Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 105

 

Г.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Байгалмаа,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Э,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 528 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Мт холбогдох 201725031018 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ш овогт Г.М, 1991 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

          Г.М нь 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-514 тоотод Г.Быг зодож олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мын цагдан хоригдсон 183 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт хураагдан ирсэн 0.35 граммын савлагаатай “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Фрута” гэсэн бичигтэй шилэн стакан 2 ширхэг, шилэн стакан 1 ширхэг, “Нийслэл” нэртэй шилэн стакан 1 ширхэг, “Нийслэл” гэсэн бичигтэй 2.5 литрийн савлагаатай бор өнгөтэй хуванцар сав 1 ширхэг, цагаан өнгөтэй “Монос” нэртэй шаазан аяга 1 ширхэг, цагаан өнгөтэй шаазан аяга 1 ширхэг, цэнхэр судалтай, цустай хөнжил 1 ширхэг, цагаан шаргал өнгөтэй, цустай хөнжил 1 ширхэг, модон иштэй алх 1 ширхэг, төмөр алх 1 ширхэг, цагаан алаг бариултай хутга 1 ширхэг, цэнхэр алаг бариултай хутга 1 ширхэг, хар бариултай төмрөндөө 6 нүхтэй хутга 1 ширхэг, хар бариултай хутга 1 ширхэг /урт/, хар бариултай хутга 1 ширхэг /богино/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Г.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 5 дугаар сарын 17-ны өглөө хөдөө гэртээ малаа бэлчээчихээд гэртээ орж ирээд сууж байтал эмээ гаднаас утас барьсаар Улаанбаатар хотоос ах чинь яръя гэж байна гээд утас өгч яриулсан. Гэтэл ах маань надад ажил хийх санал тавьж, би тэрийг нь зөвшөөрсөн. Тэгээд тэр өдөртөө хот руу явсан. Намайг Октябрь гэх хүн тосож аваад шууд Улиастай явж ажлын байрандаа очиж ажилдаа орсон. Маргааш нь манай ах ажлаа хийлгэж байсан Октябрь гэх хүнтэй муудалцаж хоорондоо мод чулуу барилцан барьцалдаж авсан байдаг. Энэ бүгдээс үүссэн хөнгөн хүнд зэргийн дотуур гэмтлүүд учирсан байж болзошгүй гэж би үзэж мөрдөн байцаалтын шатанд ярьж хэлсэн боловч битгий зүгээр байгаа хүн татах гээд бай гээд байцаагч оролцуулаагүй. Энэ бүгдийг гэрчлэх хүмүүс хамт ажил хийж байсан. Аагий, Тулга гэх ах нар нотолно. Би 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хөдөө гэр лүүгээ очоод аав, ээждээ ярьж хэлээгүй нь үнэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 04 цагийн үед цагдаа нар ирж намайг барьсан. Тухайн үед надаас хэдэн зүйл асуугаад буцаагаад явуулна гэсэн боловч аймгийн төв дээр очсон үедээ танай ах чинь өнгөрсөн байна. Иймд чамайг сэжигтнээр татаж байцаалт авна гэсэн. Би болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, ям ар нэгэн саад учруулаагүй. Намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хөдөө орон нутгаас ирэхэд тухайн үед ямар байдалтай байсан гэрэл зургуудыг байцаагч хошууч Сайнжаргал зураг дарж баталгаажуулсан боловч миний зүүн нүд хөхөрч толгойн зүүн хэсэг, дагзны хажууд хагарсан байсан. Энэ бүх баримтыг хавтаст хэрэгт оруулаагүй байдаг. Нотлох баримттай энэ бүхнийг дахин шалгуулж өгөхийг хүсэж байна. Мөн шүүх эмнэлгийн эмч ажлаасаа бууж байхад нь намайг дагуулж явсан байцаагч уг эмчид “нэг л хүн, та гялс биччих” гээд гуйсан уг эмч нь миний нүд хөхөрснийг харж, толгойг асууж “хэр өвдөж байна, зовиур байна уу” гэж асуун тэмдэглэл үйлдэж, дүн шинжилгээ гаргасан байдаг. Байцаагч Сайнжаргал нь мөрдөн байцаалтын шатанд надаас мэдүүлэг авч дуусаад намайг хэргийн материалтай уншиж танилцаад “гарын үсгээ зур” гэсэн атлаа “ямар удаан уншдаг юм, чиний гарын үсэгтэй үсэггүй болно, чамаас гуйх шаардлага байхгүй, чамд эргэлт оруулахгүй” гэж хувийн сэдлээр заналхийлсэн. Маргааш нь миний зүйл ангийг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйл ангиар хошууч Ганболд байцаалт авсан. Үүнийг миний өмгөөлөгч байсан Ганбат гэрчлэх болно. Шүүх хуралдаан дээр прокурор миний ярьсан хэлсэн үгийг үл тоон намайг “шүүгдэгч та худлаа ярьж болно” гэсэн. Улсын яллагч Б.Байгалмаа өөрийн ажлынхаа гүйцэтгэлийг бодож хэт нэг талыг барьж яллаж байгаад гомдолтой байна. Хэрэг учралын өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би талийгаач ах Г.Бын гэрт газраар унтаж байхад шөнө хүн дээрээс юмаар цохих шиг болоход би сэрсэн. Гэтэл талийгаач ах маань би чамайг ална гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би “М байна, та яаж байна аа” гэхэд “би чамайг ална” гээд гартаа алх барьсан байсан ба тэр алхаараа намайг цохисон. Би тухайн үед өөрийгөө хамгаалж чадалгүй, толгойдоо цохиулсан. Тэгээд хоорондоо ноцолдож барилцаж авсны дараа намайг хутгална гэж газар шалан дээр эгнүүлж тавьсан 4 ширхэг хутганыхаа нэгэнд хүрсэн. Тэр үед нь би ар талаас нь буюу мөрнөөс нь татаж хойш болгон хутгыг нь алдуулж довтолгоог нь зогсоох гэж хөлөн дээр нь сууж байгаад булааж авсан алхны ишээр 2 гарынх нь бугалга руу 3-4 удаа цохиж талийгаачид хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Энэ хэрэг болж байх мөчид би өөрийн амь насаа талийгаач Г.Бын гарт алдах эрсдэл маш их байсан. Шүүхийн шинжилгээнд явуулсан хувцас болон бусад эд зүйл дээр дандаа миний цус илэрсэн байдаг. Энэ бүгдээс үзэхэд миний хамар болон толгойноос хэр их цус гарсан нь, миний аргагүй хамгаалалт хийсэн нь харагдах болно. Иймд би энэ хэрэгт холбогдож байгаадаа маш их харамсаж байна. Мөн өглөө босоод явахдаа ахыгаа ахиж сэрээгээгүй, сэрчихвэл надруу дахин дайраад байж магадгүй гэж бодоод сэм гэтээд гарсандаа харамсаж байна. Намайг үзүүртэй зүйл хэрэглэсэн гэж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч би тийм зүйл хэрэглээгүй болохоо тодорхой хэлсэн. Мөн хохирогч ар гэрийнхэн болон гэрч нар талийгаачийг ямар зан ааштай болохыг тодорхойлж өгсөн. Мөн талийгаачийн энэ хууль бус үйлдэл нь 2 дахь удаа гэдэг нь нотлогдож байхад намайг ийм хүнд ялаар, хаалттай дэглэмтэй хорих ангид, 12 жилийн хорих ял өгсөнд гомдолтой байгаа тул хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь хянан шийдвэрлэж өгнө үү ...” гэв.   

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Г.Б нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-514 тоотод Г.Мыг унтаж байхад нь нүүр, нүд рүү нь цохиж, хамраас нь цус гарахаар нь сэрээд “ахаа юу болж байна, болиоч” гэхэд нь “чамайг ална” гэж гартаа барьсан алхаар толгойн зүүн ар хэсэгт цохиж, толгойг нь хагалсан ба олон тооны хутга шалан дээрээ эгнүүлэн тавьсан, алах бэлтгэл хийсэн байсан тул Г.М амиа хамгаалж, ноцолдон унагаж алхыг булаан авч өөрийнх нь 2 гарын бугалганд олон удаа цохисон. Г.Б хоёулаа болъё гэхээр ухаарч зодоон зогссон байдаг. Г.Б тэр үедээ амьд сэрүүн байсан ба Г.Мыг дахин зодож магадгүй гэж алхыг тэврэн Г.М унтаад өглөө эрт босч үзэхэд гарт нь алх байхгүй байсан ба Г.М нутаг буцсан. Харин Г.Б нь өглөөний 04 цагийн үед нас барсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж 12 жилийн хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй гомдол гаргасан болно. Учир нь Г.М, Г.Бтой өс хонзонгүй, өр авлагагүй, таарамжгүй харьцаа үүсэх, түүнийг зодох санаа сэдэлгүй, алах санаа зорилгогүй байсан, мөн Г.М нь танхай балмад зан авиргүй, хүмүүжил сайтай залуу байдаг. Түүнийг хохирогч талийгаач Г.Б өөрөө унтаж байхад нь зодож хүч хэрэглэсэн, зэвсэг хэрэглэн алахыг завдаж довтолсоны улмаас амь нас, биеэ хамгаалж Г.Бтой ноцолдож, унагаж дээр нь гарч алхаар өөрийг нь цохисон үйлдэл хийсэн нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж бусдыг алсан үйлдэл байх тул Г.Мын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, түүний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Г.М нь хэргийн зүйлчлэлээ өөрчлүүлэх тухай гомдол гаргасан байна. Бидний зүгээс дүү Г.Мын гаргасан гомдолд буруу өгөх үндэслэлгүй, харин ч гомдлыг нь хүлээж авч, хангаж шийдвэрлэж өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж байна. Талийгаач ах маань ширүүн, догшин авиртай байсан. дүүгээ унтаж байхад нь зодож, зэвсэг барьж халдлага хийж өдөөснөөс энэ хэрэг гарсан байх тул дүүгийн минь шийтгэл хүнд байна. Иймд хөнгөн ял оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэжээ.

Прокурор А.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Оногдуулсан ял шийтгэл ба зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж байгаа боловч аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлсэн тэр цаг хугацаанд үүсэх ёстой. Гэтэл Г.Мын үйлдэл тухайн хэрэг төгссөн байхад үйлдэгдсэн байх боломжтой олон янзын гэмтэл учирсан нь цогцост хийсэн үзлэгээр харагддаг. Иймд аргагүй хамгаалалт хийсэн гэдэг зүйл яригдахгүй. Онц харгис хэрцгий аргаар алсан гэж прокурорын зүгээс зүйлчилсэн боловч ялтны өмгөөлөгч сэтгэл санаа цочрон давчидсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн гэж байна. Сэтгэл санаа цочрон давчидсан, бусдыг алсан энэ үйлдэл нь тухайн цаг үед хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хоромхон зуур үйлдэгддэг. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг харахад цочрон давчидсан байдал тогтоогдоогүй. Талийгаачийн биед маш олон тооны шарх, гэмтэл үүссэн, үүнээс хөхрөл няцрал, ир үзүүртэй зүйлийн гэмтэл хавирганы хугарал, тархины гэмтэл маш олон тооны гэмтэл учирсан нь талийгаачийг амьд байхад гэмтлийн улмаас маш их зовуур, шаналалыг мэдрэхээр гэмтлийг учруулсан. Иймээс онц харгис, харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Г.М нь 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-514 тоотод Г.Быг зодож олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэрч Д.О-ийн: “... Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 22-514 тоотод хашаандаа “ОКЕ-32” нэртэй зочид буудал ажиллуулдаг. Манай зочид буудалд Г.Б гэх хүн одоогоос 4 жилийн өмнө цэвэрлэгч, галчаар ажилд орсон. Г.Б нь манай жижиг байшинд ганцаараа амьдардаг байсан юм. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн үед би автобуснаас буугаад зочид буудал руугаа алхаж байхад манай хашаанд байдаг байшинг түрээслэдэг Батжаргал тааралдаад Г.Б гэртээ байхгүй, дүү нь унтаад байна, Г.Б хаашаа явсан юм бол гэсэн. Тэгээд би зочид буудал дээрээ ирээд цэвэрлэгч Г.Бын амьдардаг байшингийн хаалгыг нь татахад хаалга нь онгорхой байсан ба нэг хүний хоёр хөл нь гарчихсан, дээгүүрээ цагаан даавуутай хөнжил нөмөрчихсөн, газар шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би Г.Бын дүү Мийгааг байна гэж бодоод буцаагаад хаалгыг нь хаачихсан. Тэгээд буудалдаа ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед гараж орох гээд алхаж байгаад Г.Бын байшингийн хаалга нь онгорхой байхаар нь харахад, өглөө намайг харахад хөнжил нөмрөөд унтаж байсан хүн яг тэр хэвээрээ, хоёр хөлөө гаргачихсан хэвтэж байхаар нь би нэг юм болж гэж бодоод Батжаргалын байшингийн хаалгыг татахад цоожтой байсан. Тэгэхээр нь цонхыг нь тогшоод Б-ыг дуудаад гарч ирэхээр нь бид хоёр Г.Бын гэр рүү орсон. Тэгээд гэрлийг нь асаахад шалан дээр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь бид хоёр буцаж гараад 102 дуудсан. Цагдаа нар орж үзээд Г.Быг нас барсан байна гэж хэлсэн. Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны орой буюу хагас сайн өдөр 14 цагийн үед тэдний гэрт ороход Г.Б гэртээ өөрийнхөө эгчийн хүүхэд болох Мийгаатай хамт архи уугаад сууж байсан. Тэгэхэд Г.Б нилээн согтсон байдалтай, дүү Мийгаа нь дунд зэргийн согтолттой сууж байсан...” /1хх-42-43/,

Гэрч Т.Ц-ийн: “... 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-514 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг “ОКЕ-32” гэсэн нэртэй буудалд ажил дээрээ байсан. Тэгсэн чинь талийгаач Г.Б нилээн согтуу гаднаас орж ирээд юм асуусан. Би юу асуугаад байгааг нь ойлгоогүй, учир нь Г.Б нилээн согтуу байсан болохоор юу хэлээд байгаа нь ойлгогдоогүй. Тэгээд Г.Быг гараад явсны дараа буудлынхаа хоёр давхрын цонхоор харсан чинь Г.Б хоёр тийшээ гуйвсан байдалтай, нилээн согтуу, гартаа гялгар ууттай зүйл өргөөд явж байсан. Харин Г.Бын араас дүү нь гэх залуу бас согтуу гуйвсан байдалтай дагаж явсан. Тэр хоёр гэр рүүгээ орсон. Тэрнээс хойш би Г.Бтой уулзаагүй, харин өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буудал дээрээ ирэхэд Г.Б нас барсан байна гэж цагдаагийн хүмүүс хэлсэн...” /1хх-44-45/,

Гэрч Р.О-ийн: “... 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 10 цагийн үед гэртээ яс хөрөөдөх гэтэл манай хөрөө дийлэхгүй болохоор нь талийгаачийн хөрөөг авах гээд ороход талийгаачийн гэрийн хаалга нь онгорхой байсан ба ороод харахад газар ширээний хажуугаар дээгүүрээ хөнжил нөмөрсөн хоёр хөл нь гарсан хүн унтаж байхаар нь урд өдөр нь дүү нь ирсэн болохоор дүүг нь унтаж байна гэж бодсон. Талийгаач өдөр бүр өглөө эрт гараад архины шил, лааз, ундааны сав түүж явж байгаад ирээд жорлонгийн хажууд юмаа янзалдаг болохоор явсан байна гэж бодоод хөрөө нь угаалтуурын хажуугаар байхаар нь аваад гарсан. Гэртээ орж юмаа хийчихээд эргээд хөрөөг нь оруулаад байсан газар нь хийхэд нөгөө газар байсан хүн унтаж л байсан ...” /1хх-46-49/,

Гэрч Н.Н-ийн: “... Миний хүү Г.М гэртээ байж байхад миний төрсөн ах Г.Б Г.М луу яриад Улаанбаатар хотод ирээд хоёр хоног ажил хийгээд өг гэж дуудсан. Манай ахын байрыг хөлсөлдөг дарга нь 100.000 төгрөг өгье ажил хийгээд өг гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай хүүхэд хоёр хоног ажил хийгээд ирье гээд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр явсан. Тэгээд Улаанбаатар хотод хоёр хоночихоод хүрээд ирсэн. Гэртээ 5 дугаар сарын 20-ны өдөр ирсэн шиг санагдаж байна. Ирэхдээ мөнгөгүй ирсэн. Зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Яагаад нүд чинь хөхөрчихсөн юм бэ гэхэд юм дуугараагүй. Тэгээд өнөөдөр өглөө 04 цагийн үед цагдаа ирээд бариад явсан...” /1хх-50-52/,

Г.Мын сэжигтнээр өгсөн: “... 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод 14 цагийн үед очсон. Тэгээд вокзал дээр буугаад Гачууртад О гэх хүний зуслан дээр очиж байшингийн суурь хундам зутгах ажил хийсэн. Намайг очих үед манай нагац ах Г.Б, О , Г , А, Б гэх хүмүүс байсан. Тэгээд би тэр хүмүүсийн хамт байшингийн хундам цутгах ажлыг гурван хоног хийгээд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш дууссан. Тухайн үед Г.Б ах 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэр лүүгээ явчихсан. Тэгээд би тэр өдөр Нарантуул зах дээр очоод О ахын өгсөн 85.000 төгрөгөөр өөртөө жинсэн хүрэм, цагаан хэрэглэл, оймс зэрэг зүйлс авсан. Тэгээд Нарантуул захаас гараад 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Г.Б ахын амьдардаг нийтийн байранд ирсэн. Намайг очих үед Г.Б ах ганцаараа байсан. Тэгээд тэндээ Г.Б ахын хамт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр О  ах ирээд Г.Б ахад 50.000 төгрөг өгсөн. Тэгээд Г.Б ах тэр мөнгөөрөө 2.5 литрийн “Брат” нэртэй 2 ширхэг, “Нийслэл" нэртэй 2 ширхэг пиво, 0.33 литрийн “Хараа” нэртэй архи хоёр шилийг авсан. Тухайн үедээ нэг нэгээр нь аваад ууж дуусчихаад дахин авч байсан. Тухайн архи пивийг Г.Б ах бид хоёр хувааж уусан. Орой 19 цагийн үед би нэг шилтэй 0.33 литрийн архийг уучихаад унтсан. Нэг ширхэг архийг нь хогийн савны ард нуучихсан байсан. Тэгээд намайг унтаж байхад 21 цагийн үед Г.Б ах татаж сэрээгээд “миний хүүхэд архи аваад ирээч” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгөө” гэхэд байгаа мөнгө нь хүрэхгүй байсан. Тэгэхээр нь би буцаад унтсан. Намайг унтаж байхад Г.Б ах дахин сэрээгээд “мөнгөөрөө архи аваад өгчих, би маргааш чамд мөнгийг нь өгье” гэхээр нь би “зах гараад юм авчихсан” гэхэд “чамд мөнгө байх ёстой, нэг пиво аваад өг” гээд байсан. Тэгээд би гарлаа гэж хэлээд саарал өнгийн хоёр цүнхтэй хувцсаа аваад гарсан. Гарч яваад автобусны буудал ороход машин явахгүй байсан. Тэгээд унаа олдохгүй байхаар нь эргэж орж ирэхэд Г.Б ах хөргөгчөө уудлаад байж байсан. Тэгээд би өрөөнд нь байдаг орон дээр нь гудсаа дэвсээд унтсан. Тэгээд унтаж байхад миний нүүр болон хамар луу цохихоор нь сэрэхэд би газар хивсэн дээр уначихсан, Г.Б ах зүүн гартаа төмөр иштэй том хэмжээтэй алх барьчихсан зогсож байсан. Мөн газарт хивс дээрээ 4 ширхэг хутга цувуулаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь би “Б ах аа, та яаж байгаа юм бэ” гэхэд “чамайг алсан байсан ч яадаг юм, чи бид хоёр нэгнээ алчихсан байхад хэн ч мэдэхгүй” гэсэн, мөн “би хаанаас л бол хаанаас хутга гаргаж ирнэ, надад зөндөө байгаа” гээд байсан. Тэгээд би өөдөөс нь босоход толгойн дагз хэсэг рүү алхаараа нэг удаа цохисон. Тэгээд би босоод хоёр гарыг нь хавчаад тэвэрч аваад шал руу нь зөрүүлээд унагаасан. Тэгээд газар унагаачихаад дээр нь гарч суугаад “чи ингээд хүн ал, ингээд хүн хутгал” гэж хэлээд хоёр гарын шуу, тохой хэсэг рүү нь төмөр алхны толгойг нь баруун гартаа барьж байгаад иш хэсгээр нь тус бүр 4-5 удаа цохисон. Тэгэхэд Г.Б ах “ахын дүү болъё, одоо болно, ахынх нь буруу” гэж хэлсэн. Тэгээд би алхыг нь бариад хажуугаар нь хэвтсэн. Тухайн үед хоёр гар нь хөхөрчихсөн, газар хэвтэж байсан. Тэгээд би Г.Б ахад “эмнэлэг дуудах юм уу” гэхэд “хэрэггүй, ах нь чамд гай болохгүй үхнэ, чи зүгээр л яв” гээд байсан. Намайг зүгээр л яв гээд байсан. Тэгээд би буруу хараад хэвтэж байхаар нь дахиад сэрчихэж магадгүй гээд төмөр алхаа бариад хэвтэж байсан. Тэгээд хэсэг зуур унтаж байгаад ах хөнжилгүй унтаж байхаар нь газар байсан цагаан өнгийн хөнжлийг нь аваад дээгүүр нь нөмөргөсөн. Тэгээд өглөөний 06 цагт босоод өөрийнхөө хоёр цүнхтэй зүйлсийг аваад гарсан. Намайг гарах үед Г.Б ах дээшээ хараад хэвтчихсэн, дээгүүрээ цагаан өнгийн хөнжлөө нөмөрчихсөн харагдаж байсан. Ямар нэг хөдөлгөөн хийхгүй байсан. Би автобусны буудлаас микронд суугаад Баянзүрхийн автовокзал дээр очоод билет бичүүлээд 09 цагийн үед автобусанд суугаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд эцэг, эхдээ юм хэлээгүй. Эцэг эхээ малд явсны дараа тухайн үед өмсөж байсан саарал өнгийн фудболк, цэнхэр өнгийн фудболк, жинсэн өмд, саарал өнгийн куртикны зах цус болсон байсныг угаасан. Одоо энэ хувцаснууд нь гэрт байгаа, тухайн цус нь миний цус байсан. Г.Б ах хамар руу цохих үед миний хамраас цус гарсан юм. Би өглөө явахдаа нүүр гараа угаачихаад явсан. Миний Г.Б ахыг цохисон алх бөөрөнхий, төмөр иштэй, цулгуй төмөр хийцтэй алх байсан. Тэр алх гэрт нь байгаа. Тухайн үед Г.Б ах ямар хувцастай байсныг санахгүй байна. Намайг гэрт нь очих үед биед нь ил харагдах гэмтэл байгаагүй. Намайг алхаар цохисны дараа хоёр гар нь нилэнхүүдээ ягаараад хөхөрсөн байсан. Би Г.Б ахын дээр гараад өвдөг орчимд нь дарж сууж байгаад барьж байсан алхаараа цохиод байсан...” /1хх-123-125/,

Шинжээч Б.У-ийн: “... Талийгаачид учирсан хатгагдсан шарх гэмтэл нь үзүүртэй зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийг хүн өөртөө учруулах боломжгүй. Талийгаачид учирсан гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтэл байна. Уг гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой, яг хэр хугацаанд амьд байх эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаач архи уусан байх тохиолдолд ярих, хэвтэх, босох зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийж болно. Эдгээр гэмтлийг авсан хүнд маш их өвдөлт зовиур илэрнэ...” /1хх-64-66/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост зүүн зулай, суман заадал, дагз ясны шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, таславч хоорондын аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, духны зүүн хэсэг, зүүн зулай, дагзны баруун, зүүн хэсгийн хуйхны цус хуралт, баруун талын 5, 6, 8, 9 дүгээр хавирга, зүүн талын 3, 4, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, хоёр бугалга, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн тохойнд зулгаралт, хоёр бугалга, тохой, шуу, зүүн дал, цээж, бүсэлхий, баруун, зүүн өгзөг, нуруу, баруун шагай, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн бугалга, зүүн шуунд хатгагдсан шарх, хүзүү, баруун бугалга, цээжний зулгаралт гэмтлүүд нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаачийн цусанд 2.3 промиль спиртийн агууламж илрэсэн согтолтын дунд зэрэгт хамаарна. 2017 оны 5 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг 30 минутад цогцосны гадна үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 20-оос дээш цаг болсон байх боломжтой” гэх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1074 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-58-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн 10, 11, 12, 15 гэж дугаарласан гарын мөрүүд адитгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13 дугаартай гарын мөрүүд адитгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 10 гэж дугаарласан “Фрута” гэсэн бичигтэй тунгалаг өнгийн стакан дээрээс илрүүлсэн гарын мөр Г.Мын баруун гарын дунд хурууны дардастай, 11 гэж дугаарласан “Фрута” гэсэн бичиглэлтэй, төмөр суурьтай, бариултай, тунгалаг өнгийн стакан дээрээс илрүүлсэн гарын мөр Г.Мын баруун гарын эрхий хурууны дардастай, 12 гэж дугаарласан “Фрута” гэсэн бичиглэлтэй, төмөр суурьтай, бариултай, тунгалаг өнгийн стакан дээрээс илрүүлсэн гарын мөр Г.Мын баруун гарын дунд хурууны дардастай, 15 гэж дугаарласан жижиг талсттай, тунгалаг өнгийн хундага дээрээс илрүүлсэн гарын мөр сэжигтэн Г.Мын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна. Шинжилгээний харьцуулах загварт ирүүлсэн гарын мөрүүд Г.Бын дардастай тохирохгүй байна” гэх 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 06/303 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-73-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Г.Мын биед зүүн нүдний дээд, доод зовхи ба нүдний алимны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6989 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-81/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “... Г.М нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй болно. Г.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 848 тоот шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-204-207/, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /1хх-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-4-14/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-21/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-22-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-27-31/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Г.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв дүгнэж, Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Мыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж тухайн зүйл, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Э нараас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, “... аргагүй хамгаалалтыг хэтрүүлсний улмаас уг гэмт хэргийг үйлдсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах тухай ойлголт нь “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн” байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс  ялгагдана.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Г.Мын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал бий болоогүйгээс гадна Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “... Г.М нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй болно” гэх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 848 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба Г.Мын биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхи ба нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба түүний эсрэг тулгарсан довтолгоон хийгдээгүй байхад хохирогч Г.Быг зодож биед олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр алсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг агуулаагүй байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 528 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 528 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН