Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01231

 

Н.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00467 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 892 дугаар магадлалтай,

Н.Мын нэхэмжлэлтэй

“М Д” ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Мын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 4 сараас “М Д” ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ авахаар 1600014232 дугаар бүхий гэрээ байгуулсан. 2017 оны 9 сарын 26-ны өдөр 04:00 цагийн үед миний 17-75 УБК дугаартай Соната-7 маркийн автомашин бүрэн шатаж надад 9 700 000 төгрөгийн хохирол учирсан. Иймээс би гэрээний дагуу даатгалын үйлчилгээ үзүүлж буй “М Д” ХХК-д 2017 оны 10 дугаар 13-ны өдөр нөхөн төлбөрийн хүсэлт гаргасан. Гэвч “М Д” ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр барахгүй нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргасан ба энэхүү шийдвэртэй миний бие санал нийлэхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, 9 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Н.Мын 17-75УБК улсын дугаартай Хьюндай Соната 7 маркийн автомашиныг 2017 оны 9 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сот 8 дугаар байрны гадна зогсоолд байх үед тээврийн хэрэгсэл бүрэн шатсанд нөхөн төлбөр олгох хүсэлт гаргасан. Тээврийн хэрэгсэл бүрэн шатсан шалтгаан нөхцлийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч дүгнэж, 2017 оны 10 сарын 6-ны өдрийн 364/1970 тоот шинжээчийн дүгнэлтийг үйлдсэн байх ба гал түймэр нь автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэн гал түймэр гарсан байх магадлалтай байна гэж дүгнэсэн байна. Энэ тохиолдол нь №1600014232 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлд заасан аль эрсдлийн улмаас үүссэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр 2.1.2.а.ахуйн гал түймэр болон 2.1.2.b дэлбэрэлт, тэсрэлт-ийн улмаас үүссэн галын эрсдэлд нөхөн төлбөр олгохоор заасан боловч 2017 оны 9 сарын 26-ны өдөр даатгуулагч Н.Мын 1775УБК улсын дугаартай автомашинд учирсан хохирол нь гэрээний 2.1.2.а, 2.1.2.b-д заасан эрсдлийн улмаас үүсээгүй байсан. Бидний зүгээс №1600014232 тоот, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.2. дараах тохиолдлууд нь даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ гэх заалт, 2.2.3 хохирлыг нотлох бололцоогүй, хангалттай нотлох баримт бүрдээгүй дор дурдсан аливаа тохиолдол Үүнд: 2.2.3а даатгалын хугацаанд болон гэрээнд заасан эрсдлийн улмаас учирсныг нотлох бололцоогүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд даатгагчийн гаргасан нөхөн төлбөрийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00467 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Мын хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүрэгт 9 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 892 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхи ж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.М хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч Н.М би “М Д” ХХК-аас 9 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан тул миний зүгээс давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 892 дугаартай магадлал гарч миний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хууль болон Галын аюулгүй байдлын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн тул энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Иймд нэхэмжлэгч миний хяналтын журмаар гаргаж буй гомдлыг хүлээн авч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9 700 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Тэрээр даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэл 2017 оны 9 сарын 26-ны өдөр автозогсоол дээр байх үед шатаж, эрсдэл бий болсон гэж даатгалын гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээнд заасан “даатгалын тохиолдол” буюу “ахуйн гал түймэр болон дэлбэрэлт тэсрэлт” бий болоогүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хууль, Даатгалын тухай хууль, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэгт нийцээгүйгээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. 

Нэхэмжлэгч Н.Маас даатгалын 2 гэрээг шүүхэд гаргаж өгсөн ба шүүх нөхөж олгосон гэрээг бус талуудын байгуулсан 2017 оны 4 сарын 07-ны өдрийн гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Н.М нь “М Д” ХХК-тай “сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” гэсэн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Хьюндай соната-7 маркийн автомашинаа эрсдэлээс даатгуулсан, даатгалын үнэлгээ 10 000 000 төгрөг, даатгалын хураамжид 273 720 төлсөн, гэрээний хугацаа 1 жил,  гэрээнд даатгалын гэрээний гол нөхцлийг бүрэн тусгасан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангасан байна.

Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагджээ.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2-т даатгалын эрсдлийн төрлийг зааж тодорхойлсон байх ба 2.1.2-т заасан “галын эрсдэл” буюу “ахуйн гал түймэр, болон дэлбэрэлт, тэсрэлт” бий болсон эсэх асуудал зохигчдын хооронд маргааны зүйл болсон байна.

Даатгалын гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл 2017 оны 9 сарын 26-ны өдөр автозогсоол дээр байх үедээ шатсан, гал гарсан шалтгааныг 2017 оны 10 сарын 06-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч дүгнэхдээ ...автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэнээс гал гарсан гэж тогтоожээ. /хх-ийн 24-33 дугаар тал/

Хоёр шатны шүүх даатгалын тохиолдол бий болоогүй гэснээс гадна талууд даатгалын гэрээнд даатгалын эрсдлийн төрлийг тогтоох эрхтэй байхад өөр хуульд тодорхойлсон нэр томьёог, тухайлбал, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “гал түймэр” буюу гал хараа хяналтаас гарч, хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгаль орчин, нийгэмд хохирол учруулах аюул” бий болсон байдал тогтоогдоогүй гэж үзснээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Гэрээний 2.1.2-т галын эрсдлийг талууд тодорхойлохдоо ахуйн гал түймэр болон тэсрэлт, дэлбэрэлт гэж тусгасан боловч “ахуйн гал түймэр” гэдэгт ямар тохиолдлыг хамааруулахыг гэрээнд тодорхой тусгаагүй байхад тухайн тохиолдол буюу автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэн тохиолдлыг хамаарахгүй гэж үзсэн нь гэрээний ерөнхий агуулгад нийцсэнгүй. Гэрээний 1.1-д эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах талаар заасан байна. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хэдий ч түүний өмчлөлийн автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэн шалтгаан  гэнэтийнх байх ба нэхэмжлэгчийн гэм буруугаас гал гарсан гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх боломжгүй юм. Даатгуулагчийн үйлдлээс хамаараагүй нөхцлөөс шалтгаалж, даатгалын зүйл шатаж устсан байдал нь гэрээнд заасан ахуйн гал түймэрт өртсөн гэж үзэх тохиолдолд хамаарна гэж үзнэ.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т.“даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” хэлнэ гэж заасан байна. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан эд хөрөнгө шатаж үгүй болсон тул даатгагч нь гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийг 9 650 000 төгрөгийн хэмжээнд хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 11-ний өдрийн 892 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “М Д” ХХКомпаниас 9 650 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мт олгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...үлдээсүгэй ...гэснийг үлдээж, хариуцагчаас 169 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мт олгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 150 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА