| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0170/э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 173
2020/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: А.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Аы Өт холбогдох эрүүгийн 2012000000190 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж дүү нарын хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын ...............гэх газар оршин суух хаягтай, Дайдаа овогт Аы Ө/РД:АЕ....../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь тархи доргилт, баруун хацар, баруун нүдний орчим зөөлөн эдэд няцралт, баруун ба зүүн нүдний салстад цус хуралт, 2 чамархайд зөөлөн эдэд няцралт, баруун гарын бугуйны ар дээд хэсэгт жижиг шарх гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012000000190 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.Бын өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр оройн 19 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд байдаг Эрдэнээ гэж дууддаг эгчийн зоогийн газарт хоол идэх гээд очтол Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн А.Ө, А.Х нар сууж байсан. Би тэр хоёртой нэг ширээн дээр суугаад хамт юм яриад сууж байтал А.Ө гэнэт надтай маргалдаж надад хандаж хоёулаа холхон гараад зодоон хийе гээд байсан. Би тухайн үед нь би чамтай зодолдохгүй зүгээр бай ахын дүү гэж олон удаа хэлсэн боловч А.Ө ойлгохгүй байсан намайг зоогийн газраас гараад явах гэтэл А.Ө араас гарч ирээд намайг хоёр удаа миний зүүн шанаа хэсэгт цохисон би өмнөөс нь барьцалдаж аваад хавсарч унагасан гэтэл А.Ө гэнэт хутга гаргаж ирээд миний цээж рүү хатгах гэхэд нь би баруун гараараа хаасан хутга нь миний баруун гарын шуу хэсэгт хатгасан. Гэтэл араас А.Хосбаяр гарч ирж салгаад авсан би буцаад зоогийн газар орж зогсож байхад А.Ө намайг ална гээд дайраад байсан тэгж байгаад А.Ө яваад өгсөн би тэндээс гараад нагац ах Б.А гэх айлд очоод байж байтал араас А.Ө Архангай аймгийн Ямаат багийн иргэн Гантөмөр ахын хамт ирээд намайг зодно гээд байхаар нь би гарахгүй сууж А.Ө надад хандаж хоёулаа гараад учраа олъё зодоон хийхгүй гэхээр нь би дагаад гартал А.Ө намайг нэг удаа толгой хэсэгт цохиод хавирч унагасан. Тэгээд гэрээс А ах Т.Шэ хоёр гарч ирж салгасан. Би Б.А ахын гэрт ороод байж байтал араас орж ирээд хэрүүл хийгээд байсан. Б.А ах А.Өыг одоо харьж амар энд зодоон хийхгүй шүү гэж хэлэхэд үгэнд нь орохгүй суугаад байсан. Тэр үед нь би гэрээс гараад Б.А ахынх баруун тийшээ хоёр хашаа алгасаад эзэнгүй хашаанд ороод утсаар яриад байж байтал Ө араас ирээд миний баруун нүд рүү нэг удаа өшиглөөд намайг газарт унах үед толгой хэсэгт нэг удаа өшиглөж зүүн нүд рүү нэг удаа цохисон ингээд би ноцолдож байж салаад Б.А ахынд ороход А.Ө араас орж ирэхэд нь би А.Өт хандаж чи яаж байгаа юм бэ би чамд зодолдохгүй гэж хэлээд байхад намайг зодчих юм би цагдаад хандана гэхэд А.Ө тэг тэг гэж хэлээд гараад явсан. Миний хоёр нүд хоёулаа хавдсан баруун гарын шуу хэсэгт хутгалсан толгой өвдөөд байгаа толгой яаж гэмтсэнийг би мэдэхгүй байна. Эрдэнээ /гэж дууддаг/ эгчийн зоогийн газрын гадаа А.Ө намайг зодох үед А.Х Эрдэнээ эгч нар харж байсан харин дараа нь Б.А ахын хашаанд намайг зодох үед Б.А ах Т.Шэ хоёр гэрээсээ харж байсан учир нь гэрийнх нь үүд онгорхой байсан. Харин сүүлд нь эзэнгүй хашаанд зодох үед хажууд хүн байгаагүй. А.Ө нь миний баруун нүд рүү өшиглөж зүүн нүд рүү гараараа цохисон толгой хэсэгт маань хоёр удаа цохисон шанаа хэсэгт маань хоёр удаа цохисон. Бид хоёрын дунд өс хонзон өр авлага гэх зүйл байхгүй. Юм ярьж сууж байгаад гэнэт А.Ө гэнэт уурлаж над руу дайраад байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би гомдолтой байна эрүүл мэндээрээ хохирсон мөн тухайн үед А.Ө хандаж зодолдохгүй зүгээр бай гэж олон удаа хэлээд байхад А.Ө намайг зодсон учир А.Өт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-8 дугаар тал/
*Гэрч С.Эийн өгсөн:
“...Мэдэж байгаа 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд түрээслэн ажлуулдаг Жаргалант хишиг нэртэй зоогийн газарт хоол хийгээд иргэдэд үйлчлээд байж байхад оройн 18 цаг өнгөрч байхад Өлзийт сумын иргэн А.Ө А.Х нар орж ирээд хуушуур захиалаад сууж байхад Өлзийт сумын иргэн Т.Б орж ирсэн. Т.Б орж ирээд А.Ө А.Х нартай нэг ширээнд сууж байсан хоолоо идэх хооронд тэр гурав өврөөсөө пиво гаргаж ирээд уусан ингээд байж байтал гэнэт А.Ө Т.Б нар хэрэлдэж муудалцаад байхаар нь би та нар манай зоогийн газраас гар өөр газар очиж хэрэлд гээд хөөгөөд гаргасан манай зоогийн газраас гараад гадаа зодолдоод байх шиг байсан яг хэн нь хэнийгээ зодоод байгааг би хараагүй. Удалгүй Т.Б нь би гартаа хутгалуулчихлаа гээд манай зоогийн газар орж ирэхээр нь би гар дээр нь ус хийж өгөөд гарыг нь угаалгаад явуулсан. А.Х А.Ө нарыг та хоёр яагаад бие бие рүүгээ яагаад толгой дохиод нүд ирмээд байгаа юм гэж Т.Б хэлэхэд А.Ө нь би хаана хэн рүү толгой дохиж нүд ирэмсэн юм гээд уурлаад босоод ирсэн. А.Ө нь зоогийн газар байхдаа Т.Б руу ууж байсан пиво шидээд байсан гадаа гараад хэн нь хэнийгээ зодсоныг би мэдэхгүй гаднаас Т.Бын гараас цус гарчихсан А.Ө миний гар руу хутгалчихлаа гээд орж ирсэн хэнийгээ яаж цохиж зодсон гэдгийг нь би мэдэхгүй. Тухайн үед Т.Б, А.Ө нар хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, тэр хоёроос архи үнэртэж байсан. А.Ө нь их согтуу байсан харин Т.Баас архи үнэртэж байсан боловч тийм их согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Т.Шийн өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цаг өнгөрч байхад би Б.А ахынд ороход Б.А ах, Т.Б ах, Гантөмөр ах, А.Ө нар байсан намайг орсны дараа А.Ө нь Т.Б ах руу одоо зодолдоно, одоо цус үзнэ гээд дайраад байсан Т.Б ах одоо би чамтай зодолдохгүй зүгээр бай гээд гуйгаад байсан. Тэгээд тэр дөрөв тэнд нийслэл нэртэй 2.5 литрийн савлагаатай нэг пиво хувааж уусан би аяглаж өгсөн пиво ууж байх хооронд А.Ө нь Т.Б ахыг гараад юм яръя гээд аваад гарсан гэрийн гадаа гараад А.Ө нь Т.Б ахыг зодоод байх шиг болохоор нь Б.А ах бид хоёр гарч салгасан ингээд удалгүй пиво нь дуусаж би тэндээс явсан намайг явахад А.Ө, Т.Б ах хоёр эвлэрээд үлдэх шиг болсон. Зоогийн газарт маргалдаж муудалцсан гэсэн яг юунаас болж маргалдаж муудалцсаныг нь мэдэхгүй байна Б.А ахынд А.Ө нь учиргүй Т.Б ахыг зодно гээд дайраад байсан. Гантөмөр ах унтаж байсан Б.А ах бид хоёр байсан өөр хүн байгаагүй. А.Ө Т.Быг дагуулж гараад толгой хэсэгт нь нэг удаа цохиж хавсарч унагасан. Тэгээд Б.А ах бид хоёр салгасан Б.А ахын гэрт ороод байж байхад А.Ө нь Т.Б ахын цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн өөрөөр тэр хоёр бие биенээ цохиж зодоогүй. Өмнө зоогийн газрын үүд болон дараа нь тэр эзэнгүй хашаанд хэн нь хэнийгээ яаж цохиж зодсоныг мэдэхгүй. Тухайн үед Т.Б, А.Ө нар хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тэр хоёроос архи үнэртэж байсан. Мөн Б.А ахынд орсноос хойш Гантөмөр ах, А.Ө, Т.Б ах, Б.А ах нар нэг том пиво хувааж уусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/
*Гэрч Б.Аын өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед гэртээ байж байтал Т.Б гаднаас орж ирээд Эрдэнээ эгчийн зоогийн газрын гадаа А.Өт зодуулаад гартаа хутгалуулчихлаа гэж хэлсэн. Энэ үед нь харахад Т.Бын баруун гарын шуу хэсгээс жаахан цус гарч байсан өөрөөр ил харагдах гэмтэл харагдахгүй байсан ингээд удаагүй байхад манай эгчийн хүүхэд Т.Шэ манайд орж ирсэн удалгүй араас нь А.Ө Гантөмөр нар манайд орж ирээд А.Ө нь Т.Бд хандаж чамайг зодно гээд байсан Т.Б би чамтай зодолдохгүй чи одоо зүгээр яв чи намайг сая зоогийн газрын үүдэнд зодоо биз дээ би харин цагдаад хэлэхгүй өнгөрлөө шүү одоо болно гэхэд А.Ө хоёулаа гадаа гараад зүгээр юм яръя гэж дагуулж гараад гэрийн үүдэнд А.Ө Т.Быг толгой хэсэгт нэг удаа цохиж хавирч унагасан. Тэр үед нь Т.Шэ бид хоёр гарч салгаад гэрт орж ирэхэд А.Ө араас орж ирээд Т.Быг өдөөд байсан би А.Өт хандаж чи одоо харьж амар энд зодоон хийхгүй шүү гэж хэлсэн энэ үед Т.Б манайхаас гараад явсан удалгүй А.Ө араас нь гарсан ингээд байж байтал Т.Б А.Ө дахин намайг зодлоо миний баруун нүд рүү өшиглөөд зүүн нүд рүү цохиод толгой руу бас өшиглөчихлөө гээд орж ирсэн энэ үед харахад Т.Бын хоёр нүд нь хавдсан харагдаж байсан. А.Ө араас нь орж ирээд удалгүй гараад явсан. Зоогийн газарт маргалдаж муудалцсан гэсэн яг юунаас болж маргалдаж муудалцсаныг нь мэдэхгүй байна манайд А.Ө орж ирээд л учиргүй Т.Быг зодно гээд дайраад байсан. Гантөмөр, Т.Шэ бид гурав байсан өөр хүн байгаагүй. А.Ө Т.Быг дагуулж гараад толгой хэсэгт нь нэг удаа цохиж хавсарч унагасан тэгээд Т.Шэ бид хоёр салгасан өмнө зоогийн газрын үүдэн болон дараа нь тэр эзэнгүй хашаанд хэн нь хэнийгээ яаж цохиж зодсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/
*Гэрч А.Хийн өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд байх Жаргалант хишиг нэртэй зоогийн газарт хоол идэх гэж өөрийн найз А.Өтай хамт ороод хуушуур захиалаад байж байхад оройн 18 цаг өнгөрч байхад манай найз Т.Б орж ирээд бид хоёртой нэг ширээнд суугаад юм ярьж байгаад А.Ө өврөөсөө пиво гаргаж ирээд бид гурав ууж байтал хуушуур ирсэн хуушуураа идээд байж байтал гэнэт А.Ө Т.Б хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад авсан гэтэл зоогийн газрын тогооч Э эгч загнаад та нар энд зодоон хийхгүй гар өөр газар очиж наад хэрүүл маргаанаа хийцгээ гээд гаргасан гараад А.Ө Т.Б нар маргалдаад зодолдсон би тухайн үед их согтуу байсан болохоор яг юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд А.Ө хутга гаргаад ирсэн Т.Бын баруун гарт хутгалсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Т.Быг зоогийн газар руу оруулаад А.Өыг явуулаад би өөрөө тэндээс явсан. Тухайн үед их согтуу байсан учир юунаас болж маргалдсаныг нь санахгүй байна. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд Т.Б намайг хутгалчихлаа гэж хэлэхэд харсан чинь А.Ө гартаа хутга барьсан байсан тэгээд би тэр хоёрыг салгасан. Яг ямар хутга байсныг санахгүй байна. Ямар ч гэсэн жижиг хутга байсан тонгорог байх гэж бодож байна. Би, зоогийн газрын тогооч Э эгч байсан өөр хүн байгаагүй. А.Ө Т.Быг хутгалсан гэдгийг мэдэж байгаа. А.Ө бид хоёр их согтуу байсан. Харин Т.Б архи уух нь уусан байсан, гэхдээ их согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар тал/
*Яллагдагч А.Өын өгсөн:
“...Эхлээд зоогийн газарт маргалдах үед А.Х, С.Э эгч нар байсан. Дараа нь айлд маргалдах үед Б.А, Т.Шэ, Гантөмөр нар байсан гэхдээ тухайн үед Гантөмөр согтуу унтаж байсан болохоор болсон асуудлыг сайн мэдэхгүй байгаа байх сүүлд нь айлын эзэнгүй хашаанд Т.Быг өшиглөж зодох үед хажууд хүн байгаагүй. Тухайн үед би согтуу байсан А.Х бид хоёрыг зоогийн газар ороод хоол захиалаад сууж байхад Т.Б орж ирээд бид гурав сууж байхад Т.Б орж ирээд бид гурав нэг ширээнд суугаад юм ярьж байхад Т.Б та хоёр яагаад нүдээ ирмэлцээд байгаа юм би та хоёрт пиво авч өгөх үү гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Эхлээд зоогийн газарт маргалдаад барьцалдаж авах үед С.Э эгч бид хоёрыг гар гээд хөөгөөд гаргасан. Гадаа гараад бид хоёр маргалдаад би Т.Быг хоёр удаа цохиж хавирч унагахад Т.Б намайг татаад доороо хийгээд миний хоолойг боосон энэ үед нь би бүсэндээ зүүсэн байсан тонгорогийг гаргаж ирч Т.Бын баруун гарын бугуйны дээд хэсэгт нь нэг удаа хатгаж заамдсан байсан гарыг нь тавиулсан. Дараа нь Б.А гэх айлын гэрийн үүдэнд нь нэг удаа цохиод хавсарч унагасан энэ үед Б.А, Т.Шэ нар салгасан, дараа нь эзэнгүй айлын хашаанд би Т.Бын араас очоод баруун нүд рүү нь өшиглөсөн өөрөөр би Т.Быг зодоогүй. Би Т.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 268 дугаартай дүгнэлтээр Т.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан байсан би тэр дүгнэлттэй танилцсан би шүүх шинжилгээний албана шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би гаргасан үйлдэлдээ Т.Баас уучлалт гуйсан удахгүй эмчилгээний зардал мөнгийг нь төлж барагдуулсан 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эмчилгээний мөнгө 500.000 төгрөг Т.Бд өгсөн байгаа. Зоогийн газрын үүдэнд намайг заамдаж хоолойг минь боосон, дараа нь зүүн хөмсөгний дээд хэсэгт цохиж халцалсан өөр цохиж зодсон асуудал байхгүй. Миний бие зүгээр тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би Т.Баас уучлалт гуйсан хохирлыг нь барагдуулсан би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж байна тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг/хх-ийн 52-56 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 268 дугаартай“...Иргэн Т.Бын биед, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний орчим зөөлөн эдэд няцралт, баруун ба зүүн нүдний салстад цус хуралт, 2 чамархайд зөөлөн эдэд няцралт, баруун гарын бугуйны ар дээд хэсэгт жижиг шарх гэмтэл учирчээ. Тархи доргилт, баруун хацар, баруун нүдний орчим зөөлөн эдэд няцралт, баруун ба зүүн нүдний салстад цус хуралт, 2 чамархайд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр, баруун гарын бугуйны ар дээд хэсэгт жижиг шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн хатгах, хатгагдах үйлчлэлээр үүснэ. Иргэн Т.Бын биед учирсан тархи доргилт, баруун хацар, баруун нүдний орчим зөөлөн эдэд няцралт, баруун ба зүүн нүдний салстад цус хуралт, 2 чамархайд зөөлөн эдэд няцралт, баруун гарын бугуйны ар дээд хэсэгт жижиг шарх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Т.Бын биед учирсан гэмтлүүд нь шинэ байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Ө үйлдсэн болох нь хохирогч Т.Бын”...Би тэр хоёртой нэг ширээн дээр суугаад хамт юм яриад сууж байтал А.Ө гэнэт надтай маргалдаж надад хандаж хоёулаа холхон гараад зодоон хийе гээд байсан. Би тухайн үед нь би чамтай зодолдохгүй зүгээр бай ахын дүү гэж олон удаа хэлсэн боловч А.Ө ойлгохгүй байсан намайг зоогийн газраас гараад явах гэтэл А.Ө араас гарч ирээд намайг хоёр удаа миний зүүн шанаа хэсэгт цохисон би өмнөөс нь барьцалдаж аваад хавсарч унагасан гэтэл А.Ө гэнэт хутга гаргаж ирээд миний цээж рүү хатгах гэхэд нь би баруун гараараа хаасан хутга нь миний баруун гарын шуу хэсэгт хатгасан. Гэтэл араас А.Хосбаяр гарч ирж салгаад авсан би буцаад зоогийн газар орж зогсож байхад А.Ө намайг ална гээд дайраад байсан тэгж байгаад А.Ө яваад өгсөн би тэндээс гараад нагац ах Б.А гэх айлд очоод байж байтал араас А.Ө Архангай аймгийн Ямаат багийн иргэн Гантөмөр ахын хамт ирээд намайг зодно гээд байхаар нь би гарахгүй сууж А.Ө надад хандаж хоёулаа гараад учраа олъё зодоон хийхгүй гэхээр нь би дагаад гартал А.Ө намайг нэг удаа толгой хэсэгт цохиод хавирч унагасан...” гэх мэдүүлэг, гэрч С.Эийн”...Т.Б орж ирээд А.Ө А.Х нартай нэг ширээнд сууж байсан хоолоо идэх хооронд тэр гурав өврөөсөө пиво гаргаж ирээд уусан ингээд байж байтал гэнэт А.Ө Т.Б нар хэрэлдэж муудалцаад байхаар нь би та нар манай зоогийн газраас гар өөр газар очиж хэрэлд гээд хөөгөөд гаргасан манай зоогийн газраас гараад гадаа зодолдоод байх шиг байсан яг хэн нь хэнийгээ зодоод байгааг би хараагүй. Удалгүй Т.Б нь би гартаа хутгалуулчихлаа гээд манай зоогийн газар орж ирэхээр нь би гар дээр нь ус хийж өгөөд гарыг нь угаалгаад явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Шийн“...2020 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цаг өнгөрч байхад би Б.А ахынд ороход Б.А ах, Т.Б ах, Гантөмөр ах, А.Ө нар байсан намайг орсны дараа А.Ө нь Т.Б ах руу одоо зодолдоно, одоо цус үзнэ гээд дайраад байсан. Гадаа гараад А.Ө нь Т.Б ахыг зодоод байх шиг болохоор нь Б.А ах бид хоёр гарч салгасан ингээд удалгүй пиво нь дуусаж би тэндээс явсан намайг явахад А.Ө, Т.Б ах хоёр эвлэрээд үлдэх шиг болсон. Б.А ахынд А.Ө нь учиргүй Т.Б ахыг зодно гээд дайраад байсан. Гантөмөр ах унтаж байсан Б.А ах бид хоёр байсан өөр хүн байгаагүй. А.Ө Т.Быг дагуулж гараад толгой хэсэгт нь нэг удаа цохиж хавсарч унагасан. Тэгээд Б.А ах бид хоёр салгасан Б.А ахын гэрт ороод байж байхад А.Ө нь Т.Б ахын цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн өөрөөр тэр хоёр бие биенээ цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын”...2020 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед гэртээ байж байтал Т.Б гаднаас орж ирээд Эрдэнээ эгчийн зоогийн газрын гадаа А.Өт зодуулаад гартаа хутгалуулчихлаа гэж хэлсэн. Энэ үед нь харахад Т.Бын баруун гарын шуу хэсгээс жаахан цус гарч байсан өөрөөр ил харагдах гэмтэл харагдахгүй байсан. А.Ө нь Т.Бд хандаж чамайг зодно гээд байсан Т.Б би чамтай зодолдохгүй чи одоо зүгээр яв чи намайг сая зоогийн газрын үүдэнд зодоо биз дээ би харин цагдаад хэлэхгүй өнгөрлөө шүү одоо болно гэхэд А.Ө хоёулаа гадаа гараад зүгээр юм яръя гэж дагуулж гараад гэрийн үүдэнд А.Ө Т.Быг толгой хэсэгт нэг удаа цохиж хавирч унагасан...”гэх мэдүүлэг, гэрч А.Хийн”...А.Ө өврөөсөө пиво гаргаж ирээд бид гурав ууж байтал хуушуур ирсэн хуушуураа идээд байж байтал гэнэт А.Ө Т.Б хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад авсан гэтэл зоогийн газрын тогооч Э эгч загнаад та нар энд зодоон хийхгүй гар өөр газар очиж наад хэрүүл маргаанаа хийцгээ гээд гаргасан гараад А.Ө Т.Б нар маргалдаад зодолдсон би тухайн үед их согтуу байсан болохоор яг юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд А.Ө хутга гаргаад ирсэн Т.Бын баруун гарт хутгалсан байсан...”гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч А.Өын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 268 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч А.Өын хүний биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний орчим зөөлөн эдэд няцралт, баруун ба зүүн нүдний салстад цус хуралт, 2 чамархайд зөөлөн эдэд няцралт, баруун гарын бугуйны ар дээд хэсэгт жижиг шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Өын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Т.Б нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч А.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Б нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Ө нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дайдаа овогт Аы Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР