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 260.680₮-р тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 34-35 дугаар тал/ 

           *Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар тал/ 

           *Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 17-18 дугаар тал/ 

            *068019 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг/хх-ийн 11 дүгээр тал/             

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Элстэй гэх газраас Б.Э нь зөвшөөрөлгүйгээр ойд 2.375м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 260.680 төгрөгийн хохирол учруулж, 46-42 АРА улсын дугаартай Ниссан Венетте/NISSAN VANETTE/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Сгийн”...Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Элстэй гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, байгаль орчинд 260.680 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжилхээр оролцож байна...” гэх мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч М.Вийн”...Хяналт шалгалтаар 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хяналт шалгалтаар Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Элстэй гэх газарт ажиллаж байх хугацаанд 46-24 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэж явсан. Би дээрх ачиж явсан модны эрхийн бичгийг шалгаж үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мод бэлтгэх 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тээвэрлэх хугацаа нь дууссан эрхийн бичиг үзүүлээд жолооч Б.Э нь би өчигдөр энэ газраас мод бэлтгэсэн дахин мод бэлтгээд тээвэрлэчихлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын”...Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.Э гэх залуу ирээд танилцаад би тэр залууд миний машин гарахгүй байна хамтраад модоо хийе гэж гуйхад Б.Э тэгье гэж зөвшөөрөөд би Б.Эын Мазда машинтай шууд дээш гарсан. Тэгээд уулын мод руу ороод унанги модны үзүүр  болон хаягдал моднуудыг түүж Б.Эаар бэлдүүлээд ачиж өөрийн машин дээр хүргүүлээд дээш гарч Б.Эын машины тэвшийг дүүргээд модноос гарсан. Миний машинаараа бэлдсэн мод бол дандаа унасан байсан мод болон үзүүрийг түүж, унасан байсан өмхрөөгүй модыг тайрч бэлдсэн. Уг ойд хуурай шинэс мод байдаг. Би машиндаа хэдэн мод ачсан болохоо мэдэхгүй байна. Б.Э  мод зардаг юм шиг байна лээ өмхтэй модыг ачихгүй чи галын түлээний мод авах гэж байгаа бол энийг ав гээд дандаа унасан байсан модыг нь миний машинд ачуулсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай аав Давааням галын түлээний зориулалтаар ойгоос мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Би уг эрхийн бичгээр нь мод бэлтгэнэ гэж ойлгоод явсан. Их Тамир сумын Элстэйн эх гэх газарт иргэд маш ихээр мод бэлддэг. Унанги модны үзүүрүүд, бэлдсэн моднууд их байдаг болохоор уг модноос ачна гэж ортол цас хайлаад шалбааг болж урсаад миний машин хий эргээд дээш мод руу орохгүй байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 260.680 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Эын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Э дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Эыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 260.680 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг /260.680*3=782.040/  долоон зуун наян хоёр мянга дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан тул шүүгдэгчээс 782.040 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. Мөн шүүхээс шүүгдэгч Б.Эыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий  46-24 АРА улсын дугаартай Ниссан ванетте маркийн автомашиныг шүүгдэгчээс хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 782.040  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.717.960 төгрөг болон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2.375 метр куб 53 ширхэг хуурай шинэс модыг тус тус улсын орлогод оруулахаар, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б овогт Бийн Эыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 37 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 46-24 АРА улсын дугаартай Ниссан ванетте маркийн 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий авто машиныг хурааж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 782.040/долоон зуун наян хоёр мянга дөч/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 1.717.960/нэг сая долоон зуун арван долоон мянга есөн зуун жар/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.375 метр куб 53 ширхэг хуурай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР