Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 174

 

                                   2020/ШЦТ/174

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ц.С

Шүүгдэгч: М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Мын Ад холбогдох эрүүгийн 2012000000205 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Цахир сумын 3-р баг, ............... гэх газар оршин суух хаягтай, Б овогт Мын А/РД:РЕ................/ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Мын А нь Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Тэрхийн голын эрэг дээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М.Стай маргалдаж улмаар нүүр орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       *Эрүүгийн 2012000000205 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч М.Сгийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Цахир суманд Мягмарсүрэн гэх айлд хүргэн болж ирсэн би энэ нутгийн залуу Буянаа гэх залуутай 2020 оны 06-р сарын 02-ны орой 19 цагийн үед дэлгүүрийн үүдэнд таараад би нэг шил Хараа нэртэй 0,72 савлагаатай архи авсан бид 2 гол дээр очоод хувааж уугаад би согтсон байсан. Нэг мэдэхэд Буянаа намайг доороо хийгээд чамайг ална гээд толгойн дээр дэвсэж байсан.  Би босоод зугтаасан чинь намайг дахин хөөж барьж аваад усанд хийж ална гээд байсан. Тэгээд би зугтаагаад гэртээ ирээд түргэн дуудаж үзүүлсэн.  Би дэлгүүр дээр таарахаас өмнө би нэг хөдөө байдаг нэрыг нь мэдэхгүй ахтай хамт нийслэл нэртэй 2 литр пиво уусан байсан. Тэгээд дэлгүүр дээр байж байхад Буянаа гэх залуу ирсэн. Тэгээд би нэг шил архи аваад хамт гол орж уусан би согтоод тасарсан байсан. Буянаа бас согтсон байсан. Ямар шалтгаанаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд намайг нүүр, цээж, толгойн хэсэгт өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний толгой нүд өвдөж байна.  Тэр үед Буянаа бид 2 байсан өөр хүн байгаагүй би өөрийн мотоциклиор очсон бид хоёр тус тусдаа мотоцикль унаж гол дээр очсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-9 дүгээр тал/ 

*Гэрч Т.Нгийн өгсөн: 

           “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр барилга барьж байсан газарт 2,5л “Сэнгүүр” пиво нэгийг С бид хоёр хувааж уугаад 14 цаг 00 минутын үед С бид хоёр дэлгүүрээс 0,75-тай Хараа архи нэгийг аваад гарч ирээд дэлгүүрийн үүдэнд С, Буянаа гэх залуутай уулзаад байсан. Тэгээд хамт гол орсон голын эрэг дээр Буянаа, С бид нар 0,75-тай Хараа архийг хувааж ууж дуусаад Буянаа дэлгүүр ороод ирнэ гээд яваад өгсөн. Би нэг хэсэг согтоод юу болсоныг санахгүй байна С, Буянаа нар хэсэг алга болсон миний байсан газраас хойно байхаар нь очсон гэтэл Сгийн нүүр цустай болсон зодолдсон байдалтай байсан. Тэгээд харих гээд С, Буянаа нар яваад өгсөн би барилга барьдаг газарт гэртээ ирсэн байсан. Миний хажууд хэрэлдэж маргалдаагүй хойшоо яваад ирэхгүй болохоор нь яваад очсон чинь хэрэлдэж маргалдаж зодолдсон байдалтай Сгийн нүүр цустайгаа холилдсон байдалтай байсан. Намайг зодож цохиж авсан асуудал байхгүй. Би Сг Буянаа зодсон гэж бодож байна тэр газарт бид гураваас өөр хүн ирээгүй, байгаагүй. Намайг Буянаа, С нарын хажууд очих үед С цустайгаа хутгалдсан сууж байсан Буянаа зайтай зогсож байсан өөр хүн байгаагүй. С бид хоёр их согтуу тухайн үед юу болоод байсан талаар сайн санахгүй байна. Буянаа согтоогүй гайгүй байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

*Гэрч М.Бгийн өгсөн: 

“...М.С нь ЕБС-ийн барилга дээр туслахаар ажилладаг тул ажилдаа 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 10 минутын үед гэрээсээ ганцаараа гараад мотоциклио асаагаад унаад явсан. Орой 18 цаг 40 минутын үед явганаар ганцаараа гэртээ ирсэн . М.Сгийн зүүн талын нүд нь битүү хөхөрч цус хурсан, улайсан, шанаа толгой хэсгээрээ хавдсан өмссөн хувцас нь норж шавар болсон, ухаангүй согтуу байдалтай гэртээ ирсэн. Би М.Сг, М.А гэдэг залуу зодсон гэж бодож байна. Сгийн нүүр царай цустайгаа хутгалдсан байдалтай гэртээ ирэхдээ М.А намайг зодсон шүү гэж хэлж байсан. М.С эмчид үзүүлж эмчилгээ хийлгээд бие нь сайн болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/ 

*Яллагдагч М.Агийн өгсөн: 

“...Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ Цахир сумын төв рүү мотоциклиор орж ирээд явж байгаад гудамжинд М.С Т.Н нартай тааралдаж М.С намайг архи аваад өг гэсэн би мөнгө байхгүй гэж хэлсэн. Гэтэл С би чамд архи авч өгнө гээд дэлгүүрээс 0,75-тай хараа архи, ундаа авсан байсан. Намайг хамт гол явна гэсэн би М.С Т.Н нартай хамт Тэрхийн гүүрний доош голын эрэг дээр очиж 0,75-тай хараа архийг бид гурав хувааж уусан. Тэгээд С бид хоёр маргалдаад С намайг уусан архины шилээрээ цохих гээд байхаар нь би Сгийн нүүр, шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би мотоциклио асаагаад гэртээ харьсан М.С, Т.Н нар үлдсэн. Бид нарын байсан газарт болон ойр орчимд бид гурваас өөр хүн байгаагүй. Би зодоон болох үед гартаа мод, чулуу бариагүй байсан гараар цохиж зодсон. Би М.С гэдэг хүнийг заамдаж барьж байгаад гараар цохиж зодсон өшиглөж, дэвсэлж зодоогүй. Тухайн үед М.С, Т.Н нар надтай таарч уулзах үед архи уусан бололтой согтуу байсан сүүлдээ их согтоод байсан. М.С бид хоёр архи уусан газраас хойш явж уулзаж сууж байгаад маргалдаж зодолдсон. Т.Н бид хоёрын дэргэд байгаагүй. Т.Н зодоон болох үед урд голын эрэг дээр архи уусан газар байсан. Би М.Сгийн эмчилгээний зардалд 558,000 төгрөг өгсөн. Би М.С гэдэг хүнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 303-34 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаартай“...М.Сгийн биед, зүүн хацар, зүүн нүдний орчим, зүүн шанаа чамархайд зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2- 4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Тэрхийн голын эрэг дээр иргэн М.С нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Сгийн”...Нэг мэдэхэд Буянаа намайг доороо хийгээд чамайг ална гээд толгойн дээр дэвсэж байсан.  Би босоод зугтаасан чинь намайг дахин хөөж барьж аваад усанд хийж ална гээд байсан. Тэгээд би зугтаагаад гэртээ ирээд түргэн дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Нгийн”...Би нэг хэсэг согтоод юу болсоныг санахгүй байна С, Буянаа нар хэсэг алга болсон миний байсан газраас хойно байхаар нь очсон гэтэл Сгийн нүүр цустай болсон зодолдсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бгийн”...М.Сгийн зүүн талын нүд нь битүү хөхөрч цус хурсан, улайсан, шанаа толгой хэсгээрээ хавдсан өмссөн хувцас нь норж шавар болсон, ухаангүй согтуу байдалтай гэртээ ирсэн. Би М.Сг, М.А гэдэг залуу зодсон гэж бодож байна. Сгийн нүүр царай цустайгаа хутгалдсан байдалтай гэртээ ирэхдээ М.А намайг зодсон шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч М.Агийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 269 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Агийн хүний биед биед, зүүн хацар, зүүн нүдний орчим, зүүн шанаа чамархайд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч М.С нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч М.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.С нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч М.Аг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч М.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт Мын Агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР