Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00321

                Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоотод оршин суух, Дилав овогт Даваагийн Говьсайхан /РД:УХ61082972/-ы нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж 5/1, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, Сангийн яаманд холбогдох,

 

            Ажилласан хугацааны цалин 10,325 ам.доллар буюу 17,636,960 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан, гэрч Б.Булганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч Д.Говьсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Миний бие Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2010.11.08-ны өдрийн 302 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төсөлд санхүүгийн ажилтнаар орж ажилласан.

Гэтэл 2012 оны 10 сард Б.Булганчимэг төслийн удирдагчаар шинээр томилогдон ирж ажилласнаар ажлаа өг гэж удаа дараа дарамталж байсан тул нэгэнт ойлголцон ажиллах хүсэлгүй байгаа хүнтэй хамтран ажиллах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзэн 2013 оны 6 сард би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.

Миний хүсэлтийг Б. Булганчимэг хүлээн аваад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандсан ч одоогоор ажлаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн тул би ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан бөгөөд улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014.01.15-ны өдрийн А12 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Дээрх хугацаанд би ажлаа зохих ёсоор хийж байсан ч Б.Булганчимэг нь намайг яаралтай ажлаас чөлөөлөх боломжийг байнга эрэлхийлж байснаар барахгүй 2013 оны 7 сараас хойш миний батлагдсан цалинг олгохгүй хохироосоор ирсэн.

Иймээс Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслөөс 2013 оны 7 сараас 12 сарын цалин сар тутам 1,400 ам.доллар, 2014 оны 01 сарын цалин 700 ам.доллар, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслөөс 2013 оны 10 сараас 12 сарыг дуустал хугацааны цалин 1,050 ам.доллар, 2014 оны 01 сарын цалин 175 ам.доллар нийт 10,325 ам.доллар буюу 17,936,960 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж өгнө үү. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 3, 4 төслийг хариуцагчаас татахаас татгалзаж, хариуцагчаас чөлөөлж байна" гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь тус төслийн нэгжид ажиллаж байхдаа санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй хэд хэдэн гүйлгээ хийсэн нь Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн “Аудитаар өгсөн зөрчил, дутагдалд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дахин хянасан тухай” 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 264 тоот төслийн нэгжид ирүүлсэн албан бичигт тодорхой тусгасан байсан.

Мөн эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар болон Д.Говьсайхан нарын хооронд 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээнд ажил үүргийн хуваарьт заагдсан ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд төслийн ажилтанд цалин олгохоор тодорхой заасан.

Говьсайхан нь ажлаа таслаж, санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь ажилласан хугацааны цалин 10,325 ам.доллар буюу 17,636,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Сангийн яаманд холбогдуулан гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Говьсайханы нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 3 төслийн 7-12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 8,400 ам.доллар,  Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 4 төслийн 10-12 дугаар сарын цалин 10,50 ам.доллар, 2014 оны 01 сарын цалин 700 ам.доллар, нийт 10,325 ам.доллар буюу 17,636,960 төгрөг гэж тайлбарласан.

 

            Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь 2010 оны 11 дүгээр сарын 08-нд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 302 дугаар тушаалаар Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-3 төслийн санхүүгийн ажилтнаар 6 сарын туршилтын хугацаагаар томилогдож /1 дүгээр хавтасны 6 х/, уг төслийн зохицуулагчтай 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1 жилийн хугацаатайгаар, 2011 оны 02 дугаар сарын 08-наас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай "Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөлсөөр ажиллах гэрээ"-г /1 дүгээр хавтасны 99, 173-176 х, 177-180 х/  тус тус байгуулжээ.

 

            2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын А12 дугаартай тушаалаар гэрээг дуусгавар болгож, Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-3, 4 төслийн санхүүгийн ажилтнаас чөлөөлөгдсөн байна. /1 дүгээр хавтасны 7 х/

 

            Д.Говьсайхан нь Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-3 төслөөс 1,400 ам.долларын, Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4 төслөөс нэмэлт 350 ам.долларын цалин хөлсийг сар бүр авч байхаар талууд харилцсан тохиролцжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцлийг хавсралт А-д зохицуулсан байх ба Хэсэг-1 "Цалин гэсэн заалтад "Ажилтан ажил үүргийн хуваарь, улирлын болон жилийн төлөвлөгөөнд заагдсан ажлыг цаг хугацаанд нь чанартай, хариуцлагын өндөр түвшинд гүйцэтгэсэн нөхцөлд цалин олгоно" гэсэн байх бол Санхүүгийн ажилтны ажил үүргийн хуваарийг Хавсралт Б-гээр зохицуулсан байна.

 

            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д "Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан бөгөөд талуудын хэн аль нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй болно.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Говьсайханы цалинг батлуулж авчихаад олгоогүй гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 3, 4 гэсэн төсөлд санхүүгийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа гэрээнд заасны дагуу ажил үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгч нэгж нь хөлсийг өгөхөөс татгалзсан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний "Ажил үүргийн хуваарь"-иар

            -Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны зөвшөөрлөөр төсөлд ашиглагдах сахүүгийн программыг суулгах,

            -Төслийн хүрээнд гарч буй бүх зардал тооцоог санхүү, нягтлан бүртгэлийн журмын дагуу үнэн зөв хөтөлж, бүртгэх,

            -Үр ашигтай санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг бий болгох,

            -Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжийн банкны шаардлагын дагуу санхүүгийн гүйлгээний хүрээнд гарсан бүх санхүүгийн тайланг гаргаж бэлдэх,

            -Төслийн төсөв тооцоог бэлдэх, хөрөнгө, зарлагын урсгалыг хянах,

            -Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож ажиллах,

            -Захиргаа, санхүүгийн хавтас хэргийг хөтлөх,

            -Төслийн ажилтнуудын ажиллах орчинг бүрдүүлэх... гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн болон ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй болох нь гэрч Б.Булганчимэгийн "...төслийн нэгжид санхүүгийн баримтуудыг өгдөггүй, тайланг хугацаанд нь гаргаж өгөхгүй ажил тасалдаг, Сангийн яам болон Эрүүл мэндийн яамнаас шаардсан баримтууд болон тайланг гаргаж өгдөггүй ажил цалгардуудлаг байснаас Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байсан төсөл зогсох хэмжээнд хүрсэн. Бид Энхбаярыг санхүүгийн ажилтнаар цалин хөлсгүй ажиллуулж байж Говьсайханы ажлыг хийлгэж байж, төсөл амжилттайгаар хэрэгжиж дууссан..." гэх мэдүүлэг,

 

            Д.Говьсайхан нь 2013 оны 3 сард 1 хоног, 2013 оны 4 сард 3 хоног,  2013 оны 5 сард 7.5 хоног, 2013 оны 6 сард 8 хоног, 2013 оны 7 сард 9 хоног, 2013 оны 8 сард 10 хоног, 2013 оны 9 сард 10.5 хоног, 2013 оны 10 сард 7 хоног, 2013 оны 11 сард 8 хоног, 2013 оны 12 сард 11.5 хоног, 2014 оны 01 сард 12 хоногийн ажил тасласан болох нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 3, 4 төслийн ажилтнуудын ажлын цагийн бүртгэлээр тогтоогдлоо. /1 дүгээр хавтасны 18-23 х/

 

            Д.Говьсайханы буруутай үйл ажиллагааны улмаас Азийн хөгжлийн банкнаас 2013.09.04-нд "...төслийн тайлан, санхүүгийн материал хангалтгүй байгааг ирүүлсэн байна. Энэ асуудалд бид маш ноцтой хандаж байна..." /1 дүгээр хавтас 136 х/,  2013.09.12-ны 414/13 дугаартай албан бичгээр "Дээрх 2 төслийн ТНХ-д ажиллаж байсан захиргаа, санхүүгийн ажилтан нь аудитын тайлангаар илэрсэн зөрчлийг арилгахгүй ажлаас чөлөөлөгдөж байгааг үүгээр мэдэгдэж байна... үүнээс гадна 2012 оны зарим ажил үйлчилгээний анхан шатны баримт дутуугаас болж нөхөн дүүргэлт хийхэд хүндрэл учирч байна..." /1 дүгээр хавтас 142 х/ гэсэн албан тоотоууд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг ба нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

            Ийм учраас Сангийн яамнаас ажилласан хугацааны цалин 10,325 ам.доллар буюу 17,636,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Говьсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 3, 4 төслийг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагчаас чөлөөлж, хамтран хариуцагчаар оролцож байгаа Сангийн яаманд холбогдуулан шаардлагаа гаргасан учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Сангийн яаманд холбогдох ажилласан хугацааны цалин 10,325 ам.доллар буюу 17,636,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Говьсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 3, 4 төслийг хариуцагчаар татахаас татгалзаж, чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Говьсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Х.ДАШДЭЧМАА