Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 175

 

                                   2020/ШЦТ/175

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 

Улсын яллагч: С.Б

Хохирогч: Л.О 

Иргэдийн төлөөлөгч: Б.Мөнхбат 

Гэрч: Ж.Э 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: У.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Уын Гт холбогдох эрүүгийн 2012001620086 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, :............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Зовогт Уын Г/РД:АЮ......................../ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч У.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, Ар хужиртын Луузан гэх газарт байх иргэн О.Гын гэрт хохирогч Л.Оын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний баруун дээд хэсгээр нэвтэрч хавирга завсрын артерийн судсыг тасалж/5мм голчтой/ баруун уушигны дунд дэлбэнгийн зах хэсгийг гэмтээсэн шарх/2см/, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          *Шүүгдэгч У.Гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

          “...Тухайн үед 02 дугаар сарын 24-ний өдөр буюу цагаан сарын шинийн 02-ны өдөр байсан. Өдөр нь эхнэртэй айл хэсэж золгуулт хийсэн.  н.Г гэх найзтайгаа айлаар золгуулт хийе гэж ярьсан байсан. Тэгээд  орой нь н.Гынд очиход н.Ш, н.Б гэх хүмүүс тэднийд золгуулт хийх гээд ирсэн байсан. н.Гынх нэг шил архи задлаад хуваагаад ууж байтал Л.О гаднаас орж ирсэн. Тэгээд н.Ш, н.Б нар тамхи татах гээд гэрээс гарсан. Гэрт н.Г, Л.О бид 3 үлдсэн. Тэгээд би Л.От найз нар чинь гараад явчихлаа араас нь гарахгүй юм уу гэж хэлэхэд Л.О намайг хөөдөг хэн юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргаж байгаад хэсэг намдсан. Гэтэл Л.О “чи хэзээ ийм болчихсон юм, эхнэрийнхээ хормойн доороос яаж гарсан юм, хэзээ чи мэдэлтэй байсан юм, чамайг алчихсан байхад чиний хүүрэн дээр орилох үр хүүхэд байхгүй гэж хэл амаар доромжлоод байсан. Л.Оыг тэгж хэлэнгүүт нь гэнэт бухимдаад хэзээ нь тэр хутгийг аваад Л.От гэмтэл учруулснаа сайн мэдэхгүй байна. н.Г над дээр ирээд У.Гаа “чи хүн хутгалчихлаа, хүн алчихлаа” гэж хэлэхэд нь ухаан орсон. Л.О намайг чамд дагуулах үр хүүхэд байхгүй,  хэзээ эхнэрийнхээ хормойн доороос гараад айл хэсдэг болчихсон юм бэ, гуйлгачин гэх зэргээр доромжилсноос болж тухайн үйл явдал болсон. Би тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байсан. Тэнд байсан хүмүүсийг хэлэхээр нь гэмтэл учруулсан байна гэдгээ ойлгосон. Би гэмтэл учруулснаа сүүлд нь мэдсэн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, 

          *Хохирогч Л.Оын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

          “...У.Г намайг найзуудынхаа араас гар гэж хэлсэн, тэгээд би айлд байж хэн хэнийгээ хөөх вэ гээд маргалдсан. Тэгээд тамхи татчихаад орж ирэхэд ална гээд хутгалсан. Тэгээд тэнд байсан хүмүүс намайг сугадаж босгоод орон дээр суулгасан. Тухайн үед их хэмжээний цус алдаад тогтохгүй байсан. Би У.Гийг үр хүүхэдгүй, гуйлгачин гэж хэл амаар доромжлоогүй. Хохирол төлбөрөө бүрэн авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

          *Гэрч Ж.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 

          “...У.Г нь хүнтэй нийтэч, хашаа хороо барих, нүүдэл хийх зэрэг ажлуудад нутгийнхаа хүмүүст байнга  тусалдаг. Ямар нэг муу зуршил, зан байхгүй, архи уудаггүй. У.Гийг хүмүүс ямар ч мэдэлгүй, үр хүүхэд байхгүй, эхнэрийнхээ хүчээр амьдарч байгаа зэргээр ярьдаг. У.Гийн хувьд өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй болохоор энэ асуудал дээрээ их эмзэглэж явдаг. Гэхдээ миний сэтэл санааг зовоочихно гээд янз бүрийн юм ярьдаггүй. Миний охиныг өөрийн төрсөн хүүхэд шигээ хайрлаж өсгөсөн. Тухайн үед холбогдсон хэргийн талаараа надад тодорхой зүйл яриагүй. Дараа нь хэлэхдээ Л.О намайг үр хүүхэдгүй, өнчин ишигний мэдэлгүй, чамайг алчихсан байхад хүүрэн дээр чинь орилох үр хүүхэд байхгүй гэж хэлсэн. Би Л.Оыг намайг тэгж хэл амаар доромжилно гэж бодоогүй. Нэг мэдэхэд л би Л.Оыг хутгалчихсан байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 

          *Эрүүгийн 2012000000109 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Л.Оын өгсөн:

“...Тухайн өдөр цагаан сар болоод би нутгийн айл О.Г ахын гэрт очоод байж байхад У.Г ирээд бид нар гэрт нь хууч хөөрөөд юм яриад сууж байхад А.Б, У.Г нар хоорондоо үг хэлээрээ маргалдаад байсан. Тэгээд гэрээс гараад явах гээд үүдэн дээр очсон чинь урдаас чамайг ална гээд У.Г нь намайг бариад авсан нөгөө гэрт нь У.Г айлын ууц махан дээр байсан хутга аваад шууд миний баруун талын цээж хэсэгт хутгалсан. Тэгээд би шууд доошоо суугаад нойтон оргиод байхаар нь үзсэн чинь цус гарч байсан. Тэгээд тэнд байсан О.Г, А.Б нар аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт авчирч өгсөн. Тухайн үед О.Г, А.Б бид гурав байсан, өөр хүн байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэг өр авлага өс хонзон таарамжгүй харьцаа байхгүй. Тухайн үед би хэн нэгэнтэй маргалдаж зодоон хийгээгүй. Миний биед У.Г гэдэг хүн О.Г ахын ууц махан дээр байсан хутгаар намайг хутгалж гэмтэл учруулсан, учруулсанаас болж миний биеийн баруун талын цээж хэсэгт гэмтэл шарх үүсч би мэс засалд орсон. У.Г миний баруун талын цээж хэсэгт нэг удаа хутгалсан. Бор хүрэн иштэй том төмөр хутга байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгө гаргуулж авна нийт хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй явцын дунд баримт гаргаж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-15 дугаар тал/ 

*Хохирогч Л.Оын дахин өгсөн: 

“...Ямар шалтгааны улмаас хутгалсныг би мэдэхгүй О.Гын гэрт байсан хүмүүс гараад яваад өгсөн чинь У.Г над руу хандаж найзууд чинь явлаа чи явахгүй юм уу гэсэн тэгэхээр нь би хариуд нь адилхан айлд байж хэн хэнийгээ хөөх вэ гэж хэлээд О.Г ахын гадаа үүдэн дээр тамхи татаад зогсож байсан чинь гэрээс гарч ирээд намайг ална шүү гэхээр нь би амжих уу гэсэн чинь өөр рүүгээ барьж авч татаад хутгалсан би түүний гарт хутга байгааг мэдээгүй намайг хутгалаад хутгаа буцаагаад сугалаад авсан. Би гэр дотор сөхрөөд суусан тэгсэн хажууд байсан хүмүүс болох О.Г, А.Б нар намайг О.Г ахын орон дээр өргөж тавиад миний хувцсыг тайлаад шарх гараараа дарж байгаад шарх нь дээр аяга тавьж боосон. Би тухайн үйл явдлыг мэдэхгүй ухаан алдаад нэг сэрсэн чинь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэггийн мэс заслын тасагт ирсэн хэвтэж байсан. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл алга би ямар нэг баримт материал гаргаж өгөхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-128 дугаар тал/ 

*Гэрч Б.Агийн өгсөн: 

“...2020 оны 02 сарын 25-ны орой манай гэрт ах Г, У.Г, Л.О нар гэрт байсан, би гадаа малын хашаан дээр морь өвсөлж байсан чинь манай ах Л.Оыг У.Г гэдэг хүн хэвлий цээж хэсэг рүү цагаан сарын тавгын идээний ууцан дээр байсан бор өнгийн иштэй төмөр хутгаар нэг удаа хутгалсан байсан. Би гэрээс буцаж гараад машин дотроос анхны тусламж хайрцаг авч шархыг нь боосон. Тэгэхэд цус нь тогтохгүй байхаар нь аяга тавьж маарал зэргээр боосон. 2020 оны 02 сарын 25-ны оройн 21 цагийн үед манай гэрт ямар нэг биед нь харагдах шарх соривгүй согтуу орж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/ 

*Гэрч А.Бгийн өгсөн: 

“...Тухайн үед би О.Г ахын гэрт цай ууж байхад У.Г, О.Г ахын гэрт ирсэн байсан. Би цайгаа ууж дуусаад гадаа машинаа шалгаж байсан чинь хүмүүс орилоод Л.О ахыг У.Г хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би гэрт яваад ороход Л.О ах цээж хэсгээс нь цус гарсан байсан. Би түүнийг боогоод аймгийн төв рүү шууд машинд суулгаад аваад явсан. Би шалтгааныг мэдэхгүй байна би гэрийн гадаа байсан, энэ хүмүүс маргалдаж хоорондоо хэрүүл хийгээгүй. Л.Оын биед О.Г ахын идээ тавган дээр байсан бор иштэй төмөр хутгаар цээж хэсэг рүү нь нэг удаа хутгалсан У.Г ах хутгалж гэмтэл учруулсан, ямар гэмтэл учруулсаныг би мэдэхгүй байна. Л.Оын биед ямар нэг гэмтэл бэртэл байгаагүй, архаг хууч өвчний талаар би мэдэхгүй. У.Г нэг удаа түүний цээж хэсэг рүү хутгалсан өөр хутгалаагүй. Тухайн үед О.Г, Л.О, У.Г гэх эдгээр хүмүүс байсан. О.Г нь эрүүл байсан, нөгөө хоёр нь бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Энэ хоёр хүний дунд ямар нэг өр авлага өс хонзонгийн зүйл байгаагүй. Л.О ахыг нэг удаа түүний цээж хэсэг рүү хутгалсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/ 

*Гэрч О.Шын өгсөн:

“...Би тухайн үед О.Г ахын гэрийн гадаа байсан, хүмүүс орилоод байхаар нь гэрт орсон чинь Л.О ах гэрийн хойморын орон дээр цээж хэсэгтээ гараа дараад доошоо харсан сууж байсан. Тэнд байсан хүмүүс Л.Оын шархыг цэвэрлээд цус тогтоох арга хэмжээ авсан. У.Г ах О.Г ахын ширээн дээр байсан төмөр металл хутгаар нэг удаа хутгалж түүний биед гэмтэл учруулсан. Л.О О.Гын гэрт ирэхдээ түүний биед ямар нэг гэмтэл бэртэлгүй ирсэн. Тухайн үед О.Г, Л.О, У.Г нар байсан, өөр хүн байгаагүй. Тухайн үед эдгээр хүмүүс хэрэлдэж маргалдаагүй, эвтэй хууч хөөрөөд сууж байсан. Л.О ахын баруун талын цээж хэсэгт хутгаар зүсэгдсэн ангархай шарх байсан, уг шархнаас цус их гарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/ 

*Гэрч О.Гын өгсөн: 

“...2020 оны 02 сарын 25-ны орой би гэртээ байж байхад манай гэрт Л.О, У.Г нар ирээд бид нар хууч хөөрөөд энэ хоёр хоорондоо үг сөрөлдөөд байсан. Тэгж байснаа У.Г нь манай гэрийн идээ ууцан дээр байсан бор иштэй төмөр металл өнгийн хутгыг барьж аваад Л.Оын цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан. Би гарт нь байсан хутгыг гар руу нь цохиод газар унагасан, би У.Гийг чи чинь юу болж байна гээд орилоход гаднаас О.Ш, А.Б нар орж ирээд цус тогтоож боогоод аймаг руу эмнэлэг рүү аваад явсан. Энэ хоёр хоорондоо зодоон хэрүүл маргаан хийгээгүй бие биеэндээ үг хаяад сууж байсан. Би У.Гийн гарт хутга байсныг мэдээгүй. Тухайн үед Л.О, У.Г бид гурав байсан, өөр хүн байгаагүй гэрийн гадаа манай эхнэр, О.Ш, А.Б нар байсан. Би ямар нэг шалтгааныг нь мэдэхгүй, хоорондоо үг хаяалцаад бие биеийнхээ үгийг даахгүй асуудлаас болж ямар нэг өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Ширээний хажууд хоёулаа зэрэгцээд сууж байсан гараараа У.Г, Л.О цээж хэсэг рүү нь цохиод авах шиг болсон тэгсэн түүний гарт ширээн дээр байсан идээ махан дээр байсан хутга гарт нь байсан. Тэгэхээр нь би чи чинь юу болж байна гээд У.Гийн гарнаас хутгыг аваад ширээн доогуур шидсэн. Л.Оын баруун талын цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан өөр цохиж зодоогүй. Л.Оыг хутгалсан хутга АКМ бууны жадаар хийсэн бор өнгийн бариултай төмөр хар өнгийн металл хутга, энэ хутга одоо манай гэрт байгаа. У.Г хувийн зан байдлын хувьд түргэн цочир, уур ааштай өөр бусдаар ямар нэг гаж буруу зан аашгүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, согтуу байсан. Би У.Г гэх хүнийг бага наснаас нь таньж мэднэ, нэг нутаг найз нөхдийн холбоотой хүмүүс. Манай гэрт бага зэрэг монгол нэрмэл архи уусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-27 дугаар тал/ 

*Гэрч О.Гын дахин өгсөн:

“...Би хэлсэн үгийг санаж байна тухайн үед энэ хоёр хоорондоо маргалдаж байгаад та дагуулах үр хүүхэдгүй байж гэсэн утгатай хэлсэн үгийг би анзаарагүй энэ хоёр хоорондоо маргалдаж байсан. Одоо миний бодож байгаагаар Л.О нь У.Гт хандаж та дагуулах үр хүүхэдгүй байж гэсэн үр хүүхдийн талаарх утгатай зүйл яриад маргалдсан бусдыг нь сайн санахгүй байна, манай гэрт орилж чарлаж чанга дуугаар хэрүүл маргаан хийгээгүй. Би энэ хоёр хүнийг маргалдаж байсан зарим нэг зүйлийг санахгүй байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 129-130 дугаар тал/ 

*Гэрч Б.Жын өгсөн:

“...Би тухайн болсон асуудлын талаар мэдэхгүй манай саахалт айл О.Г гэрт танай дүү У.Гт хутгалуулсан байна цус их гарч байна гэж хэлсэн. Тэгээд би тэр айлд очиход манай дүүг хутгалсан түүний цээж хэсгээс цус их гараад тогтохгүй байсан шархан дээр нь боолт хийгээд юм тавьж боогоод аймгийн төв рүү О.Г, А.Б нартай машинд суулгаад нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг дээр авч ирээд шууд хагалгаанд оруулж би сахиураар хэд хоног өөрийн дүүгээ харж асарсан. Би танай дүүг хутгалсан байна гэдгийг шууд сонсоод О.Гын гэрт очиход Л.О орон дээр орилоод цээж хэсгээс нь цус их хэмжээгээр гарч байсан тэнд байсан хүмүүс шархан дээр нь юм тавьж боолт хийгээд машинд өргөж хийгээд шууд мэс заслын тасагт авчирч хагалгаанд оруулсан. Тухайн үед цагаан сар болоод О.Г гэх хөрш зэргэлдээ айлд манай дүү цай уугаад байж байхад У.Г ирээд эд нар архи ууж байгаад хоорондоо бага зэрэг маргалдаж байгаад таарамжгүй харьцааны улмаас ширээн дээр байсан мах огтолж иддэг хутгаар түүнийг хутгалсан байсан. Одоо манай дүү гадуур эмчилгээ бичүүлж шархандаа боолт хийлгэж байгаа Архангай аймгийн мэс заслын тасагт хэвтэж цээжний хөндийн мэс засалд орж мэс заслын хагалгаа хийлгэсэн биеийн байдал тийм сайн биш цус их хэмжээгээр гарсан гарсан цусыг нөхөх боломжгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/ 

*Яллагдагч У.Гийн өгсөн: 

“...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймаг Батцэнгэл сумын Дэл баг, Ар хужиртын Луузан гэх газар өөрийн найз О.Гын гэрт би орой 18 цагийн үед очоод гэрт байж байхад хүмүүс ирээд золгоод тэдний гэрээс гараад явсан хойгуур О.Г, Л.О бид гурав гэрт байсан чинь Л.О бид хоёр хоорондоо маргалдаад байж байсан бид нар Л.О их согтуу байсан би өөрөө бага зэрэг архи уусан байсан, би цоо эрүүл байгаагүй бид хоёрын маргаан сүүлдээ ширүүн талдаа хүрээд хэл амаар доромжлоод ядуу хоосон гуйлгачин түүлгэчин чи юутай байсан гэж хэлээд удалгүй хамгийн сүүлд хэлсэн үг надад хамгийн хүнд туссан чи үр хүүхэдгүй гэсэн өөрөө уйлав, тэр хүний амнаас ийм үг гарна гэж бодоогүй маш их гомдсон тэгэхээр нь би уурлаж бачимдсандаа гэрийн хоймор байсан идээ битүүлэг дээрх хутга аваад цээжин хэсэгт хутгалсан байсан. О.Г Хуягаа чи юу хийж байгаа юм гээд миний гараас хутгыг гараараа цохиж унагаасан тэгээд би хүн хутгалснаа мэдсэн тэгээд гаднаас хүмүүс орж ирээд Л.О шарх боогоод эмнэлэг рүү аваад явсан. Би хохирогч Л.Оын баруун талын суганы доод талаар идээ махан дээр байсан хутгаар нэг удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан. Бид хоёр хэрүүл маргаан хийж байхдаа хохирогч Л.О намайг чи муу гуйлгачин чи үр хүүхэдгүй гэсэн тэр үгнээс цочирдоод тэр хүний үгэнд маш их гомдож цочирдсон тэр билэг дэмбэрэлтэй өдөр тэр үгийг ингэж хэлнэ гэж бодоогүй миний дотор хэсэг цээжнээс дээшээ гэнэт огшоод бачуураад уур хүрч гомдсон гэтэл О.Гыг хүүе чи юу хийчих вээ гээд миний гараас хутга салгаж авахад би хүн хутгалснаа мэдсэн тэр хутга О.Гын гэрт ороход идээ битүүлэг дээр байсан хутга байна лээ тэр хутгаар хутгалсан байсан. Би нэг удаа хутгалсан өөр ямар нэг байдлаар цохиж зодоогүй. Миний санаж байгаагаар хүрэн иштэй урт хутга өдөр нь О.Гын гэрт ороход тэдний идээ махан дээр харагдаж байсан өөрөөр энэ хутганы онцлог содон шинж тэмдгийн талаар надад мэдэх зүйл алга байна. Бид хоёрын дунд ямар нэг өр авлага байхгүй бид хоёрын дунд өшөө хорсол өр авлага байхгүй. Би О.Гын ширээн дээр байсан мах нь дээр тавьсан хутгаар хутгалах гэж авсанаа мэдэхгүй байна хутгалсан байсны дараа хүмүүс орилоод чи хүн хутгаллаа гээд орилоод байсан тэр үед би махан дээр байсан хутгаар хутгалсны дараа өөрөө мэдсэн. Миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна Л.Оын хэлсэн чи үр хүүхэдгүй гэж надад хэлсэн энэ үгийг хэрэг болсноос хойш би нэг сар орчим дотроо хадгалж явсан өөрийн эхнэртээ хэлээгүй хэнд ч хэлээгүй байж байгаад би сая та хоёрт хэлж миний дотор онгойлоо...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-63 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаартай“...Л.Оын биед Цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх: цээжний баруун дээд хэсгээр нэвтэрч хавирга завсрын артерийн судсыг тасалж /5мм голчтой/, баруун уушигны дунд дэлбэнгийн зах хэсгийг гэмтээсэн шарх /2см/, цээжнии баруун хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжнии хөндийг нээж шалгах, тасарсан судас, уушиг оёх, цээжний хөндийд гуурс тавих хагалгаа хийгджээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11–д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/, Засаг даргын тодорхойлолт /хх-97 дугаар тал/, хохирогчид хохирол төлсөн баримт, шүүгдэгч У.Гийн эрүүл мэндтэй холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, Ар хужиртын Луузан гэх газарт байх иргэн О.Гын гэрт хохирогч Л.О нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч У.Г үйлдсэн болох нь хохирогч Л.Оын”...Тухайн өдөр цагаан сар болоод би нутгийн айл О.Г ахын гэрт очоод байж байхад У.Г ирээд бид нар гэрт нь хууч хөөрөөд юм яриад сууж байхад А.Б, У.Г нар хоорондоо үг хэлээрээ маргалдаад байсан. Тэгээд гэрээс гараад явах гээд үүдэн дээр очсон чинь урдаас чамайг ална гээд У.Г нь намайг бариад авсан нөгөө гартаа У.Г айлын ууц махан дээр байсан хутга аваад шууд миний баруун талын цээж хэсэгт хутгалсан. Тэгээд би шууд доошоо суугаад нойтон оргиод байхаар нь үзсэн чинь цус гарч байсан...” гэх мэдүүлэг,  хэрэг болох үед гэрт хамт байсан гэрч О.Гын”...2020 оны 02 сарын 25-ны орой би гэртээ байж байхад манай гэрт Л.О, У.Г нар ирээд бид нар хууч хөөрөөд энэ хоёр хоорондоо үг сөрөлдөөд байсан. Тэгж байснаа У.Г нь манай гэрийн идээ ууцан дээр байсан бор иштэй төмөр металл өнгийн хутгыг барьж аваад Л.Оын цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан. Би гарт нь байсан хутгыг гар руу нь цохиод газар унагасан, би У.Гийг чи чинь юу болж байна гээд орилоход гаднаас О.Ш, А.Б нар орж ирээд цус тогтоож боогоод аймаг руу эмнэлэг рүү аваад явсан. Энэ хоёр хоорондоо зодоон хэрүүл маргаан хийгээгүй бие биеэндээ үг хаяаад сууж байсан. Би У.Гийн гарт хутга байсныг мэдээгүй. Тухайн үед Л.О, У.Г бид гурав байсан, өөр хүн байгаагүй гэрийн гадаа манай эхнэр, О.Ш, А.Б нар байсан. Би ямар нэг шалтгааныг нь мэдэхгүй, хоорондоо үг хаяалцаад бие биеийнхээ үгийг даахгүй асуудлаас болж ямар нэг өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Ширээний хажууд хоёулаа зэрэгцээд сууж байсан гараараа У.Г, Л.О цээж хэсэг рүү нь цохиод авах шиг болсон тэгсэн түүний гарт ширээн дээр байсан идээ махан дээр байсан хутга гарт нь байсан...” гэх мэдүүлэг, тухайн хэрэг гарах үед гэрийн гадаа байсан гэх гэрч Б.Агийн”...2020 оны 02 сарын 25-ны орой манай гэрт ах Г, У.Г, Л.О нар гэрт байсан, би гадаа малын хашаан дээр морь өвсөлж байсан чинь манай ах Л.Оыг У.Г гэдэг хүн хэвлий цээж хэсэг рүү цагаан сарын тавгын идээний ууцан дээр байсан бор өнгийн иштэй төмөр хутгаар нэг удаа хутгалсан байсан. Би гэрээс буцаж гараад машин дотроос анхны тусламж хайрцаг авч шархыг нь боосон...” гэх мэдүүлэг, гэрч А.Бгийн”...Тухайн үед би О.Г ахын гэрт цай ууж байхад У.Г, О.Г ахын гэрт ирсэн байсан. Би цайгаа ууж дуусаад гадаа машинаа шалгаж байсан чинь хүмүүс орилоод Л.О ахыг У.Г хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би гэрт яваад ороход Л.О ахын цээж хэсгээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Шын”...Би тухайн үед О.Г ахын гэрийн гадаа байсан, хүмүүс орилоод байхаар нь гэрт орсон чинь Л.О ах гэрийн хойморын орон дээр цээж хэсэгтээ гараа дараад доошоо харсан сууж байсан. Тэнд байсан хүмүүс Л.Оын шархыг цэвэрлээд цус тогтоох арга хэмжээ авсан. У.Г ах О.Г ахын ширээн дээр байсан төмөр металл хутгаар нэг удаа хутгалж түүний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч У.Гийн мэдүүлэг, хохирогчийн биед  хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч У.Гийн хохирогч Л.Оыг хутгалж түүний биед цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх: цээжний баруун дээд хэсгээр нэвтэрч хавирга завсрын артерийн судсыг тасалж /5мм голчтой/, баруун уушигны дунд дэлбэнгийн зах хэсгийг гэмтээсэн шарх /2см/, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч У.Гийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж заасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  27 см бүхий хохирогчийг гэмтээсэн хутгыг зэвсэг гэж үзэх боломжтой юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч У.Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах санал гаргасан бөгөөд өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах шаардлагагүй байна. Учир нь гэмт хэрэг гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн, хэргийн газрын нөхөн үзлэг хийх нь ач холбогдолгүй, хохирогчийн мэдүүлэгт гэрийн үүдэн дээр хутгалсан талаар мэдүүлдэг боловч хэрэг гарахад гэрт хамт байсан гэрч О.Г, гэрийн гадаа байсан гэх гэрч Б.Б, О.Ш нарын мэдүүлэг, яллагдагч У.Г нарын мэдүүлгээр тухайн хэрэг О.Гын гэрт үйлдэгдсэн болох нь тогтоогддог. Яллагдагч У.Гийн мэдүүлэгт хохирогчийн хэлсэн үгэнд гэнэт цочролд орсон, тухайн цаг хугацаанд юу болсныг мэдээгүй гэж мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн үед шүүгдэгч У.Ганхуяагт өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй, харин шүүгдэгч У.Г хохирогч Л.О нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байсан талаар гэрч О.Г, хохирогч Л.О нар мэдүүлсэн, мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...У.Гийг үр хүүхэдгүй, гуйлгачин гэж хэл амаар доромжлоогүй...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан, хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтын  хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж боломжтой гэж дүгнэсэн болно.  

Хохирогч Л.О нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйл байхгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч У.Гийг бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч У.Гт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дүгээр зүйлд заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёр хүртэл хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй, шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, маргаантай  байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 Шүүгдэгч У.Гийн 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон долоо хоногийг  хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч З овогт Уын Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гт оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийн цагдан хоригдсон 7/долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч У.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР