Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 161

 

                                   2020/ШЦТ/161

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Хохирогч: Д.О 

Шүүгдэгч: С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн Од холбогдох эрүүгийн 2012000000156 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эмэгтэй, 41 настай, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Хасу мандал эмнэлэгт бариа засалч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Сйн О/РД:АО....................../ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.О нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохионы 15-17 тоотод иргэн Д.Оийг өөрийн хамтран амьдрагчтай хардсаны улмаас маргалдаж улмаар Д.Оийн биед тархи доргилт, зүүн бөөрний гадна дунд хэсэгт няцрал, зүүн шанаа, баруун гарын тохой, шуу, зүүн гарын шуу, ууцны зүүн талд баруун сүвээний ар хэсэгт, баруун өвдөгний дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Хохирогч Д.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Намайг 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ  байхад С.О гэх хүний хамтран амьдрагч нь манай нөхрийг асуугаад утсаар ярьсан. Тэгээд утсаа таслахдаа хайртай шүү хайраа баяртай гээд утсаа салгасан. Тэгээд гаднаас нэг эмэгтэй орж ирээд чи Хөхөөгийн эхнэр мөн үү гэхээр нь мөн яасан гэсэн чинь “чи яахаараа хүний нөхөртэй утсаар ярьдаг юм бэ хүний нөхөртэй явалдлаа” гээд юм хэлүүлэхгүй гэрийн ойр орчимд байсан зүйлийг авч шидээд намайг зодчихоод гараад явчихсан.  Миний толгой өвддөг болсон. Мөн зүүн талын бөөр доргилтой гээд нураагаар чилж өвдөөд удаан цэх сууж болохгүй,  хүнд юм өргөж чадахгүй байгаа. Биеийн хэсгүүдэд хөхрөлт, няцралт их байсан. Би тухайн үед барилгын компанитай гэрээ байгуулаад барилгын ажил хийж  байсан. Ажлаа хийгээд 3 хонож байхад ийм асуудал үүсээд ажлаа хийж чадахгүй эмнэлэгт хэвтсэн. Тухайн хугацаатай байсан ажлаа хийж чадахгүй зогсоосон. Одоо С.Огаас хийж чадаагүй ажлын цалин хөлсөө нэхэмжилж байгаа. Эмнэлэгт хэвтсэний төлбөр 450.000 төгрөг авсан. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан гээд хохирол төлбөрөө авчих юм бол гомдол саналгүй гэж С.Од хэлсэн гэх мэдүүлэг, 

       *Эрүүгийн 2012000000156 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Д.Оийн өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 15-17 тоотод байж байхад манай нөхрийн найз над руу утсаар залгаад манай нөхөр А.Эрдэнэбаатарыг асуугаад та хэд хөдөө яваад ирсэн үү гээд асуусан утсаар ярьж байгаад намайг хайртай шүү баяртай гээд утсаар хэлээд утсаа салгасан удалгүй манай гэрт С.О орж ирээд чи муу хүний нөхөртэй утсаар ярьдаг юу юм бэ гээд халуун хүйтэн усаар над руу цацаад манай гэрийн эд хогшилийг ийш тийш авч шидээд жижиг модон сандлаар миний ар нуруу хэсэг рүү цохисон, дараа нь миний толгойтой үснээс зулгааж үсдэж дараад гараараа цохиод дараа нь хөлөөрөө ар нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би чи буруу хүн андуураад байна гэж хэлэхэд удалгүй манай охин Э.Н гаднаас орж ирээд та юу болоод байна манай ээж яасан юм бэ гэсэн чинь танай ээж янхан банзал гээд орилж чарлаад машинаа унаад яваад өгсөн. Тэр үед манай нөхөр Эрдэнэбаатар гадуур ажилтай явж байгаад гэртээ ирсэн чинь чи нөгөө Хөхөө юу гээд тийм гэсэн чинь орилж чарлаж байгаад яваад өгсөн. Тухайн үед би Б.М, С.О бид нар байсан өөр хүн байгаагүй дараа нь манай нөхөр, охин хоёр гаднаас орж ирсэн өөр хүн байгаагүй. Миний биед модон жижиг сандлаар миний ар нуруу хэсэг рүү цохисон, дараа нь хөл гараараа миний хөл рүү өшиглөж хөлөөрөө нуруун дээр дэвсэлсэн, миний бие маш хөндүүр байна би эмнэлэгт үзүүлж мэс заслын тасагт хэвтэх гэж байгаа миний биед Хасу эмнэлэгт ажилдаг С.О гэдэг хүн намайг цохиж зодож миний биед гэмтэл учруулсан, өөр хүн миний биед гэмтэл учруулаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байна. Би хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэндээрээ хохирч, хувийн барилгын засал чимэглэл хийдэг ажлаа хийж чадахгүй байна, сэтгэл санааны хохирол ихтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/ 

           *Гэрч Э.Нгийн өгсөн: 

           “...Тэр өдөр болсон үйл явдлыг би хараагүй манай гэрийн гадаа манай ээжийг хэл амаар С.О гэх хүн доромжлоод байж байсан, гэртээ ороод харсан чинь манай гэрийг ус буцалгагч шидээд усны сав авч шидээд гэрээр ус асгасан байсан гэр дотор ямар үйл явдал болсныг би мэдэхгүй. Тухайн үед би хажууд нь баигаагүй манай ээж Д.Оийг толгойтой үснээс нь зулгаасан сэгсийлгэсэн гараараа ар нуруугаа бариад зогсож байсан. Би ээжийнхээ ар нуруу хэсэг дээр гутлын хөлийн мөр гарсан зүүн талын бөөр хэсэг дээр хоёр модон сандлын хөлийн мөр ором гарсан, хөлийн өвдөг болон гарын тохой шуу хөхөрсөн, гарын бугуй хөхөрч халцарсан, урд талын гэдэс ташаа хэсэгт юмаар хүнд юмаар цохисон бололтой хавдар үүссэн байсан дараа нь манай ээжийн хамраас их хэмжээний цус гараад эмнэлэгт хандсан. Би ямар шалтгаанаар манай ээжийг зодсоныг би мэдэхгүй манай ээжид С.Огийн нөхөр Мягмаржаргал гэх хүнтэй утсаар ярилаа гээд хардаад манай ээж дээр ирээд цохиж зодох болсон. манай ээж Д.Оийн биед учирсан гэмтлийг С.О гэх хүн учруулсан өер хүн учруулаагүй. Манай аав ээж хоёр хоорондоо эвтэй найртай таарамжтай харьцаатай байдаг. Манай аав зарим үед архи согтууруулах ундаа уудаг элдэв гаж буруу зан ааш байхгүй. Манай ээжийг зодох үед би хажууд нь байгаагүй манай гэрт ээжийн хажууд Б.М гэх хүн хажууд нь байсан тэр хүн мэднэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

*Гэрч Б.Мийн өгсөн:

“...Тэр өдөр С.О ирээд надаас Хөхөө гэдэг айл хаана байдаг вэ тэдний гэр хаана байдаг талаар асуугаад гэрийг нь заалгаж аваад явсан удалгүй би араас нь Хөхөөгийн гэрт ороход Хөхөөгийн эхнэр Д.Отэй С.О нөхрөө хардаад чи манай нөхөртэй утсаар ярилаа чи миний нууцлаг амьдралаар амьдраарай гэсэн байна гээд нөхрөө хардаад С.О Д.Оийн толгойтой үснээс нь зулгаагаад газар унагааж байгаад гараараа цохиж хөлөөрөө дээрээс нь өшиглөөд газар байсан савтай ус асгаад ус буцалгагч авч шидээд хэл амаар доромжлоод байсан удалгүй нөхөр охин хоёр гаднаас ирээд болсон асуудлын талаар хэлсэн. Тухайн үед би хажууд нь байсан С.О хэл амаар доромжлоод нөхрөө хардаад гараараа хэд хэдэн удаа толгой руу нь цохиод үснээс нь зулгааж газар унагаж байгаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд цохиод байсан. Нөхөртэйгөө хардаад утсаар ярилаа гээд гэрт нь очиж хэл амаар доромжилж зодох болсон байсан. Манай хамаатан Д.Оийн биед учирсан гэмтлийг С.О гэх хүн учруулсан өөр хүн учруулаагүй. Нөхөртэйгөө сүүлд суугаад удаагүй байгаа гэсэн. Д.Оийн хувьд даруухан дөлгөөн уур ааш багатай харин С.Огийн зан байдал хувьд түргэн уур ааштай нөхөртэйгөө таарамж харьцаа муутай хүн байсан. Тэр үед Д.О, С.О, би байсан өөр хүн байгаагүй бусад хүмүүс энэ талаар хараагүй юу болсон талаар хүмүүсээс сонсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/ 

*Яллагдагч С.Огийн өгсөн: 

“...Гэр бүлийн хардалтаас шалтгаалж хэрүүл маргаан хийж зодох болсон, өөр шалтгаан байхгүй. Бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би толгойтой үснээс зулгааж газар унагаад хөлөөрөө нэг адуу өшиглөж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Өөр гэмтэл учруулаагүй. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Гэр бүлийн хардалтаас болж уурлаад бухимдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 186 дугаартай“...Иргэн Д.Оийн биед, тархи доргилт, зүүн бөөрний гадна дунд хэсэгт няцралт, зүүн шанаа, баруун гарын тохой, шуу, зүүн гарын шуу, ууцны зүүн талд баруун сүвээний ар хэсэгт, баруун өвдөгний дээд хэсэгт зөөлөн эдэд няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 04 дүгээр сарын 26-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохионы 15-17 тоотод иргэн Д.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.О үйлдсэн болох нь хохирогч Д.Оийн”...Манай гэрт С.О орж ирээд чи муу хүний нөхөртэй утсаар ярьдаг юу юм бэ гээд халуун хүйтэн усаар над руу цацаад манай гэрийн эд хогшилийг ийш тийш авч шидээд жижиг модон сандлаар миний ар нуруу хэсэг рүү цохисон, дараа нь миний толгойтой үснээс зулгааж үсдэж дараад гараараа цохиод дараа нь хөлөөрөө ар нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би чи буруу хүн андуураад байна гэж хэлэхэд удалгүй манай охин Э.Н гаднаас орж ирээд та юу болоод байна манай ээж яасан юм бэ гэсэн чинь танай ээж янхан банзал гээд орилж чарлаад машинаа унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Нгийн”...Тухайн үед би хажууд нь баигаагүй манай ээж Д.Оийг толгойтой үснээс нь зулгаасан сэгсийлгэсэн гараараа ар нуруугаа бариад зогсож байсан. Би ээжийнхээ ар нуруу хэсэг дээр гутлын хөлийн мөр гарсан зүүн талын бөөр хэсэг дээр хоёр модон сандлын хөлийн мөр ором гарсан, хөлийн өвдөг болон гарын тохой шуу хөхөрсөн, гарын бугуй хөхөрч халцарсан, урд талын гэдэс ташаа хэсэгт юмаар хүнд юмаар цохисон бололтой хавдар үүссэн байсан дараа нь манай ээжийн хамраас их хэмжээний цус гараад эмнэлэгт хандсан. Би ямар шалтгаанаар манай ээжийг зодсоныг би мэдэхгүй манай ээжид С.Огийн нөхөр Мягмаржаргал гэх хүнтэй утсаар ярилаа гээд хардаад манай ээж дээр ирээд цохиж зодох болсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мийн“...Д.Отэй С.О нөхрөө хардаад чи манай нөхөртэй утсаар ярилаа чи миний нууцлаг амьдралаар амьдраарай гэсэн байна гээд нөхрөө хардаад С.О Д.Оийн толгойтой үснээс нь зулгаагаад газар унагааж байгаад гараараа цохиж хөлөөрөө дээрээс нь өшиглөөд газар байсан савтай ус асгаад ус буцалгагч авч шидээд хэл амаар доромжлоод байсан удалгүй нөхөр охин хоёр гаднаас ирээд болсон асуудлын талаар хэлсэн. Тухайн үед би хажууд нь байсан С.О хэл амаар доромжлоод нөхрөө хардаад гараараа хэд хэдэн удаа толгой руу нь цохиод үснээс нь зулгааж газар унагаж байгаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд цохиод байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Огийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 177 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Огийн хүний биед тархи доргилт, зүүн бөөрний гадна дунд хэсэгт няцралт, зүүн шанаа, баруун гарын тохой, шуу, зүүн гарын шуу, ууцны зүүн талд баруун сүвээний ар хэсэгт, баруун өвдөгний дээд хэсэгт зөөлөн эдэд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Огийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Огийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.О нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би тухайн үед барилгын компанитай гэрээ байгуулаад барилгын ажил хийж  байсан. Ажлаа хийгээд 3 хонож байхад ийм асуудал үүсээд ажлаа хийж чадахгүй эмнэлэгт хэвтсэн. Хохирол төлбөрийн хувьд гэрээгээр хийх ёстой байсан ажлаа хийж бүрэн  хийж гүйцэтгэж чадаагүй тул ажлын хөлсөө нэхэмжлэнэ. Энэ талаар шүүгдэгч С.Отай тохиролцож нэг сая  төгрөг авахаар болсон...” гэж мэдүүлсэн, мөн хэрэгт хохирогч Д.О нь Уужам цамхаг ХХК-тай 2020 оны 04 сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ авагджээ. Тухайн цаг хугацаанд хохирогч Д.О нь уг ажлаа хийж чадаагүй, гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон, хохирогч олох байсан орлогоо нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.О нь нэг сая төгрөгийг хохирогчид төлөхөөр харилцан тохиролцсон талаар хэн аль нь шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгчээс нэг сая төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч С.О нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт С Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ог 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оюунчимэгээс 1.000.000/нэг сая/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 15-17 тоотод оршин суух хохирогч Гилээн овогт Дуламсүрэнгийн О/РД:АН71033100/-т олгосугай.

 6. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР