Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 159

 

                                   2020/ШЦТ/159

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нармандал

Шүүгдэгч: Н.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Нийн Хт холбогдох 2012000300148 тоот хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, ............... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Нийн Х/РД:АР............/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Нийн Х нь 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Шардаваа гэх газарт иргэн Л.Мийн 1 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 900.000/есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Шүүгдэгч Н.Хын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Г гэдэг хүнд 4 тооны үхэр худалдсан. Тэгээд Л.Мийн нэг тооны үхрийг андуураад ачаад явуулсан байсан...” гэх мэдүүлэг, 

          *Эрүүгийн 2012000300148 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

            *Хохирогч Л.Мийн өгсөн: 

 “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө манай 6 тооны үхрийг Н.Х гэх айлын ойролцоо орхисон гэж аав минь надад хэлсэн. Маргааш өглөө нь оторт явах бэлтгэл хангаж дуусаад үхрээ авах гээд Н.Хын гэрийн ойролцоо очиход манай 6 үхрээс нэг нь дутуу байсан. Би үхрээ туугаад дүү дээрээ очиж, нэг үхэр дутуу байна гэж хэлсэн. Тэгээд цаашаа явж, отор хийх газраа очоод гэрээ барьчихаад эргэж ирээд ааваасаа манай 6 тооны үхрээс нэг дутуу байна. Хугархай эвэртэй ягаан шүдлэн үхрийг та хариулж байсан уу гэхэд аав ягаан шүдпэн үхэр чинь байсан гэж хэлсэн. Тэгээд бид хэд алдсан үхрээ хайж явсан. Тэгсэн манай үхэр алга болсон шөнө Н.Хынх 4 тооны үхэр зарж, шөнө ачуулсан байсан. Н.Хын зарсан үхрийг Л.Г гэдэг ченж худалдаж авсан байсан. Л.Гийн Н.Хаас худалдаж авсан 4 тооны үхрийг очиж, үзэхэд 4 тооны үрийг нядлаад машинд ачсан байсан. Манай дүү арьс толгойг нь үзээд алдсан үхрээ таньсан. Дараа нь би тэр үхрийн арьс толгойг очиж үзэхэд манай үхэр мөн байсан. Тэгээд бид хэд Л.Гэд энэ манай хулгайд алдсан үхэр мөн байна. Гэж хэлээд цагдаад хандахаар болсон. Тэгсэн удалгүй Н.Х ирсэн. Н.Хаас юу болоод байна. Манай үхрийг та зарсан байна гэхэд Н.Х харанхуй шөнө танихгүй ачуулсан байна. Өглөө нь мэдсэн гэхээр нь тэгээд хэлдэггүй юм уу гэсэн чинь Н.Х тэгээд одоо яах вэ дээ гээд жишим ч үгүй зогсож байсан. Манай хулгайд алдсан үхэр ягаан зүсний монголын шүдлэн үхэр байсан. Зөв чих цуулбар, буруу чих урдаасаа ухам эмтэй, зүүн талын эврийнх нь үзүүр хугарсан байсан. Би хулгайд алдсан үхрээ 1 сая төгрөгөөр үнэлнэ. Гомдолтой байна. Би Дархан аймаг түр хугацаагаар амьдарч байгаа. Энэ асуудпаас болж хэд хэдэн удаа ирж очиж байна. Мөн хийж байгаа ажлаасаа цалингүй чөлөө авдаг. Алдсан үхрийн үнэ 1 сая төгрөг дээр ирж очих унааны зардал 500,000 төгрөг, нийт 1 сая 500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/ 

 

*Гэрч Л.Мын өгсөн: 

“...2019 оны 11-р сарын 18-ны орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг Чаргайн амнаас Эрдэнэ-Уулын өвөр рүү буюу Н.Хын өвөлжөөний гэрийн ойролцоо манай аав Лувсанжанцан миний эгч Л.Мийн 6 тооны үхрийг дараад орхичихлоо гээд ирсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11-р сарын 19-ний 10 цагийн үед уг үхэр дээрээ очиход ягаан зүсмийн шүдлэн эр үхэр дутсан байсан. Тэгээд ойр орчмийн үхрээр үзэхэд байхгүй байсан. Тэгээд хайгаад явж байгаад Н.Хынх 4 тооны үхэр сумын төв рүү ачуулж Л.Г гэх хүнд зарсан сураг дуулаад сумын төвд ирж Л.Г гэх хүний мал нядалж байсан гэх газар ирж ачигдсан махан дундаас үзэж байгаад алдсан гэх ягаан зүсмийн үхрийн толгойг олсон. Тэгээд би үхрийн толгойг таниад үхрийн ширэн дунд ширийг нь үзэхэд шир бас байж байсан. Тэгээд Н.Х гэх хүнтэй уулзахад би танай эгчийн үхрийг танихгүй ачуулсан байна үхэр ачихад би гэрээсээ гараагүй гэж ярьсан. Тэгээд үхэр очиж авсан хүн болох С.Б гэх хүнээс асуухад Н.Х хашсан байсан үхрээс өөрөө зааж өгсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь Н.Х би сумын төвд ирж үзээд танисан тэгээд нэгэнт ачиж авчирсан үхэр болохоор гэж бодоод энд нядлуулсан юм аа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Н.Х гэх хүн манайд ирж миний эгчийн үхрийн төлбөрийг барагдуулаад өгье гээд дансаа өгчих гээд ирсэн. Манай эгчийн үхэр манайд хамт явдаг юм. Уг алдсан гэх үхэр нь зүүн чих голоосоо цуулбар имтэй баруун чих урдаасаа ухам имтэй зүүн талын эвэрийн үзүүр хугархай яагаан зүсмийн шүдлэн насны эр үхэр байсан. Өмнө 2017 оны 09-р сард манай үхрээс 2 дутсан. Тэгсэн Хатнаагийн үхэрт хүрэн зүсмийн эр шүдлэн байсныг манай малчин Энхбаатар, ээж Норсүрэн харчихаад 2 хоногийн дараа авах гээд очиход би хүнээс авсан үхэр гээд өгөөгүй байсан. Тэгээд би 10 сард ирээд үхэрт нь үзэхэд манай үхэр мөн байсан. Н.Х Улаанбаатар хот руу явсан байсан болохоор уулзаж чадаагүй. 2018 оны хавар үзэхэд манай үхрийг эмнээд орхисон байсан. Тэгээд зун өөрийн үхэрээ авах гээд очтол Н.Х нь энэ манай үхэр би энийг бухны оронд хүнээс авсан танай үхэр биш гээд байсан. Тэгээд хэнээс авсан гэсэн чинь хүнүй голын баартын Д.Мөнгөө гэх залуугаас авсан гэж хэлсэн. Тэгээд би орой нь Мөнгөөгийн гэрт очиж Н.Хаас бухны наймаа хийсэн юм уу гэж асуухад үгүй тийм юм байхгүй хоёулаа очиж уулзъя гээд бид хоёр Н.Хынд ирэхэд Мөнгөө гэх залуу би таньтай бухны наймаа хийгээгүй ээ санамсаргүй чиний нэрийг хэлчихлээ. Тэгээд бид хэдийн дунд хэрүүл маргаан үүсээд Н.Х болон түүний эхнэр нь миний үхрийг өгөхгүй танай үхэр биш айлын үхэр миний үхэрт удахаар би эмнэхгүй яахын бэ гээд байсан. Тэгэхдээ чамд бол би энэ үхрийг өгөхгүй ээ чи цагдаа шүүхээр яваад юу олж долоохыг чинь харна гээд байсан. Тэгээд өөийн үхрийг орхиод Мөнгөөг хүргэж өгөөд гэр рүүгээ явсан одоог болтол үхэрээ аваагүй байгаа. Тэгсэн чинь 2019 оны 11-р сарын 19-ний өдөр манай эгчийн үхрийг хулгай хийгээд надад баригдаад манайд ирж би чиний болон эгчийн чинь үхрийн төлбөрийг барагдуулаад өгье гээд аавын гэрт нэг удаа уулзсан Эрдэнэмандал сумын төвд 2 удаа уулзсан. Миний үхэр болон миний эгчийн үхрийг ингэж хулгай хийж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/ 

*Гэрч Л.Гийн өгсөн:

“...2019 оны 11-р сард би Н.Х гэх хүнээс идэшний үхэр байна уу гэхэд надад дөрвөн шүдлэн үхэр байна гэхээр нь чи аваад ир гэсэн чинь миний машин асахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би С.Б гэх хүнийг явуулаад ачуулж ирээд Эрдэнэмандал сумын төвд нядлаад Орхон аймаг руу ачиж байхад Л.М, Л.М нар ирж манай хулгайд алдсан байж магадгүй гээд машинд ачсан толгой цувдааг буулгаж үзээд ягаан үхрийн толгой гарч ирээд энэ миний үхэр байна гэсэн уг үхэр нь Н.Хаас авсан 4 үхрийн нэг нь байсан. Тэгээд толгой ширийг нь Л.М аваад явсан. Тэгэхдээ Л.М Н.Х нар минийх чинийх гэж булаацалдаж байгаад үхрийнхээ им тамгыг хараад учираа олоод манайхаас явсан. Уг байдлын зургийг цагдаа Санжиддорж авсан. Тэгээд би махаа ачаад явахдаа Н.Хаас энэ махаа яахав асуудалтай юм бол аваад үлд гэсэн чинь бид нар учраа олчихлоо манай үхэртэй их адилхан болохоор би андуурчихлаа орыг нь өгөхөөр боллоо та махаа ач гэхээр нь би уг махыг Орхон аймаг руу ачуулаад явуулсан. Би Н.Х гэх хүнээс 700.000 төгрөгөөр худалдан авсан. Идэшний үхэр байна гэхээр нь С.Б гэх хүнийг явуулаад ачаад ирсэн. Ягаан зүсмийн шүдлэн монголын үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

*Гэрч Ж.Дгийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед С.Б ах ирээд 4 үхэр ачиж явна гэж Н.Х ахтай ярьж байсан. Тэгээд Н.Х, С.Б ах бид 3 гар чийдэнгийн гэрэлд хашаатай байсан үхрээс Н.Х ах барьж бид 3, 4 үхэр ачсан. Тэгээд Н.Х ах С.Б ахтай хамт төв рүү явсан. Би Н.Х ахынд мал харах гэж 2019 оны 11 дүгээр сард очоод 20 гаран хоног болж байсан. Одоо малыг нь хараагүй Эрдэнэмандал сумын төвд байдаг гэртээ аав, ээж дүү нартайгаа байгаа. Н.Х ахын малыг хараад удаагүй байсан. Би харанхуй байсан болохоор анзаараагүй. Н.Х ах аваад ач гэхээр нь ачсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/

*Гэрч С.Бийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой Л.Г ах над руу утсаар яриад миний дүү Н.Хынд очоод 4 үхэр ачаад ирээч ах нь авсан юм байгаа түлшний мөнгө өгнө гэж ярихаар нь би Л.Г ах Н.Х чинь өөрөө машинтай биз дээ өөрийг нь оруулаад ирээч гэж хэлсэн. Тэгээд Л.Г ах Н.Хын машин асахгүй байгаа гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд Л.Г ах намайг миний дүү ахдаа тус болоод яваад өгөөч маргааш 2 дахь өдөр мал гаргахгүй гэж байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Н.Х гэдэг айл руу явсан. Намайг очиход харанхуй болсон байсан болохоор гар чийдэнгийн гэрэлд Н.Х, түүний малчин нэг залуу бид нар 4 үхэр ачаад би төв рүү Н.Хтай хамт ирээд С.Б гэх айлын хашаанд 4 үхэрээ буулгаад би гэр рүүгээ явсан. Харанхуй байсан болохоор гар чийдэнгийн гэрэлд хар халзан, хүрэн халзан, хар халтар, ягаан хүрэн бололтой 4 үхэр байсан. Им тамгыг нь би хараагүй. Н.Х хашаатай үхэр дотроосоо л барьж аваад ачсан. Л.Г ах Н.Хаас идэшний 4 үхэр авсан миний дүү ахдаа авч ирээд өгөөч гэхээр нь би явж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/

*Гэрч С.Бын өгсөн:

“...Би тэр үед гэртээ байхгүй байсан. 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд Н.Х манайд байж байсан. Манай хашаанд 4 тооны үхэр уяатай байсан. Би Л.Г ахаас энэ үхрүүд хэний үхэр вэ гэж асуухад Л.Г ах би Н.Хаас авсан гэж надад хэлсэн. Зүсийг нь харсан хар халзан, хүрэн халзан, хар халтар, ягаан зүсмийн 4 тооны үхэр байсан. Им тамгыг нь би хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31 дүгээр тал/

*Гэрч Б.Даваасанжаагийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө Л.М, Л.М бид 3 Тал булгийн даваа гэх газарт очиж отор хийхээр явж байтал Н.Хын гэрийн ойрхон Л.Мийн 6 үхэр байхаас 5 үхэр нь байсан. Ягаан зүсмийн 1 шүдлэн үхэр байхгүй байна гэж Л.М хэлсэн. Тэгээд бид нар үхэрээ хайгаад орой нь Н.Хыг Л.Гэд 4 үхэр зарж шөнө сумын төв рүү ачуулсан гэж дуулаад төв орж ирээд Л.Гийн мал нядалдаг айлын хашаанд очиход Л.Мийн ягаан зүсмийн 1 тооны шүдлэн үхрийг нядалсан байсан. Тэгээд бид нар Н.Хыг авсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/

         *Яллагдагч Н.Хын өгсөн: 

“...2019 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрийн орчимд нутгийн мал мах авдаг ченж хийдэг Л.Г гэдэг хүнд 4 тооны монголын үхэр зарахаар болсон. Тэгээд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Шардавааны өвөлжөө гэх газар буюу өөрийнхөө гэрийн гаднаас 4 тооны үхрийг Л.Г ченжийг явуулсан машинд шөнийн цагаар ачиж явуулсан. Тэгтэл миний өгч явуулсан үхэр дунд ягаан зүстэй монголын эр үхэр байсан бөгөөд уг үхэр нь манай нутгийн Л.М гэдэг хүний үхэр байсныг гадаа харанхуйд андуураад өгөөд явуулчихсан байсан. Би Л.Мээс уучлалт гуйгаад хохирол төлбөрийг нь өгсөн. Би гадаа харанхуйд өөрийнхөө адилхан зүстэй үхэртэй андуураад хүний үхэр өгөөд явуулснаа дараа нь мэдсэн. Би санаатай байдлаар хүний үхэр зараагүй. Л.Мийн гэр манай гэрээс зайтай байдаг бөгөөд бэлчээрт явж байгаад манай үхэртэй нийлж манай гэрийн гадаа байхдаа андуурагдаж зарагдсан байсан. Би 4 тооны монголын үхэр буюу хар халзан, хүрэн халзан, хар халтар, ягаан зүстэй шүдлэн настай, зүүн талын чих урд талаасаа догол , баруун талын чих үзүүрээсээ тайрмал имтэй үхрүүдийг зарсан. Би 200 орчим тооны үхэртэй. Үхэр хаших үед гадаа хүйтэн шөнийн цаг байсан болохоор би үхрийнхээ им, тэмдгийг хараагүй ачуулсан. Айлын үхэр манай үхэрт нийлсэн гэдгийг мэдээгүй, манайд улаан ягаан зүстэй үхрүүд байдаг болохоор би үнэхээр мэдээүй ачсан. Шөнийн цаг байсан болохоор үхрүүдийн имийг хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 64-67 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаартай: “...Монголын шүдлэн эр үхрийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 900.000/есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/ 

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 45-46 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 44 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Шардаваа гэх газарт иргэн 1 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 900.000/есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Х үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Л.Мийн“...Тэгээд цаашаа явж, отор хийх газраа очоод гэрээ барьчихаад эргэж ирээд ааваасаа манай 6 тооны үхрээс нэг дутуу байна. Хугархай эвэртэй ягаан шүдлэн үхрийг та хариулж байсан уу гэхэд аав ягаан шүдпэн үхэр чинь байсан гэж хэлсэн. Тэгээд бид хэд алдсан үхрээ хайж явсан. Тэгсэн манай үхэр алга болсон шөнө Н.Хынх 4 тооны үхэр зарж, шөнө ачуулсан байсан. Н.Хын зарсан үхрийг Л.Г гэдэг ченж худалдаж авсан байсан. Л.Гийн Н.Хаас худалдаж авсан 4 тооны үхрийг очиж, үзэхэд 4 тооны үхрийг нядлаад машинд ачсан байсан. Манай дүү арьс толгойг нь үзээд алдсан үхрээ таньсан. Дараа нь би тэр үхрийн арьс толгойг очиж үзэхэд манай үхэр мөн байсан. Тэгээд бид хэд Л.Гэд энэ манай хулгайд алдсан үхэр мөн байна гэж хэлээд цагдаад хандахаар болсон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Мын “...Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11-р сарын 19-ний 10 цагийн үед уг үхэр дээрээ очиход ягаан зүсмийн шүдлэн эр үхэр дутсан байсан. Тэгээд ойр орчмийн үхрээр үзэхэд байхгүй байсан. Тэгээд хайгаад явж байгаад Н.Хынх 4 тооны үхэр сумын төв рүү ачуулж Л.Г гэх хүнд зарсан сураг дуулаад сумын төвд ирж Л.Г гэх хүний мал нядалж байсан гэх газар ирж ачигдсан махан дундаас үзэж байгаад алдсан гэх ягаан зүсмийн үхрийн толгойг олсон. Тэгээд би үхрийн толгойг таниад үхрийн ширэн дунд ширийг нь үзэхэд шир бас байж байсан. Тэгсэн чинь Н.Х би сумын төвд ирж үзээд танисан тэгээд нэгэнт ачиж авчирсан үхэр болохоор гэж бодоод энд нядлуулсан юм аа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Н.Х гэх хүн манайд ирж миний эгчийн үхрийн төлбөрийг барагдуулаад өгье гээд дансаа өгчих гээд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Гийн”... 2019 оны 11-р сард би Н.Х гэх хүнээс идэшний үхэр байна уу гэхэд надад дөрвөн шүдлэн үхэр байна гэхээр нь чи аваад ир гэсэн чинь миний машин асахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би С.Б гэх хүнийг явуулаад ачуулж ирээд Эрдэнэмандал сумын төвд нядлаад Орхон аймаг руу ачиж байхад Л.М, Л.М нар ирж манай хулгайд алдсан байж магадгүй гээд машинд ачсан толгой цувдааг буулгаж үзээд ягаан үхрийн толгой гарч ирээд энэ миний үхэр байна гэсэн уг үхэр нь Н.Хаас авсан 4 үхрийн нэг нь байсан. Тэгээд толгой ширийг нь Л.М аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Дгийн ”...Тэгээд Н.Х, С.Б ах бид 3 гар чийдэнгийн гэрэлд хашаатай байсан үхрээс Н.Х ах барьж бид 3, 4 үхэр ачсан. Тэгээд Н.Х ах С.Б ахтай хамт төв рүү явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн ”...Л.Г ах намайг миний дүү ахдаа тус болоод яваад өгөөч маргааш 2 дахь өдөр мал гаргахгүй гэж байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Н.Х гэдэг айл руу явсан. Намайг очиход харанхуй болсон байсан болохоор гар чийдэнгийн гэрэлд Н.Х, түүний малчин нэг залуу бид нар 4 үхэр ачаад би төв рүү Н.Хтай хамт ирээд С.Б гэх айлын хашаанд 4 үхэрээ буулгаад би гэр рүүгээ явсан. Харанхуй байсан болохоор гар чийдэнгийн гэрэлд хар халзан, хүрэн халзан, хар халтар, ягаан хүрэн бололтой 4 үхэр байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын”...11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд Н.Х манайд байж байсан. Манай хашаанд 4 тооны үхэр уяатай байсан. Би Л.Г ахаас энэ үхрүүд хэний үхэр вэ гэж асуухад Л.Г ах би Н.Хаас авсан гэж надад хэлсэн. Зүсийг нь харсан хар халзан, хүрэн халзан, хар халтар, ягаан зүсмийн 4 тооны үхэр байсан...” гэх мэдүүлэг, яллагдагчийн буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 332 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Хын өөрийн үхэрт нийлсэн бусдын 1 тооны үхрийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас ижил сүргээсээ салж, нутаг бэлчээрээсээ холдон, хараа хяналтгүй болсон өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг, гэм буруутай этгээд алдуул малыг өөрийн эзэмшилдээ авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн завшсанаар гэмт хэргийн шинж хангагдах юм. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Хыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Л.М нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгдийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

Шүүгдэгч Н.Хт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:       

           1. Шүүгдэгч Б овогт Нийн Хыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч; хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ГАНДОЛГОР