Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 172

 

                                  2020/ШЦТ/172

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Ө.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Өийн Жт холбогдох эрүүгийн 2012000000204 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 61 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг, ..........гэх газар оршин суух хаягтай, урьд 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 6/108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Өийн Ж/РД:ФБ................../ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.Ж нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Хөтлийн 9-2 тоотод байрлах Эын хашааны гаднаас хохирогч Э.Нийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2012000000204 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Э.Нийн өгсөн: 
“...2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аав Эынд лам ирээд би ном уншуулах гээд 12 цаг 30 минутад аавынд очоод аавын хашааны гадаа мотоциклио тавьсан байсан. Тэгээд 13 цаг 20 минутанд гараад явах гэтэл миний мотоцикль байхгүй байсан. Би мотоциклио хайгаад олдохгүй болохоор нь сумынхаа цагдаад мэдэгдсэн. Би өдөржин мотоциклио хайгаад олоогүй. Тэгээд гэртээ  амрах гээд байж байхад орой 23 цагийн үед сумын цагдаа залгаад, Цагдаагийн хэсгийн байранд хүрээд ир мотоциклийг чинь олчихлоо гэсэн. Намайг цагдаагийн хэсгийн байранд ирэхэд, миний мотоцикль цагдаагийн байрны гадаа байсан. Цагдаагийн хэсгийн байранд ороход хэсгийн төлеөлөгч Ө.Жийн хамт байсан. Би Ө.Жээс яагаад хүний мотоцикль аваад явсан юм, хэрэгтэй байсан бол хэлээд аваад явахгүй яасан юм, гэж асуухад Ө.Ж гэртээ харих гээд унаад явсан юм та нарыг ламаар ном уншуулж байхаар чинь хэлээгүй юм гэж байсан. Тухайн өдөр би мотоциклио хайгаад явж байхдаа Ө.Жийнд очиход Ө.Ж гэртээ байхгүй байсан, эхнэрээс нь асуухад сонгуулийн байранд байгаа гэж байсан. Би мотоциклио олоод авсан тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/ 

          *Гэрч Б.Сгийн өгсөн: 
           “...Манайх Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Худгийн ам гэх газар сумын төвөөсөө 4 км зайд ганц гэрээ байдаг. 2020 оны 06 дугаар сарын 03-ны 15 цагийн үед манай нөхөр Ө.Ж гэртээ их согтуу ирсэн, ирэхдээ мотоцикль унасан ирсэн. Тухайн үед би хэний мотоцикль юм гэж асуусан чинь Эын мотоцикль гэж байсан. Тэгээд унтаад өгсөн. Бид нарыг унтаж байхад 22 цагийн орчим гадаа машин дугараад манай нөхөр Ө.Ж гараад цагдаа ирээд намайг уулзъя гэж байна гээд унаж ирсэн мотоциклио аваад явсан. Би хүний мотоцикль унаж ирээд тэрийг аваачиж өгч байгаа юм байна гэж бодсон. Надад тэр үед Эын мотоцикль гэж байсан, өөр юм яриагүй. Сүүлд сонсох нь Эын хүү Нийн мотоциклийг хашааны гадна байхад нь хэлэлгүй унаад харьсан байсан. Хүрэн өнгийн мотоцикль байсан, ямар маркийн мотоцикль байсныг би мэдэхгүй. Манай нөхөр Ө.Ж төлөв даруу зантай, хүнд тусархуу, ажилсаг, цайлган сэтгэлтэй хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/ 

           *Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 579 дугаартай”...Мустанг-5 маркийн аваад 2 жил болж байгаа хуучивтар мотоциклийн үнэлгээ 2020 оны 06 дугаар сарын байдлаар 350.000/гурван тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/ 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Хөтлийн 9-2 тоотод байрлах Эын хашааны гаднаас иргэн Э.Нийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайд алдагдаж, 350.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ө.Ж үйлдсэн болох нь хохирогч Э.Нийн”...Тэгээд 13 цаг 20 минутанд гараад явах гэтэл миний мотоцикль байхгүй байсан. Би мотоциклио хайгаад олдохгүй болохоор нь сумынхаа цагдаад мэдэгдсэн. Би өдөржин мотоциклио хайгаад олоогүй. Тэгээд гэртээ  амрах гээд байж байхад орой 23 цагийн үед сумын цагдаа залгаад, Цагдаагийн хэсгийн байранд хүрээд ир мотоциклийг чинь олчихлоо гэсэн. Намайг цагдаагийн хэсгийн байранд ирэхэд, миний мотоцикль цагдаагийн байрны гадаа байсан. Цагдаагийн хэсгийн байранд ороход хэсгийн төлеөлөгч Ө.Жийн хамт байсан. Би Ө.Жээс яагаад хүний мотоцикль аваад явсан юм, хэрэгтэй байсан бол хэлээд аваад явахгүй яасан юм, гэж асуухад Ө.Ж гэртээ харих гээд унаад явсан юм та нарыг ламаар ном уншуулж байхаар чинь хэлзэгүй юм гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сгийн”...2020 оны 06 дугаар сарын 03-ны 15 цагийн үед манай нөхөр Ө.Ж гэртээ их согтуу ирсэн, ирэхдээ мотоцикль унасан ирсэн. Тухайн үед би хэний мотоцикль юм гэж асуусан чинь Эын мотоцикль гэж байсан. Тэгээд унтаад өгсөн. Бид нарыг унтаж байхад 22 цагийн орчим гадаа машин дугараад манай нөхөр Ө.Ж гараад цагдаа ирээд намайг уулзъя гэж байна гээд унаж ирсэн мотоциклио аваад явсан. Би хүний мотоцикль унаж ирээд тэрийг аваачиж өгч байгаа юм байна гэж бодсон. Надад тэр үед Эын мотоцикль гэж байсан, өөр юм яриагүй. Сүүлд сонсох нь Эын хүү Нийн мотоциклийг хашааны гадна байхад нь хэлэлгүй унаад харьсан байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 579 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.Жийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч Ө.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Ө.Жийг бусдын эд хөрөнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Т овогт Өийн Жийг бусдын эд хөрөнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жт хорих ял оногдуулахгүйгээр 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.Жт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           6. Ө.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР