| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0160/э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 163
2020/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Дид холбогдох эрүүгийн 2012000840093 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, .......... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Сын Д/РД:АО................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Буурлын байц гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.9665 метр куб хэмжээтэй, 31 ширхэг хуурай шинэс модыг бэлтгэж, ойн санд 76.693 төгрөгийн хохирол учруулан, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 38-14 АРХ улсын дугаартай Киа пронтер маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч С.Дийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би мод бэлтгэж гаднаа буулгасан байж байгаад дараа нь бэлтгэсэн модоо ачиж орж ирсэн...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2012000840093 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч М.Гын өгсөн:
“...С.Д нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 76.693 төгрөгийн хохирол учруулсан байна. Би уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийвэрлүүлнэ. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд 3 нугалсантай тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлж өгнө үү. Манай орон нутгийн данс 100011500914...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр тал/
*Гэрч Б.Оын өгсөн:
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Донойн хонхор орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгээд байж байтал Пронтер маркийн 38-14 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэж явсан. Уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч С.Д гэх залуу мод тээвэрлэх эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэж явсан. С.Д нь би Архангай аймгийн Цэнхэр сумаас эрхийн бичиггүй мод тээвэрлэж ирсэн гэж хэлсэн. Машины бичиг баримт бүрэн байсан. Архангай аймгийн Цэнхэр сумаас уг модыг бэлтгэж тээвэрлэсэн гэж хэлсэн. Яг аль ойгоос бэлтгэж тээвэрлэсэн гэдгийг би мэдэхгүй. Галын түлээний хуурай шинэс мод харагдсан. Шинээр бэлтгэж тээвэрлэсэн гэмээр мод байсан. Зүсэлтээр нь би шинээр бэлтгэсэн болохыг мэдсэн. С.Д нь ганцаараа явж байсан. Машины кабинд болон дэвшин дээр хөрөө харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч С.Эгийн өгсөн:
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны үүрээр 05 цагийн үед намайг унтаж байхад ахтайгаа хамт мод ачилцаад өг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү хадам ээжийнд эртхэн мод оруулж өгчихөөд буцаж гарч ирмээр байна гэхээр нь модноос нь ачилцаж өгсөн. Намайг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө очиход гаднаа мод буулгасан байсан. Би тэгэхээр нь зөвшөөрлөө аваад гэрийнхээ гадаа мод буулгасан байна гэж ойлгож байсан. Галын түлээний зориулалтаар бэлдсэн хуурай шинэс төрлийн мод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Яллагдагч С.Дийн өгсөн:
“...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн”...1.9665 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ 39000₮ мод , модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохиролын хэмжээ 76.693 ₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 35-36 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 63 дугаартай”...1.9665 м3 хуурай шинэс модны үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 130.000/нэг зуун гучин мянга/ төгрөг болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 37 дугаартай”...3814 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 4-8 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 16-17 дугаар тал/
*Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 18 дугаар тал/
*Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол/хх-ийн 20-21 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Буурлын байц гэх газраас С.Д нь зөвшөөрөлгүйгээр 1.9665 метр куб хэмжээтэй, 31 ширхэг хуурай шинэс модыг бэлтгэж, ойн санд 76.693 төгрөгийн хохирол учруулан, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 38-14 АРХ улсын дугаартай Киа пронтер маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Д үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч М.Гын”...С.Д нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 76.693 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэх гэрч Б.Оын”...Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Донойн хонхор орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгээд байж байтал Пронтер маркийн 38-14 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэж явсан. Уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч С.Д гэх залуу мод тээвэрлэх эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэж явсан. С.Д нь би Архангай аймгийн Цэнхэр сумаас эрхийн бичиггүй мод тээвэрлэж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Эгийн”...Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны үүрээр 05 цагийн үед намайг унтаж байхад ахтайгаа хамт мод ачилцаад өг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү хадам ээжийнд эртхэн мод оруулж өгчихөөд буцаж гарч ирмээр байна гэхээр нь модноос нь ачилцаж өгсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 76.693 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.Дийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Дийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч С.Дийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 76.963 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг /76.963*3=230.889/ хоёр зуун гучин мянга найман зуун наян есөн төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 230.889 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. Мөн шүүхээс шүүгдэгч С.Дийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Шүүгдэгч С.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 38-14 АРХ улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг шүүгдэгчээс хурааж, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 230.889 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 5.169.111 төгрөг болон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 130.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.9665 м3 хуурай шинэс модыг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Дийг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Доос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 38-14 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, уг автомашины үнээс шүүгдэгчийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 230.889/хоёр зуун гучин мянга найман зуун наян ес/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 5.169.111/таван сая нэг зуун жаран есөн мянга нэг зуун арван нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 130.000/нэг зуун гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.9665 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР