Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 160

 

                                     2020/ШЦТ/160

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч: Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Тт холбогдох эрүүгийн 2012000000137 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, .............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Цийн Т/РД:АА................./ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, Согоот гэх газраас ойн цэвэрлэгээний зориулалтаар хуурай, унанги шинэс мод бэлтгэх АРА 033968 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг тус сумын байгаль хамгаалагч ажилтай Н.Ноос авч, мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж 4 метрийн урттай, 69 ширхэг хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж байгаль орчинд 557.243 төгрөгийн хохирол учруулан, өөрийн өмчлөлийн 88-66 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            *Шүүгдэгч Ц.Тын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Би зөвшөөрлийг нь авч мод бэлтгэсэн. Хуурай нойтон байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, 

           *Эрүүгийн 2012000000137  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

          *Иргэний нэхэмжлэгч Н.Нын өгсөн: 

          “...Би 1985 оноос хойш Архангай аймгийн Батцэнгэл суманд байгаль хамгаалагчийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Батцэнгэл сумын Цац багийн Согоот гэх газраас ойн цэвэрлэгээний зориулалтаар хуурай, унанги 4 метр урттай нийт 5 м3 хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Надад би малын байр сэлбэх гэсэн юм эрхийн бичиг бичээд өг гэж хэлээд эрхийн бичиг авсан. Би босоо мод унагаж болохгүйг хэлж өгсөн. Би эрхийн бичигтээ ойн цэвэрлээгийн зориулалтаар хуурай унанги мод бэлтгэх гэж заасан байсан. Би Ц.Тын зориулалтын бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээний мөнгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт тушаалгах ажлыг хийж гүйцэтгэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Батцэнгэл суманд улсын тусгай хамгаалалттай нэг ч ой байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30 дугаар тал/ 

          *Гэрч М.Вийн өгсөн: 

           “...Хяналт шалгалтаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын иргэн Ц.Т нь өөрийн гэрийн гэрийн гадаа 60 гаруй нойтон шургаагийг хашаагаа сэлбэнэ гэж Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Согоот гэх газраас бэлдээд 88-66 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байна. Өөрийн төрсөн хүүтэйгээ бэлтгэж тээвэрлэсэн гэсэн. Гэхдээ хүүхэд нь эрхийн бичигтэй мод бэлтгэж байна гэж ойлгосон байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/ 

           *Гэрч Ц.Алтанзулын өгсөн: 

           “...Манай төрсөн ах Ц.Т 2020 оны 01 дүгээр сарын үед Батцэнгэл сумын байгаль орчны байцаагч Н.Н гэх хүнээс мод бэлтгэх гоожин авч Цац багийн Согоот гэх газраас 69 ширхэг 4 метрийн урттай мод бэлдсэн нь үнэн. 69 ширхэг нойтон мод байсан, би нүдээр харсан. Ц.Т ах өөрийнхөө 88-66 АРА улсын дугаартай Бонго-3 маркийн машинтай явж бэлдэж ачиж ирсэн гэсэн ямар хүмүүстэй хамт явж бэлдсэнийг би мэдэхгүй байна. Би Батцэнгэл сумын төвд байдаг мал маллаад 2020 оны 03 сард хөдөө гарч ирээд байж байна. Намайг ирэхэд 69 ширхэг модыг Ц.Т ах гэрийн гадна буулгасан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/ 

           *Гэрч Ж.Тын өгсөн: 

           “...Манай нөхөр Ц.Т, Н нар бэлдсэн. Хашаа барих гэж байсан шургаагнууд байгаа юм. Уг шургаагийг манай нөхөр Ц.Т 2020 оны 01 дүгээр сард бэлтгэсэн. Батцэнгэл сумын Цац багаас бэлдсэн байх би уул хадны нэрийг мэдэхгүй. Ц.Т өөрийнхөө 88-66 АРА улсын дугаартай тээврийн хэрэглээр тээвэрлэсэн. Модоо цахилгаан хөрөөгөөр унагаж бэлтгэсэн байх. Бид хоёр гэр бүл болоод 19 жил болж байна. Манай нөхөр даруу төлөв зантай, ажилсаг хичээнгүй хүн байгаа юм. Улсаас авсан гавъяа шагнал гэвэл оны шилдэг малчин, сумын сайн малчин, мянгат малчин, ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-41 дүгээр тал/       

           *Гэрч Ц.Нийн өгсөн: 

           “...Би хугацааг нь санахгүй байна, Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Согоот гэх газраас 2020 оны 01 дүгээр сард аавтай хамт өвөлжөөний хашаа бэлдэх модыг бэлдсэн. Ууланд очоод аав модыг унагадаг. Харин би унагасан модыг цагаалж машин дээрээ ачсан. Бид хоёртой өөр хэн нэгэн хүн байгаагүй. Би нойтон хуурай мод болохыг хараад ялгахгүй. Хуурай нойтон модны аль байсныг мэдэхгүй. Аав байгал хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч ирсэн байсан. Би өөрийн эх Ж.Тын нэрээр овоглодог...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар тал/ 

          *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн”... 2.3453 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж шинэс /нойтон мод/ 132000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 557243.2 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 45-46 дугаар тал/ 

           *Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-7 дугаар тал/ 

          *Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 16 дугаар тал/ 

          *033968 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг/хх-ийн 26 дугаар тал/         

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, Согоот гэх газраас Ц.Т нь мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж 4 метрийн урттай, 69 ширхэг хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж байгаль орчинд 557.243 төгрөгийн хохирол учруулан, өөрийн өмчлөлийн 88-66 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Т үйлдсэн болох нь Иргэний нэхэмжлэгч Н.Нын”...Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Батцэнгэл сумын Цац багийн Согоот гэх газраас ойн цэвэрлэгээний зориулалтаар хуурай, унанги 4 метр урттай нийт 5 м3 хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Надад би малын байр сэлбэх гэсэн юм эрхийн бичиг бичээд өгөөч  гэж хэлээд эрхийн бичиг авсан. Би босоо мод унагаж болохгүйг хэлж өгсөн. Би эрхийн бичигтээ ойн цэвэрлэгээний зориулалтаар хуурай унанги мод бэлтгэх гэж заасан байсан. Би Ц.Тын зориулалтын бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээний мөнгийг нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч М.Вийн ”...Хяналт шалгалтаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын иргэн Ц.Т нь өөрийн гэрийн гэрийн гадаа 60 гаруй нойтон шургаагийг хашаагаа сэлбэнэ гэж Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Согоот гэх газраас бэлдээд 88-66 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Алтанзулын”...Манай төрсөн ах Ц.Т 2020 оны 01 дүгээр сарын үед Батцэнгэл сумын байгаль орчны байцаагч Н.Н гэх хүнээс мод бэлтгэх гоожин авч Цац багийн Согоот гэх газраас 69 ширхэг 4 метрийн урттай мод бэлдсэн нь үнэн. 69 ширхэг нойтон мод байсан, би нүдээр харсан. Ц.Т ах өөрийнхөө 88-66 АРА улсын дугаартай Бонго-3 маркийн машинтай явж бэлдэж ачиж ирсэн гэсэн ямар хүмүүстэй хамт явж бэлдсэнийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нийн”...Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Согоот гэх газраас 2020 оны 01 дүгээр сард аавтай хамт өвөлжөөний хашаа бэлдэх модыг бэлдсэн. Ууланд очоод аав модыг унагадаг. Харин би унагасан модыг цагаалж машин дээрээ ачсан. Бид хоёртой өөр хэн нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 557.243  төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Тын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Тын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.Иймд шүүгдэгч Ц.Тыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 557.243 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг /557.243*3=1.671.729/ нэг сая зургаан зуун далан нэгэн мянга долоон зуун хорин ес төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан тул шүүгдэгчээс 1.671.729 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Таас хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж, заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан тул шүүгдэгч Ц.Тын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 88-66 АРА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, тээврийн хэрэгслийн үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.671.729 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.128.271 төгрөг болон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 230.500 төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай, 69 ширхэг нойтон шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Тыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 39 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Таас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.800.000/гурван сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 88-66 АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг хурааж,  шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 1.671.729/ нэг сая зургаан зуун далан нэгэн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 2.128.271/хоёр сая нэг зуун хорин найман мянга хоёр зуун далан нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 230.500 төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай, 69 ширхэг нойтон шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР