Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 565

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргалдаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ............ регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 16/2 дугаар байр 2 тоотод оршин байх ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн, .............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаархороо, Кристалл таун, 802 дугаар байрны 402 тоотод оршин суух Г.................... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 47.957.623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ББСБ ХХК нь иргэн *******той 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр №2014/04 дугаартай зээлийн гэрээ байгуулан 34.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч ******* зээл авснаас хойш үндсэн зээлд бартераар 9.057.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хүү 15.060.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй байгууллагын зүгээс тухай бүр нь мэдэгдэх хуудас хүргүүлж байсан боловч удахгүй төлнө гэсээр төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл байгууллагыг хохироосоор байна. иймд хариуцагч *******оос үндсэн зээлийн үлдэгдэл 24.943.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 20.252.033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.762.590 төгрөг нийт 47.957.623 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас 34.000.000 төгрөгийн зээл аваагүй, 10.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү зээлийг хугацаандаа төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад үндэслэлгүй 47.957.623 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө барьцаалаагүй байгаа нь хариуцагч зээл авах хүсэл сонирхолоо илэрхийлээгүй гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24.943.000 төгрөг, зээлийн хүү 20.252.033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.762.590 төгрөг нийт 47.957.623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч 34.000.000 төгрөгийн зээл аваагүй 10.000.000 төгрөгийн зээл авч гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

******* ББСБ ХХК нь *******той 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 2014/04 тоот зээлийн гэрээ байгуулж, 34.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлж, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бэлнээр, 10 дугаар сарын 24-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 495048106 тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, кассын зарлагын ордер, орлогын ордер зэргээр тогтоогдож байна./х.х-ийн 3-4, 47-49 дүгээр тал/

Хариуцагч нь 10.000.000 төгрөгийн зээл авсан, үлдэгдэл 24.000.000 төгрөгийг барилга бариулах тусгай зөвшөөрөл гаргуулна гэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Түүнчлэн хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан нь өөр хэлцэлтэй холбоотой гэж тайлбарлаж байх боловч уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргаагүйгээс гадна энэхүү гэрээ нь хүчин төгөлдө рбус байх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээг байгуулахад хариуцагч хүсэл зоригоо илэрхийлж эд хөрөнгө барьцаалаагүй, барьцааны гэрээ байгуулаагүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

Зээлдүүлэгчээс зээл олгохдоо зээлдэгчээс заавал барьцаа хөрөнгө барьцаалах шаардлагыг хуульд тусгайлан заагаагүй тул энэхүү татгалзал үндэслэлгүй болно.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 9.057.000 төгрөг, зээлийн хүүнд 11.900.000 төгрөгийг тус тус бартераар, 760.000 төгрөгийг бэлнээр төлсөн байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд болон хэтэрсэн хугацааны хүүнд 32.648.700 төгрөгийг төлөхөөс 15.060.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 9.057.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 17.588.700 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү 2.762.590 төгрөгийг тус тус нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Зээлийн хүүг дараах байдлаар тооцоолсон /1.700.000х6/=10.200.000 төгрөг, /1.247.150х18/=22.448.700 төгрөг, нийт /10.200.000+22.448.700/=32.648.700 төгрөг болно.

Иймд хариуцагч *******оос үндсэн зээлийн үлдэгдэл 24.943.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.762.590 төгрөг, нийт 45.294.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.663.333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 45.294.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.663.333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 384.421 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ