Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01230

 

“Э Т С”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00251 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 902 дугаар магадлалтай,

“Э Т С”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Л В Г”ХХК-д холбогдох

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №А/201518 тоот худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол болох 40 868 015 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, 44 820 855 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Э Т С”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Люкс вүүд хаус ХХК нь 2015 оны 06 сарын 24-ний өдөр “Э Т С”ХХК-тай № А/201518 тоот худалдах- худалдан авах гэрээ байгуулж, Бэлхийн аманд баригдаж буй Дөрвөн улирал хотхоны хаусны гадна тохижилтын материалыг хариуцагч нийлүүлэх, нэхэмжлэгч нь хариу төлбөрт BMW Х5 /2012 он, 75 000 000 төгрөгийн үнэ бүхий/ маркийн автомашиныг өгөх үүргийг хүлээсэн. Гэрээгээр захиалгын нийт үнэ 75 000 000 төгрөг гэж тохиролцсон. “Э Т С”ХХК нь гэрээний үүргээ биелүүлж BMW Х5 маркийн авто машиныг Люксвүүд хаус ХХК-ийн ажилтан Ц.Төгсбаярын нэр дээр шилжүүлсэн. Люксвүүд хаус ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй , “Э Т С”ХХК-д 75 000 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Талуудын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргийн зөрчилд 40 868 015 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бараа материалаа дутуу нийлүүлсэн. Үлдэгдэл 40 868 015 төгрөгийн бараа материалын үнийг хохирол гэж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Л В Г”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Т С”ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн худалдах- худалдан авах гэрээгээр 2012 оны авто машин шилжүүлээгүй 2010 оны ашиглах боломжгүй машин шилжүүлсэн. Машины доголдлыг арилгаж өгөөгүй. Гэрээний дагуу 44 820 855 төгрөгийн материал авсан тухайгаа нэхэмжлэлд дурдаагүй байна. Эвдэрхий машинаа засч өгөөгүй тул 2017 оны 06 дугаар сарын 24-ний худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж баталгаат шуудангаар мэдэгдэл илгээсэн. Нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн оршин суудаггүй хаягаар гаргасан байдаг. 44 сая төгрөгийн бараа авчхаад, машин чинь эвдэрхий байна гэсэн чинь “Э Т С”ХХК хаяг, утсаа сольсон байдаг. Нэхэмжлэгч хаягаа нуусан нь нэхэмжлэлийг буцаах нөхцөл байдал бий болсон байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй учир нь бүрэн бүтэн байдлаар нь машиныг хүлээлгэж өгөөгүй. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тухайд гэвэл нэхэмжлэгч компани хаяг тодорхойгүй болсон. Бид хаяг тодорхой болсон даруйд шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Хариуцагч тал машин эвдэрхий байсан болон бараагаа бүрэн нийлүүлсэн гэдгээ нотолж байна. Мөн машин нь 75 000 000 төгрөгийнх биш 51 00 000 төгрөг гэдгийг шинжээчээр дүгнүүлэхэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй нь 51 000 000 төгрөгийн машин гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 45 000 000 төгрөгөөр БМБ Икс/Х5/ машин худалдан авсан гэдэг. Худалдан авсан гэх машин нь эвдэрхий байсан учир наймаагаа буцаах болоход худалдагч ”Э Т С”ХХК хаяг тодорхойгүй болсон байдаг. Машин засагдахгүй бол буцааж өгөхөөр тохирсон байсан тул байгууллагын нэг ажилтны нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл машин засагдаагүй буцааж өгч чадаагүй машиныг ашиглаж чадахгүй, үзлэгт орж чадахгүй тэр чигээрээ хадгалагдсан. Дараа нь нэр дээрээ шилжүүлж авсан хүн ажлаасаа гарахад нь миний нэр дээр машиныг шилжүүлсэн. Бид машиныг засварлуулахаар Хятад улсруу сэлбэг захиж авчруулах, Монголд боломжтой хэсгийг нь засуулах гэсэн боловч засагдаагүй. Хэрэв машин байгууллагын нэрээр төлбөрт хураагдвал 45 000 000 төгрөгөөр авчхаад 10 000 000 төгрөгөөр буцааж өгч чадалгүй хохирох учир байгууллагын хэн нэгний нэр дээр хадгалж байгаа. Гэтэл “Э Т С”ХХК машины эзэмшигч нь солигдсон болохыг олж мэдээд одоо наймаа буцах боломжгүй болсон гэж үзээд нэхэмжлэл гаргажээ. “Э Т С”ХХК-ийн хаяг тодорхой болсон учир манай байгууллага тэр даруй гэрээнээсээ татгалзах саналаа шүүхэд нэхэмжлэл гаргасан хаягаар нь явуулаад хариу өгөхгүй болохоор нь татгалзах санал гаргасан. Машин нь анх өгсөн байдлаараа байгаа болно. Иймд энэ машиныг буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л В Г”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: “Э Т С”ХХК нь /BMW/ Икс/Х-5/ машинаа 2012 онд үйлдвэрлэсэн гэж гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулагдсаны дараа 2010 оны машин болох нь тодорхой болсон. Уг автомашин нь доголдолтой, ашиглах боломжгүй. Доголдлыг арилгуулахаар “Э Т С”ХХК-ийн менежерт нь хэлэхэд ойлголоо гээд алга болсон. Удаа дараа шаардлага тавьж зөрүү мөнгө авахгүй ингээд гэрээний төлбөрөө дуусгая хэмээн тохирсон. “Э Т С”ХХК нь хаяг, утсаа солиод алга болсон. Манай компани ч ингэж ойлгосон. Энэ нь утгаараа “Э Т С”ХХК нь манайхаас мөнгө нэхээгүй. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж орж ирсэн. Бид одоо тодорхой хаягтай болсон тул гэрээнээс татгалзах саналаа байгууллагын нэхэмжлэл гаргасан хаягаар хүргүүлсэн боловч дахиад л хаягтаа байхгүй болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан хаягтаа “Э Т С”ХХК байдаггүй болно. Нэгэнт гажигтай, засч өгөхгүй байгаа /BMW/ Икс/Х-5/ 91-00 УНМ улсын дугаартай авто машиныг буцааж өгөхөөс өөр аргагүй юм. Иймд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, гэрээний дагуу төлсөн 44 820 855 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Э Т С”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах-худалдан авах гэрээгээр “Э Т С”ХХК нь 75 000 000 төгрөгийн үнэ бүхий BMW Х5 маркийн авто машиныг “Л В Г”ХХК-д шилжүүлсэн. “Л В Г”ХХК нь автомашиныг шалгаж хүлээн авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автомашиныг 51 000 000 төгрөг байсан гэж тайлбарлаж байна. Талууд анх гэрээ байгуулахад бэлэн мөнгөөр худалдаа хийгээгүй. Талууд 75 000 000 төгрөгийн бараа материал нийлүүлж, 75 000 000 төгрөгт машин өгөхөөр тохиролцсон. Монголд авто машины үйлдвэрлэсэн болон орж ирсэн он гэсэн 2 он яригддаг. 2010 онд үйлдвэрлэгдээд 2011 онд гаалиар орж ирээд 2012 онд замын хөдөлгөөнд орж эхэлсэн. 2015 оны 11-р сарын 20-ны өдөр “Л В Г”ХХК-ийн ажилтан н.Төгсбаярын нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Тэгэхээр техникийн үзлэгт орсны үндсэн дээр нэр шилжинэ. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.6 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргахаар заасан байдаг. Энэ хугацаанд гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэрээнээс татгалзах тухай санал гаргасан. Гэрээ өөрөө 1 жилийн хугацаатай байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээнээс татгалзана гэсэн ойлголт байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Солонго сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг бид ажиллуулах гэж нилээд үзсэн. Маш олон удаа засвар үйлчилгээ хийлгэсэн. Буцаая гэхэд хариу өгөхгүй байсан. Одоо машиныг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00251дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л В Г”ХХК-иас нийт 29 192 615 /хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Т С”ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 11 675 400 /арван нэгэн сая зургаан зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л В Г”ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, нэхэмжлэгч “Э Т С”ХХК-иас 44 820 855 /дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Э Т С”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 000 төгрөгийг, хариуцагч “Л В Г”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л В Г”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 303 913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Т С”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Л В Г”ХХК шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 902 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 600 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. 1.Шүүх 2012 оны машин 2010 оны машины үнэ адилхан гэж шийдвэр гаргажээ. Үүнийг индукцлэлээр тооцвол 2012 оны машин 2010 оны машинтай адил үнэтэй гэвэл 2010 оны машин 2008 оны машинтай адил үнэтэй байж таарна. 2010 оны машин 2008 оны машинтай адил үнэтэй юм бол 2008 оны машин 2006 оны адил үнэтэй байна. Дээрхи байдлаар үнийн адилтгалыг 2 жилээр тооцоолоход 2012 оны машин 2000 оны машинтай адил үнэтэй болж таарлаа. Үүнийг шүүхийн жишиг гэж үзвэл автомашины үнэнд оны ялгаа хамаагүй гэж шийдвэр гаргасантай адил боллоо. 2.Шинжээч томилогдоод 2010 оны машин ямар үнэтэй болохыг тогтоогоод өгсөн байхад шүүх шинжээчийн дүгнэлт хамааралгүй гэж үзсэнд гомдолтой байна. 3. Гэрээ нь 75 000 000 төгрөгний машин худалдан авах гэрээ хийгээгүй харин 75 000 000 төгрөгийн барилгын материалын үнэнд тооцож болох гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл 75 000 000 төгрөг гэдэг нь барилгын материалаар гарсан үнэ ба тухайн материалыг гаднаас худалдан аваад ашиг орлого, зардал тээврийн хөлс, хадгалалт, байрны зардал, цалин хөлс бүх юм ороод компанид үлдэх 30% -ийн ашгаа тооцоод 75 000 000 төгрөг болгосон ба энэ ашгаа хасахад 50 000 000 төгрөг болно. Бартер гэдэг нь барааг бараагаар солихыг хэлэх ба шүүхийн шийдвэр нь ядаж л гэрээнд заагдсан бараа нийлүүлэхийг шаардсан бол шүүх, шүүгч нар бартер гэдэг үгийг ойлгодог юм байна гэж үзэж болно. 4. “Л В Г” ХХК нь гэрээний нэг ч заалт зөрчөөгүй. Барааны захиалга өглөө, тэр дор нь нийлүүлж байсан. Захиалга өгөөгүй тохиолдолд яаж бараа нийлүүлэх болж таарах вэ. 5. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгож шийдсэн. Жишээлбэл 10 000 000 төгрөгөнд тооцож эксель машин өгье. Оронд нь 10 машин малын бууц авъя. Бид бууцаар бордоо хийнэ гэж гэрээ байгуулжээ. Ингээд 500 000 төгрөгний үнэтэй экселээ өгчихөөд нэг машин бууцаа авч яваад дараа нь бууц авахаа болилоо. 1 машин бууц 1 000 000 төгрөг учир 9 машин бууцны үнэ 9 сая төгрөг нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж бодъё. Энэ тохиолдолд шүүх эксель машины бодит үнэ 500 000 төгрөг байх нь хамаагүй, тохирсон үнэ 10 000 000 төгрөг байна. Бууцаа аваагүй нь хамаагүй. Авах ёстой бууцны үнэ 9 000 000 төгрөг дутуу учир 9 000 000 төгрөг төл гэсэн шийдвэр гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд 2012 оны машин 2010 оны машинтай адил үнэтэй гэсэн шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээг хоёр тал зөвшөөрсөн нь хамаагүй гэрээгээр төл гэсэн, барилгын материалаа өөрсдөө аваагүй буруутай нь хамаагүй, барилгын материалын оронд мөнгө төл гэсэн, бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх шийдвэр гаргасан шийдвэр, магадлалыг хүчингүй тус тус болгож гэрээнд хэн буруутайг олж шийдвэрлэж өгнө үү. Буруутайг буруугүйгээс ялгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Э Т С”ХХК нь хариуцагч “Л В Г”ХХК-нд холбогдуулан 75 000 000 төгрөгт тооцож автомашин шилжүүлсэн байхад уг мөнгөний дүнгээр тохирсон барааг бүрэн нийлүүлээгүй тул 40 868 015 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлээ тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2012 оны машин гэсэн боловч  2010 оны машин өгсөн, машины араа гэмтэлтэй, доголдолтой...” тул гэрээнээс татгалзаж, машиныг буцааж өгөх, нийлүүлсэн барааны үнэ 44 820 855 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. /хх 1-2, 75 дугаар хуудас/

Анхан шатны шүүх хариуцагчаас 29 192 615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа ...гэрээний талуудын эрх, үүргийг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн BMW Х5 маркийн авто машины үнийг 75 000 000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтад бүрэн дүүрэн нийцэж чадаагүй байна.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 24-нд А/201518 тоот гэрээ байгуулж Люкс вүүд хаус ХХК нь “Э Т С”ХХК-ийн Бэлхийн аманд баригдаж буй 4 улирал хотхоны хаусын гадна тохижилтын 75 000 000 төгрөгийн материалыг нийлүүлэх, “Э Т С”ХХК нь BMW Х5 маркийн машиныг /2012 он, 75 000 000 төгрөг/ нийлүүлэх үүргийг тус тус харилцан хүлээжээ. Гэрээ байгуулах үед хариуцагч нь Люкс вүүд хаус ХХК нэртэй байсан ба уг оноосон нэрээ

өөрчилж “Л В Г”ХХК болсон, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид авто машин, түүний өмчлөх эрхийг шилжүүлсэн, “Л В Г”ХХК нь 45 807 355 төгрөгийн материалыг “Э Т С”ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх агуулгатай  хэлцэл байгуулагдсныг арилжааны гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг зөрчөөгүй байв.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл гэрээгээр шилжүүлсэн автомашины үнэ, хариуцагчаас шилжүүлсэн барилгын материалын хэмжээ, үнэ, автомашин доголдолтой эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болсон байна.

Зохигчид нь арилжааны гэрээгээр солилцож байгаа хөрөнгийн үнийн зөрүүг бус хөрөнгийн үнийг тэнцүү байхаас дутуу үнийг шаардаж байгаа тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгээр үүссэн гэж үзнэ.

Талуудын байгуулсан гэрээний 2.1-д “Э Т С”ХХК-иас шилжүүлэх машины марк, үнэ, шинж байдлыг BMW Х5 /2012 он, 75 000 000 төгрөг/ гэж тодорхойлсон ба 2012 он гэсэн нөхцлийг нэхэмжлэгч нь машиныг Монгол улсад оруулж ирсэн огноо гэсэн бол хариуцагч машиныг үйлдвэрлэсэн огноо гэж гэрээний нөхцлийг маргасан байна. Ийм тохиолдолд  талуудыг гэрээ байгуулах үед BMW Х5 машины зах зээлийн үнэ тодорхой байх нь ач холбогдолтой бөгөөд машины үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангийн хүсэлтийг шүүх хангаж, шинжээч томилсон, шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК ...2010 онд үйлдвэрлэгдсэн автомашины зах зээлийн үнэ 2015 оны байдлаар буюу зохигчдын гэрээ байгуулах үед 57 405 000 төгрөг байсныг тогтоосон байна. 2012 онд үйлдвэрлэгдсэн машин үүнээс илүү үнэтэй байж болох боловч нэхэмжлэгчийн шилжүүлсэн машин 2010 онд үйлдвэрлэгдсэн, энэ нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсан байсан тул хариуцагчийг уг шинж байдлаар эд хөрөнгийг зөвшөөрч, эд хөрөнгөө хүлээн авсан гэж үзнэ. Иймд шинжээчийн үнэлгээнд тулгуурлан, хариуцагч “Л В Г”ХХК нь 57 405 000 төгрөгийн үнэ бүхий машиныг эзэмшил ашиглалтадаа шилжүүлэн авсан атлаа 45 807 355 төгрөгийн материалыг өгсөн тул үлдэх 11 597 645 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд нийцэх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дах хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаардаг тул шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалтын дагуу хариуцагчийг гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 902 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00251 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Л В Г”ХХК-иас 11 597 645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э Т С”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 29 270 370 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “...303 913...гэснийг 200 512” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 382 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА