Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0193

 

 

“ХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч: “ХС” ХХК

Хариуцагч: Д аймгийн ЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ХС” ХХК хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах Монгол Улсын түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд Д аймгийн ЗД саад учруулан ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1417 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, ашиглалтыг тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,

Хэргийн индекс: 116/2021/0018/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ХС” ХХК нь Д аймгийн ЗД-д холбогдуулан “ХС” ХХК хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах Монгол Улсын түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд Д аймгийн ЗД саад учруулан ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1417 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, ашиглалтыг тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “н”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.3........ дахь хэсэгт заасныг баримтлан, “ХС” ХХК-ийн, Д аймгийн ЗД-д холбогдулан гаргасан, аймгийн З д-ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/447 дугаар “ Мэдэгдэл хүргүүлэх тухай ” албан бичгийг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд хуулийн дагуу шийдвэр гаргахыг Д аймгийн ЗД-д даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХС” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д аймгийн ЗД хариуцагчтай, “Аймгийн Засаг даргын 2021 оны 1/1417 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” апбан бичгийг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0021 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

3.2. Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Аймгийн Засаг даргын 2021 оны 1/1417 дугаар мэдэгдэл нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн, захирамжилсан хэлбэрийг агуулсан захиргааны акт гэж үзэхээр байна гэж дүгнэжээ. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар аймгийн Засаг даргаас гарч буй захиргааны шийдвэр нь Захиргааны акт байхын тулд захиргааны актад тавигдах 6 шинжийг агуулсан байхаар хуульчилсан. Аймгийн Засаг даргын 2021 оны 1/1417 дугаар мэдэгдэл нь ямар нэг зохицуулалт агуулаагүй буюу тухайн мэдэгдлээр маргаан бүхий асуудлыг бүрэн шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгч талд эрх зүйн шууд үр дагаврыг бий болгоогүй тул Захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

3.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Аймгийн Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан нь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтэд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулах тухай хүсэлтийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлээгүй нь захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэхээр байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус заасны дагуу Захиргааны байгууллага нь өөрийн зүгээс гаргах шийдвэрийн талаар хаяглагдсан этгээдэд мэдэгдэх үүргээ биелүүлсэн бөгөөд тус албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс шаардлага гаргаж байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж, “...Захиргааны байгууллага нь эс үйлдэхүй гаргасан байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шүүхийн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч тал аймгийн Засаг дарга, эрх бүхий албан тушаалтанд хандан түгээмэл тархацтай ашигт малталын тусгай зөвшөөрөл авах хүсэлт, нотлох баримтыг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг ба аймгийн Засаг дарга нь тус хуулийн 24 дүгээр зүйлий 24.1-т зааснаар аливаа шийдвэр гаргахын өмнө түүнд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэгч тал нь өөрийн үйл ажиллагааны улмаас иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх болон бусад мэдээллийн талаар тухайн сумын иргэд, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж санал хүсэлтээ солилцож байгаагүй болно.

3.5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар “Монгол улсын иргэн Эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах..., үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх..., төлөөллийн байгууллаагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт шууд оролцох” эрхтэй байхаар хуульчилсан. Тус эрхийнхээ дагуу маргаан бүхий газар нутгийн иргэд нэхэмжлэгч талын үйл ажиллагааг дэмжихгүй байгаа талаарх саналаа удаа дараа ирүүлж байсан бөгөөд тус иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэж, хамгийн их эрх ашиг нь хохирч болохуйц бодит нөхцөл байдал үүссэн тул Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын зүгээс шууд олгох боломжгүй нөхцөл бий болсон. Аймгийн Засаг даргын зүгээс тус түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны нөлөөнд өртөж болох иргэдийн санал зөрөлдөөнтэй байх тул дахин санал, хүсэлтийг авах шаардлагатай талаар М с-ын З д-д чиглэл хүргүүлж, тухайн чиглэлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн байдаг.

       3.6. Мөн шийдвэрийн үндэслэл хэсэгт: “...Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 97 тоот албан бичигт: газар усны нэр, өвөлжөө хаваржааны координат байхгүй, талбайн хэмжээ нь зөрүүтэйг дахин тодруулах шаардлагатай” гэсэн хариу албан бичгээр мэдэгдсээр байтал шүүх үүнийг тодруулж, харгалзаж үзээгүй. Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана” гэж тухайн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх албан тушаалтныг тодорхой зааж хуульчилсан бөгөөд тухайн харилцааг зохицуулсан 6 үндсэн шаардлага хангасан байхыг хуулиар шаарддаг. Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн З д-д хандан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хуульд заасан шаардлага хангасан өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа гаргаж байгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүхээс үл харгалзан “...тус хүсэлтийг нотлох баримтын хамт хариуцагчид хүргүүлсэн байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”-аар зохицуулсан бөгөөд дээрх шаардлагыг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан.

3.7. Мөн “... Ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлээгүй нь тус аж ахуйн нэгж. байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоход нөлөөлсөн байна...” гэжээ. Нэхэмжлэгч талын зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотой Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу шаардлага хангасан холбогдох баримт материал, өргөдөл, хүсэлтийг аймгийн Засаг даргад хандан гаргаж байгаагүй тул тус хагацаа дуусгавар болсонд хариуцагч талаас нөлөөлсөн гэж үзэхгүй. Учир нь хуулийн шаардлага, баримт материалын бүрдлийг хангасан өргөдөл, хүсэлт хүлээж аваагүй эрх бүхий албан тушаалтан анхан шатны шүүлт хийж хяналгүй шийдвэр гаргах нь хуулийн зөрчил бий болгох үр дагавартай юм.

3.8. Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... Аймгийн Засаг даргын 2021 оны 1/1417 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д Захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг хүчингүй болгох гэж хуульчилсан бөгөөд аймгийн Засаг даргын 2021 оны 1/1417 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугээр зүйлийн 37.1-д заасан Захиргааны акт биш тул анхан шатны шүүхээс мэдэгдлийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

3.9. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хууль бус захиргааны акт гаргасан тохиолдолд түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргах ба хуульд заасны дагуу Захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа  шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж, тухайн үйл ажиллагаа чиглэсэн этгээдэд урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагааг хангах зорилготой мэдэгдэл бүхий албан бичгийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 116/ШШ2021/0021 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн “Д аймгийн З д-ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1417 дугаар албан бичгийг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар хуулийн дагуу шийдвэр гаргахыг Д аймгийн ЗД-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон бичиглэлийн алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг шаардсан Д-д аймгийн З д-ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1417 тоот албан бичигт “... “ХС” ХХК-д олгосон ... ДО-007 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон тул ... дуусгавар болсныг мэдэгдье... тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбогдуулан тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

2.1. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон талаар дээрх мэдэгдлээс өөр тусдаа ямар нэгэн шийдвэр гараагүй талаар тайлбарласан байх тул нэхэмжлэгч уг албан бичгийг үр дагавар бүхий гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж маргасныг анхан шатны шүүх захиргааны шийдвэр гэж үзэж хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ДО-007 дугаар тусгай зөвшөөрөлд заасан 181.6 га талбайд өөрийн хөрөнгөөр хайгуулын ажлыг хийж, үр дүнгийн нэгдсэн тайланг боловсруулж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан ... барилгын чулууны ордод геологийн нөөцийг тогтоолгож, ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хуульд заасан онцгой эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2019 оны 10 дугаар сарын 23-нд өргөдөл гаргасан. Гэтэл аймгийн Засаг дарга ... өргөдлийг бүртгэснээс хойш 15 өдөрт багтаан шийдвэр гаргаж, мэдэгдэх ёстой байхад одоо хүртэл хуулийн дагуу шийдвэрлэхгүй 2 жил болсон ... улмаар хүсэлт өгснөөс хойш нэг жил найман сарын дараа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх мэдэгдлийг өгсөн ... Засаг дарга өргөдлийг хүлээн аваад хавсаргасан материал нэг бүрийг шалгаж бүртгэн, шүүлт хийж, өргөдөл гаргагч талд тодорхойлолт гаргаж өгөх ёстой ... Гэтэл хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу өгөхгүй байсаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн мэдэгдэл өгсөн нь хууль бус ... ” гэж тайлбарлажээ.

2.3. Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч “... “ХС” ХХК-д 3 жилийн хугацаагаар аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/152 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон ... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/151 дгээр захирамжаар тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар буюу 2021 оны 04 дүгээрсарын 11-ний өдрийн хүртэл сунгасан ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талаарх мэдэгдэл бол захиргааны акт биш ... тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай бүхий нутаг дэвсгэр болох Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон иргэдээс аймгийн Засаг даргад хандаж тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөх хүсэлт удаа дараа ирүүлсэн ... иргэдээс эсэргүүцэж байсан тул саналыг хүлээн авч шийдвэрлэх, ... иргэдийн эрхийг хангах үүрэг хүлээсний хувьд нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал бий болсон ... тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсонд аймгийн Засаг даргын буруутай ажиллагаа байхгүй ... ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл аймгийн Засаг даргад ирээгүй ... “ гэх зэрэг үндэслэлээр маргасан байна.

2.4. Түгээмал тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ:” 15.1.2-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж заасны дагуу тус хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуул хийсэн талбайнхаа аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийн авах онцгой эрхтэй байна.

2.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ХС” ХХК хайгуул хийсэн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг хариуцагч Д аймгийн ЗД-д хүргүүлсэн болох нь тогтоогдсон талаар хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын албан бичгүүд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, аймгийн Засаг даргын хариу тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. 

2.6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:”, 19.1.1-т “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 19.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:”, 18.1.1-т “хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт”, 18.1.2-т “тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт”, 18.1.3-т “энэ хуулийн 17.3-т заасан шаардлагын дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр”, 18.1.4-т “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 18.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 18.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” гэж тус тус хуульчлан заасан байна.

2.7. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймгийн Засаг дарга хүлээн авмагц өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл болон түүнд хавсаргасан баримтуудын хуудас тус бүрт огноо, цаг минут, бүртгэлийн дугаарыг бичиж тэмдэглэн, ийнхүү тэмдэглэсэн талаар тодорхойлолт үйлдэж өргөдөл гаргагчид өгөх бөгөөд бүртгэсэн даруйдаа өргөдөл түүнд хавсаргасан баримт бичигт уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргасан эсэх, хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болохыг нотолсон баримтыг хавсаргасан эсэх, Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагын дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг сумын нэрийг бичсэн эсэх, үйлчилгээний хөлс төлсөн баримт, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээн авсан тухайн төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж ажилласан тухай баримтуудыг тус тус хавсаргасан эсэхэд анхан шатны шүүлт хийхээр байна.

2.8. Улмаар аймгийн Засаг дарга нь дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа доор дурдсан зүйлийг тодруулна:”, 19.2.1-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол өргөдөл гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх”, 19.2.2-т “өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх”, 19.2.3-т “хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх” гэж заасны дагуу тодруулах ажиллагааг хийсний дараа мөн хуулийн 19.3-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:”, 19.3.1-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 19.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлүүлэх”, 19.3.3-т “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх” гэж заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэх үүрэгтэй байна.

2.9. Тухайлбал, хэрэв өргөдөл түүнд хавсаргасан баримт тус хуулийн холбогдох заалтад заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг хуульд заасан хугацаанд өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ талаар тэмдэглэх, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар шийдвэр гаргаж, эхний жилийн төлбөрийг нь хуульд заасан хуагцаанд төлүүлэх, хэрэв өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглсон, эсхүл тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн тодорхой хэсэгтэй давхцалтай бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлээ тайлбарласан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ талаар өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэхээр байна.

2.10. Гэтэл хариуцагч Д аймгийн ЗД нь дээрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэснээс хойш анхан шатны шүүлт хийсэн эсэх нь тодорхой бус байхаас гадна өргөдлийг шийдвэрлэж хариу өгөх хуульд заасан 15 хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариу өгөлгүй 1 жил 9 сарын дараа тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан хэмээх мэдэгдлийг хүргүүлсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.

Ийнхүү хариуцагч Д аймгийн З д-ын “ХС” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлөө сунгуулах талаар хүсэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

2.11. Түүнчлэн хариуцагчийн “... тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай бүхий нутаг дэвсгэр болох Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон иргэдээс аймгийн Засаг даргад хандаж тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөх хүсэлт удаа дараа ирүүлсэн ... иргэдээс эсэргүүцэж байсан тул саналыг хүлээн авч шийдвэрлэх, ... иргэдийн эрхийг хангах үүрэг хүлээсний хувьд нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал бий болсон ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.12. Учир нь, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд аймгийн Засаг дарга нь өөрийнх нь харьяа нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан тохиолдолд дээр дурдсан хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд өргөдлийг хүлээн авч бүртгэх, улмаар анхан шатны шүүлтийг хуульд заасан хүрээнд хийж, тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах үүрэгтэй байхаар хуульчилсныг мөрдөх үүрэгтэй байх тул  ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгчийн тусгай зөвшөөрлийн талбай байршиж байгаа нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг дахин авах шаардлагатай гэж үзэхээргүй байна.

2.13. Иймээс анхан шатны шүүхийн нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн нэхэмжлэлийн “аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 1/1417 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагын тухайд хариуцагч нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дээрх хуульд заасан журмын дагуу анхан шатны шүүлт хийх улмаар тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байх тул хуульд заасан эдгээр бүрэн эрхийн хүрээнд өргөдлийг хянаж зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой тул энэ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн болно. 

2.14. Мөн анхан шатны шүүх Ашигт малтмалын газрын 2016 оны 6/113 дугаар албан бичгээр ... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаарх дүгнэлт, Д аймгийн З д-ын 2016 оны А/152 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, 2019 оны а/151 дүгээр захирамжаар хугацааг сунгасан талаар, тухайн үед Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 35 дугаар албан бичгээр ... тусгай зөвшөөрөл цуцлуулах шаардлага иргэдээс гарч байгаа талаар  албан бичиг хүргүүлсэн, хариуд Дорнод аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 1/317 дугаар албан бичгээр “... сумын Хурлын шийдвэр, ... баримтууд дутуу ирүүлсэн ... ирүүлэхийг мэдэгдсэн ч бүрэн ирүүлээгүй, нь ... хуульд заасан цуцлах үндэслэлд хамаарахгүй талаарх хариуг хүргүүлж байсан талаар, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны ХХ-09-05 дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 1/80 дугаар албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 596 дугаар тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй байна.

2.15. Харин анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэх байтал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “н”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтыг баримталсан нь буруу байх тул эдгээр хуулийн зүйл, заалтуудыг тогтоох хэсгээс хасч, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь заалтуудыг болон нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх агуулга илэрхийлсэн бичиглэлийг шийдвэрт нэмж тусгасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагын зарим хэсгийг хангаж, Д аймгийн З д-ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1417 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “ХС” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шийдвэрлэхийг Д аймгийн ЗД-д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ