Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 610

 

МАГАДЛАЛЫН ТӨСӨЛ

2017.03.03                                                     №610

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бямбагаравын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01739 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бямбагаравын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батбүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуульд сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн захирал Г.Балдангомбын зөвлөснөөр ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулах мэдүүлэг өгөх үүднээс 8 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Ингээд 8 дугаар сарын 15-ны өдөр Авилгатай тэмцэх газраас албан бичиг өгсний дагуу намайг ажилд авах тухай 51 тоот тушаал гаргасан. Тус сургуульд 8 дугаар сарын 22-ны өдөр шинэ захирал Д.Бат-Отгон томилогдон ирсэн ба маргааш өдөр нь "энэ ажилд яаж орсон, хэний танил вэ" гэж надаас асуусан бөгөөд "би сонгон шалгаруулалтад орж, зохих журмын дагуу ирсэн бөгөөд танил тал байхгүй" гэдгээ хэлсэн. Гэтэл "таныг ажлаас халсан тушаал байна, ажилд авсан тушаал алга, тодруулна" гэхээр нь нарийн бичиг н.Норовсүрэнд хэлэхэд 8 дугаар сарын 15-ны өдөр ажилд авсан 51 тоот тушаалыг сейфнээсээ гаргаж өгсөн. 8 дугаар сард ажилласан өдрийн цалинг "асуудал шийдэгдэхээр өгнө" гээд өгөөгүй. Гэтэл гэнэт 9 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн үед мэдэгдэх хуудас хэмээх нэртэй бичиг өгч, "асуудлаа өөрөө шийд" гэсэн. Ингээд ажилд авсан тушаал хүчинтэй эсэх гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, намайг хохироож, үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Миний хувьд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Боловсролын газарт хандахад "манай шийдэх асуудал биш, шүүхэд ханд" гэсэн хариуг амаар өгсөн. Д.Бямбагаравыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар зөрчил гаргасан, энэ зөрчил нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл 8 дугаар сарын 15-ны өдрөөс xoйш ажлыг нь хийлгэхгүй, цалин мөнгийг олгохгүй байгаа нь хууль бус тул түүнийг 129 дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа цалин 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хоногоор тооцон 2 470 195 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажилд томилогдсон өдөр түүнийг ажилд томилсон тушаал огт байхгүй байгаа бөгөөд шинээр томилогдсон захирал 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажил хүлээн авахад хүний нөөцтэй холбоотой тушаал хамгийн сүүлд төсөл хэлбэрээр бүртгэгдсэн 50 дугаартай байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажилд томилогдсон гэх Б/51 тоот тушаал сургуулийн бичиг хэрэгт байгаагүй. Нэхэмжлэгчийн Б/51 тоот тушаалын албан бланк нь хуурамч бөгөөд төрийн ажил хэрэгт ашиглах хэвлэмэл хуудсыг эрх бүхий байгууллагаас аваагүй бөгөөд тухайн үеийн захирал зөвшөөрөлгүй дур мэдэн хэвлэсэн байна. Нэхэмжлэгчийг шинээр томилогдсон захирал ажлаас чөлөөлөөгүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал хүчин төгөлдөр хэвээр байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь энэ тушаалын талаар гомдлын шаардлага гаргаагүй байж байгаад шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн хойно нэхэмжлэл гаргасан. Бичиг хэрэгч н.Норовсүрэн нь өөрийн сейфэнд хүний нөөцтэй холбоотой захирлын тушаалыг бусд тушаал, бичиг баримтаас тусдаа хадгалах ёсгүй бөгөөд ажил хүлээлцэх комисст дээрх Б/51 тоот тушаал бүртгэгдээгүй нэхэмжлэгчээс ажилд томилсон тушаал шаардахад гэнэт оллоо гэж хэлээд 51 тоот тушаалыг гаргаж өгсөн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа буюу илтэд хуурамч тушаал юм. Учир нь захирлаар томилогдоод Б/50 дугаартай тушаалыг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тул нэхэмжлэгчид 51 тоот тушаал гаргасан байх цаг хугацааны хувьд боломжгүй болно. Д.Бат-Отгон миний бие ажилд томилогдоод 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр "орон тоо батлах тухай" Б/51 тоот тушаалыг дугаарлан гаргасан. Миний гаргасан тушаал нь нэгдсэн журмаар Нийслэлийн архиваас хүлээн авдаг хэвлэмэл хуудас бөгөөд албан ёсоор эрхээ хэрэгжүүлж эхлээд гаргасан хоёр дахь тушаал бөгөөд уг тушаалаар сургалтын менежерийг томилоогүй орхисон. Нэхэмжлэгч өнөөдөр 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 тоот тушаалаар ажилд томилогдсон гэж маргаж байгаа боловч 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн мөн л хуурамчаар хэвлэсэн хэвлэмэл хуудсан дээр нь засвартай Б/49 гэсэн тушаалаар ажилд томилогдсон гэсэн тушаал байна. Ажилд Б/49 тоот тушаалаар 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажилд томилогдоод байгаа мөртлөө даруй 99 хоногийн дараа Б/48 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь өмнөх захирал, нэхэмжлэгч нар нь хуурамчаар шийдвэр гаргахдаа хуурамч хуудас ашиглаж байсан болзошгүй байна. Нэхэмжлэгч маань анхнаасаа хуулийн дагуу ажилд томилогдсон эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг баталгаажуулж байгуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг ёсоор байгуулаагүй байна. Нэхэмжлэгчтэй ажил олгогч тал Б/51 гэсэн маргаан бүхий актыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, мөн Б/49 гэсэн тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуультай 2016 оны 5 дугаар сарын 02-нь өдөр болон 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус тус хөдөлмөрийн харилцаа эхлүүлсэн мэт тушаалуудыг удаа дараа гаргуулж байсан нь мөн түүний гаргаж өгч байгаа нотлох баримтаар нотлогдон тогтоогдох болно. Сургуулийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон ажилтны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бямбагаравыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулиас нэхэмжлэгч Д.Бямбагаравын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 278 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 191 792 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бямбагаравын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн захиргаанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 33 346 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 129-р сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр захирлууд солигдох үед бичиг баримтаа дутуу хүлээлцсэн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж одоог хүртэл ажилгүй, цалин мөнгөгүй хохирч байгаа буюу улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 184/ШШ2016/01739 тоот шүүхийн шийдвэр гарч Д.Бямбагарав намайг 129-р сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, мөн ажилгүй байсан үеийн цалин хөлсийг нөхөн олгох, НДД-ийн бичилт нөхөн хийх зэргийг шүүхийн шийдвэрт тусгаж, шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа цалингийн дунджийг буруу тогтоож амралтын мөнгийг надад олгосон байна гэж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Миний бие тус сургуульд 2 cap ажилласан ба амралтын мөнгө 181 935 төгрөг авч, 30 хоног амарсныг 42 хоногоор тооцож амралтын мөнгө олгосон гэж хуурамч нотлох баримт гаргаж өгснийг шүүх дутуу үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин 2 470 195 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх 1 278 402 төгрөгөөр хангаж, нэхэмжлэлээс 1 191 793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ажилгүй байсан хугацааны цалин 2 470 195 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзалд дурдсан хуурамчаар тушаалыг үйлдсэн талаар нотлож чадаагүй гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай бодит байдал дээр нийцэхгүй байна. Нийслэлийн боловсролын газар, СХД-ийн 129-р сургуулийн хамтарсан ажлын хэсгийн ажил хүлээлцсэн актад 51 дугаартай тушаал огт байхгүй болох нь бүрэн нотлогдож байгаа баримтыг шүүх тал бүрээс нь бодитой дүгнэж чадаагүй. Шүүх 51 тоот тушаалыг байсан гэж дүгнэхдээ хариуцагч буюу ажил олгогч тушаалын дугаарлалт дээр техникийн алдаа гаргасан гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьсан үйлдэл болсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө мөн нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн ажилд томилогдсон 51 тоот тушаалыг хуурамч биш болохыг мөн нотолж чадаагүйд шүүх зайлшгүй дүгнэх үүрэгтэй байсан. Хариуцагч дугаарлалтын хувьд алдаа гаргасан гэж шүүх үзэхдээ 51 тоот тушаал бичигдсэн хэвлэмэл хуудас нь хуурамч эсэх тал дээр огт дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй болохыг харуулж байна. Нийслэлийн архивын газраас ирүүлсэн албан тоотод нэхэмжлэгчийг ажил томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудын бланк нь төрийн албаны хэрэгцээнд ашиглагддаг стандартыг зөрчсөн илт хуурамчийг нотолсон бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч Д.Бямбагаравыг ажилд томилсон 2016-05-02-ны өдрийн Б\49 гэсэн дугаарыг нь засварласан мөн л стандартын бус Нийслэлийн архивын газраас нэгдсэн журмаар дугаарлагдаагүй хуурамч бланк ашигласан бөгөөд дээрх ажилд томилогдсон Б\49 тушаал гарснаас даруй 99 хоногийн дараа Б\48 тоот тушаалаар ажлаас халагдсан байх ба уг тушаалд Бямбагаравыг сахилгын зөрчлийн улмаас ажлаас халсан талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг ашигласан байдаг. Нэхэмжлэгч нь ийм илэрхий дугаарлалт, цаг хугацааны зөрүүтэй, хуурамч бланктай тушаалыг ашигласан болохыг нотолж шүүхэд дээрх тушаалыг гаргаж нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл мөн 2016-05-02-ны өдрийн Б\49 гэсэн дугаартай тушаалаар бас өөр хүнийг давхардуулан ажилд томилсон Энэ талаар анхан шатны шүүхэд хариуцагч нотлох баримтыг гаргаж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой дурдсан боловч шүүх дээрх баримтуудад бодит дүгнэлт өгөөгүйгээс хариуцагчийн эрх, ашгийг илтэд хохироож байна. Нэг өдөр, нэг дугаартай тушаалаар хоёр огт өөр чиг үүрэгтэй ажлын байранд ажилтан томилсныг шүүх техникийн алдаа гаргасан учраас нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий 51 тоот тушаалаар ажилтныг ажилд эргүүлэн томилсон бол хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой ба нэхэмжлэгчид л өөрт нь ганцаараа гарын үсэг зурсан гэрээний загвар байгаагаас ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ огт байхгүй. Шүүх гэтэл мөн л ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудтай илэрхий зөрчилдөж байна. Ажил олгогч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг анхнаасаа байгуулаагүй тул түүнийг цуцлах тухай мэдэгдэх үүрэггүй юм. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан Б\48 тоот тушаалыг хэзээ гарсан, хэзээ мэдсэн талаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдсан байтал шүүх Б\48 тоот тушаалын хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд зааснаар тооцоогүй. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2016-09-12-ны өдөр өгсөн мэдэгдэх хуудсаар тооцсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б\48 тоот ажлаас халах тухай тушаалыг хэзээ хэрхэн, ямар зорилгоор гаргаж байсан талаар тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнээгуй зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан буюу хэт нэг талыг барьсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж хариуцагчийн эрх ашгийг хохироохын зэрэгцээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн боловч тооцооны алдаа гаргасан байх тул зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Бямбагарав нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажилд томилогдсон гэх Б/51 тоот тушаал сургуулийн бичиг хэрэгт байхгүй, уг тушаалын албан бланк нь хуурамч бөгөөд төрийн албан хэрэгт ашиглах хэвлэмэл хуудсыг эрх бүхий байгууллагаас аваагүй, тухайн үеийн захирал зөвшөөрөлгүй дур мэдэн хэвлэсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Бямбагаравыг Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаар нь засвартай Б/49 тоот тушаалаар мөн өдрөөс тус сургуулийн сургалтын менежерийн ажилд авч,  улмаар 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дугаар нь засвартай тушаалаар Д.Бямбагаравыг сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн байх бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн захирлын Б/51 тоот тушаалаар Авилгатай тэмцэх газрын 2016 оны 05/5059 дугаартай албан бичгийг үндэслэн Д.Бямбагаравыг тус сургуулийн сургалтын менежерийн ажилд томилсон үйл баримт тогтоогдож байна. /хх-31, 32, 34/

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсаар Д.Бямбагаравыг сургалтын менежерийн албан тушаалд ажиллуулах боломжгүй гэсэн агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид өгчээ./хх-37/ Ажил олгогчоос ажилтны томилогдсон ажил албан тушаалд ажиллуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн энэ хугацаанаас  хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч байгууллага “нэхэмжлэгчийг ажилд томилогдсон гэх Б/51 тоот тушаал сургуулийн бичиг хэрэгт байхгүй, хуурамч бөгөөд төрийн ажил хэрэгт ашиглах хэвлэмэл хуудсыг эрх бүхий байгууллагаас аваагүй” гэж маргаж байгаа боловч уг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 51 тоот тушаал нь албан бичгийн стандарт хангаагүй, дугаарлалтгүй байгаа нь нэхэмжлэгчийг ажилд томилоогүй гэж үзэх үндэслэл болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар  зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг тайлбараа нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээрх тушаалыг хуурамч болох нь тогтоогдоогүй болно.

 

Дээрх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 51 тоот тушаалаар ажилтан Д.Бямбагаравтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг үүрэг болгосон байх боловч хэрэгт            /хх8-9/ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй зөвхөн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй гэрээ байна. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байгаа нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “...Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх...” үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь ажилтны хөдөлмөрийн эрхийн зөрчлийг хүлээн зөвшөөрөх, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

 

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулийн захиргаанд даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон олгож шийдвэрлэхдээ ажил олгогчоос амралтын олговорт 181 935 төгрөгийг авсан /хх-67/ байгааг 42 хоногийн ээлжийн амралтын олговорт 1 528 252 төгрөгийг олгосон гэж буруу тооцож, тооцооны алдаа гарсныг залруулах нь зүйтэй.

 

Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу дундаж цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 2 470 195 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг ажил олгогчоос гаргуулж өөрчлөлт оруулж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01739 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн                  2 дахь заалтын “...1 278 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 191 792 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...2 470 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж, 4 дэх заалтын “...33 346 төгрөг...” гэснийг                   “...54 473 төгрөг...” гэж өөрчлөж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

             ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

 

                                                        Б.НАРМАНДАХ