Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0185

 

Д.Б, Ж.Б, Г.Т нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ц.Т,

Нэхэмжлэгч: Д.Б, Ж.Б, Г.Т,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/206, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжуудын П.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 781 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2021/0304/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б, Ж.Б, Г.Т нар нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/206, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжуудын П.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 781 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/206, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжуудын иргэн П.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Б, Г.Т, Ж.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ц.Т нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 19-20 дугаар нүүрэнд ... түүний аав Н.П--д 1992 онд зуслангийн сууцны гэрчилгээ олгогдож байсан, дүүргийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 400 м.кв газрыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг тэрээр 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, түүнд дүүргийн Засаг даргын 2021 оны А/196 дугаар захирамжаар нэгж талбар 400 м.кв газрыг эзэмших эрх шилжүүлж эзэмшүүлсэн байна... гэж дурдсан байна.

3.2.Н.П-д 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай олгосон 400 м.кв газрын эзэмших эрх 2006 онд дуусгавар болсон, эзэмшигч Н.П 2005 оны 01 дүгээр сарын 06-нд нас барсан зэрэг Газрын тухай хууль болон гэрээнд заасан газар эзэмших эрх дуусгавар болсон байтал шүүхээс энэ дүгнэлтийг хийлгүй 2020 оны Өвлөх эрхийн гэрчилгээ, хүсэлт, газар эзэмших эрхийг П.Х-д шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2021 оны А/196 дугаар захирамжийг хууль ёсны гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

3.3.Өвлөх эрхийн гэрчилгээгээр 2006 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Газрын эзэмших эрхийг 2020 оны 05 дугаар сард өвлүүлсэн нь хууль бус байна гэж маргасныг шүүх дүгнээгүй.

3.4.Хуулиар газрын эрх нь дуусгавар болсон эрхийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллага шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэгэнт эрх дуусгавар болсон гэдгийг мэдсээр байж гуравдагч этгээдэд давуу байдал олгож газрын эрхийг шилжүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь иргэдэд ижил тэгш үйлчлэх хууль, тогтоомж, дэг журмыг буруу хэрэглэж дүгнэсэн байна.

3.5.Шүүхийн шийдвэрийн 20 дугаар нүүрэнд ... гуравдагч этгээд П.Х-гийн хашаан дотуур нь газрынх нь зүүн тал дээгүүр гудам буюу орц гарц байсан гэж, П.Х орц, гарцыг нь хааж эзэмшүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна... гэжээ. Бодит байдал дээрээ шүүгч маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн. Үзлэгээр тухайн газар дээр автомашины шороон замын ул мөр тов тодорхой байсан ба өмнө нь уг газраар нэхэмжлэгч нар орж, гарч байсан. 2015 ны 10 дугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зохион байгуулагчийн Шаардах хуудас, Мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн үзлэг, 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор орц, гарц гэдгийг тодорхойлсон баримтууд хэрэгт авагдсан байгааг шүүгч үнэлж дүгнээгүй.

3.6.21 дүгээр нүүрэнд ...П.Х-гийн хашааны зүүн урд болон зүүн хойд талыг буулгаж, газрынх нь зүүн хэсгээр гудам үүсгэн орц, гарц гаргасан байдаг бөгөөд, энэ үйл ажиллагаа буруу байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг ... гэжээ. Шүүгч хэрэг авагдсан баримт, үзлэг, хуулийг нэг мөр тайлбарлаж дүгнэлт хийх байтал хариуцагчийн худал тайлбарт хөтлөгдөж шийдвэр гаргасан байна.

3.7.Мөн шүүгч ... Ч.Д-ийн хашааны зүүн хойд талд П.Х-ийн баруун талаарх гудмыг хааж контейнер байршуулсан, ингэснээр нэхэмжлэгч нарын урд гудмаар баруун тийш гарах орц, гарцыг хаасан байна ... гэж дүгнэжээ. Бодит байдал дээр ийм орц, гарц хэзээ ч байгаагүй бөгөөд хариуцагчийн гаргасан тайлбараар ийм орц, гарц шийдсэн гэдэг боловч хууль зүйн дагуу батлагдсан зураг, баримт бичиг, оршин суугчдаас асууж, сонгож орц гарцыг шийдсэн ямар ч баримт байдаггүй. Маргаанд хамааралгүй Я.Д гэх айлын асуудлыг эрх ашиг нь хөндөгдсөн эрхийн асуудалд хамааралтай болгож орц, гарц байхгүй газрыг орц гарц мэтээр шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй юм.

3.8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 781 дүгээр шийдвэр нь гуравдагч этгээдэд хууль бусаар газар эзэмших эрхийг олгосон шийдвэр шүүхээс хууль ёсны болгосон гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч Д.Б, Ж.Б, Г.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/206, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжуудын П.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргажээ.

2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж  тус тус заажээ.

2.3.Нэхэмжлэгч нараас “...2006 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад тус газрыг П.Х-д шилжүүлсэн нь хууль бус, П.Х-д эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч нарын орц, гарцтай давхцаж байгаа, тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар буюу зам байсан, нийтийн эзэмшлийн газрын зорчих хэсгийг П.Х-д олгосон нь хөршийн болон орц, гарцыг тогтоох журмыг зөрчсөн” гэж маргадаг.

2.4.Харин хариуцагчаас “П.Х нь хашаа барихдаа захирамжаар олгосон газрын хэмжээнээс илүү газар хашаалж, орц, гарц хаасан байсныг захирамжаар олгосон газрын хэмжээнд нийцүүлэн орц, гарц гаргасан, зүүн талд гарц гаргасан, иргэн Я.Д орц, гарц хааж контейнер байршуулсан, контейнерыг авах албан шаардлага хүргэсэн бөгөөд төсөв хүрэлцээгүйн улмаас газар чөлөөлөх ажил хийгдээгүй, нэхэмжлэгчид маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч биш, тэдний эзэмшлийн газарт нэвтрэх орц, гарцыг шийдсэн тул нэхэмжлэгч нарт нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй” гэж, гуравдагч этгээдээс П.Х-аас “газрын албаны даргын хэлсний дагуу 1462706829 дугаартай газрын хашааг татсан. Миний нэгж талбарын 1462704907, 1461706829 дугаартай газрын зүүн талаар зам гаргавал манай байшингаас 1 м зайтай газраар зам гарч, бидний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, манай газрын хэмжээнээс 151,7 м2 талбайтай газар хасагдаж эд хөрөнгө, эдийн засгийн хувьд хохирохоор байна, миний эзэмшдэг газрын ертөнцийн зүгээр урд болон баруун талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зам дайрч өнгөрч байгаа талаар холбогдох байгууллага мэдэгдсэн.” гэж тус тус маргажээ.

2.5.Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн бэхжүүлсэн фото зураг[1] болон Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “Хадат”-ын 9-919 тоотын схем зураг[2] зэрэг баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжуудаар Д.Б, Ж.Б, Г.Т нарын газрын байршил болон гуравдагч этгээдэд  олгосон газрын байршлууд, нэхэмжлэгч нарын орц, гарцыг гуравдагч этгээдийн  аль хэсэгт байрлаж байгаа газар нь хаасан гэдэг нь тодорхойгүй, тодруулбал, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч нарын газрын орц, гарцыг хааж байгаа эсэх нь тогтоогдохгүй байна.

2.6.Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Хадат”–ын 9-919 тоотын зуслангийн газрын хашааны схем зургуудыг хаанаас гаргаж шүүхэд ирүүлсэн гэдэг нь тодорхойгүй, уг зургаар гуравдагч этгээд П.Х-ийн эзэмшил газрын баруун талаар зам байх боловч нэхэмжлэгч нарын газрын байршил уг зурагт хаана байрладаг, нэхэмжлэгчийн байрладаг гудамжны орц, гарцыг төлөвлөсөн эрх бүхий этгээдийн төлөвлөлт, зураг байгаа нь тодорхойгүй, энэ талаар баримтууд хэрэгт авагдаагүй, мөн уг схем зургаар Я.Д-ийн газар нь нэхэмжлэгч нарын орц, гарцыг хаасан гэдгийг тогтоох боломжгүй байна. 

2.7.Гэтэл анхан шатны шүүхээс Газар зохион байгуулалтын албаны газрын кадастрын мэдээллийн сангийн орц, гарц хэрхэн төлөвлөгдсөн талаар схем зураг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн бэхжүүлсэн фото зургийг үндэслэн “бодит байдалд Я.Дгийн хашааны хойд талд гудмыг хааж модон хашаа барьснаар нэхэмжлэгч нарын урд гудмыг баруун талд нь мухар болгосон, мөн Я.Дгийн хашааны зүүн хойд талд П.Х-ийн баруун талаарх гудмыг хааж контейнер байршуулсан, ингэснээр нэхэмжлэгч нарын урд гудмаараа баруун тийш гарах орц гарцыг хаасан байна, нэхэмжлэгч нарын хувьд урдуураа машин зам бүхий гудамтай, уг гудам баруун болон зүүн тийшээ орц гарцтай төлөвлөгдсөн” гэж дүгнэсэн байна.

2.8.Дээр дурдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс маргаж буй үндэслэлийн дагуу шүүхээс гуравдагч этгээд П.Х-д эзэмшүүлсэн 1462704907, 1461706829 нэгж талбарын дугаартай газрууд нь нэхэмжлэгч нарын орц, гарцыг хааж байгаа эсэх, нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдэд эдгээр газрыг эзэмшүүлснээс шалтгаалж орц, гарцгүй болсон эсэх, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын аль газар нь аль хэсгээрээ нэхэмжлэгч нарын орц, гарцыг хааж байгаа,  эсхүл, бүхэлдээ хааж байгаа эсэх, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд нь нийтийн эзэмшлийн газар буюу зам барихаар төлөвлөсөн газартай давхцаж байгаа эсэх, эсхүл иргэн Я.Д орц, гарц хааж контейнер байршуулснаас шалтгаалж нэхэмжлэгч нар орц, гарцгүй болсон эсэх нөхцөл байдлууд, цаашлаад бодит байдал дээр “нэхэмжлэгч нарын хувьд урдуураа машин зам бүхий гудамтай, уг гудам баруун болон зүүн тийшээ орц гарцтай төлөвлөгдсөн, 2006 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад тус газрыг П.Х-д шилжүүлсэн нь хууль бус эсэх” гэх талуудын маргаж буй нөхцөл байдлуудыг тогтоохтой холбоотой баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрт анхан шатны шүүхээс дүгнэлт өгөх нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

2.9.Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг бүрэн тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөөгүй, тодруулбал, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, шүүхээс өгсөн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

2.10.Иймээс маргаан бүхий газрын буюу нэхэмжлэгч нар, гуравдагч этгээд болон иргэн Я.Д нарын газрын байршлын нэг дор харуулах боломжтой холбогдох баримт, зургийг гаргуулах, тодруулбал, тухайн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшлийн газруудын орчин байршил болон тухайн байршлын нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарцыг харуулсан давхцуулсан зураг, уг зурагт байрших газруудын эзэмшигчийн нэр, байршлын нэр, зүг чигийг тодорхой байдлаар харуулсан бүдүүвчилсэн, тойм болон схем зургийг мэргэжлийн байгууллагууд болох хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Геодези, зураг зүйн газраас гаргуулах, түүнчлэн тухайн байршлын нийтийн эзэмшлийн зам талбайн төлөвлөгдсөн зургийг хариуцагч, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргуулах, шаардлагатай тохиолдолд иргэн Я.Д-г гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай.

2.11.Эдгээр үндэслэлээр давж заалдах гомдолд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 2-р хавтас 99-125 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 98-100 дахь тал