Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 781

 

Л.Туяагийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Туяагийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Л.Бямбадоржид холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 76 тоот 3 өрөө орон сууцны Л.Бямбадоржид ногдох хэсгийг өөрт шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр хөдөлмөрийн чадвартай болох хүртэл хугацаагаар тэжээн тэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч  Л.Туяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав,

Хариуцагч Л.Бямбадорж,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Лхагвацэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд нас чацуу Л.Бямбадоржтой гэрлэхээр шийдэж, 2011 оны 10 дугаар сарын 14-нд гэрлэлтээ бүртгүүлсэн төдийгүй Л.Бямбадоржийг үлдсэн насны минь хань гэж итгэснээс өөрийн хөөцөлдөж байсан орон сууцны зээлийг бүтэхэд, түүний нэрийг гэрлэлт бүртгүүлснээс хойш 2011 оны 10 дугаар сарын 28-нд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулж, зээлээр авсан орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэвч эдгээр бүртгэлийг хийлгэснээс хойш төд удалгүй Л.Бямбадорж агсан согтуу тавьж, бие махбодид минь халдах болсон ба суудлын машин худалдаж аваад хүүгээ дагуулан 2013 оны 9 дүгээр сарын 13-нд гэрээс явж одоо болтол ирээгүй байна. Үндсэндээ сүүлийн 3 жил хамт амьдарсангүй. Бид дундаасаа үр хүүхэдгүй. Би 2011 онд өөрийн ажиллуулдаг хувийн эмнэлгийн орлогоор баталгаажуулан орон сууцны зээл хөөцөлдөж, орон сууц авсан. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 76 тоот 3 өрөө орон сууц бидний дундын өмчлөлийн орон сууц болсон байгаа. Мөн бид гэрлэснээс хойш суудлын автомашин худалдаж авсан. Тэр үед бидний хамтын хөдөлмөрөөр бүтсэн, дундын гэж тооцогдох мөнгөн болон бусад хөрөнгө байгаагүй, орон сууцыг зээлээр авсан, орон сууцны зээл авахад миний ажиллуулдаг хувийн эмнэлэг гол баталгаа болсон. 2026 онд дуусах ёстой 74 000 000 төгрөгийн орон сууцны зээлээс миний бие одоогийн байдлаар урьдчилгаа төлбөр 15 160 000 төгрөгийг оролцуулан нийт 33 651 000 төгрөгийг би дангаараа төлөөд байна. Биднийг хамтдаа амьдарсан 2 жилийн хугацаанд хариуцагч Л.Бямбадорж 300 000 төгрөгийн цалинтайгаар “Эс Би Транс” ХХК-д жолоочоор ажилласнаас өөр ажил хөдөлмөр эрхлээгүй, орлого олоогүй, оюутан хүүгээ төгстөл би мөнгөөр тусалж чадахгүй гэдэг байсан. Түүнтэй амьдарсан 2 жилийн хугацаанд байр, хоол зэрэг гэр бүлийн бүх зардал надаас гарч байсан бөгөөд нэг биш удаа өвдөхөд нь эм тарианы бүхий л зардлыг хариуцдаг байсан. 2013 оны 9 сард бүрмөсөн явснаас хойш ч тэр өвдөх тоолондоо над дээр ирж эмчлүүлээд явдаг байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 76 тоот 3 өрөө орон сууцны Л.Бямбадоржид ногдох хэсгийг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Туяатай гэр бүл болж хамт амьдарч байхдаа байрныхаа урьдчилгаа төлбөрийг олох, төлбөрийг төлөх, тавилга авч тохижуулах, мөнгө олох гэж том тэрэгтэй УБ Таван толгой, Таван толгой УБ хоёрын хооронд олон хоногоор нойр хоолгүй явж байж бөөрний өвчтэй болсон. 2014 оноос өвчний улмаас байнга эмнэлгээр эмчлүүлж, маш олон удаа эмнэлэгт хэвтэж, гэрээр байнга эмчлүүлж байсан. Одоо ч байнгын эмчийн хяналтад байгаа нэхэмжлэгч нь эхлээд намайг өвдөхөд тусалдаг байснаа хүндээр өвчилснийг мэдэж гэрээсээ хөөсөнд би гомдож явдаг. Гэр бүлийн тухай хуульд хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно гэж зааснаар гэрлэлт цуцлахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон сууцыг худалдаж авахад би урьдчилгаа төлбөрт 30 гаруй сая төгрөг төлж хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж, банкнаас зээлээр худалдаж авсан. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаагүй байгаа учир үүрэг дуусгавар болохоос өмнө дундын өмчлөлийн байрыг хуваах, ногдох хувийг гаргуулах боломжгүй учир орон сууцтай холбоотой шаардлагыг хангах боломжгүй, хэрэв шүүх дундын өмчлөлийн байрыг хуваах бол би өөрийн ногдох 50 хувийг авна. Мөн миний эцэг, эхээс уламжилж, хашаалж ногоо тарьж амьдарч байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-151Б, 151В тоот дахь газрыг би албан ёсны гэр бүл болсон цаашдаа хамтдаа сайхан амьдарна гэж бодож Туяа, түүний хүүхэд Э.Түвшинжаргал нарын нэр дээр шилжүүлж эзэмших эрхийг гэрчилгээ авсан. Энэ газар миний эцэг эхээс уламжилж амьдарч ирсэн учир буцааж авах хүсэлтэй байна. Би хамтын амьдралтай байхдаа Туяатай маргаж, зодож, цохиж, хүчирхийлэл үйлдэж байсан асуудал байхгүй намайг эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд гэртээ оруулахгүй гэснээс болж маргаан үүсэж, орох гэж зүтгэж, түүний гарын хоригийг тавиулах гэж ноцолдож маргасан тохиолдол бий. Үүнийг ашиглаж намайг хүчирхийлэгч байсан мэтээр урвуулж тайлбарлаж байна гэжээ.

           

Хариуцагч түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бид нэг нутгийнх, нэг ангийнх учраас багасаа бие биенээ мэддэг байсан учир 2010 оны хавраас дотносож, хамтран амьдарч байгаад насны эцэст бие биеээ түшин амьдрахаар шийдвэрлэж 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Анхандаа Туяагийн нэг өрөө байранд амьдарч байгаад хүүхдүүдэд нь өгөөд өөрсдөө 3 өрөө байр лизингээр худалдаж авч түүндээ амьдарч байсан. Орон сууцны урьдчилгаа төлбөр, лизингийг би төлөлцсөн. Байрныхаа зээлийг төлж дуусгах гэж том тэрэгтэй УБ, Таван толгой, Таван толгой УБ хоёрын хооронд олон хоногоор нойр хоолгүй, долоо хоногт 3 удаа тээвэр хийж, хажуугаар нь халтуур хийж, олсон орлогоо эхнэр Л.Туяад өгдөг байсан. Би байр авснаас хойш тээвэр хийж 58 000 000 төгрөгийн орлого гэр бүлдээ хийсэн. Би үнэхээр амьдралын төлөө нойр хоолгүй явсны эцэст 2014 оны 1 сард гэнэт бие муудаж, эмнэлэгт хэвтсэн. Энэ цагаас хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж, олон удаа эмнэлэгт хэвтэж, хэвтэрт орж маш их эмчилгээ хийлгэж байнгын хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд Туяа эмч хүн учраас миний өвчнийг мөд эдгэхгүй, удаан эмчлүүлэх шаардлагатай, ажил хийх чадваргүй болсныг мэдээд гэрээсээ хөөж, би сүүлийн 2 жил эмнэлэг болон ах дүү нарынхаараа амьдарч байна. Намайг ийм хүнд өвчтэй байхад хууль ёсны баталгаатай эхнэр маань харж хандаж тэжээн тэтгэх байтал ямар ч дэмжлэг үзүүлэхгүй, харж асрахаас зайлсхийж, түүгээр ч үл барам хамтын орлогоор хамтран зээлээр худалдаж авсан орон байрнаас маань хөөж байгаад гомдолтой байна. Иймд Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,  36 дугаар зүйлийн 36.1, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт тус тус зааснаар эхнэр Л.Туяагаас Улаанбаатар хотын бүсийн амьжиргааны түвшингийн доод хэмжээтэй тэнцэх тэтгэлгийг сар бүр гаргуулж, нөхөр Л.Бямбадоржийг тэжээн тэтгүүлж, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Гэрлэлтээ бүртгүүлж 2 жил хамт амьдарсан нэр зүүсэн төдийгөөр тэжээн тэтгүүлэх эрх үүсдэг гэж бодохгүй байна. Бид 2 эхнэр, нөхөр гэсэн нэр зүүгээд 2 жил хамт амьдрахдаа яг хамт байсан нь 1 жил бөгөөд тэрээр элдэв шалтгаанаар маргаан үүсгэж, хоёр гурван сараар өөрийн гэрлүү явдаг байсан. Хамт амьдарч байсан 2013 оны 9 сард сална гэсэн бичиг үлдээгээд бүрмөсөн явснаасаа хойш манайд ирж хаалга үүд эвдэж, намайг зодож гэмтээж байсан. Намайг орон гэрээсээ хөөж эмнэлэг болон ах дүүгийнхээрээ явж байна гэж хэлж байгааг зөвшөөрөхгүй, энэ хүн 50 нас хүртлээ орох оронгүй явсан гэж үзэхгүй. Баянзүрх дүүрэгт орох оронтой, хашаа байшинтай хүн. Түүний хүү Балжинням Төмөр замын дээд сургуулийг 2013 онд төгссөн, эхнэр хүүхэдтэй түүнийг тэжээн тэтгэх чадвартай юм. Салсан эхнэрээрээ тэжээн тэтгүүлнэ гэвэл надаас гадна 1984 онд Д.Энхжаргалтай гэрлэж 1989 онд, 1992 онд Д.Оюунчимэгтэй гэрлэж 2001 онд салсан, би түүнтэй албан ёсоор гэрлэсэн 3 дахь эхнэр нь бололтой. Эдгээр 2 эхнэрийнх нь 1984-1992 онд төрсөн 3 хүүхэд байдгийн 1988 онд төрсөн охин Б.Оюунчимэгийн лавлагаа шүүхэд ирсэн байгаа, 1992 онд төрсөн хүү Б.Балжиннямынх нь лавлагаа ирээгүй байна. Өөрөөр хэлбэл түүнийг тэжээн тэтгэх насанд хүрсэн 3 хүүхэд нь байгаа. Би түүний цалин орлогын талаар мэдэх зүйл бага байсан, орон сууцны зээл авахад түүний ажиллаж байсан албан газраас тодорхойлолт авахад 300 000 төгрөгийн цалинтай гэж тодорхойлсныг би тийм орлоготой гэж ойлгож байсан. Тэрээр сөрөг нэхэмжлэлдээ 58 000 000 төгрөгийн орлого олсон гэдэг нь түүний шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгал болон тэтгэврийн дэвтэр, Хаан банкны хадгаламжийн дансны хуулгаас үзэхэд 2011 оны 10 дугаар сараас гэрээсээ явсан 2013 оны 9 дүгээр сар хүртэл тооцоход 15 000 000 орчим төгрөг болж байна. Мөн түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулгаас үзэхэд 2013 оны 10 дугаар сараас хойш ажил хийгээгүй байна. Л.Бямбадоржийн бөөрний өвчин түүний архи хэтрүүлэн хэрэглэдэгтэй холбоотой, архины зохисгүй хэрэглээ өвчинг нь сэдрээдэг юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогт Лхүндэвийн Бямбадорж, Халзан овогт Лувсанцэрэнгийн Туяа нарын гэрлэлтийг цуцалж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2201000734 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 76 тоот 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Туяагийн өмчлөлд үлдээн, нэхэмжлэгч Л.Туяагаас 17 021 754 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Бямбадоржид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хариуцагч Л.Бямбадоржийн нэхэмжлэгч Л.Туяагаар сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр хөдөлмөрийн чадвартай болох хүртэл хугацаагаар тэжээн тэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Л.Бямбадоржоос 313 258 төгрөгийг гаргуулж, үүнээс 243 058 төгрөгийг нэхэмжлэгч Л.Туяад 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Туяа хань ижлээ хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш 10-аад жилийн дараа нэг ангид сурч байсан Л.Бямбадоржтой гэр бүл болохдоо гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, улмаар зээл хамт төлөлцөх өөрийн охин н.Түвшинжаргалыг бус Л.Бямбадоржийг орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсан нь түүнтэй хоног өдөр өнгөрөөж, 2 жил хамт амьдрах гэснийх биш үлдсэн амьдралаа хамт туулахын баталгаа, Л.Бямбадоржид бүрэн итгэсэн чин сэтгэл байсан юм. Орон сууцны зээлийн хугацаа 2026 онд дуусах бөгөөд Л.Туяа болон хамтран зээлдэгч түүний охин Түвшинжаргал нар одоо дахиад 10 жил зээлийн өрийн дарамтанд байхыг Л.Бямбадорж өмнө нь хоёр ч эхнэрээс шүүхээр орж. гэрлэлтээ цуцлуулж байсан, гурав дахь эхнэр Л.Туяатай ч нийцэж амьдраагүй нь түүний хувийн байдлын нэг үзүүлэлт бөгөөд түүний согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, агсан согтуу тавьдаг, согтуурсан үедээ эхнэр Л.Туяагийн бие махбодид халддаг, гар утас, гэрийн тавилгыг эвдэж байсан зэргээс буюу түүний буруугаас гэрлэлт цуцлахад хүрсэн. Л.Туяа, Л.Бямбадорж нарын нэг гэр бүлд хамт амьдарсан хугацаанд үүссэн дундын хөрөнгийг бүтээхэд хамтран зээлдэгч Түвшинжаргалын хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг, оролцоо байгаа, Л.Бямбадорж нь Л.Туяагаас бүрмөсөн салж яваагүй байхдаа буюу 2013 оны 9 дүгээр сарын 12-нд "Toyoto ist" маркийн машин өөрийнхөө нэр дээр худалдаж авсан нь гэр бүлийн дундын хөрөнгөд тооцогдох хөрөнгө мөн байсан гэх мэт олон нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Л.Туяагаас 17 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тэрээр сөрөг нэхэмжлэлдээ би байрныхаа өрийг төлж дуусгах гэж машинаар өдөр шөнөгүй тээвэр хийж, байр авснаас хойш 58 000 000 төгрөгийг гэр бүлдээ оруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 23-нд шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа байрыг худалдаж авахад би урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөг төлсөн гэх зэргээр санаанд орсон тоогоо л тавьсан байгаа нь бүгд бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр шүүгч түүнээс “2013 оноос хойш орон сууцны мөнгө төлөөгүй гэдэг нь үнэн үү" гэж асуухад Бямбадорж “эмчилгээ хийлгэх хэрэгтэй байсан тул төлөөгүй нь үнэн" гэж мэдүүлсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд ч түүний эдгээр тайлбарыг нотлохгүй байгаа юм. Л.Бямбадорж 2011 оны 7 сараас Л.Туяатай хамт амьдрах болсон бөгөөд өөртөө машин авахаар түүний хүргэн дүү Эрдэнэбаяраас 2011 оны 07 дугаар сарын 19-нд 2 сая 300 000 000 төгрөг. Л.Туяагаас 700 000 төгрөг авч худалдаж авсан машиныхаа төлбөрт нэмэрлэж байсан байна. Хүргэн дүүгээс нь зээлсэн тэр мөнгө хавтаст хэрэгт хавсаргасан байгаа түүний ХААН банкны хадгаламжийн 5003589449 дугаартай данснаас тодорхой харагдана. Мөн тэр өдөр түүний дансанд 1 329 052 төгрөгийн үлдэгдэл байсныг ч тэр данснаас нь харж болно. Өөрөөр хэлбэл Л.Бямбадорж Л.Туяатай хамт амьдарч эхлэхэд түүний дансанд өмнө дурьдсан 1 329 052 төгрөгөөс өөр мөнгөн хөрөнгө байгаагүй байна. Иймд түүний урьдчилгаа төлбөрт 13 000 000 төгрөг болон 30 000 000 төгрөг оруулсан гэдэг нь ийнхүү нотлогдохгүй байгаа юм. Л.Туяатай гэрлэлтээ бүртгүүлсэн 2011 оны 10 дугаар сараас орхиод бүр мөсөн явсан 2013 оны 09 дүгээр сарын 23 хүртэл түүний олсон орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн орлогоос нь төлсөн даатгалын хураамжийг хассан дүнгээр тооцон үзэхэд. орлого нь 13 185 497 төгрөг болж байна. Үүнээс орлогын албан татварын 10 хувь хасаад нийт 15 288 347 төгрөгийн орлого олсон байгаа юм. Түүний орлогын энэ мөнгө энэ дүнгээрээ ХААН банкин дахь Л.Бямбадоржийн хадгаламжийн 5003589449 дугаар дансанд орсноор давхар нотлогдож байна. Мөн Л.Бямбадорж энэ дансанд хуримтлагдсан 15 288 347 төгрөгөөс 2013 оны 09 дүгээр сарын 12-нд/ Л.Туяагаас бүр мөсөн салж явахаасаа 10 хоногийн өмнө/ иргэн А.Оюунчимэгээс IST маркийн машиныг 12 000 000 төгрөгөөр худалдаж авсны урьдчилгаа телбөрт 6 300 000 төгрөг төлсөн байх ба бусад мөнгөө тодорхой эзэн нэртэй дансууд руу шилжүүлэн зарлагадаж байсан байна. Тэрээр машиныг нийт 12 000 000 төгрөгөөр худалдаж аваад, үлдэгдэл төлбөрөө ХААН банкнаас авсан зээлээр төлснийг ХААН банкны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13\266 дугаартай албан бичиг, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, түүний ХААН банкин дахь хадгаламжийн 5003589449 дугаартай данснаас 2013 оны 10 дугаар сараас эхлэн   cap   бүр   дунджаар 176   000   төгрөг   төлөх давтамжаар 2016 оны 5 cap хүртэл 5 546 000 төгрөг төлснийг нотлох дансны хуулгаар нотолж байгаа юм. Мөн Л.Бямбадорж зээлээ төлж дуусаад өөрийн хүү Б.Балжинямын нэр дээр шилжүүлсэн нь ХААН банкны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр нотлогдоно. Л.Туяагийн хувийн эмнэлэг гэдэг нь түрээсийн нэг өрөөнд бариа засал явуулдаг л газар. Л.Туяагийн эрүүл мэндийн байдал, үйлчлүүлэгч хүмүүсийн амьжиргаа доройхон байгаа өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн 2 жилийн байдлаар орлого муутай зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Гэвч анхан шатны шүүх бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуулийн заалтыг оновчтой хэрэглэж чадаагүйд гомдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. шийдвэрийн 2 дахь заалтын Л.Туяагаас 17 021 754 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүчингүй болгож, 4 дэх заалтад холбогдох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                         

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх  тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Л.Туяа нь хариуцагч Л.Бямбадоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороололын 14 дүгээр байрны 76 тоот 3 өрөө орон сууцны Л.Бямбадоржид ногдох хэсгийг өөрт шилжүүлэх  үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч тэжээн тэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг зохигч талууд  эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Туяа,  Л.Бямбадорж нар нь 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгчид 2011 оноос 2013 оны 9 сарын 13-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 754 дүгээрт бүртгэгдсэн гэрлэлтийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Гэрлэгчид Худалдаа хөгжлийн банктай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/056 тоот Орон сууцны зээлийн гэрээ, ЗБ/056 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 58 880 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатайгаар, орон сууцны зориулалтаар зээлж, улсын бүртгэлийн Ү-2204000734 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 76 тоот 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг худалдан авсан үйл баримт тогтоогдож байна /хх-ийн 5-10 /.

 

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Л.Бямбадорж, Л.Туяа нар бүртгэлтэй болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000168920 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. Уг үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж  дүгнэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг барьцаалсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч Л.Туяагийн охин н.Түвшинжаргал нэмж орсон байгаа нь уг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг хуваах үндэслэл болохгүй. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэ, захиран зарцуулсан үндэслэлийн талаар талуудын тайлбарыг шүүх үнэлээгүй нь буруу. Эд хөрөнгөтэй холбоотой орон сууцны нийт үнийг 73 600 000 /хх-5, 9/ гэдэг үйл баримтад маргаагүй, үнэлгээг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй. Иймд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд 73 600 000 төгрөгийн үнэтэй дундын хөрөнгө гэж үзвэл 2 хүнд тэнцүү хуваагаад 1 хүнд ногдох нийт төлбөрийг хасахаар 16 800 000 төгрөг/73 000 000 : 2 - 20 000 000/ болно.  Өөрөөр хэлбэл, нэгэнт үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид үлдээж байгаа тул орон сууцны үнээс дээрх мөнгийг хариуцагчид олгоно.

 

  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэснээс хойш бий болсон буюу 2013 оны 9 дүгээр сарын 12-нд худалдан авсан "Toyoto ist" маркийн  авто машиныг зөвхөн хариуцагчийн нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн дундын өмч гэж үзнэ. Энэ хөрөнгийг хариуцагч цааш нь бусдад шилжүүлэн захиран зарцуулсан гэдэг нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 

Уг авто машины үнэлгээг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй тул шүүх өөрийн санаачилгаар үнэлгээ тогтоолгох боломжгүй. Иймд хэрэгт машиныг 10 700 000 төгрөгийн үнээр авсан тухай баримт авагдсан байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна. /хх-81/ Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч тухайлан  шаардаагүй боловч талууд  гэр бүлийн дундын хөрөнгийг хэрхэн хуваах талаар маргаантай байгаа тохиолдолд уг автомашины үнийн тал хувь буюу 5 350 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгчээс авах ёстой мөнгө, хариуцагчаас авах ёстой мөнгийг харилцан тооцож 11 450 000 /16 800 000-5 350 000/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “...17 021 754...” гэснийг “...11 450 000..” гэж, 4 дэх заалтын “...313 258 төгрөг...” гэснийг “...198 150 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 058 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

             

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

     ШҮҮГЧИД                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                        

         Б.НАРМАНДАХ