Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00351

                 Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 69 дүгээр байрны 13 тоотод оршин суух, Боржигон овогт Бархасын Баттулга /РД:МЗ63081616/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалин 10,953,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Б.Баттулга миний бие 2014 оны 5 сарын 12-ны өдрийн Тахарын ерөнхий газрын даргын тушаалаар 9 дүгээр тойргийн тахарын албаны дэд бөгөөд шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх тасгийн даргаар томилогдон ажилласан юм.

Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 тоот тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан юм.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 237 тоот тогтоолоор, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, намайг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тооцон олгохыг даалгасан шийдвэр гарсан юм.

Намайг ажилд эргүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 206 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 5 сар 15 хоногийн цалингаа нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.

Цагдаагийн ерөнхий газраас надад 36 сарын тэтгэмжийг олгохдоо дутуу олгосон учраас 2014 оны 12 дугаар сарын 05-наас ажилд томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин болох 10,953,872 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа" гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалын Б.Баттулгад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Баттулгыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд тогтоож, түүний ажлаас халагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохыг Тахарын ерөнхий газрын даргад даалгасан байна.

Тахарын ерөнхий газар татан буугдаж, түүний зарим чиг үүргийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Б.Баттулга цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/170 тоот “Ажилд томилж, цагдаагийн цол олгох, цалингийн зэрэглэл, шатлал, нэмэгдлийг тогтоох тухай” тушаалаар түүнийг Обьект хамгаалах нэгдүгээр хэсэгт харуулын цагдаагаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс томилж, Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын хоёрдугаар бүлгийн 2.1 дэх заалтыг баримтлан “Цагдаагийн дэд ахлагч” цол олгосон.

Тэрээр шүүхийн шийдвэрт заагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ажилд томилогдох хүртэл хугацааны цалинг цагдаагийн байгууллагаас нэхэмжлэхгүй тухай хүсэлтээ бичгээр гаргаж цагдаагийн байгууллагад орж ажилласан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 27-нд “...цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/189 тоот “Цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгох тухай” тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн.

Мөн Б.Баттулгатай холбоотой явагдаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрийнх нь хүсэлтээр дуусгавар болсон байдаг учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Цагдаагийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баттулга нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 3,765,393 төгрөг гаргуулах шаардлагаа гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,953,872 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

            Нэхэмжлэгч Б.Баттулга нь Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар тушаалаар 9 дүгээр тойргийн тахарын албаны дэд бөгөөд шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх тасгийн дарга, тойргийн шадар тахараар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалаар Тахарын албаны алба хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн заалт зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

            Нэхэмжлэгч Б.Баттулга нь Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр ажлаас чөлөөлсөн тушаалд гомдол гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих ёсоор нь тооцож олгохыг Тахарын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0335 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0335 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Баттулга нь татан буугдсан Тахарын ерөнхий газрын даргын буруутай ажиллагаанаас болж 2014 оны 12 дугаар сарын 05-наас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

 

            Тахарын ерөнхий газар татан буугдаж, түүний зарим чиг үүргийг Цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр болсон учраас нэхэмжлэгч Б.Баттулга нь 2016 оны 9 дүгээр сарын 08-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга Тэргүүн комиссар Б.Чингист хандаж "...2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойшхи цалингаа цагдаагийн байгууллагаас нэхэмжлэхгүй гэж ажилд орох хүсэлтээ гаргаж байжээ.

 

            Дээрх хүсэлтийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 3 дугаар газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/170 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Баттулгыг Обьект хамгаалах 1 дүгээр хэлтэст харуулын цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосон байна.

 

            Нэхэмжлэгч Б.Баттулга 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 3 дугаар газрын дарга хурандаа Ц.Гансүхэд хандаж "...биеийн байдал муу, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасаны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдийн Б/189 дугаартай "Цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгох тухай" тушаал гарсан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Баттулгад 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох, Цагдаагийн албан тушаалтанд цол олгох журмын дагуу өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа эдэлж байсан "цагдаагийн дэд хурандаа цол"-ыг нь хадгалуулж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэрт гаргажээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно" гэж заасан.

 

             Тахарын ерөнхий газар татан буугдаж түүний чиг үүрэг, төсөв цагдаагийн байгууллагад шилжсэн учраас нэхэмжлэгч Б.Баттулга нь Цагдаагийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрх үүссэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Баттулга Цагдаагийн байгууллага надад цалинг чинь олгохгүй, 36 сарын тэтгэмжээ аваад ажлаасаа гарч болно гэж хэлсэн учраас би тэтгэмжэээ бүрэн авах юм байна гэж ойлгосон учраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэхгүй гэж бичиж өгсөн.

 

            Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас намайг цэргийн тэтгэвэрт гаргахдаа 36 сарын тэтгэмжийг сүүлийн 2 жилийн хугацаанд ажил хийгээгүй, цалин аваагүй байна гэсэн үндэслэлээр дутуу олгосон учраас би анхан шатны шүүхийн ажилд томилсон шийдвэр гарсан өдрөөс ажилд томилсон тушаал гарсан өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа Цагдаагийн ерөнхий газраас гаргуулна гэж маргасан.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн 36 сарын тэтгэмжийг бодохдоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэл болгохгүйгээр ажилгүй байсан гэж үзэж нэхэмжлэгч Б.Баттулгад 38,752,418 төгрөг олгохоос 23,251,451 төгрөгийг олгосон нь үндэслэлгүй байна.

 

             Нэхэмжлэгч нь хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16301193 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор гарч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар тогтоолыг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

 

            2017 оны 01 дүгээр сарын 12-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 126 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Золзаяа нь "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д "Төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр" шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэр гарган гүйцэтгэх баримт бичгийг хаана" гэж заасныг удирдлага болгон 44 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарч  төлбөр авагч Б.Баттулга, төлбөр төлөгч Тахарын ерөнхий газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

            Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Баттулгыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар тогтоол биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Ийм учраас нэхэмжлэгч Б.Баттулгын хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цагдаагийн ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй хэнцэх хэмжээний олговорт 10,953,872 төгрөг гаргуулах тухай Б.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,420 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА