| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/09389/И |
| Дугаар | 658 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргалдаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд, ........... регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ажилчны гудамж, 80/1 өөрийн байранд оршин байх ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ............... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 9-20 тоотод оршин байх ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 35.738.560 төгрөг, алданги 14.652.810 төгрөг, дутаасан бараа материалын үнэ 2.512.000 төгрөг, зардал 3.706.000 төгрөг нийт 56.609.370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчтай 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан барилгын туслах материалаа Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу түрээслүүлсэн. Гэрээнд зааснаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн төлбөр төлөх болон барилгын туслах материалыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх болон түрээсэлсэн барилгын туслах материалыг буцаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч хариуцагчийн зүгээс төлбөрийг чинь төлнө хүлээж бай гэсэн хариу өгч удаа дараа худал хэлсэн. Иймд манай компани 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр түрээслүүлсэн бараа материалаа өөрийн зардлаар Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот дахь өөрийн байрандаа татан авч ирсэн болно. Бараа материалаа татахад 409 ширхэг дутсан болно. Бид дутсан бараа материалыг хайлгахад 353 ширхэг нь Дархан-Уул аймагтаа өөр газар давхар түрээслэгдсэн байхыг олж мэдсэн. Улмаар 353 ширхэгийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бас л өөрийн зардлаар татсан. Үлдсэн 56 ширхэг нь *******а байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Иймд 56.609.370 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Р.Мөнхбат нь тухайн үед Говь Яшилт ХХК-ийн захирал Э.Энхбилэгийн гуйлтаар, тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээг өөрийн компаниар хийсэн. Харин Говь Яшилт ХХК-ийн захирал Э.Энхбилэг өөрөө актын дагуу хүлээн авсан барилгын туслах материал ПУМ-ыг Улаанбаатар хотод акт үйлдэн хүлээж аваад Дархан-Уул аймаг руу ачааны машинд ачуулаад авч явсан. Дархан-Уул аймагт Говь Яшилт ХХК-ийн нярав хүлээж аваад өөрийн компанийн барьж буй барилгын хашаанд буулгасан. Өнгөрсөн хугацаанд жинхэнэ түрээслэгч Говь Яшилт ХХК гэрээний дагуу түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч түрээслүүлэгч ******* ******* ХХК-д төлөөгүй, улмаар түрээсэлсэн барилгын туслах материалаа буцааж өгөхийг удаа дараа шаардахад Говь Яшилт ХХК нь гэрээгээ сунгачих түрээсийн төлбөрийг бид төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Харин нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр түрээслүүлсэн барилгын туслах материалаа өөрийн зардлаар татаж авсан. Иймд ******* ******* ******* ******* ХХК нь дээрх нэхэмжлэлд дурдсан барилгын туслах материалыг хүлээж аваагүй өөрийн үйл ажиллагаанд ашиглаж хэрэглээгүй нэхэмжлэлийнх нь шаардлага 56.609.370 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт56.609.370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* ******* ХХК нь түрээслэгч ******* ******* ******* ******* ХХК-нд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд хүлээн авсан актын дагуу эргүүлэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 7-15 дугаар тал/
Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ ... гэрээг ******* ******* ******* ******* ХХК байгуулсан боловч уг гэрээнд заасан барилгын туслах материалыг ашиглаагүй, Говь яшилт ХХК ашигласан, уг гэрээ нь анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад заасан 8 нэр төрлийн 8202 ширхэг барилгын туслах материалыг нэг сарын хугацаатай 15.559.800 төгрөгөөр түрээслэхээр хариуцагч хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан барилгын туслах материал түрээслэх хуудас, барилгын туслах материалаас дутаасан тохиолдолд авлагад тооцох үнэ, зарлагын баримт зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн уг барилгын материалыг ашиглаагүй гэх татгалзал үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч энэ тухай хариуцагч шаардлага гаргаагүй, татгалзалын үндэслэлээ нотлоогүй болно.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 сарын түрээсийн төлбөр 35.738.560 төгрөг, алданги 14.652.810 төгрөг, дутаасан бараа материалын үнэ 2.512.000 төгрөг, бараа материалыг өөрийн хөрөнгөөр буцаан татахад гарсан зардал 3.706.000 төгрөг нийт 56.609.370 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.2-т түрээслэгч нь гэрээний хавсралт 2-т заасан барилын туслах материалыг мөн гэрээний хавсралт 2-т заасан хугацаагаар түрээслэх ба гэрээг сунгах шаардлагатай болсон тохиолдолд түрээслүүлэгч талд 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон гэрээний хавсралт 2 болох хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн барилгын материал түрээслэх хуудас-нд бараа материалыг хүлээлгэн өгөх огноог 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, буцаан хүлээн авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний нэг сарын хугацаатайгаар байгуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй байх тул хоёр сарын түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, харин нэхэмжлэгч нь нэг сарын түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Мөн гэрээний 7.2-т графикийн дагуу төлөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж, 7.3-т түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд хэрвээ эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүйгээр эвдэж гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийн зах зээлийн үнээр тооцон 100 хувь нөхөн төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн ашиглалтанд оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж тохиролцсноор хариуцагчаас алданги, дутаасан бараа материалын үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Гэрээнд зааснаар бараа материалыг буцаан хүлээлгэн өгөх 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгчийн алданги тооцсон 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл 82 хоногийн алдангийг нэг сарын түрээсийн төлбөр болох 15.559.800 төгрөгөөс тооцоход /77.799х82/=6.379.518 төгрөг гарч байх бөгөөд хариуцагчаас алдангид 6.379.518 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч түрээсэлсэн бараа материалыг өөрийн зардлаар татсан болон 56 ширхэг бараа материал дутаасан үйл баримтад хариуцагч маргаагүй тул хэрэгт авагдсан бараа барилгын туслах материалаас дутаасан тохиолдолд авлагад тооцох үнэ-ийн баримтаар 2.512.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь түрээсэлсэн бараа материалыг Дархан-Уул аймгаас буцаан татахад гарсан шатахун болон автомашин түрээсэлсэний зардал болох 3.706.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 24.451.318 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 32.158.052 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 24.451.318 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 32.158.052 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 280.206 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ