Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 783

 

Э.Төгссайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Төгссайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Төгссайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ундрахтамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс “Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-ийн хуулийн албаны хуулийн зөвлөх албан тушаалтай Н.Оюунтуяагийн Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацаанд түүний оронд ажил үүргийг гүйцэтгэхээр туршилтын хугацаатай ажиллаж эхэлсэн. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.5-д заасан хугацааг хангаж, туршилтын хугацааны тайлангаа өгсөн боловч зохих тушаал гаргахгүй байсаар Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Б/204 тоот тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би 2016 оны 6 дугаар сарын 07-ныг хүртэл үндсэн цалингийн 80 хувиар цалинжиж байсан. Энэ өдрөөс хойш бол би 710 000 төгрөгөөр цалинжих ёстой байсан.

Ийм учраас ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Төгссайхан нь “Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн албаны хуулийн зөвлөхөөр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд томилогдон ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу Э.Төгссайхантай хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан бөгөөд компанийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар ажлын байранд тавигдах шаардлагад тэнцээгүй учраас цаашид үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ийм учраас Э.Төгссайханыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Төгссайханыг урьд эрхэлж байсан ажил буюу "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 2 443 702 төгрөгийг хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э.Төгссайханд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Төгссайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Төгссайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-иас 54 049 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгч миний цалин хөлсийг өдрийн 33 023 төгрөг гэж тогтоосныг эс зөвшөөрч байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал гэж тодруулан заасан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх  хэсэгт журмын 2 дугаар зүйлийг харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч миний бие тус компанид ажилд орсон өдрөөс хойш буюу 2016 оны 03 дугаарын сарын 07 ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 7 cap тасралтгүй ажилласан. Үүнээс нэхэмжлэгч миний бие 2016 оны 03 дугаарын сарын 07-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл "Мэдээлэл Холбооны Сүлжээ" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар туршилтын болон сургалтын 3 сарын хугацааг хангаж ажилласан. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилласан хугацааг үндсэн ажилтнаар тооцуулж холбогдох нэмэгдэл, шагнал, урамшуулал зэргийг тооцуулах нь хууль, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам" болон компанийн холбогдох журамд нийцэх ёстой. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг минь хангаж шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан. Хариуцагч тал шүүх хуралдааны үед нотлох баримт гаргаж өгснөөр нэхэмжлэгч тал нотлох баримттай танилцах хугацаа болон хариуцагч талаас нэмэлт нотлох баримт гаргуулахаар хүссэн хүсэлтийг минь хүлээн авалгүй хэргийн баримтууд дутуу үед маргааныг шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэс болж байгаа гул гомдлыг минь хүлээн авч хууль, журмуудад нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:
 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцсон талаар хариуцагч гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Төгссайхан нь хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-д холбогдуулж гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч Э.Төгссайхантай хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан бөгөөд ажлын байранд тавигдах шаардлагад тэнцээгүй учраас цаашид үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж маргажээ.

             

Хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/204 тоот тушаалаар Э.Төгссайханыг хуулийн албаны хуулийн зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн ба уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохироогүй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК нь ажилтан Э.Төгссайханыг гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/62 тоот тушаалаар хуулийн албаны хуулийн зөвлөхөөр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд томилогдон ажиллаж байсан гэж тайлбар гаргасан бөгөөд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/169 тоот “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалаар тогтоогдож байна. /хх-49/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Төгссайханы туршилтын хугацаа 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх тул хуулийн зөвлөх О.Оюунтуяаг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөдөлмөрийн дотоод журмын 3.1.2, 3.1.4 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг ажил олгогч зөрчиж үүргээ биелүүлээгүй гэж зөв дүгнэж, ажилтан Э.Төгссайханыг  "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК-ийн хуулийн албаны хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

 Харин ажилтан Э.Төгссайханыг туршилтын хугацаагаар ажиллаж байгаад үргэлжлүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бол нэг өдрийн цалин 33 023 төгрөгийн цалин авах байсан гэж нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлс бус харин цаашид авах боломжтой цалингаар цалин хөлсний дундажийг бодож олговрыг гаргуулсан нь “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгтэй нийцэхгүй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ирээдүйд ямар цалин авах ёстой байсан гэдгээс биш харин тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг тодорхойлох журамтай. Хэргийн 46 дугаар талд авагдсан Э.Төгссайханы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримтаас үзэхэд ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг тооцвол анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн цалинтай тэнцэх олговроос бага байна.

 

Гэвч энэ талаар хариуцагч "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХХК нь давж заалдах гомдол гаргаагүй байх тул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах учиртай тул гомдолд заагаагүй энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа 54 050 төгрөгийг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ 

 

                                                                                 Б.НАРМАНДАХ