Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01186

 

Б-Т ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00302 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 793 дугаар магадлалтай,

Б-Т ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т Т”ХХК, Д.Ч, Р.Гнарт холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 280 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарны 06-ны өдөр Б-Т ХХК түүнийг төлөөлж Б.Баатартулга, П.Амарсайхан, “Т Т”ХХК-тай түүнийг төлөөлж Р.Г, Д.Чимидцэрэн харилцан тохиролцож гипсэн хавтангийн шинэ үйлдвэр болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Баатартулга болон П.Амарсайхан нарын хөрөнгөөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дуусгасныг баталсан болон оруулсан хөрөнгийг буцаан төлөх тухай гэрээг байгуулж хөрөнгө оруулагч тал буюу Б-Т ХХК-ийн хөрөнгө оруулсан 500 000 000 төгрөгийг “Т Т”ХХК нь 2011 онд багтаан барагдуулахаар тохиролцсон. Гэвч дээрх гэрээтэй холбоотойгоор талууд харилцан тохиролцож, Б-Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Нефтийн 1-р гудамжны 08 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 928,3 метр квадрат талбайтай (блокоор өрж шавардсан, дээшээгээ гүйцэд бус 4 ханатай, шалгүй, хаалгагүй, дээвэргүй буюу дутуу гүйцэтгэлтэй 1 давхар) үл хөддөх эд хөрөнгөд 500 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд тус үл хөдлөх хөрөнгийн дутуу гүйцэтгэлтэй хэсгийг гүйцээж, үл хөдлөх эд хөрөнгө дотор бүрэн угсрагдсан гипсэн хавтангийн үйлдвэрийг барьж дуусгасан, мөн үйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эд болон 60 тонн гипс, 2 төрлийн нийт 30 тонн цаас, 3 тонн цардуул, цавуу болон хөөсрүүлэгч зэргийг худалдан авсныг баталгаажуулж 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээг байгуулсан. Хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний дагуу “Т Т”ХХК нь гэрээний төлбөрийг барагдуулж дуустал үйлдвэрийн барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглах хэрэглэх, зарцуулах, эрхгүйгээр хадгалж, хамгаалж байхаар тохиролцсон ч гэрээний үүргээ зөрчиж үйлдвэрийн обьектыг “Т Т”ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа энэ нь гэрээний үүрэг зөрчсөн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх гэрээний дагуу “Т Т”ХХК нь Б-Т ХХК-нд гэрээний төлбөр болох 500 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ч одоогоор 220 000 000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гипсэн хавтангийн шинэ үйлдвэр болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Баатартулга болон н.Амарсайхан нарын хөрөнгөөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дуусгасныг баталсан болон оруулсан хөрөнгийг буцаан төлөх тухай гэрээ, энэхүү гэрээтэй холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 280 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Г, Д.Ч нар нь гипсэн хавтангийн үйлдвэрийн төсөл боловсруулж түүнийгээ иргэн Б.Баатартулга, П.Амарсайхан нарт танилцуулж хамтран ажиллах санал тавьсан. Улмаар тэд бидний саналыг хүлээн авсан бөгөөд ингэхдээ хамтын ажиллагааг илэрхийлсэн ямар нэгэн гэрээ хэлцлийг бичгээр байгуулаагүй. Өөрөөр хэлбэл бидний хамтын ажиллагаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасны дагуу аман хэлцлийн гэрээ хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ нэгдмэл ашиг сонирхолтой хоёр тал байна гэж үзэн Р.Г, Д.Ч нар нь нэг тал буюу төслийн 50 хувийг, Б.Баатартулга, П.Амарсайхан нар нь дангаар нэг тал буюу төслийн 50 хувийг тус тус эзэмшихээр тохиролцсон. Талууд өөрсдийн оруулах хураамж, хувийг дараах байдлаар гаргахаар тохиролцсон бөгөөд бидний хувьд /Р.Г, Д.Ч/ төсөл хэрэгжүүлэх үйлдвэрийн газар, дутуу гүйцэтгэлтэй үйлдвэрийн байрыг гаргах, харин нөгөө тал /Б.Баатартулга, П.Амарсайхан/ нь уг үйлдвэрийн байрыг барьж дуусгах, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон. Улмаар талууд өөрийн оруулах хөрөнгөө өөр өөрсдийн эзэмшилд байх хуулийн этгээдээр буюу бидний хувьд “Т Т” ХХК-ийн эзэмшил газар, уг газар дээрх дутуу гүйцэтгэлтэй үйлдвэрийн байрыг гаргасан бол нөгөө тал буюу иргэн Б.Баатартулга, П.Амарсайхан нар нь өөрийн эзэмшлийн "Б-Т" ХХК-иар дамжуулан өөрсдийн оруулах хувийг гаргахаар болсон. Тохиролцооны хүрээнд талууд хувь, хөрөнгөө гаргасан бөгөөд “Т Т”ХХК /Р.Г, Д.Ч/-ийн хувьд дээр дурьдсан төсөлд шаардагдах газар, дутуу гүйцэтгэлтэй үйлдвэрийн байр, мөн нэмээд уг барилгыг барьж гүйцэтгэхэд шаардагдах зарим нэр төрлийн барилгын материал, ажиллах хүчний зардлыг хариуцан гаргасан. Харин нөгөө тал маань барилгын гүйцэтгэлд шаардагдаж байсан дээврийн материал, түүний үнэ, тээврийн зардал зэргийг төлж, хамтран үйлдвэрийн барилгаа бүрэн ашиглалтанд оруулсан бөгөөд энэ хугацаанд мөн тоног төхөөрөмжийнхөө сонголтыг хамтран хийж, тоног төхөөрөмжөө оруулж ирэн угсарч, суурилуулснаар үйлдвэр ашиглалтанд орж 2011 оны 09 дүгээр сард анхны туршилтын үйлдвэрлэлээ явуулсан. Туршилтын үйлдвэрлэл эхлэхэд технологийн горим тоног төхөөрөмжийн чанар, түүхий эдийн тээвэрлэлт зэрэгтэй холбоотой зарим нэг хүндрэлүүд гарч эхэлсэн бөгөөд уг хүндрэлтэй асуудлуудаас шалтгаалж хамтрагч талуудын хоорондох үл ойлголцол улам даамжирч цаашид хамтран ажиллахад ихээхэн хүндрэлтэй болсон тул Б-Т ХХК нь хамтын ажиллагаанаас гарч, хамтын ажиллагаа бүрэн дуусгавар болсон. Хамтын ажиллагаанаас Б-Т ХХК гарч, бид Тавантрейд ХХК үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон. Б-Т ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлэгч талтай байгуулсан худалдааны гэрээний дагуу өөрт гэрээгээр олгогдсон эрх болох нийлүүлэгч талаас тоног төхөөрөмжийн эцсийн туршилт тохируулгыг бүрэн хийлгэж “түлхүүр гардаж авах” эрх, үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ нь уг гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлэгч талд төлөх ёстой сүүлийн 5 хувийн төлбөрийг Б-Т ХХК-иас нийлүүлэгчид төлөөгүй байдал харагддаг. Үүнээс шалтгаалж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 100 хувь бүрэн ажиллагаанд орж чадалгүй хамтын ажиллагаа дуусгавар болж үйлдвэр ч туршилтын үйлдвэрлэлийн зарим нэг доголдлоо засварлаж чадалгүй зогсонги байдалтай хоцорсон. Өнөөг хүртэл уг үйлдвэр огт ажиллаагүй. 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2011 оны 12 дугаарын 29-ний өдрийн гэрээнүүдэд хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Б-Т ХХК-ийн саналыг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг 500 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ үед Б-Т ХХК-иас хөрөнгө оруулалтаа бүрэн баталгаажуулсан төлбөрийн баримт, тэдгээрийг нотлох баримтуудыг бидэнд ирүүлээгүй. Өөрөөр 2017 оны 04 сар хүртэл бидний хамтран хэрэгжүүлсэн төсөлд Б-Т ХХК-иас яг хэдий хэмжээний бодит мөнгөн хөрөнгө зарцуулсныг мэдэж чадаагүй буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлд 58.3.2-т заасан хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн байж болзошгүй нөхцөл байдалд тэдгээр гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байгаа юм. Мөн Б-Т ХХК-ийн хөрөнгө гэж тооцогдсон зарим хөрөнгө /үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг, тоног төхөөрөмж гэх мэт/-ийг 2011 оны 12 дугаар 29-ний өдрийн гэрээгээр “Т Т”ХХК-д тодорхой болзол нөхцлөөр худалдах, шилжүүлэх болсон байдаг. Гэтэл уг гэрээ нотариатаар гэрчлэгдээгүй байгаа нь давхар хууль зөрчигдсөн байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00302 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч Тавантрейд ХХК болон Д.Ч нараас 280 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ““Б-Т”” ХХК-д олгож, хариуцагч Р.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тавантрейд ХХК, Д.Ч нараас улсын тэмдэгтийн хураамж 1 557 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б-Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 793 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Т”ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар хяналтын гомдолдоо: МУ-ын Үндсэн Хуулийн 16-р зүйлд “...Хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхийг баталгаатай эдэлнэ гэсэн эх сурвалжийг үндэслэн ИХШХШТХ-н 172 зүйлд заасныг баримтлан Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн №793 тоот магадлал нь ИХШХШТХ-н 116,2 зүйлд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул зохигч талуудын хамтран ажиллах хүрээнд тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үйл явдлын үр дагавар, үр дүнгийн маргаантай асуудлыг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас бодит амьдралд огт хийгдээгүй зохиомол, хийсвэр санхүүжилтийг хариуцагч талаас гаргаж буй шүүхийн тайлбар, дүгнэлт нь нэхэмжлэгч талд үндэслэлгүйгээр илт давуу байдал олгож харин хариуцагч талын эрх зүйн болон санхүүгийн байдлыг дордуулж буй илт нэг талыг баримталсан хууль шударга ёсонд харшилсан хууль бус шийдвэр буюу шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Иргэний хуулийн 478.11, 480.4 зүйлд заасан хуулийн хэм хэмжээ, зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангуулах үүднээс хариуцагч талын өмгөөлөгчийн хувьд хяналтын шатанд гомдол гаргаж байна. Болсон үйл явдлын талаар: Анх 2011 хавар Тавантрейд ХХК-ний эзэмшлийн газар болон дутуу баригдсан гүйцэтгэлтэй хөрөнгөнд “Б-Т” ХХК-ний зүгээс гипсэн хавтангийн шинэ үйлдвэрийг барьж дуусгах, үйлдвэрт зориулагдсан тоног төхөөрөмжийг худалдан авах, эргэлтийн хөрөнгийг бүрэн санхүүжүүлэх талаар харилцан тохиролцож хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оны 9 сард гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтанд бэлэн болж туршилтын ажиллагаа явуулахад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн чанар, стандарт зөрчигдсөн, технологийн горим, шаардлага хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн доголдол, алдаа ажиллах боломжгүй учраас талуудын эрх, үүрэг хариуцлагын асуудал дээр маргаан гарч Б-Т ХХК-ний зүгээс өөрсдийн хөрөнгө оруулалт санхүүжилтийн хэмжээг 500 000 000 төгрөгөөр үнэлсний дагуу 2011 оны 11 сарын 6 өдөр оруулсан хөрөнгийг буцаан төлөх болон 2011 оны 12 сарын 29 өдөр нөхөн төлбөрийн гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал: Зохигч талуудын хамтын ажиллагааны хүрээнд бол нэхэмжлэгч тал өөрсдийн санхүүжилтээр барилгыг дуусгах, тоног төхөөрөмжийг худалдаж авч импортлох, газар дээр нь суурилуулах ажлыг хариуцаж, үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулах ёстой байсан бөгөөд нэгэнт доголдолтой тоног төхөөрөмж оруулж ирсэн учраас цаашид бүтээгдэхүүн гаргах боломжгүй болж нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас хамтын ажиллагаа дуусгавар болсны үр дагаврыг бусдад тохож өөрсдийнхөө бизнесийн эрсдэл алдагдлын бүх зардлаа хариуцагч талаас гаргуулах, үүнийг нь шүүгч зөв гэж шийдвэрлэж байгаа нь нэг талаар бодит байдалд нийцэхгүй нөгөө талаар хууль зүйн үндэслэлгүй билээ. Өөрөөр хэлбэл: Барилгыг барих болон үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, суурилуулахад гаргасан гэх 500 000 000 төгрөгний зардал нь бодит байдалд огт нийцэхгүй байхад санхүүгийн нотлох баримтаар батлагдахгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх үйл явлын эх сурвалж, санхүүгийн баримт тэдгээрийн шалтгаант холбоог харгалзахгүй зөнд нь орхиж мартаж гээж, үр дүнгүй хөрөнгө оруулалтын буруутнаар хариуцагчийг тодруулж гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн гэсэн хийсвэр тайлбар гаргаж байгаа нь илт нэг талыг баримталсныг гэрчилж байгааг үгүйсгэх аргагүй билээ. Учир нь гэвэл: Нэхэмжлэлийн үнийн дүн нь 280 000 000 төгрөг, нэхэмжлэгч талын гарсан зардлын гэх тооцоо нь 357 000 000 төгрөг, хөрөнгө оруулалтын үнийн дүн нь 500 000 000 төгрөг гэсэн гурван мөнгөн дүнг нэхэмжлэгч талаас гаргадаг бөгөөд зөвхөн энэ тооцооноос харахад зөрүү болох 143 000 000 төгрөг нэхэмжлэгч тал хэдийд, юунд зарцуулсан нь тодорхойгүй, юуны тооцоо гэдэг нь ойлгомжгүй, ямар аргаар, ямар баримтаар, ямар ажил хийсэн гэж тооцож хариуцагч талаас төлүүлэх гээд байгаа нь ямар нэгэн тайлбар, үндэслэлгүй байгаа нь нэхэмжлэгч тал хөрөнгө оруулалтын дүнгээ нэг талаар алдагдал, ашиг, орлогоо нэмж тооцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд нөгөө талаар огцом өсгөсөн, хийсвэр нэмэгдүүлсэн, зохиомол тооцоо гаргаж хариуцагчийг төөрөгдүүлсний хангалттай нотолгоо билээ. Үүгээр зогсохгүй бас нэг сонин зүйл гэвэл 2011 оны 4 сарын 1 өдөр, 2011 оны 7 сарын 7 өдөр, 2011 оны 7 сарын 26 өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээний 41 000 000 төгрөгний асуудал нэг талаар нэхэмжлэлд огт дурдагдаагүй байхад нөгөө талаар зээлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байхад шүүгч энэ асуудалд тайлбар, дүгнэлт огт гаргаагүй нь учир дутагдалтай гэж хуульчийн хувьд үзэж байна. ИХ-н 58.3.2 зүйл: “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн.” Нэхэмжлэгч тал хөрөнгө оруулагчийн хувьд ихэнх, дийлэнх санхүүжилтийг өөрсдийн зүгээс бие даан гаргаж байсан тул хариуцагч талын хувьд гэрээг байгуулах үед хөрөнгө оруулалтын бодит хэмжээг мэдэх боломжгүй байсан ба нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээнээс гарахдаа нөхөн төлбөрийн хэмжээг өөрсдөө тогтоохдоо 500 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр төлөх явцад танилцуулсан санхүүгийн баримтаар тэдний талаас зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь илт бага байсан гэдгийг хожим мэдсэн байдаг. ИХ-н 75.2.1 зүйл: “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил.” ИХ-н 205.4.1 зүйл: “гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бөгөөд тэрээр гэрээний зүйлийг боловсруулах, дахин боловсруулах явцдаа энэхүү доголдлыг илрүүлсэн” бол нөхөн төлбөр төлөхгүй. ИХ-н 476 зүйл: “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”. ИХ-н 478.11 зүйл: “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж хуулиар тогтоосон учраас зохигч талууд гипсэн хавтан үйлдвэр барих явцад бий болсон алдагдал бол 500 000 000 төгрөг гэж нэхэмжлэгч тал өөрсдөө тодорхойлсон тул энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийн дагуу бол нэхэмжлэгч тал болон хариуцагч тал 500 000 000 төгрөгийг хамтран хариуцах ёстой буюу 250 000 000 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлөх ёстой бөгөөд үүнээс 220 000 000 төгрөгийг 2013 онд төлчихсөн байгаа билээ. ИХ-н 479.4 зүйл: “Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүнийг гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана” гэж хуульчилсны дагуу хамтын үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч талын доголдолтой тоног төхөөрөмж хятадуудаас худалдаж авсан бизнесийн эрсдэл, алдаа бурууг шууд бүхэлд нь хариуцагч талд тохож, хамруулж болохгүй билээ. ИХ-н 480.4 зүйл: “Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ноогдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ” 2011 оны 12 сарын 29 өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний 1.9 заалтанд хөрөнгийн хувь хэмжээ, ноогдох хэсгийг 50/50 хувиар тогтоосон байдаг. Иймд: Зохигч талуудын гипсэн хавтангийн үйлдвэр барих талаар харилцан тохиролцсон хэлцэл нь амьдрал дээр бодит үйлдлээр хийгдэж хамтран ажиллах явцад нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалт санхүүжилтээр худалдан авсан тоног төхөөрөмжийн доголдол, технологийн шаардлага хангаагүй тул хавтан үйлдвэрлэх боломжгүй болсон нөхцөл байдал, үр дагавар нь нэхэмжлэгч талын гаргасан санхүүжилт үр дүнгүй хөрөнгө оруулалт болж хувирсан явдлын бурууг болон хариуцлагыг хариуцагч талд тохож, шилжүүлж бизнесийн эрсдлийг хариуцагч талаар нөхөн төлүүлж буй өөрсдөө уснаас хуурай гарч дүр зураг нь яагаад ч үнэн зөв шийдвэр байх боломжгүй учраас худал хуурмаг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг үнэн болгож буй шүүхийн шийдвэр нь дээр дурьдсан хуулийн заалтад нийцэхгүй, зөрчилдөж байгааг хяналтын шатны шүүхийн бүрэлдэхүүн анхаарна гэж найдаж байна. Эцэст нь: Хамтран ажиллах гэрээ, хэлцэлтэй холбоотой үйл явдлын болж өнгөрсөн нөхцөл байдал, нэхэмжлэлийн үнийн дүн ба санхүүгийн нотлох баримтын хийсвэр, зохиомол тооцоо тэдгээрийн зөрүү, эргэлзээтэй, зөрчилтэй байдал болон технологийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж оруулж ирсэн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хуульд заасны дагуу гэрээний талууд хамтран хариуцна гэсэн хэрэглэвэл зохих /ИХ-478.11зүйл/ хуулийг хэрэглээгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагын 30 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж хууль, шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б-Т ХХК нь хариуцагч “Т Т”ХХК, Р.Г, Д.Ч нараас буцааж өгөх мөнгөн үүргийн үлдэгдэл 280 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийн хэмжээ 500 000 000 төгрөг бус 243 000 000 төгрөг болох нь бодитоор тогтоогдсон, түүний оруулсан хөрөнгийг буцааж өгөхөөр гэрээ байгуулахдаа хөрөнгийн хэмжээн дээр төөрөгдсөнөөс гадна хамтран ажиллах гэрээний дагуу ашиг, алдагдлыг тооцож хэн аль нь хариуцлагаа хүлээх ёстой бөгөөд хамтын ажиллагаа үр дүнгүй болсон тул 500 000 000 төгрөгийн тал хувиар хариуцлагыг хамтарч хүлээхэд нэхэмжлэгч нь 250 000 000 төгрөгийг авахаас бид 220 000 000 төгрөгийг нь өгсөн тул үлдэх 30 000 000 төгрөгийг төлөхөөр байгаа, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Б-Т ХХК нь хариуцагч нараас 280 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа хамтын ажиллагааг дуусгавар болгож, оруулсан хөрөнгийг буцааж өгөх гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэсэн үндэслэлийг заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг тодруулж, бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хийвэл зохих дүгнэлтийг хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр шатны шүүх Б-Т ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулагдсан 2011 оны 11 сарын 06-ны өдрийн “Гипсэн хавтангийн шинэ үйлдвэр болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Баатартулга болон П.Амарсайхан нарын хөрөнгөөр 100%-ийн гүйцэтгэлтэйгээр барьж дуусгасныг баталсан болон оруулсан хөрөнгийг буцаан төлөх тухай” гэрээ, уг гэрээг шинэчилсэн 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээ”-нд тулгуурласан байна.

Зохигч талуудын байгуулсан 2011 оны 11 сарын 06-ны өдрийн гэрээний 4-т “Худалдагч талын оруулсан хөрөнгийг 500 000 000 төгрөгөөр үнэлж байна.” гэж, 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний 2.1-т Хөрөнгө оруулагч тал нь төслийн хүрээнд: - Үйлдвэрийн дуусаагүй барилгын дутуу ханын хэсэг болон дээвэр хаалга, шалны материал /төмөр карказ, сэндвичэн хавтас/-ын захиалга, худалдан авалт, түүний тээвэр, хил гаалийн зардал, угсралтын зардал, зарим шаардлагатай ажлын багаж хэрэгсэл, материалууд худалдан авах, - Гипсэн хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг захиалах, худалдан авах, түүний тээвэр болон хил гаалийн зардал, угралтын Хятад мэргэжилтнүүдийн ажлуулах нөхцлийг бүрдүүлэх, тэдний ажлын хөлс, бусад ажилчдын цалин, - Түүхий эд материал /60тн гипс, 2 төрлийн нийт 30 тн цаас, 3тонн цардуул, цавуу болон хөөсрүүлэгч/-ын худалдан авалт, тэдгээрийн тээвэр, хил гааль, дотоод тээврийн зардал зэргийг санхүүжүүлсэн бөгөөд эдгээрт хөрөнгө оруулагч талаас оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 500 000 000 /таван зуун сая/ төгрөгөөр үнэлсэнийг талууд үүгээр харилцан баталгаажуулж байна гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр   гаргасан нэхэмжлэлдээ “...талуудын хооронд үл ойлгоцол бий болсон учраас нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хэмжээнд оруулчихсан байсан хөрөнгө оруулалтаа олох байсан ашигтайгаа тооцож аваад харилцаагаа дуусгавар болгоё гээд тохиролцоод 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. ...Нийт гаргасан зардал болоод түүн дээр тодорхой өгөөжийг өгөх. Энэ гэрээгээр надад нөхөн төлбөр болгоод 500 000 000 төгрөг өгнө гэсэн, ...бүх асуудал ингээд бүрэн шийдвэрлэгдээд дуусгавар болсон, ...хариуцагч оруулсан хөрөнгийг маргаад байсан учраас өөрт байгаа баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь 357 000 000 төгрөгийн баримт байгаа ...одоогоос 7 жилийн өмнө харилцаа байсан учраас өөрт үлдсэн баримтаа гаргаж өгч байна. Тийм учраас бүрэн дүүрэн баримт биш болно. ...энэ гэрээний дагуу хариуцагч нар үүргээ хүлээн зөвшөөрөөд 220 000 000 төгрөгийг төлөөд явж байсан, ...бид нар хөрөнгө оруулалтанд гаргасан зардал түүн дээр харилцан тохиролцсоны үндсэн дээр ...хүлээн зөвшөөрсөн ашиг орлого, өгөөжийг тооцсон 500 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна...” гэжээ.

Энэ тайлбараас үзвэл 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнд заасан 500 000 000 төгрөг нь зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээ биш ашиг өгөөж тооцсон дүн гэсэн агуулга тогтоогдож, энэ нь талуудын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 2.1-д заасан нөхцлөөс зөрүүтэй байхад шүүх зөвхөн гэрээний заалтыг баримталсан нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэх хуулийн шаардлагад нийцээгүйгээс гадна энэ талаар тодруулж, зохигчдыг мэтгэлцүүлэхэд чиглүүлж чадаагүй байна.  

Дээрх байдлыг тодруулснаар Б-Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөхөөр байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээнд заасан 500 000 000 төгрөг нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилаж тогтоосон үнийн дүн эсвэл гэрээнээс гарсан нэхэмжлэгчид зөвхөн оруулсан хөрөнгийг нь буцааж өгч, гэрээг дуусгавар болгосон тохиролцоо алин болохыг тодруулах нь маргааны гол зүйл нь байжээ. Үүнээс хамаарч шүүх хэрэглэх ёстой хуулийг сонгож хэрэглэх үндэслэлтэй юм.

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00302 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 793 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА