| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0024/э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 176
2020/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Ш.Н
Иргэдийн төлөөлөгч: Ч.Сарангуа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: С.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Цт холбогдох 1912000420315 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ................ оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 61.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овгийн Сын Ц/РД:АЕ..................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт байх Гост дэлгүүрийн зүүн талд Д.Чын хоолойг боон хүч хэрэглэж гар утас 1 ширхэг, 300.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, түүнд 365000 төгрөгний хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Д.Чын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 25-с 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутагт байх 24 дүгээр байрны орчимд Н.Эыг хүзүү рүү нь цохиж унагаж, хүч хэрэглэн гар утас 1 ширхэг, 172.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, түүнд 337.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912000420315 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Чын өгсөн:
“...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас 2018.12.04-ний өдөр аймгийн төвд ирсэн тэгээд Гост дэлгүүрийн цаана орой 21:30 цагийн орчимд ганцаараа явган явж байтал гэнэт 3 залуу гарч ирээд нэг нь миний цамцнаас барьж байгаад намайг ухаан алдуулсан тэгээд удалгүй сэрээд байж байхад нэг эмэггэй хүн намайг татаад босооч гэж байсан. Тэгсэн миний НТС маркийн цагаан өнгийн гар утас, бэлэн 300.000 төгрөг байсан чинь алга болсон байсан. Тэгээд тэр шөнө нь цагдаа дээр намайг босооч гээд байсан хүүхэнтэй ирж тэмдэглүүлээд ах нь утсаа олоод авах юм бол гомдолгүй гээд явсан. Тэгээд маргааш нь би нөгөө хүүхэнд миний гар утас байгааг мэдээд цагдаад өгсөн. Тэгээд тэр хүүхний нөхөр Ц гэх хүнээс гар утсаа олж авсан тэр Ц гэх хүн намайг дээрэмдүүлсний маргааш нь Ц эрүүлжүүлэгдэж миний гар утас цагдаад хураагдсан байсан. Би Ц гэх хүнийг сэжиглэж байгаа учир нь гэвэл намайг дээрэмдүүлсны маргааш нь Ц эрүүлжүүлэгдэж түүнээс миний гар утас гарч ирсэн байсан. Мөн Цгийн эхнэр нь гээд хүүхэн цагаан өнгийн ногоон гэртэй утсыг Ц барьсан явж байсан архинд тавьчихаас нь өмнө олоод авах юмсан гэж байсан. Тухайн үед миний нүүр ам хавдсан, хиймэл шүд хугарсан хоолой боосон тул одоо хоолой сөөсөн яаралтай Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэх зардал мөнгийг авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/,
*Хохирогч Д.Чын дахин өгсөн:
“...Би тэр өдөр Эрэнэмандал сумаас аймгийн төвд орж ирсэн байсан, шинэ жил болох гээд манайх 300.000 төгрөгөөр адууны мах худалдан авах гэж байсан юм надад мөнгө төгрөг байсныг манай эхнэр Н.Б мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй. Би тэр өдөр хөдөөнөөс орж ирээд архи уусан байсан. Тэгээд Гост дэлгүүр орчихоод нөгөө Ц буюу С.Цын амьдарч байгаа 24-р байр руу явж байсан. Миний очдог айл С.Цын урдаас нь харсан хаалганд байдаг юм. Би өмнөх мэдүүлэгт залууд дээрэмдүүлсэн гээд мэдүүлэг өгсөн байсан зам дагуу олон хүн явж байсан. Тухайн үед би архи уусан халамцуу явж байсан болохоор яг 3 залууд дээрэмдүүлээгүй юм, харин С.Ц л намайг боож унагаагаад эд зүйлсийг маань авсан. Биеийн байдал гайгүй байгаа, одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн үед би архи уусан явсан нь жаахан буруу байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
*Гэрч Н.Бгийн өгсөн:
“...2018 оны 12 сарын 04-ний өдөр манай нөхөр Д.Ч Эрдэнэмандал сумаас Архангай аймгийн төв рүү хувийн ажлаар явсан. Тэгээд орой нь над руу утсаар яриад гар утас мөнгөө хүнд дээрэмдүүлчихлээ гэж байсан. Д.Чт ногоон өнгийн хавтастай цагаан өнгийн НТС маркийн гар утас байсан. Тэгээд дараа нь гар утсаа олж авсан гэж байсан. Тухайн үед шинэ жил дөхсөн байсан болохоор манайх адууны мах хэрэг болоод захаас адууны мах авна гээд бэлэн 300.000 төгрөг аваад явсан байсан...’’гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/,
*Гэрч Н.Бгийн өгсөн:
“...Би С.Цыг танина, хүмүүс Ц гэж дууддаг. С.Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. С.Ц нь сүүлийн хэдэн жил байнга архи ууж эрүүлжүүлэгддэг хүн байгаа, 2018 оны 12 сарын 04-нд биш харин 12 сарын 05-ны өдөр архи уусан эрүүлжүүлэх байранд ирсэн. Тухайн үед биед нь үзлэг хийхэд ногоон өнгийн хавтастай цагаан гар утас гарч ирсэн. Өөр ямар нэг зүйл илрээгүй. С.Ц нь 2018 оны 12-р сард байнга архи ууж эхнэртээ агсам тавьсан гэх дуудлагаар эрүүлжүүлэх байранд хүргэгддэг байсан. Өөрөө ч мөн согтуу үедээ эрүүлжүүлэх байранд хүрээд ирдэг тэр болгон эрүүлжүүлэх саатуулах байрны бүртгэлд оруулдаггүй бүртгэлд орсон тохиолдолд төлбөр төлдөг С.Цын хувьд төлбөр төлөх чадваргүй Эрдэнэбулган сумын нэн ядуу өрхийн нэг байгаа. 12-р сарын 05-ны өдөр эрүүлжүүлэх саатуулах байранд ирээд удаагүй байхад түүний эхнэр У.Г нь ирж С.Цыг хүлээж аваад явсан. Тэр өдрийн эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлд орж карт бичигдээгүй болохоор ямар нэг баримт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч Ж.Дын өгсөн:
“...2018 оны 12 сарын 04-ний өдөр С.Ц эрүүлжүүлэгдээгүй харин 2018 оны 12 сарын 05-ны өдөр намайг албан үүргээ гүйцэтгэж байхад С.Ц хүн зодсон гэх дуудлагаар ирж эрүүлжүүлэгдсэн. Тухайн үед С.Цын биед үзлэг хийхэд ногоон өнгийн хавтастай цагаан өнгийн НТС маркийн гар утас гарч ирсэн өөр ямар нэг зүйл гараагүй. Тухайн үед би энэ утсыг хаанаас авсан юм бэ? гэсэн чинь хөдөөний нэг ахтай хамт архи ууж байгаад авчихсан гэж байсан. Дараа нь сонсоход С.Цын авсан гар утас нь Эрдэнэмандал сумын иргэн начин Чука буюу Д.Ч гэх хүний гар утас байсан. С.Цыг хүмүүс Ц гэж дууддаг, Ц ер нь байнга архи ууж асуудал гаргадаг хүн...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/
*Гэрч У.Ггийн өгсөн:
“...2018 оны 12-р сарын эхээр яг хэдэн байсныг нь санахгүй байна, би нэг орой харанхуй болсон хойно ажлаа тараад явж байтал Гост дэлгүүрийн орчимд нэг согтуу хүн таараад өвөөг нь хүн зодчихлоо гээд миний цүнхнээс зуураад энэ хүүхэн миний гар утсыг авчихлаа гээд салахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан тэгсэн удалгүй цагдаа ирээд бид хэдийг салгаж явуулсан. Тэгээд би гэртээ харьсан чинь манай нөхөр С.Ц нэг ногоон өнгийн хавтастай цагаан өнгийн утас барьсан тоглоод сууж байхаар нь чи юун утас юм бэ? гэсэн чинь С.Ц би олсон гэж байсан. Тэгээд маргааш нь намайг ажил дээрээ байж байхад өчигдөр оройны таарсан өвөө ирээд чи миний гар утсыг өгчих гэсэн тэгэхээр нь би манай нөхөрт ногоон өнгийн гэртэй цагаан гар утас байсан та хурдан очиж авахгүй бол архинд өгчих байх шүү гэж хэлсэн, тухайн үед тэр хөгшин хүн надад ярихдаа би Эрдэнэмандал сумаас ирсэн гэж байсан. Бид хэд Ц гэж дууддаг уг нь бол С.Ц гэдэг...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч Ч.Цийн өгсөн:
“...Над руу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Д.Ч гэх хүний хүүхэд мөн үү цагдаа байна аав чинь энд хүнтэй маргалдаад байна гээд дуудсан. Тэгээд яваад очтол манай аав хүнд зодуулсан байдалтай байсан. Юу болсон талаар тухайн цагдаа нараас асуухад танай аав чинь хүнд гар утас, мөнгөө дээрэмдүүлж, зодуулсан байна гэж байсан. Тэгээд би аавыг аваад Ж.М эгчийнд очиж хоноод маргааш нь дээрэмдүүлсэн гэх газраа аав Д.Чын хамт очоод гар утсаа хайгаад байж байтал манай аавыг дээрэмдсэн гэх хүний эхнэр нь тааралдаад хэлэхдээ та намайг хэлсэн гэж битгий хэлээрэй манай нөхөр С.Цт таны ногоон кейстэй гар утас байсан гэж хэлж байсан. Мөн тухайн дээрэмдүүлсэн гэх газрын ойр орчимд байх хяналтын камеруудыг шүүлгэхэд Тэнгэр төвийн хяналтын камерь урагшаа харсан үйл явдал болсон гэх газар харагдахгүй, замын эсрэг талын Архангайд үйлдвэрлэв төвийн камерыг шалгахад зөвхөн барилгын урд талыг харагдуулж байсан учраас камерын бичлэгт бичигдсэн баримт олдохгүй байсан тул цагдаад өргөдлөө бичиж өгсөн. Хамраас нь цус гойжсон, нүд нь хөхөрсөн, хиймэл шүд нь хугарсан, хоолой нь боолтонд орж сөөнгөдсөн байдалтай дугарч байсан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт Гост худалдааны төвийн хажууд явж байхад үл таних хүн гарч ирээд боож унагаагаад зодоод байсан. Тэгээд миний гар утас, бэлэн байсан мөнгийг авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/
*Гэрч Ж.Мы өгсөн:
“...Тухайн өдөр би гэртээ охин Н.Түмэннасангийн хамт унтаж байхад Д.Ч ах, Ч.Ц хоёр манайд хононо гээд ирсэн. Тэгээд орж ирээд аав бусдад дээрэмдүүлчихсэн байна гээд охин Ч.Ц нь цагдаагаас очиж авлаа гэж хэлж байсан. Хувцас хунар нь шороо тоос болчихсон хоолойгоо боолгуулсан гээд ярьж чадахгүй байдалтай орж ирсэн. Тэгтэл Ч.Ц аав хүнд зодуулаад, дээрэмдүүлсэн байна гэж ярьж байсан. Тэгээд амарцгаагаад өглөө тэр хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/
*Хохирогч Н.Эын өгсөн:
“...Би 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө ойролцоогоор 00 цагаас 01 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг 24 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд Ц гэх залууд өөрийн өмчлөлийн Самсунг галакси тренд маркийн, цагаан өнгөтэй, андройд үйлдлийн системтэй гар утас, бэлэн 172.000 төгрөгөө дээрэмдүүлсэн. Үүнээс өмнө нь Жайм гэх залуутай танилцаад нэг шил архи хувааж уусан байсан юм. Тэгээд Жаймтай хамт Ц гэх айлд орсон. Цгийн гэрт түүний эхнэр гэх хүүхэн, Ц өөрөө, Золоо гэх залуу зэрэг хүмүүс байсан. Ингээд хэсэг байж байгаад гэрээс нь гараад явж байтал миний араас Ц гарч ирээд миний хүзүү рүү цохиод газар унагасан. Ингээд миний энгэрийн халаасанд байсан дээрх бэлэн мөнгө болон гар утсыг дээрэмдэж аваад явсан. Би тухайн үед араас явахаас айсан учраас айлд очоод унтсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийгөө хянах чадвартай, болсон үйл явдлыг үнэн зөвөөр үнэлэх чадвартай байсан. Жайм гэх залуутай анх уулзахад би халамцуу байсан. Жаймтай уулзахаас өмнө бол бага зэргийн архи уучихсан байсан. Миний шилүү хүзүү рүү нэг удаа цохиж намайг газарт унагаад л миний дээрх эд зүйлсийг дээрэмдсэн. Би тухайн үед түүнээс айсан. Миний хүзүү хэсэг өвдсөн. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл миний эрүүл мэндэд учраагүй. Ц гэх залуу тийм их согтуу харагдаагүй. Эрүүл байсан ч байж магадгүй. Ц, Золоо нар архи уучихсан бололтой байсан. Одоо харвал танина. Урьд өмнө нь таньдаггүй байсан. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би Жаймтай 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Залуус гэх караоке баарны үүдэнд тааралдсан. Тэгээд танилцаад нэг шил 0.5 граммын архи хувааж уусан. Ц гэх залуу ганцаараа намайг дээрэмдсэн. Би хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Ц, Золоо, Цгийн эхнэр, Цгийн хоёр бага насны хүүхэд зэрэг хүмүүс байсан. Харин гаднаас Жайм бид хоёр хамт орсон. Жайм нь Цг таньдаг юм байна лээ. Намайг дагуулж уг айлд очсон. Би гомдолтой байна. Түүнээс өөрийн гар утас болон мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-93 дугаар тал/
*Гэрч П.Жын өгсөн:
“...Би Цг сайн танина. Цг 5-6 жилийн өмнөөс таньдаг болсон. Харин Н.Этой 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө ойролцоогоор 00 цагийн орчимд Залуус гэх нэртэй караоке баарны үүдэнд анх тааралдаж танилцсан. Н.Э, Ц нартай төрөл садангийн болон найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Н.Э бид хоёр тааралдаж танилцаад би түүнийг дагуулаад хуучны танил Цгийнд очсон. Цгийн гэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг 24 дүгээр байранд байдаг. Ингээд Цгийн гэрт Н.Э бид хоёрыг ороход Золоо, Ц, Цгийн эхнэр Тогоо, Цгийн хоёр бага насны хүүхэд зэрэг хүмүүс байсан. Ц, Золоо хоёр архи уугаад сууж байсан. Ц халамцуу, Золоо нь бага зэргийн согтуу байдалтай байсан. Ингээд байж байтал Н.Э гараад явчихсан. Н.Эын араас Ц гарсан. Хэсэг хугацааны дараа Ц буцаж гэртээ орж ирсэн. Харин Н.Э буцаж орж ирээгүй. Н.Э явсан байх. Ингээд Ц, Золоо бид гурав бага зэргийн архи уусан. Би гэр рүүгээ явсан. Харин Цгийн гэрт Золоо унтаад үлдсэн. Ямар зорилгоор Н.Эын араас гарсныг мэдэхгүй. Араас нь гараад Н.Эыг хэрхэн яасныг мэдэхгүй байна. Сүүлд нь л С.Ц буюу Ц надад хандаж хэлэхдээ Н.Эоос утсыг нь авчихсан. Н.Э манай цонхыг хагалсан гэж байсан. Өөр зүйл яриагүй. Н.Эыг гарсны дараа С.Цын байрны хойд талын цонх хагарсан. Цонх хагарсны дараа С.Ц нь гадагшаа гарсан. Харин цонхыг нь хэн хагалсныг нь мэдэхгүй байна. С.Ц, Н.Э нар хэрүүл маргаан зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй...’’гэх мэдүүлэг/хх-ийн 99-101 дүгээр тал/
*Гэрч Г.Зын өгсөн:
“...Би Ц буюу С.Цыг танина. Харин Н.Э гэх хүнийг угаасаа танихгүй. Ц буюу С.Ц, Н.Э нартай төрөл садангийн болон найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Харин Цгийн эхнэр болох Тогоогоор хуушуур хийлгэдэг байсан. Ер нь Цг 2-3 жилийн өмнөөс мэддэг байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүнсний зах дээр торт зарж байгаад Цтай таарсан. Ингээд би нэг шил архи аваад Цтай хамт Цгийн гэрт нь очсон. Тэгээд Цтай нэг шил архиа хуваагаад уусан. Цгийн гэрт ойролцоогоор өдрийн 11-12 цагийн орчимд очсон. Ингээд архиа ууж дуусгачихаад буцаад хүнсний зах дээр очиж зарж байсан тортоо эхнэртээ хүлээлгэж өгсөн. Ингээд өдөржингөө зах дээр байж байгаад буцаад Цгийн гэрт очсон. Цгийн гэрт очиход ойролцоогоор шөний 22-23 цаг л болж байсан байх. Яг цагийг нь хэлж мэдэхгүй байна. Өдөр нь архи уучихсан байсан учраас санахгүй байна. Тэгээд Цгийн гэрт байж байтал гаднаас Жайм буюу П.Жа гэх залуу нэг настайдуу хүнтэй хамт ороод ирсэн. Тухайн үед Цгийн гэрт Ц, Тогосоо, Цгийн бага насны хоёр охин бид нар байсан. П.Жатай хамт ирсэн настайдуу ах хэсэг байж байгаад гадагшаа гараад явсан. Араас нь Ц гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж гэртээ орж ирсэн. Хэсэг хугацааны дараа П.Жа гэр рүүгээ явна гээд гарсан. Харин би Цгийн гэрт унтсан. Ийм л зүйл болсон. Тухайн настайдуу ахыг Н.Э гэдэг гэж байсан. Тухайн үед Ц нь Н.Э болон бусад хүмүүстэй хэрүүл маргаан хийгээгүй. Би Цг Н.Эын араас яах гэж гарсан талаар нь мэдэхгүй байна. Буцаж орж ирэхдээ болон гарахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй. Жоохон хүүхэд л цонхыг хагалчихсан мэтээр яриад байсан. Би нарийн зүйлийг мэдэхгүй. Тухайн шөнө цонх хагарсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би их согтуу байсан. Гэхдээ болсон үйл явдлыг мэдэж байна. Өөрийн мэдэж буй зүйлээ дээр мэдүүллээ. Гэхдээ Н.Эын араас нь гарсан. Араас нь гараад нэг их удаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тийм согтуу харагдаагүй. Би согтуу л байсан. С.Цын араас хэн нэгэн гараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 102-104 дүгээр тал/
*Гэрч Д.Цийн өгсөн:
“...Би Н.Э гэх хүнийг танина, нэг нутгийн хүмүүс. Н.Э дээрэмдүүлсэн талаар би Н.Эын эхнэр Н.Эээс сонссон. Миний санаж байгаагаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байсан санагдаж байна Н.Э хөдөөнөөс аймгийн төвд орж ирээд 24-р байрны ойролцоо явж байгаад гар утас, бэлэн мөнгөө дээрэмдүүлсэн байсан. Н.Э биедээ бэлэн мөнгө 180.000 төгрөгтэй явж байсан гэсэн гэхдээ би өөрийн нүдээр хараагүй. Н.Эыг дээрэмдүүлсэний дараа эхнэр Н.Э нь над руу утсаар яриад Н.Э гэр орондоо ойр зуур юм авах гээд 180-аад мянган төгрөгтэй аймгийн төв орсон чинь тэр мөнгөө гар утасны хамт дээрэмдүүлсэн байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 111-112 дугаар тал/
*Гэрч Н.Эийн өгсөн:
“...Н.Э нь тухайн үед зээл хөөцөлдөнө, шүд өвдөөд байна эмнэлэгт үзүүлчихээд ирье гээд 2019 оны 12 дугаар сарын 24-ний шөнө аймгийн төв явсан. Бэлэн мөнгөтэй явж байсан. Манайх Чулуутын гүүрэн дээр гуанз, жижигхэн түц ажиллуулдаг учир бага зэрэг бараа авах, шүдээ янзлуулна гэхээр нь би бэлэн 200.000 төгрөг орлогоосоо өгч явуулсан. Шүдээ янзлуулах, замын зардал болон бага зэрэг бараа авах гэж байсан мөнгөө алдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 113-116 дугаар тал/
*Гэрч Б.Бгийн өгсөн:
“...Тухайн шөнө Н.Э нь намайг гэртээ унтаж байхад 01:00 цагаас 02:00 цагийн хооронд манай хаалгыг нүдээд хүнд дээрэмдүүлчихлээ, цагдаад бүртгүүлчихлээ гэж хэлсээр орж ирсэн. Юу болсон талаар асуухад бусадтай нийлж архи ууж байгаал дээрэмдүүлчихлээ гэж байсан. Ер нь Н.Э нь манайд байнга ирж хонодог. Н.Э Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын гүүрэн дээр хоолны газар ажлуулдаг учир тогтмол ирж хүнсний зүйлээ цуглуулахаар ирэхдээ манайд хонодог байсан. Би эхнэр М.Цэцэглэнгийн хамт байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу гар утас түрүүвчгүй орж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 117-118 дугаар тал/
*Яллагдагч С.Цын өгсөн:
“...Тухайн өдөр Н.Э нь манайд орж ирээд гараад явахдаа манай цонхыг хагалчихаар нь би араас нь очоод зүүн хөлөөрөө араас нь ташаад хавсраад унагаасан. Тэгтэл түүний халааснаас гар утас нь унахаар нь би аваад маргааш ирж цонхоо шилэлж өгчихөөд утсаа аваарай гэж хэлээд орсон. Хүн цонх чулуугаар хагалчихаар нь араас нь очиж хавсарч унагаагаад утсыг нь авсан. Би ганцаараа байсан. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Надад өөрийн гэсэн эрхэлсэн ажил байхгүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 01-04 тоотод оршин сууж байгаа. Авсан гар утсаа буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 138-141 дүгээр тал/
*Яллагдагч С.Цын өгсөн:
“...Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байх хүнсний захаас 1 кг төмс аваад тус сумын 3 дугаар багийн 24 дүгээр байрны зүг буюу гэр рүүгээ харьж явахад гэрийн хажуу талын цайны газрын зүүн талд газар янзага гэх нэртэй печень, ногоон хавтастай цагаан гар утас тус тус нэг нэг ширхэг байсныг аваад харьсан. Тэгээд хоёр хүүхэддээ хоол хийж өгчихөөд 21 цаг өнгөрч байхад эхнэрээ тосохоор зах руу явж байхад үл таних хоёр залуу архи уух уу танайд очьё гээд байхаар нь одоо эхнэр ирж байгаа гудамжинд ууя гэхэд нэг нь танайд заавал очиж ууна гээд намайг хавсарч унагаасан тэгтэл хамт явсан залуу нь цагдаа дуудаад тухайн үед цагдаа нар ирээд намайг согтуу байсан болохоор эрүүлжүүлсэн. Би Д.Ч гэх хүнийг танихгүй. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 144-147 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай “...Иргэн Д.Чын биед, бамбай мөгөөрс буюу төвөнхний зүүн талд урд хэсгээрээ хугарал, хугарлын орчимд болон бамбай булчирхайн орчмын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн дарах, дарагдах үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-иар алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. Бамбай мөгөөрс буюу төвөнхний зүүн урд хэсгийн хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-9-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, хугарлын орчимд болон бамбай булчирхайн орчмын зөөлөн эдиин няцралт гэмтлүүд *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 43-44 дүгээр тал/
* Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 801 дугаартай “...хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 41 тоот дүгнэлтийн 3-р хариулт үндэслэлгүй байна, Д.Чын биед төвөнхийн мөгөөрсний хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Д.Чын биед учирсан төвөнхийн мөгөөрсний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 03 сарын 23-ны өдрийн 12 дугаартай:
“...2018 оны 12 дугаар сарын байдлаар НТС маркийн гар утас, хавтсан гэрний үнэлгээ 65.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 27 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 26 дугаартай:
“...Самсунг галакси тренд маркийн гар утас, мобикомын сим карт, бэлэн мөнгө 172.000 төгрөг зэрэг эд зүйлийн үнэлгээг 2018 оны 12 сарын байдлаар 337.000/гурван зуун гучин долоон мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 123 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 153 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт байх Гост дэлгүүрийн зүүн талд иргэн Д.Ч нь бусдад дээрэмдүүлж, түүнд 365000 төгрөгний хохирол учирсан мөн түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, 2018 оны 12 дугаар сарын 25-с 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутагт байх 24 дүгээр байрны орчимд иргэн Н.Э нь бусдад дээрэмдүүлж, түүнд 337.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Ц үйлдсэн болох нь хохирогч Д.Чын”...Миний цамцнаас барьж байгаад намайг ухаан алдуулсан тэгээд удалгүй сэрээд байж байхад нэг эмэггэй хүн намайг татаад босооч гэж байсан. Тэгсэн миний НТС маркийн цагаан өнгийн гар утас, бэлэн 300.000 төгрөг байсан чинь алга болсон байсан. Ц гэх хүн намайг дээрэмдүүлсний маргааш нь Ц эрүүлжүүлэгдэж миний гар утас цагдаад хураагдсан байсан. Би Ц гэх хүнийг сэжиглэж байгаа учир нь гэвэл намайг дээрэмдүүлсны маргааш нь Ц эрүүлжүүлэгдэж түүнээс миний гар утас гарч ирсэн байсан. Мөн Цгийн эхнэр нь гээд хүүхэн цагаан өнгийн ногоон гэртэй утсыг Ц барьсан явж байсан архинд тавьчихаас нь өмнө олоод авах юм гэж байсан. Тухайн үед миний нүүр ам хавдсан, хиймэл шүд хугарсан хоолой боосон тул одоо хоолой сөөсөн яаралтай Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн”... 2018 оны 12 сарын 04-ний өдөр манай нөхөр Д.Ч Эрдэнэмандал сумаас Архангай аймгийн төв рүү хувийн ажлаар явсан. Тэгээд орой нь над руу утсаар яриад гар утас мөнгөө хүнд дээрэмдүүлчихлээ гэж байсан. Д.Чт ногоон өнгийн хавтастай цагаан өнгийн НТС маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн”...2018 оны 12 сарын 04-нд биш харин 12 сарын 05-ны өдөр архи уусан эрүүлжүүлэх байранд ирсэн. Тухайн үед биед нь үзлэг хийхэд ногоон өнгийн хавтастай цагаан гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Дын”... 2018 оны 12 сарын 05-ны өдөр намайг албан үүргээ гүйцэтгэж байхад С.Ц хүн зодсон гэх дуудлагаар ирж эрүүлжүүлэгдсэн. Тухайн үед С.Цын биед үзлэг хийхэд ногоон өнгийн хавтастай цагаан өнгийн НТС маркийн гар утас гарч ирсэн өөр ямар нэг зүйл гараагүй. Тухайн үед би энэ утсыг хаанаас авсан юм бэ? гэсэн чинь хөдөөний нэг ахтай хамт архи ууж байгаад авчихсан гэж байсан. Дараа нь сонсоход С.Цын авсан гар утас нь Эрдэнэмандал сумын иргэн начин Чука буюу Д.Ч гэх хүний гар утас байсан. С.Цыг хүмүүс Ц гэж дууддаг...” гэх мэдүүлэг, гэрч У.Гантогтоогийн”...2018 оны 12-р сарын эхээр яг хэдэн байсныг нь санахгүй байна, би нэг орой харанхуй болсон хойно ажлаа тараад явж байтал Гост дэлгүүрийн орчимд нэг согтуу хүн таараад өвөөг нь хүн зодчихлоо гээд миний цүнхнээс зуураад энэ хүүхэн миний гар утсыг авчихлаа гээд салахгүй байсан. Тэгээд би гэртээ харьсан чинь манай нөхөр С.Ц нэг ногоон өнгийн хавтастай цагаан өнгийн утас барьсан тоглоод сууж байхаар нь чи юун утас юм бэ? гэсэн чинь С.Ц би олсон гэж байсан. Тэгээд маргааш нь намайг ажил дээрээ байж байхад өчигдөр оройны таарсан өвөө ирээд чи миний гар утсыг өгчих гэсэн тэгэхээр нь би манай нөхөрт ногоон өнгийн гэртэй цагаан гар утас байсан та хурдан очиж авахгүй бол архинд өгчих байх шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цийн”... Над руу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд Д.Ч гэх хүний хүүхэд мөн үү цагдаа байна аав чинь энд хүнтэй маргалдаад байна гээд дуудсан. Тэгээд яваад очтол манай аав хүнд зодуулсан байдалтай байсан. Юу болсон талаар тухайн цагдаа нараас асуухад танай аав чинь хүнд гар утас, мөнгөө дээрэмдүүлж, зодуулсан байна гэж байсан. Тэгээд би аавыг аваад Ж.М эгчийнд очиж хоноод маргааш нь дээрэмдүүлсэн гэх газраа аав Д.Чын хамт очоод гар утсаа хайгаад байж байтал манай аавыг дээрэмдсэн гэх хүний эхнэр нь тааралдаад хэлэхдээ та намайг хэлсэн гэж битгий хэлээрэй манай нөхөр С.Цт таны ногоон кейстэй гар утас байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мы”...Тэгээд орж ирээд аав бусдад дээрэмдүүлчихсэн байна гээд охин Ч.Ц нь цагдаагаас очиж авлаа гэж хэлж байсан. Хувцас хунар нь шороо тоос болчихсон хоолойгоо боолгуулсан гээд ярьж чадахгүй байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Эын”... Би 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө ойролцоогоор 00 цагаас 01 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг 24 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд Ц гэх залууд өөрийн өмчлөлийн Самсунг галакси тренд маркийн, цагаан өнгөтэй, андройд үйлдлийн системтэй гар утас, бэлэн 172.000 төгрөгөө дээрэмдүүлсэн ...”гэх мэдүүлэг, гэрч П.Жын”... Цгийн гэрт Н.Э бид хоёрыг ороход Золоо, Ц, Цгийн эхнэр Тогоо, Цгийн хоёр бага насны хүүхэд зэрэг хүмүүс байсан. Ц, Золоо хоёр архи уугаад сууж байсан. Ц халамцуу, Золоо нь бага зэргийн согтуу байдалтай байсан. Ингээд байж байтал Н.Э гараад явчихсан. Н.Эын араас Ц гарсан. Хэсэг хугацааны дараа Ц буцаж гэртээ орж ирсэн. Харин Н.Э буцаж орж ирээгүй. Н.Э явсан байх...” гэх мэдүүлэг, гэрч Г.Зын”... П.Жатай хамт ирсэн настайдуу ах хэсэг байж байгаад гадагшаа гараад явсан. Араас нь Ц гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж гэртээ орж ирсэн. Хэсэг хугацааны дараа П.Жа гэр рүүгээ явна гээд гарсан. Харин би Цгийн гэрт унтсан. Ийм л зүйл болсон. Тухайн настайдуу ахыг Н.Э гэдэг гэж байсан. Тухайн үед Ц нь Н.Э болон бусад хүмүүстэй хэрүүл маргаан хийгээгүй. Би Цг Н.Эын араас яах гэж гарсан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цийн”... Миний санаж байгаагаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байсан санагдаж байна Н.Э хөдөөнөөс аймгийн төвд орж ирээд 24-р байрны ойролцоо явж байгаад гар утас, бэлэн мөнгөө дээрэмдүүлсэн байсан. Н.Э биедээ бэлэн мөнгө 180.000 төгрөгтэй явж байсан гэсэн гэхдээ би өөрийн нүдээр хараагүй. Н.Эыг дээрэмдүүлсэний дараа эхнэр Н.Э нь над руу утсаар яриад Н.Э гэр орондоо ойр зуур юм авах гээд 180-аад мянган төгрөгтэй аймгийн төв орсон чинь тэр мөнгөө гар утасны хамт дээрэмдүүлсэн байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, Н.Эийн”...Н.Э нь тухайн үед зээл хөөцөлдөнө, шүд өвдөөд байна эмнэлэгт үзүүлчихээд ирье гээд 2019 оны 12 дугаар сарын 24-ний шөнө аймгийн төв явсан. Бэлэн мөнгөтэй явж байсан. Шүдээ янзлуулах, замын зардал болон бага зэрэг бараа авах гэж байсан мөнгөө алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...Тухайн шөнө Н.Э нь намайг гэртээ унтаж байхад 01:00 цагаас 02:00 цагийн хооронд манай хаалгыг нүдээд хүнд дээрэмдүүлчихлээ, цагдаад бүртгүүлчихлээ гэж хэлсээр орж ирсэн. Юу болсон талаар асуухад бусадтай нийлж архи ууж байгаал дээрэмдүүлчихлээ гэж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 801 дугаартай дүгнэлтүүд, хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг гаргасан мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 03 сарын 23-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч С.Цын хоёр удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа өөртөө эдийн ашигтай байдал би болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно гэж, 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно гэж заасан тул шүүгдэгч С.Цын хоёр удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, дээрэмдэх явцдаа өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ч, Н.Э нар нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүхэд бичгээр хүсэлт өгсөн мөн хохирогч Д.Чын Улаанбаатар хотод очиж дахин шинжилгээ хийлгэхэд гарсан зардлаа нэхэмжилсэнийг шүүгдэгч С.Ц нь төлсөн талаар баримт ирүүлсэн тул шүүгдэгч С.Цыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Цт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Цын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 136 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Цыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 3/гурав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3/гурав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5/тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 5/тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын цагдан хоригдсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 136/нэг зуун гучин зургаа/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ