Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 393

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С-н Б /***/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газрын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар С.Б-д эзэмшүүлсэн газрын хувийн хэргийг хуулбарлан гаргаж өгөхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “ С.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо /одоогийн 23 дугаар хороо/ “Т О” ХХК-ийн урд талд байрлах 3000 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг. Гэрээний нэг хувийг 6012/0264 тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалсан байдаг. С.Б-н эзэмшил газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Т о” ХХК-д олгосон байна. Бид тус асуудлаар шүүхэд хандах гэсэн боловч С.Б нь газартай холбоотой бичиг баримтаа гээгдүүлсэн тул шүүхэд хандах боломжгүй болсон тул тухайн эзэмшил газрын хувийн хэргийн хуулбарыг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт, Нийслэлийн Засаг  даргад  гомдол  гаргасан  боловч  хүсэлтийг  хуульд  заасан  хугацаанд шийдвэрлээгүй, хариу ирүүлээгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар байгаа болно. С.Б нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай байх тул Баянзүрх дүүргийн Газрын албанаас С.Б-гийн эзэмшил газрын хувийн хэрэг /Үүнд: Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, газрын кадастрын зураг бусад холбогдох бичиг баримт/-ийг хуулбарлан гаргаж өгөхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Эдгээр баримтуудаас гадна газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг хоёрыг гаргуулах хүсэлтэй байсан. Нэхэмжлэгч гэрчилгээ байсан гэж тайлбарладаг. Тухайн баримт бичгүүдийг авснаар “Т-О” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжтай маргалдах эрх нь үүснэ гэж үзэж болно.

С.Б-гийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, энэ талаар маргаагүй. Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нэхэмжпэгч С.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах 3000 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай иргэн С.Б-д олгосон бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүлийн 37.1 дэх заалтын дагуу газар ззэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаагүй тул 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч С.Б бичиг баримтаа гээгдүүлсэн тул эзэмшил газрын хувийг хэргийн хуулбарыг гаргуулахаар хандсан боловч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй тул шүухэд хандсан гэжээ. Нийслэлийн Газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/349 тоот албан бичгээр иргэн С.Б-гийн хүсэлтийг дүүргийн Газрын албанд шилжүүлж, улмаар дүүргийн Газрын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13/293 тоот албан бичгээр иргэн С.Б-ийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсралтаар хүргүүлэхээр төлөвлөж, уг албан тоот албажсан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид уг албан тоотыг мэдэгдэхэд тэрээр ирж танилцсан хэрнээ аваагүй болно. Захиргааны хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхпыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд энэхүү өргөдлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэдэг. Иргэн С.Б-гийн гаргасан хүсэлтийн дагуу түүний газар эзэмшихээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбарыг дүүргийн Газрын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13/293 тоот албан бичгээр хүргүүлэхээр мэдэгдсэн боловч тэрээр ирж танилцаад аваагүй хэрнээ шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байгаа тул С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Дүүргийн Газрын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13/293 тоот албан бичигт хавсаргасан С.Б-гийн хүсэлт болон иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг Газрын албанаас ирээд авах бүрэн боломжтой болохыг шүүх анхаарч үзнэ үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч өөрийн биеэр манай байгууллага дээр ирсэн. Тухайн үед “хувийн хэрэгт таны анх гаргаж байсан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар байна, хуулбарлаад, “хуулбар үнэн” тэмдэг дараад өгье” гэж тайлбарлахад “за яахав хэрэггүй” гээд авахгүйгээр яваад өгсөн. Үүний дараагаар нэхэмжлэгч өмгөөлөгчөөрөө дамжуулж Нийслэлийн Газрын албанд “хүсэлтийн дагуу хүссэн бичиг баримтыг хуулбарлаж өгсөнгүй” гэж гомдол гаргасан байдаг. Би тухайн үед нь хувийн хэрэгт хоёр хуудас материал байна гэж албан тоот бичиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Х-г дуудаж “хувийн хэрэгт байгаа баримт чинь энэ байна” гэхэд бас л авахгүй яваад өгсөн. Тухайн албан бичгийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. 

Кадастрын зураг, гэрчилгээ гэж яриад байгаа. Гэрчилгээний хувьд газрын албанаас гэрчилгээ бичиж өгсөн бол өөрт нь байх ёстой. Гэрчилгээ нэг хувь бичигддэг. Хуулбарыг хувийн хэрэгт хадгалдаг. Гэхдээ С.Б-д гэрчилгээ бичигдээгүй. Кадастрын зургийн хувьд захирамж  гарсны  үндсэн  дээр  кадастрын 

зураг хийлгээд манай мэдээллийн санд оруулах ёстой байсан. Нэхэмжлэгч кадастрын зураг хийлгээгүй. Мэдээллийн санд ямар ч бүртгэлгүй. Бид гэрээ хэрхэн байгуулагдсаныг мэдэхгүй байгаа. Би газар зохион байгуулагч байсан. Гэхдээ миний гарын үсэг гэрээн дээр зурагдаагүй байгаа. Манай архитектор н.Б намайг байхгүй тохиолдолд гэрээг хийсэн байж болох юм. Гэрээ нэг хувь нь хувийн хэрэгт хадгалагдах ёстой ч хувийн хэрэгт байхгүй юм билээ.

2007 онд 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй тухайн газрыг авсан 2012 онд эзэмших эрхийн хугацаа дууссан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших хугацаа дуусахаас сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Одоо энэ газрын талаар нэхэмжлэл гаргах эрхгүй. 

Нэхэмжлэгч тухайн газар дээр ямарваа үйл ажиллагаа явуулж байгаагүй. Харин тухайн талбай дээр “Т-О” ХХК засмал зам тавьж, орц гарц гаргаад ногоон байгууламж хийсэн байдаг. Тухайн газрын доогуур дэд бүтцийн шугамтай учраас барилга барих боломжгүй, ногоон байгууламж барьж, нийтийн эзэмшлийн зам талбай барьсан байдаг.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар С.Б-д эзэмшүүлсэн газрын хувийн хэргийг хуулбарлан гаргаж өгөхийг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

С.Б-с итгэмжлэл олгосноор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Х 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв газрын хувийн хэргийг хуулбарлан гаргуулах” хүсэлт, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад “хүсэлтийг шийдвэрлээгүй тул Баянзүрх дүүргийн Газрын албанаас газрын хувийн хэргийг хуулбарлан гаргуулах” гомдлыг тус тус гаргасан байдаг. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаар  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэх хувийн хэрэгт авагдсан түүний гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбараас өөр баримт байхгүй талаар нэхэмжлэгч С.Б-д амаар мэдэгдэж танилцуулсан, хуулбарлаж аваагүй гэх ба энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 15 дугаар зүйлийн 4-т заасныг зөрчөөгүй байна. 

Нийслэлийн Засаг даргад энэ талаар гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Газрын албанаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/349 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Газрын албанд шийдвэрлүүлэхээр шилжүүлж, улмаар Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13/293 тоот албан бичгээр С.Б-д хариу өгч, газрын хувийн хэргээс 2 хуудас материалыг хуулбарлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан байна.  

Шүүхээс Баянзүрх дүүргийн Газрын албаны архивт бичиг баримтын үзлэг хийхэд 2007 оны 326 дугаартай хадгаламжийн нэгжид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар иргэн С.Б-д худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв газрын хувийн хэрэг авагдсан байсан бөгөөд үүнд нэхэмжлэгч С.Б-ийн гараар бичсэн өргөдөл, 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхний хуулбар байв. Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд С.Б-д эзэмшүүлсэн газрын кадастрын зураг бүртгэгдээгүй, газар эзэмшүүлэх гэрчилгээ бичигдээгүй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, энэ талаарх баримт үзлэгээр илрээгүй болно. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын алба нь нэхэмжлэгч С.Б-гийн хүсэлтэд амаар хариу өгөхдөө танилцуулсан газар эзэмшүүлэх хувийн хэрэгт авагдсан түүний гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбараас өөр баримт газар эзэмшүүлэх хувийн хэрэгт байхгүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй, газар эзэмшүүлэх хувийн хэрэгт авагдсан баримтууд шүүхэд нотлох баримтаар ирсэн, нэхэмжлэгч хэргээс нотлох баримтыг хуулбарлан авах эрхтэй тул газар эзэмшүүлэх хувийн хэргийг хуулбарлан өгөхийг даалгах шаардлагагүй байна.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 15 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар С.Б-д эзэмшүүлсэн 3000 м.кв газрын хувийн хэргийг хуулбарлаж өгөхийг даалгуулах” тухай шаардлага бүхий С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА