Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 628

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянгол дүүрэг,*******,3 тоотод оршин суух Д*******гийн Э*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регситрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******,******* тоотод оршин суух Боржигин овогт Г*******ийн Б*******д холбогдох,

Гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг, алданги 3.150.000 төгрөг нийт 6.650.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Г.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Г.Б*******тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Би мобиком гар утасны төвийн А 16 тоот лангуугаа Г.Б*******д 6.500.000 төгрөгөөр зарж, урьдчилгаа 3.000.000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 3.500.000 төгрөгийг цагаан сарын өмнө авъя гэхэд орлогогүй, боломжгүй гэхээр нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар гэрээ хйисэн. Мөн Г.Б******* нь зээл авах гэсэн юм лангууныхаа нэрийг бидний нэр дээр шилжүүлж өгөөч гэхэд нь би тэдний нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө авъя гэсэн чинь боломжгүй байна, сарын дараа өгье гэхэл одоог хүртэл өгөхгүй байгаа тул үндсэн мөнгө, алданги 6.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б******* болон түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Би нэхэмжлэгч Д.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Э******* нь эхнээсээ дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нотариатын баталгаа гаргах үйлдэл нь хууль бус, хүчин төгөлдөр бус тул шүүхийн журмаар уг баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Д.Э*******гаас түүнд өгсөн 3.000.0000 төгрөгөө буцаан нэхэмжилж лангуу болон түрээсийн гэрээг нь буцаан өөрийн нэр дээр шилжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Г.Б*******д холбогдуулан гэрээний үүрэгт 6,650,000 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Б******* 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Д.Э******* нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Моби шоп төвийн А заалны 16 тоот гар утас худалдаалах зориулалт бүхий лангууг түрээслэх эрхийг 6.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Г.Б******* нь гэрээ байгуулсөн өдөр 3.000.000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдөр үлдэгдэл 3.500.000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна./х.х-ийн 13 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Моби шоп төвийн А заалны 16 тоот гар утас худалдаалах зориулалт бүхий лангууг Ди Би Ди ХХК-тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээ-ний дагуу эзэмшиж ашиглах эрхтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Ди Би Ди ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолт, гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээ зэргээр нотлогдож байна./х.х-ийн 64-68 дугаар тал/

Зохигчид гэрээний урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөгийг төлсөн болон нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж эрхээ шилжүүлсэн, хариуцагч нь уг гар утас худалдаалах зориулалт бүхий лангууг түрээслэх эрхийг шилжүүлэн авч шинээр түрээсийн гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

Монгол улсын Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж зааснаар талуудын хооронд эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу нэхэмжлэгчийн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргийн талаар маргаагүй харин өөрийн эдийн засгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэг, худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг тус тус үүсэхээр тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хэлэлцэн тохирсон үнийн үлдэгдэл болох 3.500.000 төгрөг, алданги 3.150.000 төгрөг нийт 6.650.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд ... үлдэгдэл 3.500.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 01-нд төлж дуусгасан байхаар гэрээ хийв. Хугацаа хэтэрсэн нөхцөлд 1 хувиар алданги тооцох болно гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заасан зохицуулалтад талуудын тохиролцоо нь нийцээгүй байна.

Түүнчлэн хугацаа хэтэрсэн нөхцөлд 1 хувиар алданги тооцно гэж тохиролцсон, өөрөөр хэлбэл хоног тутамд алданги төлөхөөр тохиролцоогүй байхад хоног тутамд алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэхүү хэлцлийн агуулгыг Иргэний хуулийн 43.4-д зааснаар тодорхойлох боломжгүй байх тул уг хэлцлийг хийгдээгүйд тооцож нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3.150.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч Г.Б*******гаас 3.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3.150.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Шүүх хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахад 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Баталгаа гаргах тухай баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Баталгаа гаргах тухай баримт нь хуульд заасан хэлцлийн шинжийг агуулаагүй, нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б*******гаас 3.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.150.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Г.Б*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжиднэхэмжлэгчээс төлсөн 121.350 төгрөг, хариуцагчаас төлсөн 62.950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Батзаягаас 70.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийгзөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ