Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 585

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга  О.Жавхлан,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Г.С-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас ..... овогт Г.С-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ............ оршин суух, 

урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 28 хоногийн баривчлах ялаар,

Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн .... оны .. дугаар сарын ...-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

 Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн .... оны .. дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан  оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 22 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, .... овогт Г.С-. /РД:ЧЖ70100665/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.С-нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцэст байдаг нийтийн байрны орчимд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ц-биед духанд шарх, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.С-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч А.Ц-“Би 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдөр шилжих шөнө өөрийн найз С- утсаар яриад найз нь гэртээ ганцаараа унтаж чаддаггүй ээ гээд хэлтэл намайг хүрээд ир гээд дуудсан юм. Тэгээд би С-ажил буюу  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд таксигаар 03 цагийн  орчим очоод өглөө болтол ажлаасаа буухыг нь хүлээж байгаад өглөөний 09 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцэст байрлах нийтийн байранд нь очсон. Бид хоёрыг очиход нийтийн байранд С- найз гээд нэг эрэгтэй хүн байсан юм. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй танихгүй хүн байсан. Тэгээд бид нар архи уугаад би нилээн согтчихоод С- хандаж С- очъё гэхэд тэгье гэж хэлээд хамт нийтийн байрнаас гарсан. Нийтийн байрнаас гарангуутаа С- намайг хашаа руу түлхэхэд би газар унасан. Тэгтэл над руу чулуу шидээд миний духны баруун дээд хэсэгт хагараад цус гарсан. Тэгээд намайг багалзуурдаад нүүр цээжийг самардаж  маажаад байсан ба намайг газар уначихсан байхад дээрээс өшиглөөд байсан юм. Тэгэхээр нь би гудамжинд явж байсан хүмүүсийг цагдаа дуудаад өгөөч гээд орилоод цагдаа дуудуулсан. Цагдаа ирсэний дараа миний нүүр лүү гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. С- над руу чулуу шидээд миний духны баруун дээд хэсэг оногдоод цус гарсан. Зүүн гуянд цус хуралт гэмтлийг гуталтай хөлөөрөө  өшиглөөд байх үед үүссэн.  Зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаад учирсан зулгаралт гэмтэл нь С- нь маажиж учруулсан юм. Би гомдолтой байна. Би асуудлаа хуулийн дагуу шийдүүлнэ. Одоогоор эмчилгээнд гарсан зардал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №.... дугаартай:

“1.2. А.Ц-биед духанд шарх, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. А.Ц--н биед учирсан духанд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

            Шинжээч М.Золжаргалын “А.Ц-биед учирсан духанд шарх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь /духанд шарх гэмтэл/ чулуу, хайрганд цохих цохигдох үед үүсэх боломжтой.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

            Г.С-яллагдагчаар өгсөн “... Гараад Ц- манай найз Б- гэрийг доромжлоод би ингэж амьдрахгүй, арчаагүй гэх мэтийн үг хэлээд байсан. Тэгэхээр нь би чи хүнийг ингэж хэлж болохгүй, эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад намайг эхлээд түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлж түлхээд хоорондоо барилцаж аваад Ц- намайг өшиглөөд дайраад байхаар нь би нүүр лүү нь түлхтэл нүүрийг нь маажчихсан. Тэгээд бид хоёр бие биенээ түлхэж ноцолдож байхад Ц- газар  унаад хашаа мөргөчих шиг болсон. Тэгэхэд дух нь шалбарчихсан байх гэж бодож байна. А.Ц-биед учирсан духны шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шанаанд учирсан зулгаралт гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бусад гэмтэл хэрхэн учирсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.С-нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцэст байдаг нийтийн байрны орчимд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ц-биед духанд шарх, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаа, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрхи баримтуудаар нотлогдсон тогтоогдсон бөгөөд түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч А.Ц-“... ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт /хэргийн 65 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  Г.С-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт Г.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С- 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С-торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.С-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ