Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 168

 

                                   2020/ШЦТ/168

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Хохирогч: С.Б

Шүүгдэгч: Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Цт холбогдох эрүүгийн 2012000590141 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12-р хороо Чулуутын амины орон сууц хорооллын 1-3 тоотод оршин суух хаягтай, Б овогт Дын Ц/РД:НХ74062313/ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Дын Ц  нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сөрт багийн нутаг Төвийн орон сууцны 01-01 тоотод С.Бын “машин асааж будаанд явсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            *Хохирогч С.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Би хэрэг болдог өдөр гэртээ ганцаараа байсан. Гаднаас Д.Ц 5 хүнтэй хамт орж ирсэн. Эхлээд З орж ирээд таньтай чухал хүн уулзах гэж байна гээд Д.Ц орж ирсэн. Д.Ц бид хоёрын дунд адууны маргаан байдаг. Би адууг нь маллаж байсан. Д.Цын адууны зарим нь үхээд зарим нь алга болчихсон. Үүнээс болоод бид хоёрын дунд маргаантай асуудал байсан.  Бид хэд 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд Д.Ц машинаа асаачих 2 тонн будаа ачаад ирье чи нэг тонныг нь ав гэж хэлсэн. Би хөлдүү машин асахгүй тэгээд ч надад будааны хэрэг байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн.  З чи манай найзын адууг алдсан байсан ч үхсэн байсан ч төлөх ёстой гэж хэлсэн. Би Зд чамд хамаагүй гэж хэлээд маргалдсан. Тэгээд гадаа гараад зодолдсон. Д.Ц намайг боож унагаагаад гараараа нүүр рүү цохисон. Тэгээд сэрсэн чинь би гэртээ ороод ирсэн байсан. Манай хүүхэд 4-5 цагийн үед хичээлээсээ ирэхэд нь Д.Ц манай хүүхдэд ийм зүйл болчихлоо гэж хэлсэн байсан. Тэгээд манай хүүхэд ээжийгээ дуудсан байсан. Манай эхнэрийг ирэхэд нь Д.Ц явчихсан байсан...” гэх мэдүүлэг 

            *Эрүүгийн 2012000590141 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч С.Бын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Төвшрүүлэх сумын төвд байх гэртээ Хотонт сумын Өлзийт голд нутагладаг Таванжингийн Батбаатар, Г.А нарын хамт гэртээ байж байхад үдээс хойш болж байхад гаднаас Цэнхэр сумын З, А, Ц нар нь манай гэрт орж ирсэн. Эхлээд орж ирээд Ц надтай уулзаж ярилцах гэсэн юм сайн сууцгааж байна уу гээд бурхан дээр архи тавиад манайд сууцгаасан. Удалгүй Ц 0.5 литрийн багтаамжтай архи гаргаж ирээд бид нар бүгд хувааж уусан. Ц намайг миний хөгшин машинаа асаачих би чадахгүй машин хөлдүү байгаа асахгүй, асааж яах гэсэн юм гэтэл Ц Хархорин сум ороод 2 тонн будаа ачаад хүрээд ирье чи 1 тонн будааг нь ав гэсэн. Би тэгж хэлэхээр нь надад хатуу будаа хэрэггүй би будаагаар чинь юу хийх вэ гэхэд Ц бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн хоорондоо барьцалдаж аваад салсан. Гэтэл Ц намайг гэрээс гараад уулзъя гэсэн би гэрээс гараад уулзахад Ц за би ингээд явъя гэж хэлсэн. Бид хоёр эргээд гэрт ороход гэр дотор сууж байсан Цэнхэр сумын З над руу хандаж Цын 20 хэдэн  адууг алдсан ч бай үхсэн ч бай чи төлөх ёстой гэж надад хэлсэн. Үүний дараа Ц бид дахин гэрээс гарахад Ц намайг боож унагаагаад газарт унасны дараа намайг гараараа цохисон цохихдоо толгой хэсэг газарт мөн зүүн шилбэ газар цохисон улмаар миний толгой хэсэг газар болон, зүүн нүд, хөхөрсөн байдалтай байна мөн боосноос болоод зүүн болон баруун эгэмний ясан хөхрөлттэй байгаа ингээд намайг цохиж зодсон. Би гэртээ орж ирээд сууж байхад манай хүү Эрдэнэбүүвэй орж ирээд намайг хараад юу болов яав гэхэд Ц манай хүүхдээс ахыгаа уучлаарай гээд гуйж байсан. Тэгээд Ц машиндаа суугаад явсан. Найз нөхдийн холбоотой, морь мал уяж хоорондоо танилцсан. Намайг Ц цохиж зодсон яг хэдэн удаа цохисон гэдгийг би санахгүй байна ямар ч байсан миний өмсөж байсан цэнхэр өнгийн фудволк, хар хөх цоохор өнгийн цамцыг урсан, намайг толгой хэсэг газар хэд хэдэн удаа цохисон. Манай гэрт байгаа, угааж цэвэрлээгүй байгаа. Би гомдолтой байна, өмнө нь 2019 оны зун намайг Ц зодож байсан тухайн үед би гомдол санал гаргаагүй юм адилхан эр хүмүүс уулзаж учраад болох байх гэж бодсон харин намайг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин зодсонд нь би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/ 

           *Гэрч Д.БатЗгийн өгсөн: 

           “...Тухайн өдөр намайг Цэнхэр суманд гэртээ байж байхад Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт тариа тарьдаг Цогтоо гэж дууддаг залуу манай гэрт ирсэн. Би мэнд мэдэлцээр хууч хөөрөөд сууж байтал Төвшрүүлэх сум руу манай найзынд очоод ирье гэж хэлсэн. Би зөвшөөрч Цтай хамт Төвшрүүлэх сумын төвд байдаг С.Бын гэрт очсон. Бид нарыг очиход С.Б гэртээ танихгүй 2 залуутай байсан. Бид нар гэрт нь ороход Ц бурхан дээр нь архи тавиад дахин 1 шил архи гаргаж тавиад бид нар тэр архийг хувааж уусан. Архи уугаад сууж байтал Цогтоо Б хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж авсан. Би босч ирээд больцгоо битгий маргалдаад бай гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Гэтэл Цогтоо Быг гараад ир гадаа гараад уулзъя гээд байсан. Тэгсэн чинь Б босч тэгье гээд гэрээс гараад явсан. Араас нь гараад харахад Б газар унасан Цогтоо дээр нь гарчихсан байсан. Дахин би тэр хоёрыг зодолдхоо боль гээд салгасан. Би тэр хоёрыг салсаны дараа харахад Бын хамраас цус гарсан байсан. Бид нар ямар сонин хүмүүс вэ гэж бодоод Б гэртээ үлдсэн. Тухайн үед Ц, Б, Бын байсан 2 залуу бид нар байсан. Хэрэг гарах үед тэр 2 залуу байгаагүй. Б дээгүүрээ цэнхэр цамцтай байсан бусдыг нь би санахгүй байна. Би гэрт нь байсан учраас хараагүй, Гэрээс гарахад Бын хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30 дугаар тал/

*Гэрч П.Нн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарыг 17-ны өдөр намайг Төвшрүүлэх сумын Цэцэрлэг дээр ажлаа хийгээд байж байхад манай хүү Эрдэнэбүүвэй утсаар залгаад аав хүнд зодуулчихсан хамраас нь цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн би үүнийг сонсоод гэртээ ирсэн. Намайг ирэхэд Бын хамраас нь цус гарсан, нүүр ам нь шалбарсан байдалтай байсан Б надад хэлэхдээ толгой өвдөөд байна гэхээр нь би сумын ЭМТ ороод дуудлага өгсөн. Дуудлага эмч нар ирээд үзлэг хийсэн. Манай гэрт Ц, З гэх хүмүүс орж ирээд намайг Ц зодсон гэж надад тайлбарласан. Өмсөж байсан цамц хувцас нь урагдсан байдалтай тайлаад газар хаясан байсан, Б өөрөө хамраас нь цус гарсан, хүзүү, эгэм хэсэг газар нь улаан болсон хөхөрсөн, нүүр нь улаан туяатай болсон байсан би айгаад эмнэлэгт хандсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/ 

*Гэрч Г.Аийн өгсөн: 

“...Тухайн өдөр манай Хотонт сумын ойролцоо нутагладаг манай нутгийн Батбаатар, Алтангэрэл бид гурав Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төв орж малд өгөх өвс авах гэж байсан. Төвшрүүлэх сумын төв ороод таньдаг айл С.Бынд ороод гаръя гээд гэрт нь орсон. Бид гурав С.Бын гэрт нь ороход С.Б гэртээ ганцаараа байж байсан. Удалгүй Бын гэрт танихгүй хүмүүс орж ирсэн. Тэр хүмүүс С.Бтай муудалцаад байгаа юм шиг тоглоод ч байгаа юм шиг сонин юм яриад байхаар нь бид гурав Бын гэрээс гараад явсан. Үүний дараа юу болсон талаар би мэдэхгүй. Тухайн өдөр орж ирсэн хүмүүсийг би танихгүй. С.Бын гэрт нь орж ирээд бурхан дээр нь архи тавиад хоорондоо гар бариад мэндлээд байхаар нь таньдаг хүмүүс нь юм байна гэж бодсон...” гэх  мэдүүлэг/хх-ийн 34-37 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Цын өгсөн: 

“...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Төвшрүүлэх сумын төвд байх С.Б гэж найз даараа очиж уулзсан. Тухайн үед би Цэнхэр сумын З гэх хүнтэй хамт явж байсан. С.Бын гэрт нь ороод ойрд уулзаагүй байсан учраас С.Бын гэрийн бурхан дээр архи тавиад сайхан уулзаад сууж байсан. С.Бын гэрт миний танихгүй 2 залуу сууж байсан. Надад унааны хэрэг гараад Хархорин сум руу С.Бын Портертой яваад ирье гэж С.Баас асуутал Б явахгүй гээд ялихгүй зүйлээс болж хэрүүл үүсээд бид хоёр маргалдсан. Архи уусан учраас архины халуун дээрээ улам маргалдаад бид хоёр гэрээс хамт гарсан. Тухайн үед надад С.Быг цохиж зодох санаа байгаагүй жижиг зүйлээс болж хэн хэндээ буулт хийж өгөөгүй нь буруу болсон. Би С.Бын нүүр хэсэг газарт нь 1-2 удаа өөрийн баруун гараа атгаж байгаад цохисон. Бид хоёр адилхан ноцолдсон намайг цохиж зодоогүй. Би хоёр олон жил нөхөрлөж байгаа найзууд, энэ хэрэг явдал гарах үед архины халуунаас болоод хоорондоо маргалдсан. Тэгээд би сэтгэл хөдлөлөөрөө хандаад надад машинаараа туслаагүй болохоор нь бага зэрэг гомдоод цохисон. Би Бын гэрт хамт очсон Цэнхэр сумын гаралтай З байсан. С.Бын гэрт сууж байсан миний танихгүй хоёр залуу байсан. Өөр хүн байгаагүй. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би агсам согтуу тавиад хэрүүл хийгээд яваад байдаг хүн биш тухайн үед жаахн үл ойлголцол болсон учраас маргалдсан. Өөр бид хоёрын хооронд хувийн өс хонзонгийн асуудал байхгүй. Би Улаанбаатар хотод оршин суудаг. Эхнэр маань сүүлийн үед бие нь өвдөөд өвчтэй байгаа би Улаанбаатар хотод 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай 4 хүүхдийн хамгийн том нь 11-р ангид сурдаг, бага нь 4 настай, бид амьдрал ахуйгаа тэжээх зорилгоор өдөр шөнөгүй Улаанбаатар Архангай аймаг хоёрын хооронд явдаг. Тиймээс миний ахуй амьдралыг харж үзэхийг хүсч байна. Учир нь би өөрийн буруу үйлдэл хийсэнтэйгээ санал нийлж байна..” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай“...С.Бын биед гэмтэл учирсан байна. С.Бын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, баруун, зүүн эгэмний доод хэсэг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, төвөнх орчим жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Хамрын нуруунд цус хуралт, баруун, зүүн эгэмний доод хэсэг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, товөнх орчим жижиг зулгаралт гэмтэл тус бүр биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8-9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сөрт багийн нутаг Төвийн орон сууцны 01-01 тоотод иргэн С.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Ц үйлдсэн болох нь хохирогч С.Бын”...Д.Ц намайг миний хөгшин машинаа асаачих би чадахгүй машин хөлдүү байгаа асахгүй, асааж яах гэсэн юм гэтэл Ц Хархорин сум ороод 2 тонн будаа ачаад хүрээд ирье чи 1 тонн будааг нь ав гэсэн. Би тэгж хэлэхээр нь надад хатуу будаа хэрэггүй би будаагаар чинь юу хийх вэ гэхэд Д.Ц бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн хоорондоо барьцалдаж аваад салсан. Гэтэл Д.Ц намайг гэрээс гараад уулзъя гэсэн би гэрээс гараад уулзахад за би ингээд явъя гэж хэлсэн. Бид хоёр эргээд гэрт ороход гэр дотор сууж байсан Цэнхэр сумын З над руу хандаж Д.Цын  хорин хэдэн  адууг алдсан ч бай үхсэн ч бай чи төлөх ёстой гэж надад хэлсэн. Үүний дараа бид дахин гэрээс гарахад Д.Ц намайг боож унагаагаад газарт унасны дараа намайг гараараа цохисон цохихдоо толгой хэсэг газарт мөн зүүн шилбэ газар цохисон улмаар миний толгой хэсэг газар болон, зүүн нүд, хөхөрсөн байдалтай байна мөн боосноос болоод зүүн болон баруун эгэмний ясан хөхрөлттэй байгаа ингээд намайг цохиж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.БатЗгийн”...Архи уугаад сууж байтал Цогтоо Б хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж авсан. Би босч ирээд больцгоо битгий маргалдаад байж гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Гэтэл Цогтоо Быг гараад ир гадаа гараад уулзъя гээд байсан. Тэгсэн чинь Б босч тэгье гээд С.Бын гэрээс гараад явсан. Араас нь гараад харахад Б газар унасан Цогтоо дээр нь гарчихсан байсан. Дахин би тэр хоёрыг зодолдхоо боль гээд салгасан. Би тэр хоёрыг салсаны дараа харахад Бын хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Нн“...2020 оны 01 дүгээр сарыг 17-ны өдөр намайг Төвшрүүлэх сумын Цэцэрлэг дээр ажлаа хийгээд байж байхад манай хүү Эрдэнэбүүвэй утсаар залгаад аав хүнд зодуулчихсан хамраас нь цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн би үүнийг сонсоод ажлаасаа чөлөө гэртээ ирсэн. Намайг ирэхэд Бын хамраас нь цус гарсан, нүүр ам нь шалбарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Аийн”...Удалгүй Бын гэрт танихгүй хүмүүс орж ирсэн. Тэр хүмүүс С.Бтай муудалцаад байгаа юм шиг тоглоод ч байгаа юм шиг сонин юм яриад байхаар нь бид гурав Бын гэрээс гараад явсан...”гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Цын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Цын хүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, баруун, зүүн эгэмний доод хэсэг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, төвөнх орчим жижиг зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Цын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Цын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд өөрчлөлт оруулан, “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах... гэж гэмт хэргийг санаатай үйлдсэнг тухайн гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд шүүгдэгч Д.Цын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дурдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамласан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  гэж дүгнэв.

Хохирогч С.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түүний 2 ширхэг цамцыг хохирогч С.Б авах хүсэлт гарагсан тул түүнд буцаан олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Ц нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Цогбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт Дын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2/хоёр/ ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Бд буцаан олгосугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР