| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/09583/И |
| Дугаар | 585 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ................. регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д оршин байх ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ................. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхоны Өөрийн байранд оршин суух ....................... холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 526.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ******* ******* ТӨҮГ нь манай байгууллагатай 2016.07.04-ний өдөр ХАГ-0293/16 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2.882.000 төгрөгийн бараа материал зээлээр худалдан авч зээл төлөх график тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Талууд 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр тооцоо нийлсэн тул 526.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн хүсэлтээр явагдсан зээлийн арга хэмжээний хүрээнд 11 ажилчин хамрагдахаар болж, зээлдэгчид нь тус үйлдвэрийн ажилчид мөн болох, хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг тодорхойлсон гэрээг байгууллагатай хийнэ, хувь хүмүүстэй төлбөр тооцооны гэрээ байгуулна, төлбөр тооцоо байгууллагад ямар ч хамааралгүй гэж амаар тохиролцсноор 2016.07.04-ний өдрийн ХАГ-0293/16 дугаартай гэрээг байгуулсан. Гэтэл ******* ******* ХХК нь манай компанид хамааралгүй мөнгийг алданги тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа. Тооцоо нийлээд 526.000 төгрөг үлдсэн энэ нь ажлаас гарсан 2 албан хаагчдад холбогдох тооцоо юм. Гэрээний 2.2.7-д зааснаар ажлаас гарсан албан бичгийг бид нэхэмжлэгчид хүргүүлсэн тул хариуцахгүй гэж үзэж байна. Гэрээний хавсралт №2-т заасан төлбөрийн хугацаа нь манай байгууллагад биш худалдан авсан иргэнд хамааралтай зүйл болох нь харагдаж байна. Мөн гэрээний 3.4-т заасан заалт нь ажилчдын цалингаас суутгал хийж Хаан банкаар дамжуулж шилжүүлэхээр тохиролцов гэснээс биш байгууллага хариуцан хувь хүмүүсийн данснаас суутган бөөнд нь ******* *******-ын дансанд хийсэн гэсэн заалт байхгүй. Худалдан авагч иргэдтэйгээ давхар гэрээ хийснийхээ дагуу төлбөрийн нэхэмжлэлээ хувь хүмүүст хандан гаргахын оронд ажлаа хялбарлчлах арга хэрэглэн байгууллагад төлбөрийг тулган хандаж байна хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ААТҮГазарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1.897.500 төгрөг, алданги 216.315 төгрөг нийт 2.113.815 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 526.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр ХАГ-0293/16 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч ******* ******* ХХК нь гэрээний хавсралт №1-д заасан бараа материалыг зээлээр худалдах, худалдан авагч ******* ******* ******* ******* ******* ААТҮГазар нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг энэхүү гэрээний хавсралт №2-т тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-10 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч энэхүү гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд энгийн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хуульд зааснаар хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэг, худалдан авагчид хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус үүсэхээр тодорхойлсон.
Хэдийгээр худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хуульд зааснаар үүсэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т төлбөрийг хавсралт 4 заасны дагуу гар утас, төхөөрөмж зээлээр авсан ажилчдын цалингаас суутгах, суутгалыг Хаан банкаар дамжууулан шилжүүлэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талууд гэрээгээр худалдан авагчийн үнэ төлөх үүргийг тухайн бараа материалыг худалдан авсан ажилчдын цалингаас суутгах хэлбэрээр төлөхөөр тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл цалингаас суутгах суутгалыг Хаан банкаар дамжуулан шилжүүлэх гэж талуудын тохиролцсоныг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан журмаар тодорхойлоход гэрээнд оролцогч талуудын хүсэл зориг нь хариуцагч байгууллагад ажиллаж байгаа ажилчдын цалингаас суутгах хэлбэрээр үнийг төлөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн агуулгаар тайлбарлагдахаар байна.
Хариуцагч нь байгууллага өөрийн албан хэрэгцээнд бараа материалыг худалдан аваагүй тул ажлаас чөлөөлөгдсөн 2 албан хаагчийн төлбөрийг хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар гар утас, төхөөрөмж авсан албан хаагч ажлаасаа халагдах, тэтгэвэрт гарах, шилжилт хөдөлгөөнд орсон тохиолдолд хариуцагч мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.7-д зээлийн гэрээний дагуу гар утас, төхөөрөмж авсан албан хаагч ажлаасаа халагдах, тэтгэвэрт гарах, шилжилт хөдөлгөөнд орох тохиолдолд худалдагч талд мэдэгдсэнээр тухайн албан хаагчийн өмнөөс ямарваа үүрэг хариуцлага хүлээхгүй болно гэжээ.
Хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 22, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус тус ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчийн талаар нэхэмжлэгчид 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 134 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбарлаж, хариуцагч уг албан бичиг нь нэхэмжлэгчийн байгууллагын ирсэн бичгийн 9 дүгээр сарын бүртгэлд авагдаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр бүртгэгдсэн гэж тус тус маргасан.
Гэрээний 2.2.7-д зааснаар мэдэгдсэн-ээр гэдгийг гар утас, төхөөрөмж авсан албан хаагч ажлаасаа халагдах, тэтгэвэрт гарах, шилжилт хөдөлгөөнд орсон нэн даруй хариуцагч мэдэгдэх үүрэгтэй, хожим нь мэдэгдсэн нь тухайн албан хаагчийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэл болно гэж үзэхээргүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* газрын ******* ******* ААТҮГазраас 526.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.772 төгрөгийг улсынтөсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ