Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 106

 

     Б.Х, О.Ч нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Баясгалан,

хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Б.А,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Б.Х, О.Ч нарт холбогдох 201626022096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ч овогт Б.Х, 1999 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандах бүртгэл” дээд сургуулийн программ хангамжийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../,

          Б овогт О.Ч, 1998 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Байгалийн ухааны салбар сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт ...................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./,  

          Б.Х Н.Б нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” гар утас худалдааны төвийн дээврийн салхивчаар дамжин нэвтэрч, хууль бусаар иргэн Ц.Ц-ийн 21 дүгээр лангуунаас 8 нэр төрлийн 10 ширхэг гар утас, иргэн Н.А-ийн 17 дугаар лангуунаас 12 нэр төрлийн 18 ширхэг гар утас, нийт 3.930.000 төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг гар утас хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Давтан үйлдлээр Б.Х, Н.Б нар нь О.Чтай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 тоотод байрлах иргэн Б.Б-ийн “Мелоди күй холдинг” ХХК-ийн ломбардны цонхыг хагалан нэвтэрч, хууль бусаар нийт 13.520.000 төгрөгийн үнэ бүхий 44 нэр төрлийн 78 ширхэг гар утас, 1 ширхэг зөөврийн компьютер хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Х, О.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”; 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл, 1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг нарийвчлан шалгалгүй, Н.Бг 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцох тогтоол үйлдэн, түүнийг байцааж, 11 дүгээр сарын 7-ны өдөр Н.Бгийн насыг тоолсон тухай тэмдэглэл үйлдсэнээс өөр түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгээгүй ба 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрч Б.Мөнхзулаас түүнийг гэртээ ирэхгүй, хаана байгааг нь мэдэхгүй талаар мэдүүлэг авсан атлаа түүнийг эрж олох талаар ажиллагааг хийлгүй, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Н.Б оргон зайлсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 201626022096 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарласан нь үндэслэлгүй байна. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “Цагдаагийн байгууллага далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, олон нийтийн аюулгүй байдал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон прокурор, шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олох талаар гүйцэтгэх ажил явуулах эрхтэй” гэсэн заалтын дагуу Н.Бг олох талаар тодорхой ажиллагааг явуулаагүй байна.

          Б.П нь энэ гэмт хэрэгт оролцсон эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг нарийвчлан шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалт бүрэн хангагдаагүй байна. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Б.Х, О.Ч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол О.Ч, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 201626022096 дугаартай эрүүгийн хэргээс 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно” гэж заасныг үндэслэн мөрдөн байцаалтаас оргон зайлсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа сэжигтэн Н.Бд холбогдох хэргийг тусгаарласан. Н.Бд холдогдох хэргийг тусгаарласан нь Б.Х, О.Ч нарт холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд нэгэнт оргон зайлсан, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа сэжигтний хэргийг тусгаарлах зайлшгүй шаардлагатай юм. Гэтэл шүүх Н.Бг эрж олох талаар ажиллагаа хийлгүй хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэнэ” гэж заасныг зөрчиж байна.

Шүүх мөрдөн байцаалтаар гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу Н.Бг олох талаар тодорхой ажиллаа явуулаагүй байна гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана”, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно гэж заасныг зөрчиж байна.

Б.П нь энэ гэмт хэрэгт оролцсон эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт бүрэн хангагдаагүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг зөрчсөн байна. Б.П нь “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт хамтран оролцоогүй болох нь Б.Хын “... 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Н.Б надтай уулзаад “Турк явах хэрэгтэй болчихлоо, мөнгө олох хэрэгтэй байна” гэж ярьж байгаад “Өргөөгийн гар утасны худалдааны төв байна, тийшээ орж хулгай хийх үү” гэж ярилцсан. Тэгээд тэр оройдоо “Өргөө” гар утас худалдааны төв рүү орж хулгай хийсэн. Тухайн үед надад хулгай хийх шалтгаан байгаагүй. Н.Бд мөнгө хэрэгтэй болчихлоо гээд байхаар нь хулгай хийсэн. Мөн адилхан шалтгаанаар дахиж 3, 4 дүгээр хорооллоос урагш уруудахад байдаг “Мелодү Күй холдинг” ХХК-ийн ломбард руу орж хулгай хийсэн. Хулгай хийж мөнгө олох санааг Н.Б анх гаргасан. “Өргөө” худалдааны төв болон “Мелодү Күй холдинг” ХХК-ийн ломбард руу орж хулгай хийхдээ ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй. Тухай бүрт нь очиж харж байгаад л цонхоор нь орсон. Харин ломбардны хулдаасан хаягийг цоолж 2 давхарын жижиг цонхоор орж хулгай хийсэн. Ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй, “Мелодү Күй холдинг” ХХК-ийн ломбард руу орж хулгай хийхдээ Н.Б бид хоёр О.Чаар хүн хараад өгчих гээд дагуулж явсан” гэх мэдүүлэг,

О.Чын “... Тухайн өдөр Б.Х, Н.Б нар нь надтай уулзахаар ирэхдээ л хулгай хийе гэж ярьж байсан болохоор хэн нь хулгай хийх санаа гаргасныг мэдэхгүй байна. Тэгээд 3, 4 дүгээр хорооллын эцсээр урагш уруудаад алхаж байхад Н.Б нь “Мелодү Күй холдинг” ХХК-ийн ломбардыг заагаад “энд ломбард байна шүү дээ, энэ рүү оръё” гэсэн болохоос биш тухайн ломбарднаас хулгай хийнэ гэж төлөвлөөгүй. Тэгээд ломбарднаас хулгай хийх үед Н.Б намайг гражны хажууд зогсоод хүн хараад байж бай гэхээр нь би ломбардны гадна хүн харж зогссон. Б.Х, Н.Б нар ломбардны дээврийн хулдаасан хаягийг цоолж орсон. Ойролцоогоор 30 минутын дараа хулгайлсан гар утас, нотебүүкээ цүнхэнд хийгээд тэврээд буугаад ирсэн.” Б.Х, Н.Б нар ломбарднаас хулгайлсан гар утаснуудаасаа заримыг нь зарж надад 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Би 2 удаа ломбарданд гар утас тавьж өгсөн. Энэ хулгайн хэрэг үйлдэхдээ би Тэнгис кино театрын урд талд ундаа зардаг ажилтай байсан. Тухайн үед надад хулгай хийж мөнгө олох хэрэгцээ шаардлага байгаагүй. Харин Б.Х, Н.Б хоёр надтай уулзах гэж ирэхдээ “Өргөө” кино театрын гар утас худалдааны төвийн цонхоор орж лангуунуудаас гар утас хулгайлсан гэдгээ хэлж, хулгайлсан утаснуудаа зарж мөнгө олсон гэсэн. Тэгээд намайг хулгай хийх үед хүн харж байгаач гэхээр нь би тэр өдөр хамт явсан. Ер нь бол найзууд гуйгаад байхаар нь хамт явсан.” гэх мэдүүлэг болон Б.Пүрэвжавын гэрчээр өгсөн “2016 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэртээ хоносон.” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Ц.Ц, Н.А, иргэний нэхэмжлэгч Э.Ч, С.Д нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Ямар мөрдөн шалгах ажиллагаагаар юуг тогтоох нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хүчингүй болгож өгнө үү...” гэв.   

Хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 дугаар захирамжинд дурдсан Н.Бг олох ажиллагаа хийгээгүй, гэмт хэргийн хохирлын хэр хэмжээг нарийвчлан шалгаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар Н.Бд холбогдох хэргийг тусгаарласан нь Б.Х, О.Ч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хохирогч Бадрахтуяагийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогоод хэрэгт авагдсан байгаа. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Х, О.Ч нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Х, О.Ч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

          Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Н.Б оргон зайлсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарласан нь буруу, мөн Б.П нь энэ гэмт хэрэгт оролцсон эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг нарийвчлан шалгаагүй гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байх тул шүүгчийн захирамжинд дурдсан дээрх үндэслэлүүдээр хэргийг шалгах шаардлагатай гэж үзлээ.

Хэрэгт насанд хүрээгүй Н.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байснаа 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Н.Бг оргон зайлсан, байгаа газар нь мэдэгдэхгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Х, О.Ч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

Түүнчлэн насанд хүрээгүй шүүгдэгч Н.Бг эрэн сурвалжлах ажиллагааг зохих хэмжээнд хийж байгаа гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд заасан түүнийг эрэн сурвалжлах зохих ажиллагаа хийгдээгүй, эрэн сурвалжилсан гэх нотлох баримт хангалттай биш байх тул энэ нь хэргийг тусгаарлах үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан. Гэхдээ энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь Н.Бгийн гэм буруугийн хэр хэмжээ, түүний тухайн хэрэгт оролцсон үйлдэл оролцоо болон яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хариуцах хохирлын хэмжээг зөв тогтооход ач холбогдолтой.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг явуулахтай холбогдуулан шүүгчийн захирамжид дурдсан, Б.П нь энэ гэмт хэрэгт оролцсон эсэх талаар хамтатган шалгах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Б.П нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байдал харагдаж байх тул үүнийг нэг мөр шалгах нь зүйтэй.

          Иймд хэргийг прокурорт буцааж, дээрх үндэслэлүүдээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байх тул прокурор А.Баясгалангийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол Б.Х, О.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ  

ШҮҮГЧИД                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                     Д.ОЮУНЧУЛУУН